Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сталины бэлэглэсэн жаргалант бага насны бэлгэдэл буюу Буриад-Монгол Геля охины ээдрээт түүх
2013 оны 2 сарын 26 [Уншсан тоо: 115514]
Мягмарын Саруул-Эрдэнэ
Зохиогчийн жиргээ: @SaruulerdeneM

2008 оны Бээжингийн Олимпийн нээлт түүхэн дэх хамгийн гайхалтай, шилдэг нээлтийн нэг болсон билээ. Гэвч нээлтийн үйл ажиллаганы сүр хүчийг, гоо сайхныг бүдэгрүүлсэн нэгэн тохиол хожим илчлэгдсэн нь царай зүс, дуу хоолой, эгдүүтэй төрхөөрөө бүхний хайрыг татсан Лин Миаоке охин үнэхээр өөрөө дуулсан биш Ян Пэеи гэж өөр охины дуунд ам барьсан явдал байлаа. Уг нь бол хоёулаа авьяастай, сэргэлэн охид, гагцхүү Хятадын Коммунист Намын дарга нарын үзэмжээр бол Лин-гийн хоолой жаахан тиймэрхүү, харин Ян-гийн царай арай л нэг биш байсан аж. Ингээд хөөрхөн царайн дээр гоё хоолой монтажилсан нь коммунист дэглэмийн пиар,  үзэл суртлын нэг томруун жишээ болон түүхэнд хоцров оо гэж.

Энэ мэт үүх түүх, үйл явдал хуучин нийгмийн үед үй түмээрээ тохиож байсан, одоо бол бүгд тодорхой, нэг их сонин биш болсон зүйл, гэвч энэ удаад миний бие тэдгээрээс хамгийн эмгэнэлтэй, хамгийн дуулиантай нь болох буриад-монгол Геля охины түүхийг уншигчдадаа танилцуулахаар шийдлээ.



Поппе Геля Маркизовагийн тухай

Үүнийг тэрлээч миний бие 2009 онд нэрт монголч эрдэмтэн Николас Поппегийн “Дуртгал”-ыг орчуулан гаргасан билээ. Геля охины тухай тэгж л Поппегийн номоос анх удаа уншсан юм. Буриад-Монголд нэгэн хуралд оролцсон тухайгаа их эрдэмтэн ийн дурсчээ:   
        
“... 36 онд Улаан-Үдэд хэл шинжлэлийн нэг хурал болсон юм. Хуралд оролцогсдод зориулан нутгийн захиргаанаас оройн зоог барьсан бөгөөд түүнд мужийн намын хорооны нарийн бичгийн дарга М. Н. Ербанов оролцов. Ербанов зоогийн ширээний эхэнд сууж, би түүний баруун талд, харин миний өөдөөс харсан суудалд дотоод хэргийн комиссар Маркизов суулаа. Нутгийн захиргаанаас надад хадаг гардуулснаас гадна үндэсний хүндэтгэлийн зоог болох төөлэй барив. Төөлэй нь хонины толгой, дал дөрвөн өндрөөс бүрдэнэ. Мэдээж энэ бүгдийг ганцаар иднэ гэж үгүй, харин гар эхлэн хүрч, бусдад түгээх эрх нь надад байлаа. Би энэ боломжийг ашиглан Ербановт зарим нэг уламжлал, түүх соёлын дурсгалыг хадгалж үлдвэл хэрэгтэй болохыг дурдаадхав. Жишээ болгон би шарын шашны ядаж ганц хийдийг үлдээн, түүх, угсаатны музей болгохыг зөвлөсөн юм. Харин Ербанов “Багш аа, би тантай санал нийлэхгүй байна. Та бас цөөн хэдэн лам хадгалж үлдэх саналтай байгаа байх. Энүүхэндээ хэлэхэд бид лам нарыг хорих ангиудад таны санаа зоволтгүйгээр сайн хадгалж байгаа” хэмээн хариулж билээ.

Ийн ярьж байсан Ербанов намын үйл хэрэгт цаг ямагт үнэнч явсан боловч тус нь гарсангүй. 1937 онд хөөрхий тэрбээр Москвад хуралд суухаар яваад баривчлагдан буудуулсан билээ. Энэ бол Их хэлмэгдүүлэлтийн үед болсон хэрэг, харин Ербановыг хувь заяаныхаа төгсгөлтэй учрахаас өмнө, 1936 оны мөнөөх хэл шинжлэлийн хурлын дараахан болсон бас нэгэн явдлыг ярьж өгсү.

Сталин Буриадын ударникуудад (гавшгай ажилчид. М.С.) зориулан Кремльд хүлээн авалт хийжээ. Маркизов Буриадын ударникуудын даамал болохын хувьд хүлээн авалтанд оролцсон байна. Тэнд мөн Маркизовын бяцхан охин Геля байсан бөгөөд Сталинд цэцгийн баглаа барихад Сталин охиныг тэврэн өргөөд үнсчээ. Тэр агшныг гэрэл зурагт буулган зурагт хуудас болгон тарааж, сонин бүрт гарснаас гадна бүх дунд сургууль “Жаргалант Бага Нас Бэлэглэж Буй Нөхөр Сталинд Талархъя” гэсэн тайлбартайгаар ханандаа хадсан юм. Маркизовыг эхнэртэйгээ хамт баривчлагдах үед ч зурагт хуудас олны нүдэн дээр байсаар байлаа. Маркизов буудуулж, эхнэр нь бөөнөөр хорих ангид нас барсан. Дөнгөж дөрөв, тавтай байсан Геля охин асрамжийн газарт өөр нэрээр илгээгдсэн байна. Тэрбээр нөхөр Сталинд “аз жаргалтай бага нас бэлэглэсэнд” нь талархсан хэвээр байсан эсэх эргэлзээтэй...” (Николас Поппе “Дуртгал”, Непко, 2009, 96-р тал)
хэмээжээ.

Геля хаачсан бэ, түүнийг олсон болов уу?

Поппегийн “Дуртгал”-ыг уншсан хүн бүр хөөрхий охины хувь заяаны тухай, хэлмэгдүүлэлт, дайны  жилүүдээс амьд гарч чадсан эсэх тухай нь , амьд гарсан бол ямар нэрээр хаана амьдарч байгаа тухай нь эргэцүүлэн боддог. Гэтэл Белоруссын баримтат киночин Анатолий Алай бас л тийм бодолтой нэгэн байж, насан туршдаа Геля Маркизоваг хайсаар байж, санасандаа хүрэн, Энгельсина Дорбеева нэрээр амьдарсан болохыг нь олж, 2004 онд бүр уулзаж, бичлэг ч хийж чаджээ. Сталины, коммунизмын бэлэглэсэн “аз жаргалтай” бага насны амьд “бэлгэдэл” болсон охин, одоо бол Дорно дахины судлаач насан өндөр эмэгтэй кино найруулагчид эхний удаад арван минутын ярилцлага өгөөд дараа нь баримтат кино хийхээр тохирон салж. Харамсалтай нь баримтат кино хийх байтугай ахин уулзах ч боломж гарсангүй, буриад эмэгтэй тун удалгүй тэнгэрт хальсан байна. Золтой нь хэдий богино хугацаанд уулзалдсан ч Анатолий Алай Гелягаас жинхэнэ үүх түүхийг нь яг өөрөөр нь яриулж чадсан юм. Үгүй бол Поппегийн “Дуртгал” мэт дам сурвалж, цуу яриа зэргээс л олон түмэн бүдэг бадаг төсөөлөл авдаг байж.

Бурханы илгээсэн буриад охин

Ингээд Алай найруулагчийн хийсэн бичлэгээс Гелягийн түүхийг өөрийнх нь ярьснаар тодруулъя.

“... 1936 онд амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн тэр явдал тохиосон юм. Аав бид хоёр Сталины хүлээн авалтад оролцохоор Москва явсан билээ. Ээж намайг байдгаар минь гоёж, шинэ усан цэргийн хувцас, туфль хүртэл авч өгсөн, аав яах вэ дээ, аав л болсон хойно туфлийг нь өмсүүлэхээ мартчихаж билээ. Тэгээд би тэргүүлэгчдийн индэр дээр эсгий гуталтайгаа л зогсож байсан сан. Кремльд очоод аав их сандарсан, гэтэл харин хамгаалалтынх нь албаны хүн хүүхдийг пропускгүй оруулдаг юм гээд дотогш нэвтрүүлэв. Зааланд ороод бид бүгдээрээ ширээ тойрч суулаа. Тэгээд л хамтралчдын эцэс төгсөлгүй яриа үргэлжилж гарсан даа. Аймаар уйтгартай, тэсч тэсч байгаад босоод алхчихлаа. Их удирдагчийн ардуур зогсох жижиг түшмэд “Хаачих нь вэ? Хаачих нь вэ?” гээд асуух. “Сталин дээр очъё” л гэлээ. “Тийм үү, оч оч” гэнэ. Ворошилов цаашаа харан суух Сталины чихэнд “Тан дээр ирлээ” гэж хэлтэл эргэж намайг хараад баяртайгаар өргөн тэргүүлэгчдийн ширээн дээр суулгаж орхив. Ворошилов намайг “Үг хэлээч” гэхээр нь “Энэ танд Буриад-Монголын хүүхдүүдээс илгээсэн мэндчилгээ” гээд цэцгээ барилаа. Бүгдээрээ “Үнсээч үнсээч” гэж хашигралдахаар нь би Сталиныг үнсэв. Яг тэр мөчид гэрэл гялсхийгээд л явчихсан, сурвалжлагчид зураг авч байж...”

Чухам энэ л мөч Геляг Зөвлөлт Холбоотын хамгийн алдартай хүүхэд болгох учиртай байжээ. Правда сонины тухайн үеийн эрхлэгч Лев Месхис тэгэхэд “Бурхан өөрөө энэ буриад охиныг бидэнд илгээжээ. Охиныг бид жаргалант бага насны амьд бэлгэдэл болгоно доо” хэмээн дуу алдсан гэдэг. Үнэхээр Зөвлөлт засгийн пиарчид хэлсэндээ хүрч чадсан билээ.

Сансрын нисгэгч шиг л угтан авсан

Геля Маркизова Зөвлөлтийн бүх хүүхдийн жинхэнэ шүтээн нь болов. Гелягийн зурган дээрээ өмсөж гарсан усан цэргийн хөх цагаан хувцасны (орсоор матроска гэдэг. М.С.) гүйлгээ геометрийн прогрессоор өсч, эцэг эхчүүд үсчинд хүүхдээ авчраад “Сталинтай хамт зургаа авхуулсан охин шиг болгоод өг” гэж гуйх болжээ.

“... Маргааш нь зочид буудлынхаа хонгилд гараад би сонин дээр зургаа гарсан байхыг харсан. Ингэж л би алдаршсан юм даа. Бүгд надад бэлэг өгч байв. Өрөө маань бүр бэлгээр дүүрлээ. Улаан-Үддээ буцаж ирэхэд минь яг л сансрын нисгэгчийг хүлээн авч байгаа юм шиг юм болсон. Жил хагас би хамгийн алдартай хүүхэд байлаа” хэмээн Геля хожим дурсчээ.

Буриад охиныг нэрд гараад ирэхийн сацуу нэрт уран барималч Георгий Лавровт түүхэн зургийг барималд мөнхжүүлэх санаа төржээ. Ингээд “Сталин Геля хоёр” хэмээх бүтээл туурвисныг нь хожмоо Лавровын эхнэрийн дурссанаар бол тэр дор нь гурван сая хувиар үйлдвэрлэн, бүх сургууль, цэцэрлэгийн үүдэнд байршуулсан гэнэ. Нийгэмдээ нийцсэн бүтээл туурвисныхаа хариуг алдарт уран барималч харин хожмоо тун эмгэнэлтэйгээр хүртсэн гэдэг.

Ардан Маркизов аав нь буруутсан нь

Зөвлөлт Холбоотын хамгийн алдартай охин Гелягийн аав Ардан Ангадыкович Маркызов нь Буриад-Монголын улс төр, нам засгийн нэрт зүтгэлтэн, иргэний дайны үед улаантны партизан байсан хүн ажээ. 1936 онд ХАА—г хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ч шагнаж байж. Гэвч коммунист засгийн үед юм орвонгоороо эргэх нь амархан хойно, 1937 онд Нармай Монгол үзлийг баримтлалсан, Японы тагнуул байсан хэргээр баривчлагджээ. Түүнтэй хамт Нармай Монголыг “дэмжин” баривчлагдагсдын дотор өнөөх Поппегийн энэхүү өгүүллийн эхэнд өгүүлдэг Ербанов, нэрт монголч эрдэмтэн, их соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн нар байлаа.

Гелягийн жил хагасын хугацаанд би хамгийн алдартай хүүхэд байлаа гэдэг нь ийм л учиртай аж. Одоо харин Геля ардын дайсны охин болж хувирав. Ээж нь Сталиныг Геляд “хайртай” хэвээр байж магадгүй хэмээн горьдож охиноороо Сталинд захидал бичүүлж үзжээ. Геля захиандаа ээжийнхээ хэлсэн ёсоор “... миний аав ардын дайсан, Японы тагнуул биш, харин намын гишүүн, иргэний дайны партизан билээ. Би аавтайгаа хамт Кремльд тантай уулзаж байсан шүү дээ” гэх мэтээр бичиж.

Сталины зүрх бяцхан охины захианд юу гэж л уяраа аж дээ, хариу ч өгсөнгүй, тоож ч үзсэнгүй. Тэвэрч үнсэн “жаргалтай бага нас хайрлаж байсан” охиныхоо аавыг 1938 оны 6 сарын 2-ны өдөр буудан хороогоод, Геляг ээжтэй нь хамт Туркестан руу цөлсөн байна.

Дүр төрхөө тажик охинд булаалгав

Геляг ээжтэйгээ Туркестанд цөллөгөнд байхад Кремльд харин томоохон асуудал босч иржээ. Өнөө агуу удирдагч маань сая сая зурагт хуудас, баримал дээр ардын дайсны охиныг тэврэн эрхлүүлж байдаг!!! Хэнд аз жаргалтай бага нас хайрлаад байгаа хэрэг вэ?

Бүгдийг хураан устгах нэг арга байдаг, гэтэл их удирдагчийн зураг, баримлыг хэн ч устгах санал гаргаж зүрхэлсэнгүй. Охиныг нь алга болгочихъё гэсэн нэг санал гартал Сталин хоосон агаар тэвэрсэн байдалтай болчих гээд унасан гэнэ. Ингээд хуралдаж хуралдаж эцэст нь жинхэнэ коммунист маягийн шийд гаргажээ.

Ерөөсөө тэр охин Геля Маркизова биш юм байна, төстэй царайтай өөр охин байжээ гэсэн санал дэмжигдсэн гэдэг. Ингээд Гелятай адил охины эрэлд гарцгаасны эцэст Стахановын хөдөлгөөнд оролцож, 1935 онд дөнгөж 11 насандаа Лениний одонгоор шагнуулж байсан Мамлакат Нахангова хэмээх монголжуу царайт, тажик пионерийг олжээ. Ингээд бүх л Зөвлөлт Холбоот даяар хэдэн арван сая плакат, баримлын “Сталин Геля хоёр” хэмээх нэрийг “Сталин Мамлакат хоёр” хэмээн солих нөр их ажил өрнөв. Тэр ч бүү хэл Мамлакатыг мөнөөх алдарт уран барималч Георгий Лавровын урланд авчирч, хамтад нь хэдэн зураг авчхаад сонинд “Мамлакат насанд хүрсэн хойноо өөрийнхөө баримлын төрсөн урланд ахин зочлов” гэсэн тайлбартайгаар хүртэл гаргасан аж.



“Гэрчийг устга” төлөвлөгөө

1938 онд Гелягийн эх Доминика Федоровна гэнэт нас баржээ. Охинд болон төрөл төрөгсдөд нь “Ээж чинь ичгүүрээ даалгүй амиа хорлочихлоо” хэмээн мэдэгдсэн аж. Гэвч жинхэнэ үнэнийг хөөрхий Геля бүр тавин жилийн дараа олж мэдсэн байна.

Геля: “Би ФСБ (Холбооны Аюулгүй Байдлын Үйлчилгээ) дэх ээжийнхээ хэрэгтэй танилцаж байгаад бүх үнэнийг илчилсэн нэг чухал баримтыг олж уншсан. Тэнд Туркестаны НКВД-ийн (Дотоод Хэргийн Ардын Комиссариат буюу нууц цагдаа) даргаас Берияд ирүүлсэн захидал байна. Захианд: “Энд, цөллөгөнд Маркизова ирээд байна. Түүнд Сталины өгсөн бэлгүүд, бас Сталины охинтой нь авхуулсан таван ч зураг байна. Яах вэ?” гэж асуусан байлаа. Бичгийн захад хөх харандаагаар, маш тодорхойёо “Зайлуулах” гэж цохсон байв. Ээж минь амиа хорлосон биш “зайлуулагдсан” болохыг би тэгэхэд л мэдсэн юм. Ээжийг минь эмнэлэгт хоолой нь хэрчигдсэн байдалтайгаар олж ирсэн юм шүү дээ” хэмээн ярьсан юм.

Ингээд 1938 онд алдарт зургийн гэрч нараас ганцхан хүн үлдсэн нь уран барималч Георгий Лавров болов. Зурагт хуудас, баримлын нэрийг өөрчлөөд, нэгээхэн хэсэг хүнийг, бүр бүхэл бүтэн ард түмнийг хуурчихаж дөнгөсөн боловч Лавровын хувьд байдал өөр байжээ. Барималч, уран бүтээлч хүний хараа гэдэг хурц, нүдний ой дэндүү сайн ажээ. Тийм удаан суулгаж байгаад тийм удаан урласан хүнээ, ялангуяа тийм хөөрхөн охины дүр төрхийг төдий зэргийн уран барималч хэзээ ч мартахгүй гэдгийг цаадуул нь ч бас тооцоолсон байж. Лавровыг зайлуулах, хэсэтээ амыг нь таглах арга нь харин 15 жилийн хорих ял болсон юм.

Геля Маркизова Энгельсина Дорбеева болсон нь


Муу юм гарцаагүй болохыг мэдэрсэн эх нь охиндоо “Надад элдэв юм тохиолдвол дүүгээ аваад Москвад байдаг эгчийндээ очоорой” хэмээн чандлан захисан аж. Охин ч яг ээжийнхээ үгийг дагаж. Хожим Гелягийн охин Лола Комарова ийн дурсчээ: “... Москвад тэгэхэд манай хамаатнууд суудаг байж. Нөхөр нь Сергей Дорбеев, эхнэр нь гэж манай ээжээс ердөө арван хоёрхон эгч бүсгүй. Гэвч тэр хоёр толгойн дээрээ буух аюул заналыг үл тоон, ээжийг дүүтэй нь хамт зоригтойгоор үрчилж авсан байгаа юм. Арван хоёрхон эгч атлаа...”

Ийнхүү Геля Маркизова Энгельсина Дорбеева болжээ. Хуучин нэр, хуучин дурсамжийг мартах, үл ярих, үл дурсах хэрэгтэй болов. Тэр нь ч аминд нь өлзийтэй байж. Ярихгүй байна аа гэдэг гэвчиг бүх юм үгүй болсон гэсэн үг бас биш л дээ. Хөөрхий Геля бараг үзсэн сэтгүүл бүхнээсээ өөрийнхөө зургийг, зочилсон цэцэрлэг бүхэндээ өөрийнхөө баримлыг харж, өнгөрснөөс өөрийгөө хайх нь, багынхаа харцтай мөргөлдөх нь маш хэцүү байсан гэж сүүлд ярьсан байдаг.

Сталины охинтой нэг курст

Арван жилээ төгсөөд Геля МГУ-ийн (Москвагийн Улсын Их Сургууль) Түүхийн факультетэд элсэн орсон байна. Хувь заяаны шоглоом гэлтэй чухам тэр факультетэд, яг тэр жил Сталины охин Светлана Аллилуева мөн элсэн оржээ.

“Бид хоёр нэг факультетийн оюутан байсан. Би түүнийг Сталины охин гэж мэддэг, тэр ч намайг өнөөх зурагт хуудас дээрх охин гэж мэддэг байлаа. Гэхдээ бид хоёр ойртон үерхэхийг оролдоо ч үгүй. Эцгүүд маань дайсан болохоор бид хоёр хэрхэн найзлах сан билээ” хэмээн Геля тайлбарласан байна.

Дорно дахины судлаач болсон нь

Сургуулиа төгсөөд Геля дорно дахины судлал, ялангуяа Камбожийн чиглэлээр сонирхон ажиллаж байхдаа ЗХУ-ын Энэтхэг дэх Соёлын атташе Комаровтай гэрлэж Энэтхэгт олон жил ажиллаж амьдарсан байна.

Угийн сайхан бүсгүй гэж сайхнаараа л заяадаг аж. Энэтхэгт байхдаа аанай л зурагчдын нүдэнд өртөж, Махатма Ганди, Жавахарлал Неру нартай авхуулсан зураг нь олон ч сонинд хэвлэгдэн, ахиад л алдаршсан гэнэ. Найруулагч Алайн ярьж буйгаар бол “Гелягийн тэр дур булаам инээмсэглэл ямар ч хөлдүү улс төрчийг уярааж орхимоор. Төвөөс ирсэн бүх төлөөлөгчдийн зурагт заавал түүнийг хэрэг болгон оруулдаг байжээ”.

Гэтэл үнэн хэрэгтээ хэвлэл мэдээллээр гараад буй тэр сайхан бүсгүйн амьдралын хамгийн чухал зураг тэртээ 1936 онд дарагдсан байсныг анзаарах сөхөөтөн байсангүй ээ.

Жараад онд Геля хоёр дахиа гэрлэж, дорно дахины судлаач Чешковын гэргий болон насан өөд болтлоо хамт амьдарчээ. Энэ гэрлэлтээсээ нэг хүүтэй, өмнөх нөхрөөсөө харин түрүүн дурдсан Лола гэж нэг охинтой юм байна.

Геляг бүр 1976 онд нэг сурвалжлагч олж мэдээд үүх түүхийг нь яриулъя гэсэн боловч цаг нь болоогүй хэмээн эмээсэн аж. Өөрчлөн байгуулалтын дараа уг нь цаг нь ирсэн боловч түүнийг сурвалжлах сөхөөтэй хүн байсангүй. Харин ерээд оны үед нэг герман сэтгүүлч ирж нэлээд яриулж авсан гэнэ. Эцэст нь найруулагч Анатолий Алай удаан хайсны эцэст олж авсан ажээ. 2004 онд тэд уулзаад арваад минутын бичлэг хийгээд баримтат кино хийхээр салсан боловч Геля Маркизова тэр жилээ Туркт нас барсан юм. Уг нь насан туршдаа хадгалж явсан, бугшиж явсан бүх түүхээ онгойтол нь ярина гэж үнэхээр хүсч байсан, “тийм ч учраас кинонд бэлдэж, өнгө зүс орж ирэхээр Туркийн Антальяг зорьсон юм сан” гэж хүү нь Анатолий Алайд ярьсан байна.

Сталины бэлэглэсэн “жаргалант” бага нас гээчийнх нь амьд “бэлгэдэл” болж, тэр хатуу нийгэмд нэрээ, дүрээ, бага насаа, аавыгаа, ээжийгээ булаалгасан, буриад-монгол охины ээдрээт амьдралын түүх энэ буюу.

хэмээсэн энэхүү нийтлэлийг бичихийн тулд орос, англи хэлээр нэлээд баримт, материал ашигласнаа та бүхэнд цааш нь тодруулан үзнэ үү хэмээн толилуулбал:

Николас Поппе, “Дуртгал” Нэпко хэвлэлийн газар, өгүүллийг бичигчийн орчуулгаар

РИА Сибирь - ийн нэг жижиг өгүүлэл: http://ria-sibir.ru/viewnews/13187.html

Сергей Хохловын “Геля Энгельсина” хэмээх өгүүлэл: http://gov.karelia.ru/Karelia/1213/14.html

Хроно вэб сайт дахь Гелягийн намтар: http://www.hrono.ru/biograf/bio_m/markizova.html

Википедий толь дахь Геля Маркизовагийн маш дэлгэрэнгүй намтар, найз нарынх нь дурсамж

Хамгийн чухал эх сурвалж болох Геляг өөрийн биеэр сурвалжилж, бичлэг авсан найруулагч Анатолийн Алай-н  ярилцлага: http://www.kp.by/daily/23867.3/144061/

      
зэргийг дурдахын сацуу Discovery Civilzation –ий бүтээж, ю-түүбэд тавьсан доорх баримтат кинонд Геля өөрөө түүхээ ярьж буйг заавал үзнэ үү хэмээн хүсэж байна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив