Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Уулгүй талын цусгүй тулаан: Герман–Холланд
2013 оны 3 сарын 1 [Уншсан тоо: 87948]
Мягмарын Саруул-Эрдэнэ
@SaruulerdeneM

Сүнсгүй ноён хүнсгүй цэрэгтэй уулгүй талд цусгүй байлдана.  Тэр юу вэ?
Айн, шатар аа? Үгүй ээ, хөлбөмбөг шүү дээ.


Сүнсгүй ноён нь сүр жавхаат Бэккэнбауэр, хүнсгүй цэргүүд нь Круйфф тэргүүтэй холландчууд, уулгүй тал нь Мюнхений Олимпиастадион, цусгүй байлдах нь цуут Мюллерийн гоол мэт ээ.

“Дайн дайндаа энэ дайнд далай бараг буцалсан биш үү” гэдэг шиг Датч-Герман хоёр тулалдах бүрт уран гоё арга мэх, ууртай ширүүн толхилцоон, сайн сайхан, муу муухай хамтдаа хослон цогцлох бөлгөө. Хөлбөмбөг гээч агуу спортыг, ялангуяа Германы шигшээ багийн гайхамшигт тоглолтыг 1982 онд анх үзсэнээсээ хойш шүтэн биширч, даган баяссаар ирсэн үнэнч дэмжигчийн хувьд Герман – Холландын “дайны” талаар өөрийн үзсэн бүхэн дээр өрөөлийн бичсэн сониноос нэмэн, үнэлэлт дүгнэлтээ ч өгч, их спортыг биширч ирсэн үүх түүхтэйгээ холбон, ийм нэгэн нийтлэл бичив, их спортыг бишрэгч та хүлээн авна уу.

ӨНГӨТ ЗУРАГТ ХӨЛБӨМБӨГ ХОЁР БУЮУ 1988 ОНЫ "ДАЙН"

1988 оны 6 сарын нэг орой. Яг хэдний өдрийг мартаж. 8-р ангиа, өөрөөр хэлбэл бүрэн бус дунд сургуулиа төгсөх үгүйгээ үзэх улсын шалгалтын өмнөх шөнө юм. Математикийн шалгалтдаа бэлдэж хоноод маргааш нь бүгд онц сайн авцгаана хэмээн ангийн анд Ганболдынд бидний хэсэг нөхөд цуглав. Одоо бодоход яг энэ Америк маягаар, сүрхий баг болж ажилласан санагддаг юм. Гадуур дотуур овоо гүйдэг, сэргэлэн хэд нь “текст задална” хэмээн (Сүхбаатарын талбай дээр тавин төгрөгөөр улсын шалдгалтын текстийг задалдаг байсан юм) тал тал тийш харайж, есөн жорын бодлого олж ирэх бөгөөд толгой сайтай, тоондоо гайгүй хэд нь тэрийг нь бодож, арга ухааныг нь гаргаж өгнө.

Харин миний бие аль ч хэсэгт нь хамаарсангүй, угаасаа Ганболдынд ирсэн ганц зорилго маань жинхэнэ япон өнгөт зурагтаар Герман-Холландын тоглолтыг үзэхэд л оршиж байсан юм. Герман тоглож байхад чинь юун найм төгсөх...

“Жинхэнэ өнгөт зурагт” гэхээр өнөөгийн хүүхдүүд “худлаа өнгөт зурагт” гэж байсан юм уу хэмээн гайхах байх. Өмнө нь би ДСНК-д ажилладаг ээжийгээ хэрэг болгон дагаж очоод ажил дээр нь 1986 оны шигшээ тоглолтыг орос өнгөт зурагтаар үзэж байсан юм л даа. Герман Аргентинтай тоглохдоо ногоон өмсгөлөө өмссөн, тэгсэн орос зурагтаар футболкных нь ногоон хүнийхээ дэргэд зогсчихоод гүйхлээр нь араас нь дагаж гүйгээд байж билээ. Гэхдээ л хар цагаан зурагтаар үзсэнээс бол хавьгүй дээр байсаан.

Ганболдын НЭК зурагт бол Оросынхоос өөр, өнгө нь дагаж гүйхгүй, яг л футболкан дээрээ. Өнгөт зурагт гэснээс бас нэг зүйлийг нэмж хэлэхэд энэхүү нийтлэлд хожим дурдан өгүүлэх 1974 оны Дэлхийн цомоор Холландчууд үзэгч олны хамгийн дуртай баг болсны нэг учир нь тухайн үед шинээр гараад байсан өнгөт зурагт байсан гэх юм билээ. Дэлхийн үзэгчид чухам тэр жил анх удаа өнгөтөөр, үзэмжит улбар шар хувцастай багийн тоглолт үзэж, өнөөдүүл нь ч гарамгай тоглосныг хэлэх үү, сэтгэлзүйн асар хүчтэй нөлөө болсон гэдэг. (P.S. Дэлхийн үзэгчид 1974 онд, бидний нөхөд харин 1986-88 онд анх хөлбөмбөг өнгөтөөр үзсэн гээд бодохоор хөгжлөөс 12 орчим жилээр хоцорч байжээ дээ)


 
За тэгээд ангийнхан маань ч тоогоо бодож эхэллээ, би ч тоглолтоо үзэж эхэллээ. Эхлээд Клинсманыг 16 дотор унагаасны учир Маттеус пенальти цохиод хийчхэв. Дараа нь Румыны шүүгч аль альдаа тал алдахгүйг бодсон бололтой,  Колерт алдаа өгч бас нэг пенальти заачихдаг юм байна. Одоо үзэж байхад Райкаард Клинсманыг үнэхээр унагасан бол Колерийн хувьд яагаад ч пенальтийн алдаа биш болох нь харагддаг. Би өөрөө Германыг бишрэгчийн хувьд “Футбольное обозрение” нэвтрүүлгээр алдарт Газзаевийн ярьж байсныг одоо хүртэл огт мартдаггүй юм. “Колер Ван Бастенийг унагасан бол алдаа биш, Клинсманыг харин аргагүй дүрэм зөрчин унагасан шүү” гэж. Ингээд тоглолт дуусахаас өмнөхөн Ван Бастен юу чаддагаа, энэ удаад харин шударгаар үзүүлж, Европын Аваргын хагас шигшээд, ерөөс Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойш албан ёсны тэмцээнд анх удаагаа Холланд Германыг хожив. Би ч гэж математикийн шалгалтандаа ч бэлдэж чадаагүй, шөнө ч унтаагүй, баг маань ч хожигдчихсон, өрвийсөн юм маргааш өглөө нь сургуулийн зүг алхсан...

ХАРИН БИДНИЙГ ШАЛГАЛТ ӨГӨХ ЗУУР

Миний хувьд яах вэ дээ, дэмждэг баг маань хожигдчихсон, өөр нэг их бодох юмгүй шалгалтаа өгч суусан, харин яг тэр үед холландчуудын хувьд ёстой нэг жинхэнэ галзуурал, үндэсний бахархал өрнөж байсан юм билээ. Түвшинбаярыг Олимпийн аварга болоход манайхан яалаа, тэрнээс айхтар юм болсон гэх.  Аргагүй юм даа, дайны үед Герман Холландыг эзэлж, 200 гаруй мянган иргэнийг нь устгасан аж. Баруун Европын бусад улсыг адилхан эзэлсэн ч Холландыг л илүү заналтай хохироосон гэх. Дайны дараа ч хөлбөмбөгөөр ялж чадахгүй удсан болохоороо холландчууд үргэлж дарлуулж байгаа мэт сэтгэдэг байжээ. Тэгтэл энэ ялалт эрх чөлөө авчрах мэт л болсон байна. Ядаж байхад Хамбургт, нутаг дээр нь хождог...

Албан ёсны мэдээгээр тэр өдөр 9 сая дач иргэн буюу нийт хүн амын 60 хувь нь гудамжинд гарч баярласан байна. Хэдийгээр мягмар гариг байсан боловч энэ нь Нидерланд эрх чөлөөгөө олсноос хойших хамгийн олон хүний цугларалт болжээ. Германуудын эсрэг байлдаж явсан нэг өвөө “Дайнд ингэж нэг ялах гэж байдаг аа” хэмээгээд уйлж байж.

Хожмоо өнөөгийн Монголын өрсөлдөгч багуудын нэг Мьянмад ажиллаж байсан Гер Блок гэж холланд дасгалжуулагч тэр үед Хондурасын шигшээг дасгалжуулж байж. Мань эр мэдээ үзэнгүүтээ улсынхаа далбааг шүүрэн авч, Хондурасын гудамжаар яг галзуу мэт хашгиран гүйсэн гэнэ. “Маргааш нь би хүний нүүр харж чадахгүй ичиж билээ” хэмээн сүүлд дурссан. Яг л манай гурван өндөрлөг биеэ барьж чадалгүй согтуу гарч ирээд ард түмэнтэйгээ баярладаг шиг. Манай хэд ч бас Блок шиг дараа нь бага ч гэсэн ичсэн байлгүй дээ.

Герман Холландыг эзлээд бүх унадаг дугуйг нь хураан авах шийд гаргаж байжээ. Тэр түүхийг дурсан санасан Амстердамчууд төв талбайдаа цуглаад дугуйгаа дээш нь шидэж “Бид дугуйгаа буцаан авч чадлаа” хэмээн хашгирч байсан гэнэ.
Тоглолтын дараа футболкаа солилцдог нь хүний ёс. Харин Герман, Холланд хоёрын хувьд тийм юм болсонгүй, ердөө Куман, Олаф Тон хоёр л өмсгөлөө солилцсон байна. Тэр талаар хоёр янзын түүх байх. Нэг нь Куманыг “Германчууд ер нь өөдгүй улс, ганц Олаф Тон л дажгүй залуу” гэж хэлсэн гэдэг бол өөр нэг ярианд Куман Тоны футболкыг аваад бөгсөө арчиж байгаа мэтээр үзүүлсэн гэнэ.  
Шигшээ тоглолтод Холланд ЗХУ-ыг хожиж аварга болсон. ЗХУ ч гэж дээ, Дасаев, Хидиятуллин хоёрыг эс тооцвол Динамо Киев л байлаа шүү дээ. Уг нь хэсгийнхээ тоглолтод Василий Рацын холоос цохисон гоё гоолоор ЗХУ Холландыг хожсон байсан юм. Даанч яг аваргын төлөө Беланов ч пенальти алдаад л, Дасаев ч Ван Бастений тийм эвгүй хажуугаас цохисон бөмбөгийг алдаад л...

За энэ ч яахав, гол асуудалдаа эргээд орвол, Холландыг аварга болсны дараа “Холланд-Германы хөлбөмбөгийн шүлэг” гэсэн яруу найргийн ном хэвлэгдэн гарчээ. Уг номд мэргэжлийн яруу найрагчдын бүтээлээс гадна Холландын үе үеийн шилдэг хөлбөмбөгчдийн зохиосон шүлэг найраг орсон байна. Яруу найрагчид ч мэдээж гайхалтай бүтээл туурвиа биз, хөлбөмбөгчдийнхөөс хамгийн гайгүй нь Гуллитынх, за тэгээд Неескенсийн шүлэг бол бүр авах юм байхгүй. Бүгд л адил утгатай, Германыг доромжлох, өшөөгөө авснаа илтгэх. Нидерландаас Дэлхийн цомд хамгийн олон буюу 7 гоол оруулсан амжилтыг эзэмшиж буй алдарт Жонни Репийн шүлэг ийн төгсөж байна:

...Тэр нэг сайхан футболка
Тийм ээ, бөгс арчихаас өөр ямар ч хэрэггүй.  
   

Хөөрхий муу Олаф Тоны Кумантай сольсон футболкыг л доромжилсоор...

ХӨЛБӨМБӨГИЙГ БАГААР ТОГЛОДОГ БУЮУ 1974 ОНЫ "ДАЙН"

1988 оны тэр их баяр, тэр их доромжлол, тэр баахан сайн муу шүлэг найргийн эхлэл, үр нь тэртээ 1974 онд тавигдсан билээ. 1974 оны Дэлхийн цомын шигшээ тоглолтын тэр “дайн”-ы хувьд харин эхлэл нь, үр нь жинхэнэ, хашилтан доторх бус дайны үед суусан юм. 74 онд Холландын шигшээд байсан, Фейноордын тоглогч Вим ван Ханеген “Тоглолтын тоо надад хамаагүй. Тэднийг л хожиж байвал 1-0 ч хамаагүй. Би германчуудыг үзэн яддаг. Тэд миний гэр бүлийг, аавыг минь, нэг эгч, хоёр ахыг минь алсан. Германтай тоглох бүр миний уур өөрийн эрхгүй хүрээд байдаг юм” хэмээж байжээ.

74 оны Дэлхийн цомын тэр шигшээ тоглолт одоо домог болон үлдэж, бараг л спортын сэтгүүлч болгон үзэл бодлоо хэлж, задлан шинжилгээ хийсэн байгаа. Бичлэг нь ч вэб сайтуудаар элбэг байна. Тэр бүхнийг уншиж, ахин дахин үзэж байхад нэг л том сургамж үлдээсэн санагддаг. Хөлбөмбөг бол багийн спорт шүү л гэж.

Тоглолтын өмнө бүгд л Холландыг фаворитоор нэрлэж байж. Үнэхээр гоё ганган тоглож байсан тул аргагүй л дээ. Уран гоё тоглолт, бас дээр нь дайны өшөө гэсэн хоёр “зэвсэг” Холландчуудын гарт байсан бол Герман ч бас гар хоосон биш байлаа. Юуны өмнө тэд хоёр жилийн өмнө Европын аварга болсон байсан, бас өөрийнхөө талбай дээр тоглоно. Тухайн үеийн, тухайн үеийн ч гэж дээ, дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу довтлогчдын нэг урд нь гүйж, хамгийн агуу хаалгачдын нэг ард нь зогсож байсан. Тийм ээ, Герд Мюллер, Зепп Майер хоёрыг хэлж байна. Бас нэг чухал зүйл бол Германы багийн цөм болох Майер, Шварценбэк, Бэккэнбауэр, Брайтнэр, Хёнесс, Мюллер, энэ зургаа хамтдаа нэг багт, Бавари Мюнхеньд тоглодог, Бавари тэр жил Европын Аваргуудын Цомтны аварга болоод байлаа.


 
Ийм л хоёр баг Мюнхений Олимпиастадионд гарсан хэрэг. Тоглолт дөнгөж эхлэнгүүт Круйфф хуурдгаараа хуурч гүйсээр торгуулийн талбайд унаж, Неескенс түүнийг нь чулуу болгов. Гоол алдахаараа сандардаггүй, улам зохион байгуулалттай болдог цөөн багийн нэг Герман билээ. Германы довтолгоо улам сайжирсаар энэ удаад Брайтнер пенальти цохих эрхтэй болов. Тэнцсэнээсээ хойш ч Герман илүүрхсээр байсан, зарим хүний бичих нь 1973 онд Холландын Аякс Аваргуудын цомын шигшээ тоглолтод эртээ нэг гоол хийж аваад л хамгаалчихсан, тэрэн шигээ тоглох гээд бүтэлгүйтсэн гэх юм билээ. За тэгээд эхний хагас дуусахаас өмнө Мюллерийн хийсэн гоол энэ тэмцээний сүүлчийн гоол байжээ. Гоолын хамаг гол зүйлийг Бонхоф хийсэн харагддаг. Бас Мюллерийн цохилтыг Йонгблад хаах нь байтугай хаахыг оролдоо ч үгүй нь хачин.  
Ерөөсөө энэ тоглолтын хоёр багийн лидерийг яг эсрэг тэсрэгийн туйл гэмээр. Нэгэнт л дайнаар жишээлснээ үргэлжлүүлбэл, Бэккэнбауэр армиа удирдан зохион байгуулагч жанжин, генерал мэт байсан бол Круйфф фронтын хамгийн эхэнд, хамгийн зоригтой довтлогч, эрэлхэг цэрэг шиг байлаа. Бас нэг сэтгүүлч энэ хоёрыг ерөөс Холланд, Германы соёлын илэрхийлэл, Бэтховен, Ван Гог хоёрын спорт дахь төлөөлөл хэмээн дүгнэсэн байдаг нь маш сонин харьцуулал.


 
Эхний гоолыг алдангуутаа Берти Фогтс Круйффыг яг дагаж барьсан нь Германы хувьд маш сайн тактик болсон юм билээ. Үнэхээр пенальти авснаас нь хойш Фогтс мань эрийг хөдөлгөөгүй. Хожмоо Германы шигшээг удирдан дэлхийн аварга болгох хувьтай Бэккэнбауэр, хожмоо Германы шигшээ багийг дасгалжуулан Европын аварга болгох тавилантай Фогтс хоёр нэг багт тоглон дэлхийн аварга болох заяатай нь энэ байж.

Хувь хувьдаа хурц тод авьяастай холландчууд ийнхүү атгасан гар мэт цул Германд дийлдсэн билээ. 
     
ДАРААГИЙН ХОЁР Ч ТУЛААНД БАС Л "ЦУС" ГАРСАН

Хөлбөмбөг сонирхогчид, ялангуяа Холландыг дэмжигчид 1974 оны дараа шууд л 1988 оны Евро-г ярих гээд байдаг гэмтэй. Уг нь бол энэ хооронд Дэлхий, Европын аваргаар мөнхийн хоёр дайсан хоёр ч удаа тулалдаад авсан юм шүү дээ.

Дараачийн Дэлхийн цомоор буюу 1978 онд, Аргентинад хоёул хэсгээсээ шалгараад хоёр дахь шатанд бас хэсэг хуваан тоглуулахад нэг группэд таарчихжээ. Холландын Аякс клубын АНУ дахь дэмжигчдийн вэб хуудас дээр тэрхүү тоглолтын талаар алдарт Румменигегийн хэлсэн үгийг ишилсэн байна: “Сэтгэлзүйн дарамт маш их байлаа. Хэвлэл мэдээлэл байдлыг дэвэргэж, хуучин шархыг сэдрээн, улам бүр хурцдуулж байв. Холландчууд хөлбөмбөгийг тэртээ 2-р дайны үргэлжлэл хэмээн ойлгодог нь харамсалтай бөгөөд ичгүүртэй хэрэг юм”.

Ер нь энэ хоёр багийн өрсөлдөөний хувьд Холландчууд дайнд эзлэгдэж байсан болохоороо илүү их улайрал, зүтгэлтэй үздэг бол Германчуудын хувьд дайнд угаасаа нэлээд олон улсыг эзэлж байсныг нь ч бодсон, өөрсдөө эзэлсэн тал нь байсан гэдгийг ч бодсон тэгтлээ амь амьдралын хамгийн чухал асуудал болгон ойлгодоггүй юм.  

Тоглолт дөнгөж эхлэнгүүт Германы Абрамчик нэг гоол хийчхэж. Дараа нь Хаан тэнцүүлсэн боловч Дитер Мюллер 70 минутанд ахиад л Германы тоог илүү болгов. Холландчууд 84 минутанд Ван де Керкхофын гоолоор арайхийн тэнцэж, юутай ч энэ удаа шархгүй өнгөрсөн байна. Тэд тэр чигээрээ шигшээд шалгарсан боловч аанай л, энэ удаад талбайн эзэн Аргентинд цомоо алдсан билээ.

“Өст хүн өлийн даваан дээр” гэдэг явж явж хөлбөмбөгийн тухай зүйр сэцэн үг юм биш үү? Юу гэхлээр хоёрхон жилийн дараа Италид ЕАШТ болсон, Герман, Холланд хоёр ахиад л нэг хэсэгт зоогддог юм даа. Энд харин ёстой нэг шууд утгаараа дайн болох шахсан гэдэг юм билээ. Шумахер, Шалькег дасгалжуулж байгаад сая 12 оны 12 сард хөөгддөг Хууб Стивенс хоёр талбай дээр зодолдсон байгаа юм. Өмнө өгүүлсэн, хоёр жилийн өмнөх тэнцээний гоолын эзэн Керкхоф хожигдох мөчдөө хор шараа барьж дийлсэнгүй, Шустерийн нүдийг хөхөртөл нь цохиж өгөөд талбайгаас хөөгдсөн аж. Клаус Аллофсын од нь гийсэн тэр өдөр хэт трик хийж, Холландчууд бүр сүүлд хоёр гоол хийсэн ч гүйцэж чадалгүй хожигджээ. Нэр төрийн хоёр гоолын нэгийг нь хожим нөгөө Германы футболкаар бөгсөө арчих тухай шүлэг бичдэг Реп хийсэн юм билээ. Гол дайснаа дарж авсан Герман цаашид урамтай тоглосоор хоёр дахь удаагаа Европын аварга болсон. Румменигегээс гадна 20 настай Шустер тэмцээний хамгийн гялалзсан од нь байсан гэдэг.


 
Ийм л их өс хонзон, хожигдлын дараа 1988 оны, өмнө миний өгүүлсэн тоглолт болсон учир холландчуудын тэр их баяр хөөрийг ойлгохоос аргагүй байгаа биз. Одоо харин 88 оноос хойш юу болсон тухай өгүүлье.

МАНАЙ ТАЛЫН БААТРУУД ЭСРЭГ ДҮР БОЛСОН 90 ОНЫ "ДАЙН"

Ер нь хөлбөмбөг үзэгчид дэмждэг багаасаа бусад багийн тоглолтыг үзэхдээ аль мууг нь балиашигладаг заншилтай. Мууг нь гэдэг нь муу тоглодог гэдэг утгаасаа илүү аварга болж үзээгүй ч юм уу, авьяаслаг атлаа амжилт гаргадаггүй ч юм уу, тэр талаасаа л даа. Бас улс төрийн байдал чухал нөлөөтэй. Фолкландын арлыг булаалдсан дайнд Их Британи түрэмгийлсэн тул Англи-Аргентиныг тоглоход англичуудаас бусад нь бүгд Аргентиныг дэмжих жишээтэй. Куриллын арлыг оросууд дээрэмдсэн гэдэг нь бараг тодорхой учраас Япон-Орос тоглоход япончууд илүү балиашигтай байдаг. Дээрэлхүүлж байгааг нь өмөөрдөг монгол зан дэлхий нийтэд түгээмэл бололтой.

Яг л тийм шалтгаанаар Холланд-Германы өрсөлдөөнд ихэнх дундын балиашиг Холландыг дэмждэг байжээ. Аргагүй ч юм даа, дайнд нэг дарлаад авсан, дайны дараа 1990 оныг хүртэл Герман дэлхийд гурван удаа, Европод хоёр удаа аваргалчихсан байдаг. Гэтэл Холланд дөнгөж 1988 онд л сая нэг Европын аварга болсон, өөр юу ч үгүй. Бас дээр нь Холланд үргэлж довтлон тоглодог бол Герман хамгаалалтаараа алдартай.

Ингээд л хүн болгоны “өмөөрдөг”, айл гэрийн сайн жаал байсан холландчууд 1990 онд тэрхүү дүр төрхөө нэг мөсөн алдсан юм. Харин ч эсрэгээрээ германчууд тэр жилээс хойш манай талын баатрууд болчихсон билээ. Юу болсныг нэхэн санацгаая.

“Арсландай мэргэн хааны ар нуруун дээр нэг уулзъя” гэдэг шиг аварга шалгаруулах тэмцээн болохоор аанай л уулздаг ёсоороо өнөө хоёр чинь 1990 онд, Италид болсон Дэлхийн цомоор шөвгийн 16-д таарчихдаг юм байна.

Тоглолт Миланд болсон нь бас нэг онцлог байлаа. Юу гэвэл Милан хотын мөнхийн дайснууд болох Интер, Милан хэмээх хоёр агуу багийн хамаг гол тоглогчид Герман, Холланд хоёрт байсан юм. Холландын багийн ноён нуруу болох Гуллит, Ван Бастен, Райкаард гурав Миланд, Германы цөм болох Маттеус, Клинсманн, Бреме гурав Интерт тоглодог байсан тул Миланы балиашгууд Холландыг, Интерийнхэн Германыг дэмжиж байлаа. Тэр жил бас Феллер, Бертолд хоёр Ромад тоглодог байсан гээд бодохоор нэг хэсэг германчууд Италид ноёрхдог байжээ дээ.

Тухайн үедээ дэлхийд шилдэг хоёр баг нь байсны хувьд тоглолт ч уран хурц эхэллээ. Гэвч тун удалгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн муухай явдлуудын нэг тохиосон юм. Зүүн захаар Феллер нэг хүнийг хуураад, дараа нь Райкаардын хажуугаар хурдтай гартал дүрэм зөрчин унагаачихав. Шар хуудсаар торгуулсан Райкаард Феллерийн хажуугаар өнгөрөхдөө толгой руу нь нулимчихдаг юм байна. Дараа нь Райкаардын дүрэм зөрчсөн газраас торгуулийн цохилт хийхэд бөмбөг рүү ухасхийсэн Феллер хаалгач Ван Брекеленийг мөргөхгүй хэмээн эвтэйхэн хажуугаар нь унав. Гэтэл өнөөх гайт Райкаард дахиад л хүрээд ирлээ. Нааш цаашаа хэд гурав толхилцсоны эцэст шүүгч Райкаард, бас ямар ч гэмгүй хөөрхий Феллер хоёрт хоёуланд нь улаан хуудас өгчихөв. Хөөгдөөд тоглолтоос гарах гэж явахдаа Райкаард ахиад л Феллер лүү шүлсээ хаяж орхилоо. Дэлхий нийтийн үзэгчид үүнийг жигшин үзсэн. Германчууд биш холландчууд ингэж ганцхан мөчийн дотор хөлбөмбөгийн дайснууд болон хувирсан юм даа.


 
Клинсманн, Бреме хоёрын гоолоор Герман энэ удаад ялж, тэр чигээрээ дэлхийн аварга болсон. Ялангуяа Бремегийн тэр эргүүлэгтэй цохиж хийсэн гоол гайхамшигтай... Хожим миний шүтээн Пьер Литтбарскигийн Спорт Экспресс-т өгсөн нэг ярилцлагыг уншиж байхад “Тэр өглөө би өөртөө “Пьер минь Холландыг л хожвол чи дэлхийн аварга болно шүү” гэж олон дахин хэлсэн” гэсэн байж билээ. Үнэхээр Герман тэр жил “тасархай” байсан.

ШҮЛСНИЙ ЭРГЭН ТОЙРОН...

Герман-Холланд хоёр алалцаж байхад шүлс байтугай юм гарах нь тийм ч гайхмаар зүйл биш ээ. Харин хамгийн гайхмаар нь ерөөс шүлс хаясанд биш, шүлсийг хэн хаясан гэдэгт л оршиж байгаа юм. Райкаард хамгийн дөлгөөн, тайван тоглогчдын нэг гэдгээрээ алдартай. Бас нөгөө талаас Райкаардын өвөг дээдэс Нидерландын эх газраас гаралтай биш, Германд эзлэгдэж байгаагүй хаа хол колони улсын уугуул иргэд учраас нацизмыг, Германыг тэгтлээ үзэн ядах ч шалтгаан байхгүй.  

Холландын балиашгууд Феллерийг унасныхаа дараа Райкаардад арьсаар нь доромжилсон зүйл хэлсэн учраас тийм юм болсон хэмээн өөрсдийгөө тайтгаруулдаг. Гэвч Райкаард өөрөө сүүлд тийм юм болоогүй гэж сэтгүүлчдэд ярьсан билээ. Спортын сэтгүүлчдийн бичсэн өгүүлэл, ном зэргийг уншиж байхад Феллерийн биш үзэгч олны муухай расист доромжлол, бас том тоглолтын нерв хоёр л Райкаардыг дэлбэлчихсэн бололтой юм.

Гуллит, Райкаард хоёр хоёулаа Холландын Өрнөд Индиануудаас гаралтай, өнгөт арьстнууд. Хоёр аав нь мэргэжлийн хөлбөмбөг тоглохоор Суринамаас Холландад хамт ирж байсан гэдэг. Ялгаа нь гэвэл Гуллитын аав Холландын цагаан арьст бүсгүйтэй гэрлэж Гуллитыг төрүүлсэн бол Райкаардын аав уугуул нутгийнхаа хүүхэнтэй сууж, сууж ч гэж дээ, суулгүй, Райкаардыг гаргасан аж. Гуллит хагас өнгөт арьстан болохоороо өөрийгөө цагаан хүн биш гэдгийг дөнгөж 10 настайдаа мэдсэн бол Райкаард хар багаасаа л өнгөт гэдгээ мэдрэн өсч.

Райкаардын хувьд “хар өдөр” болсон тэр өдөр Германтай тоглоно хэмээн сэтгэл санааны маш их ачаалалтай байсан нь тодорхой. Гэтэл дээр нь тоглолт эхлэнгүүт л Германы дэмжигчид, дээр нь Миланд тоглосон тул Миланы заналт дайсан болсон Интерийн балиашгууд ч хэдэн мянгаараа Райкаардыг бөмбөг авуут арьсаар нь доромжлон шүгэлдэж гарчээ. Холландын гуравдугаар хаалгач байсан Стэнли Мензо бас Суринамын уугуул байсан юм. Мензо ингэж ярьжээ: “Германд хожигдохыг би бол тэсээд өнгөрүүлчихэж чадна аа. Харин тэсэхийн аргагүй нэг муухай юм байсан юм. Надтай адил арьстай Аарон Винтер, Райкаард хоёрыг, сүүл рүүгээ Гуллитыг хүртэл бөмбөг авах тоолонд нь шүгэлдэж, хашгирч байсан. Манай холландынхан ч германчуудын эсрэг элдэв муухай зүйл хэлж байсан, энэ бүхнийг зогсоох арга байсангүй, энэ л надад хамгийн хэцүү байлаа”

Холландын өнгөт арьстнууд үнэндээ энэ тоглолтод сайн тоглох аргагүй байж. Тэр бүхний гай нь хөөрхий Феллерийн буржгар үсэн дээр шүлс болон бууж дээ, одоо бодоход. Таван сарын дараа Милан Роматай тоглоход Райкаард жинхэнэ жентльмэний ёсоор Феллероос уучлал гуйж, гар барьсан, одоо мань хоёр тун сайн харьцаатай андууд юм билээ.

ХОЁРДУГААР ДАЙН БИШ ХӨЛБӨМБӨГ ҮЗЭН ЯДАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ

Хоёр жилийн дараа Европын аваргаар Герман-Холланд ахиад л нэг хэсэгт таарав. Ер нь яагаад заавал энэ хоёрыг тааруулаад байдаг хэрэг вэ? Рональд Куман ч өөрөө гайхчихсан, тэмцээн эхлэхээс өмнө “Чөтгөр ахиад л манай хоёр багийг тааруулчихлаа” гэж хэлсэн юм. Холландад нэр нүүрээ алдаад байсан Райкаард энэ удаад баатар болон хувирч, дөнгөж хоёр минут өнгөрч байхад гоол хийв. Энэ гоолыг ормогц Холландын нэг шөнийн клубт хоёр герман нөхөр жижиг бөмбөг дэлбэлж ганц хоёр хүн гэмтээсэн гэж байгаа. Тэр шөнийн клуб нь Германаас эхлээд Нидерландад дуусдаг нэг жижиг гудамжинд оршдог байж.

Дараа нь Роб Витчхе хаалттай цохилтоос хийж, хоёр гоолоор илүүрхэж эхлэв. Клинсманн тооны харьцааг ойртуулсан ч ирээдүйн том од Бергкамп гуравдахь гоолыг хийснээр үндсэндээ бүх зүйл тодорхой болсон юм.

Холландчууд Германтай тоглохоороо улайрчихдаг ёсоор хоёр гоолоор хожиж байхдаа ч, тоглолт дуусахад хэдхэн минут үлдсэн байсан ч сэлгээгээр гарахыг хүсэхгүй байв. Хөлбөмбөгийн сэтгүүлч Саймон Куперийн бичсэнээр дасгалжуулагч Ринус Михельс Петер Бошийг тоглолтод оруулахаар Воутерсийг дуудан гаргах гэтэл өнөөх нь “нэгийгээ үзсээр дуусна” гээд гарч өгдөггүй гэнэ. Тэгэхээр нь өөр ганц хоёр тоглогчийг гаргах гэтэл адилхан хариу сонсчээ. Аргаа бараад хамгийн залуугаар нь зөөлчилж, Бергкампыг суулгаж байж Бошийг оруулсан гэдэг.

Тоглолтын дараа нөгөө түрүүн өгүүлсэн хоёр герман бөмбөг тэсэлсэн гэх Керкраде хотод дач, германчууд пивоны грушик, чулуу шидэлцэн дайтсан бол Холландын Эншеде хотоос 500 гаруй дач залуу хил давж Германы Гронау хотхоныг түйвээж хаясан байна.

Аль тэртээд өнгөрсөн 2-р дайныг хөлбөмбөг ийнхүү буцааж авчрах шахсан аж. Үнэндээ бол өдгөөгийн дач залууст дайны шарх тэгтлээ хурц тусах учиргүй. 74 оны тоглолтод оролцсон хөлбөмбөгчид шиг “аавыг минь, ахыг минь...” гэх зүйл үгүй ч Холландын залуус 90-өөд он гэхэд Германыг үзэн ядсаар л байжээ.

Тухайлбал 1993 онд Нидерландын Олон Улсын Харилцааны Хүрээлэн “Клингандаэл”-аас улсынхаа өсвөр насныхны дунд Европын холбооны улсуудад хир дуртай вэ гэсэн санал асуулга явуулсан байна. Тэгтэл хамгийн дургүй улсаар Герман шалгарсан байна. Хоёрдахь муухай улс нь Ирланд, гуравдахь нь Британи гэж. Сайн талааса бол мэдээж Холланд өөрөө хамгийн сайхан улс, дараа нь Испани, гуравт нь Люксембург оржээ. Өвөө эмээ нартай нь харьцуулбал адилхан л Германд дургүй гэх боловч ялгаа нь гэвэл залуус дайны бус зөвхөн хөлбөмбөгийн учир шалтгаанаар Германд дургүй байсан гэнэ.

ТҮҮНЭЭС ХОЙШ...

Үнэхээр Германд дургүй болохоос аргагүйгээр их тэмцэлдсэн хоёр баг л даа. 1974 оноос 1992 оныг хүртэл хорь шахам жил Дэлхийн цом, Европын аварга гэсэн хоёр том тэмцээнд Холланд урьдчилсан тоглолтоосоо шалгарсан бүх тохиолдолд хоорондоо тоглож таарсан байдаг. 82, 86 оны Дэлхийн цом, 76, 84 оны Европын аваргад Холланд шалгарч чадаагүй, бусад бүх тэмцээнд таарсан, тоглох бүрдээ алалцаж цус, шүлс урссан байдаг.

Эцэстээ Бурхан багш бас бодсон шиг байгаа юм. Завал энэ хоёрыг ингэж алалцуулж байхаа ч больё доо гэж. 92 оноос хойш бараг таарахаа ч больсон, үүнийг дагаад нөгөө их айхтар үзэн ядалт ч цагийн эрхээр нимгэрч байна. Бас нэг зүйл гэвэл Босманы хэргээс хойш хэн ч хаа ч хамаагүй тоглох болж, ялангуяа Холландчууд Бундеслигад маш олноороо тоглох болсноор хөлбөмбөгчдийн хувийн нөхөрлөл үзэн ядалтыг намжаасаар байна. Урьд гадаадын гуравхан тоглогч талбайд гарах эрхтэй байхад Аякс, Бавари хоёрт Герман, Холландын хамаг одод цуглачихаад бас нэг дайн дэвэргэсэн үйл явдал болдог байлаа. Одоо тэгтэл Холландын хамгийн том од Робьен л гэхэд Баварид, Хантелаар Шалькед тоглож байдаг.

Гэхдээ энэ бүхэн хөлбөмбөгийн хувьд өрсөлдөхөө больчихсон гэсэн үг огт биш юм. Герман Холланд хоёр 92 оноос хойш албан ёсны тоглолтод анх удаагаа 2004 оны Европын аваргаар таарав. Тэр жил Герман маш муу, Холланд маш сайн байсан болохоор хүмүүс Холландыг хожно хэмээн бат итгэж байв. Клинсманн хүртэл үүнийг хүлээн зөвшөөрчихсөн “Тэдэнд Нистелрой, Макаая, Зеедорф, Стам, Дэвидс байна. Клюйверт бүр шигшээндээ багтаагүй гээд бод доо. Манайд уу? Манайд ганц Баллак л байна даа” гэж шогширч байсан юм. Нээрээ ч тэр жил 98 оноос эхэлсэн Германы шигшээгийн уналтын сүүлч үе байлаа. Тэгтэл аанай л 74 он шиг юм болж, аанай л хүн бүрийн хожно гэж байсан Холланд хожсонгүй. Фрингсийн гучин минутад хийсэн гоолын хариуг бүр 81 минутад Нистелрой арайхийн барьснаар тэнцсэн юм.

Дараа нь 2011 онд нэг нөхөрсөг тоглолт хийгээд авсан байгаа. Нөхөрсөг байхдаа ч яахав дээ. Тавлаж байгаа юм шиг. Герман, Холланд хоёр л нэг их нөхөрсөг тоглож гэнэ дээ. Ван Боммел ч яг тэгж хэлсэн. Хамбургт тэгэхэд Герман 3-0 харьцаагаар бут ниргэсэн.  Холландын балиашгууд Робьен байгаагүй ш дээ гэдэг бол Германыхан болохоор “Тэгээд яагаав, Швайнштайгер бас байгаагүй ш д” гэх.

ШИНЭ ЦАГИЙН ҮГЭН БАЙЛДААН

Сүүлийн үед энэ хоёр баг тэгтлээ их тоглоогүй болохоор гол байлдаан сонин сэтгүүлийн хуудсаар өрнөж байна гэхэд хилсдэхгүй. 2010 оны Дэлхийн цомоос Герман хасагдсаны дараа Германы гол хэвлэл Билдээс Бундеслигад маш олон дач хөлбөмбөгчин тоглодог учраас цаашид Холландыг дэмжье гэсэн уриалга гаргажээ. Хариуд нь Нидерландын Телеграаф сэтгүүл “Өөрсдийнх нь авьяас дутаад ирэхийн цагт...” гэсэн нийтлэл гаргасан байна.

Германчууд яаж зүгээр суухав, бас нэг дуу зохиосон байгаа юм. Берлин, Франкфурт, Хамбург зэрэг том хотуудад хог ачигч нар улбар шар хувцас өмсдөг юм байна л даа. Тэгсэн тэр дуу нь “Улбар шарыг зөвхөн хогчид өмсдөг” гэсэн нэртэй. Цаанаа хэнийг хэлээд байгаа нь тодорхой. Мөн элдэв онигоо зохион ярьж суугаагаас нэгийг хэлбэл:

1974 оноос хойш төрсөн дач хүүхдүүдийн чих яагаад тийм дэлдэн байдаг юм бэ?
Яагаад гэвэл эцэг эх нь чихнээс нь өргөж, хилийн хашаан дээгүүр Германыг харуулж байгаад “Дэлхийн аварга гэж ийм л улс байдаг юм даа” гэж хэлсээр байж...


СҮҮЛЧИЙН ТУЛААН

Дэлхийн дайнаас эхэлсэн хөлбөмбөгийн дайн үргэлжилсээр байна. Хамгийн сүүлчийн том тэмцээн Евро 2012-т уламжлал ёсоор нэг хэсэгт таарав. 1992 оноос 2004 он хүртэл үргэлжилсэн нам гүм байдал, эвийн гэрээ ахин “зөрчигдөж”, аанай л мөргөлдөж эхлэв бололтой. Хөлбөмбөгийн бурхан ч уйдаад, ахин золгуулж эхлэв үү?

Нэг клубын андууд нэг шигшээд тоглохын сайныг үзүүлсэн бас нэг жишээ энэ тоглолт болсон гэхэд хилсдэхгүй. Швайнигийн хоёр гайхалтай дамжуулалтыг Гомез уран чадмаг төгсгөж, үнэхээр гоё хоёр гоол бүр эхний хагаст хийж орхисон. Тоглолтын хувь заяаг тэгэхэд л дууссан гэхэд болно доо. Ван Персигийн гоол дэндүү оройтсон байлаа.

Тоглолтын үеэр заавал гардаг хэрүүл уруул харин ч гайгүй, Шнайдер Мюллерийг сэлгээгээр суухад нэг хэрэлдэж харагдсан, Роббен суухдаа талбай тойрон, учиргүй гүйсэн нь эхэндээ эсэргүүцэл зарлаж байгаа мэт харагдсан ч цаг хэмнэж буй хэрэг байсан, бусдаар бол тайван сайхан тоглов.



Герман талдаа тэр нь ашигтай, таатай бол Холландын сэтгүүлчид үүнийг тийм ч сайхнаар хүлээн аваагүй, “мөнхийн дайсантайгаа ямар зөөлөн, идэвхгүй тоглов оо” хэмээн шүүмжилж байлаа. А. Сүхбат аваргын хэлдэг, барилдаж байгаа хүнээ “Энэ миний аавыг алсан, одоо намайг алах гэж байгаа” гэж бодож барилдаж чадвал жинхэнэ эрч хүчтэй, шуугиулсан барилдаан гардаг гэдэг шиг Холландчууд дараагийн удаад Германтай таарвал үүх түүхээ мартаад байгаа залуустаа Дэлхийн 2-р дайныг сануулан, хурцалж өгөөд гаргах бололтой.        
  
Тэр цаг мөдхөн ирэх болтугай.
          

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив