Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Америкийн тэмдэглэл 10
2013 оны 3 сарын 20 [Уншсан тоо: 99295]
М.Саруул-Эрдэнэ
@SaruulerdeneM

АНУ-д бичсэн тэмдэглэлээсээ заримдаа би уншигчидтай хуваалцдаг юм. Зарим нь уншаад сонин л юм гэх, бас нэг хэсэг нь инээлээ л гэх, харин зарим нь яагаад ч юм маш их уурлан бухимдах. Нэг их санаа оноо гаргах ч гээгүй, асуудал ч дэвшүүлээгүй, зүгээр л ойр зуураа сонин болгон ярьдаг шиг сул тэмдэглэл л юм аа. Энэ 10 дахь удаагийнх нь юм байна. Баабар.мн – ийн уншигчид өмнөх хэдийг нь уншаагүй учраас үргэлжлүүлээд хуучнаасаа бас хэдийг оруулав.
 
Сэдвээ сольсон нь

Хүү их сургуулийнхаа амралтаар гэртээ орж ирүүтээ л надтай Бавари Мюнхен багийн тоглолт ярьж гарав. Шинэ дасгалжуулагч Пепийн тухай, гэмтэл нь эдгэж буй Робьений тухай ам чөлөөгүй бурж байтал ээж нь гэнэт уурлан, “Та хоёр цайгаа ч ууж амжаагүй байж огт хаа хамаагүй юм яриад эхлэх юм даа, гэрт дандаа л нэг ийм юм ярьж байх юм, наад ярианыхаа сэдвийг солиоч” хэмээн лүндэгнэлээ.

Хүү “За ээж ээ” хэмээн дуулгавартай зөвшөөрснөө “Бүх оддын тоглолтоос өмнө Гранжер ирж магадгүй гэнэ ээ, аав аа” хэмээн сагсан бөмбөг сонирхуулж эхлэв. Ээж ч мэдээж ахин тас загнаад өрөөнөөс гарч одов. Илд хүү “Харин ч би Бундеслига ярьж байгаад сэдвээ соль гэхээр нь Премьер лиг рүү орох гэснээ болиод, бүр олигтойхон сольчихъё гээд сагс ярьж байхад чинь загнаад байгаа юм даа” хэмээн аавдаа гомдоллож билээ.

Америк-Монгол бага сургуулийн хүүхдийн ялгаа

Тээр жил, дунд хүүг 1-р ангид байхад зохиолч Аюур, Өлзий хоёр анд маань манайд нэг өвөлжсөн юм. Тэгэхэд би машин барьдаггүй, манайх сургуулийн автобус явдаг бүсээс гадуур байсан тул өглөөдөө Аюур машин бариад, би хажууд нь суун хүүгээ сургуульд нь хүргэж өгдөг байв. Машинаа тавьчхаад хоёулаа Далайг дундаа хөтлөөд л буу халан явсаар сургууль руу нь оруулчхаад буцдаг байлаа.

Тэгсэн нэг орой хүү ээрч муурч байснаа “Би ааваар дахиж хүргүүлмээргүй байна” хэмээн санаа алдан хэлдэг юм байна. “Яасан бэ?” хэмээн ихэд гайхан асуувал “Манай ангийн хүүхдүүд аав чинь гомо юм уу? гээд байна” гэдэг юм даа. Зургаа, долоотой бяцхан жаалуудын бодож байгааг. Аюур бид хоёрын ажиггүй алхаж явааг...

Өлзий үүнийг сонсоод нүд нь орой дээрээ гарч “Пээ, энэ америк хүүхдүүд чинь ямар айхтар байдаг юм бэ? Манайд хэрвээ айлын хоёр аав хүүхэд хүргэж өгвөл ангийн ихэнх хүүхэд юу ч бодохгүй, за хамгийн сүрхий, юм боддог хүүхэд л гэхэд сайндаа эдний аав архидаж дээ л гэж бодох байх” гэж билээ.

Ээжийн тухай ээжийн дуу

Наран мандмал уудам нутагтаа
Настай ээжий минь жарган байгаа...

Энэ дууны үгийг миний ээж зохиосон юм. Ээжийн тухай дуунд монголчууд дуртай. Ээжийнхээ зохиосон дуунд үрс нь бүр дуртай. Тэгвэл ээжийн тухай ээжийн бичсэн дуу гэхээр надад бол дэндүү сайхан санагддаг. Тэгээд ч ээж аавын тухай голдуу бичээд байгаа шиг, “ядарсан зүдэрсэн, дээлээ даахгүй, үсээ самнаагүй, Ганданд ч аваачиж чадаагүй” гэх биш Саран мандмал саруулхан нутагтаа Сайхан ээжий минь жарган байгаа...” гэсэн өөдрөг сайхан дуу болохоор харь нутагт суугаа надад илүү дотно байдаг даа.

Тэгж орчуулж бас болох л юм

Том хүү орос сургуульд оров. Ээж нь эцэг эхийн хуралд явах дургүй, учир нь орос хэлэндээ жаахан тиймэрхүү гэж байгаа. Нэг удаа би чухал ажилтай болоод яалт ч үгүй ээж, хүү хоёр хуралд явж таарав. Гэр лүүгээ явж байхдаа хүү гэнэт “ээж сая ингэхэд багш юу юу ярьчихав аа?” хэмээн асуужээ. Сүүлд ээжийнх нь ярьснаар “Багш нь цвет цвет гээд л удаан яриад байсан болохоор жаахан бодож байгаад Юу, миний хүү, багш нь маргааш ирэхдээ өнгийн харандаа авчраарай гэж байна” гэжээ. Хүү “За за” гээд л хэсэг явснаа нэг юм хэлмээр санагдаад байгаа бололтой хэсэг хулмалзсанаа “Ээж ээ, сая багш маргааш хүүхэд бүр нэг нэг цэцэг авчир гэсэн юм биш үү?” хэмээв.

Ээж жаахан барьц алдсанаа “Яахав, тэгж бас орчуулж болох л юм, үгийн олон утга гэж юм байдаг юм” хэмээн хэлний багшийн аргаа хэрэглэн, амиа авч гарсан байна.

Түрээд нэг, түрүүлээд нэг буруудсан нь

Дуундаа муу хүн гэж байх. Яруу найрагч, сэтгүүлзүйч Ж. Батбаатар яах аргагүй тэдний нэг. Дууны дугараа хүрээд ирэхээр шүлгээ уншчихна. Зүгээр л эхэлчих, бид түрчихнэ гэхээр тун дургүй. Сайндаа ч биш, мань эр дуу эхлэн, олноор түрүүлж нэг, бас өөрөө дуу буруу түрж бас нэг алдсан түүхтэй юм л даа. Дуугаар шахаад байхаар нь ганц мэддэг “Улаан туг”-аа эхэлсэн чинь хүмүүс “Магнаг үсэгтэй туг”-ийг түрж нэг баларсан бол нэг баяр дээр улс “Үйл үйлээ дагадаг нь” гээд дуулахаар нь боломжийн санагдаад “Үнээ тугалаа дагадаг аа” гэж нэг түрээд бас буруудсан нөхөр. Тэрнээс хойш бид “Зүгээр шүлгээ уншчих аа” л гэдэг болсон доо.

Монгол хэлээр сайн ярьж байна гэж магтуулсан минь

Тээр жил Их засаг сургуулийн нэг багш охин Вашингтон хотноо ирснийг би онгоцны буудлаас тосож авсан юм. Хот орох замдаа сонин сайхан хуучлан явтал гэнэт нөгөө охин “Та ингэхэд АНУ-д ирээд хэдэн жил болж байгаа юм бэ?” гэж асууж байна. “Найман жил” гэлээ. Тэгсэн “Хөөх, та найман жил болсон гэхэд монголоор ямар мундаг ярьдаг юм бэ?” гэж байна шүү. Би бүр гайхаж орхив. Янз бүрээр магтуулж л байлаа, гэхдээ “монгол хэлээр сайн ярьж байна” гэдэг чинь одоо баярлах магтаал мөн сөн үү?

Хэсэг дуугүй явснаа “Би чинь монгол хүн шүү дээ” гээдэхлээ. Өнөө охин “Үгүй ээ, үгүй. Би таныг монгол хэлээрээ ямар ч аялгагүй, чөлөөтэй сайн ярьж байна л гэж хэлэх гээд...” хэмээн засах гэсэн биш бүр дордуулж орхив.

“Ах нь монгол хэл судлаач хүн л дээ, яахлаараа монгол хэлээрээ аялгатай ярьдаг билээ?” гэсэн намайг гомдоочхов уу гэж сандран “Үгүй ээ, ингэсэн юм аа, ах аа. Монгол зурагтаар гадаадад ганц жил болж байгаа, бас заримдаа хоёр жил болоод ирсэн гээд л хүмүүс ярилцлага өгч байгааг би хэд хэд харсан юм. Үгээ сайн олж чадахгүй, зарим нь байсан гадаад улсынхаа аялгатай болчихсон байдаг. Тэгээд л хүн ер нь гадаадад нэг хоёр жил болчихвол монгол хэлээ мартаж эхэлдэг, аялгатай ярьдаг болчихдог юм байна гэж боддог болсон юм. Тэгсэн чинь таныг найман жил болсон гэсэн мөртлөө зүв зүгээр яриад байхаар чинь гайхаад” гэж билээ.

Ээ дээ, гадаадад сурч байгаа залуус минь, элдэв зурагт радиод яриа өгөхдөө хэлээ хазалгүй шиг, үгээ олж ядалгүй шиг, зүгээр л энгийн даруу монгол хэлээрээ ярьж заншаарай даа. Эс тэгвэл монгол хэлний багш миний бие хүртэл “монголоор цэвэр ярьж байна” гэж магтуулахдаа тулах нь байна шүү.

Хэлмэрчийн овсгоо

Төрийн Департаментийн хэлмэрч бэлдэх сургалтад монгол хэлний хичээл зааж байхдаа Европын холбооны парламентийн грек хэлний хэлмэрч эмэгтэйгээс нэг алдартай хөгжилтэй түүх сонсож билээ. Олон улсын орчуулагч, хэлмэрчдийн дунд их яригддаг явдал юм билээ. Нэг улсын Ерөнхийлөгч гадаадад айлчилж байгаад олон нийтэд зөвхөн өөрийнх нь хэлээр л маш инээдтэй сонстох, орчуулгаар бол огт утгагүй онигоо яриад, өөрөө маасайн инээжээ. Ингээд хөөрхий хэлмэрч л тун эвгүй байдалд оров. Онигоог нь яг тэр чигээр нь орчуулбал мэдээж хэн ч инээхгүй. Энэ тохиолдолд ерөнхийлөгч өөрөө мөн хөөрхийлөлтэй болно оо доо. Тэгээд орчуулсан нь:
“Сая манай Ерөнхийлөгч сайхан онигоо ярилаа. Та бүхэн ойлгосон гэж бодоод нирхийтэл нэг инээчихгүй юу?”
Танхим дүүрэн инээдэм болж, онигоо ярьсан ерөнхийлөгч сэтгэл хангалуун, хүмүүсийн нүдэнд ч инээмсэглэл тод, эвтэйхэн өнгөрсөн юм гэнэ лээ.

Ерөнхийлөгчийн сонгууль ба Киноны нэр

2008 онд АНУ анх удаагаа хар арьст Ерөнхийлөгчийг сонгосон нь зөвхөн энэ улсын төдийгүй дэлхийн түүхэнд чухал үйл явдал болон тэмдэглэгдсэн билээ. Яг тэр жил бас кино урлагийн түүхэнд хамгийн их орлого олсон кино мэндэлсэн нь ямар нэртэй байсныг мэдэх үү? Dark Knight гэж байгаа юм. Сайхан таарч байгаа биз. Гэтэл үүгээр зогссонгүй, 2012 онд Обама ахин өрсөлдөж, ахиад л яллаа. Яг тэр жил АНУ-ыг хамгийн их шуугиулсан кино нь нөгөөдхийн үргэлжлэл Dark Knight Rises болж таардаг юм даа. Өнөө айхтар “хар рыцарь” буцаад ирсэн нь тэр.

Ингээд хуучин тэмдэглэлүүдээсээ сонирхуулбал:

Цаг төлөвлөх баримжаа

Индианагийн Их Сургуулийн монгол-манж судлаач Уиллиам Розицкитэй уулзаж, ярилцлага авахаар гэр лүү нь залгав. 4 сарын аравдаар л юм даг.
•    Билл, тантай нэг тухтайхан уулзаж ярилцмаар байна.
•    За болно, болно. Миний хамгийн эхний завтай өдөр бол 6 сарын хоёр дахь долоо хоногийн хагас сайн өдөр. Та харин тэр өдөр ямар ажилтай вэ?
Хоёр сарын дараах хоёр дахь долоо хоногийн хагас сайн өдөр ажилтай эсэхээ мэдэх байтугай хэдний өдөр байгааг нь ч төсөөлж чадсангүй. Тэгээд “тэр өдөр чинь миний хувьд нэг их бүрхэг ирээдүй санагдаж байна аа” гэлтэй биш, жаахан бодож, тэмдэглэлийн дэвтрээ харж буй маяг гаргаж байгаад “Өө, завтай юм байна. Үдээс хойш юмгүй юм байна” хэмээн тохиролцож билээ.

Өвөө гэж динозавр уу, мангас уу?

АНУ-д ирсэн монгол хүүхдүүд хэлээ мартах нь энүүхэнд. Хэлтэй хамт дурсамж, монгол ахуй соёл, ер нь л монгол нь давхар үгүй болно. Андын маань бяцхан хүү Монголд дөнгөж хэлд ороод, “өвөө” гэдэг ганц үгтэй байхдаа иржээ. Аав ээж нь Америк яваад өвөө нь өсгөсөн болоод тэр. Америкт ирээд уу, ид, сүү, боо (боов), ман (мангас), динжа (динозавр) гэх мэт нэлээд олон үгтэй болов. Жилийн дараа хайртай өвөө нь айлчлах болж, ээж аав нь ихэд баясан, өвөөгийнх нь зургийг үзүүлээд “өвөө нь ирлээ” гэхэд мань жаал зургийг нь нэлээд удаан нухацтай харж байснаа “өбөө ман? динжаа?” гэж асуусныг утга зохиолын монгол хэлэнд буулгавал “Энэ өвөө гэдэг чинь мангас юм уу, динозавр юм уу?”

Намайг хөхүүлээрэй, аав аа!

Хүний хүүхэд хэлэлтгүй. Миний хэд ч бас үе үе хачин хачин юм ярина. Нэг өдөр дүү нь алиалж, марзганаад ах нь баясаж инээгээд байхаар нь ээж нь ингэж загнажээ. “Далай чи томоотой бай. Илд чи ч гэсэн битгий дүүгээ хөхиүлээд бай”. Том хүү маань “хөхүүлээд ээ ???, би дүүг хөхүүлээд ээ???” гээд элгээ хөштөл инээв. Ээж нь уурлаж, “өө муу монголоо алдсан юмнууд. Хөхиүлнэ гэдэг чинь дэмжинэ гэсэн утгатай үг байхгүй юу? Мэдэж ав” хэмээжээ. Үүнээс долоо хоногийн дараа би хүүтэйгээ тоглож байв. Би өөрөө мод болон хөшиж зогсоод хүү маань над руу авирч хүзүүн дээр гарвал хожих тийм нэг тоглоом юм л даа. Нуруу хавьцаа гарч ирснээ гар нь чилэв бололтой, хүзүүнээс нэлээд зүүгдэж байснаа гэнэт “Аав аа, намайг хөхүүлээрэй, хөхүүлээрэй” гэдэг байгаа.

Шидэт үг

Виржиниа мужид монголчууд хамгийн олноор амьдардаг байр бол River Place хэмээх хотхон. Уг хотхон руу зөвхөн тэндхийн оршин суугчид машинтайгаа орж болдог юм. Харин хүн буулгах хүмүүс Дроопооф (Drop-off буюу Буулгая) гэж хэлэхэд хаалгаа нээж өгнө. Зарим нь энэ үгийг Али Бабагийн “Сезами, онгой” гэдэг шиг шууд хаалга нээх хүчтэй, шидэт үг хэмээн ойлгосон бололтой. Машиндаа ганцаараа давхиж ирчхээд “Дороопооф” гэж хашгираад онгойхыг нь хүлээн удаан зогсдог гэнэм. Тэр ч байтугай нэг залуу уурласан нь: “Энэ муу хар (хар арьст харуулыг хэлж байна) ази хүүхэнд дуртай байх аа. Түрүүн би нэг Монгол хүүхэнтэй ирсэн онгойлгоод өгсөн, сая ганцаараа ирсэн чинь нээхгүй юм”.

Буулгах хүнгүй байж “буулгая аа” гээд байхаар хэн нээж өгөх вэ дээ.

Хар амиа бодсон минь

Монгол хэл, соёлын тухай бичсэн нэгэн нийтлэлийн маань доор сэтгэгдэл үлдээсэн хүн “Монголоо гэж боддог л юм бол нутаг буцаач ээ. Хар амиа бодон Америкт байх хэрэг юу байна?” хэмээсэн байв. Энэ бол угаас миний байнга бодож явдаг зүйл билээ. АНУ дахь судалгааны маань хугацаанд хэдий нэг жил дутуу байгаа ч “хар амиа” бодон Америкт байхаар даруйхан нутаг буцаж олон зүйл хийхээр төлөвлөөд, эхнэртээ ярив. Гэтэл эхнэр маань “Бага хүү анхан шатны сургуулиа төгсөхөд нэг жил дутуу байна. Охин ч тэр, эмнэлэг сайтай энэ газар өсөөд аваг. Чи ч яахав, очоод завгүй сайхан ажилладаг юм байгаа биз. Хүүхдүүдээ бодооч. Битгий хар амиа бод л доо” гэдэг байгаа. Яаж явбал таарах юм бол доо.

Билэг гуай болсон минь

Америкт дөнгөж ирээд байхдаа хоёр хүүгээ дагуулан, Монгол хүүхдийн урлагийн наадамд оролцуулав. Бүртгэгч нь 20 орчим насны, багашаархан бүсгүй байна. Ихэд эелдэг охин юм.

Энэ хөөрхөн хүүгийн нэр хэн бэ?
Билгийн-Илд. Бүсгүй цааснаа Б.Илд хэмээн бичих нь харагдав.
За, дүүгийнх нь нэр хэн билээ?
Билгийндалай. Нөгөөх маань харин Б. Далай гэж тэмдэглэснээ над руу харж, эелдгээр “Билэг гуай та энд суугаад хүлээж бай даа” гэв.
- Ах нь Билэг биш ээ.
- Өө, та аав нь биш юм уу?
- Аав нь ч мөн л дөө, гэхдээ миний нэр Билэг биш л дээ.
- Өө, ааваараа овоглоогүй хүүхдүүд үү? Зүгээр ээ, Америкт овгоо солиод ирсэн хүүхэд олон бий…???
Зиа, за…

Хуурамч намтар бүр Америкаас эхтэй

Бага насандаа уншиж явсан нам төрийн том зүтгэлтнүүдийн намтар бүгд багадаа сэргэлэн цовоо, шударга хүүхэд байснаар эхэлдэг сэн. Гэтэл социализмын үеийн энэ суртал бүр ардчилсан Америкаас эхтэй гэвэл та үнэмших үү? Америкийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны багадаа Потомак голын эрэг дээр жимсний мод тайрчхаад худал хэлж огт чаддаггүй тул аавдаа үнэнээ хэлсэн түүх бага сургуулийн сурагчдын дунд их алдартай. Сурагчдын хүмүүжилд зориулан олон жил заагдсан энэ түүхийг намтар судлаач Мэйсон Локе Вимс 1800 онд номоо борлуулахын тулд зохиосон байна. Сүүлд, ЗХУ-ын үед гарсан Лениний Володя байхдаа жимс хулгайлж, ястай нь идчихээд хэргээ хүлээдэг түүх, Сүхбаатарын өдөржин мах зөөгөөд олсон мөнгөө ядуу хуурчид өгчихдөг домог бүгд л үүнтэй агаар нэгэн буй.

Бор халзан хонь ч сонгогдож мэдэх тогтолцоо

Сонгуульд оролцохдоо манайхан хэн бэ гэдгийг нь харахаасаа илүү аль намаас дэвшиж байна вэ гэдгийг нь сонирхдог. Үүнээс улбаалан “бор халзан хонь” гээд бичсэн ч гараад ирэх магадтай гэсэн үг гарсан билээ. Сонгуулийн сонгодог жишээ гэх Америк гүрэнд хүртэл тиймэрхүү зүйл тохиолддог аж. 1998 онд Оклахома мужаас Сенатад нэр дэвшигч сонгуулиас бүтэн сарын өмнө өөд болсон хэдий ч 56,000 санал авсан байна. Зарим нь аягүй л бол, амьд улс төрчөөс үхсэн нэг нь балаг багатай гэж үзсэн ч байж мэдэх юм. Андуурч сонгох гэж бас байна аа. 1962 онд Сенатад нэр дэвшигч Эдвард Кэннедигийн төлөө Коннектикут мужийн 46,000 сонгогч саналаа өгчээ. Эдвард Кэннеди ч уг нь сайн залуу, гэвч гол нь тэрбээр Коннектикутаас бус Массачуссетс мужаас өрсөлдсөн билээ.

Цаг цагаараа байдаггүй…

АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган 2004 оны 6 сарын 5 –ны өдөр таалал болж, дараа долоо хоногт нь Конгрессийн ордонд ард нийт салах ёс гүйцэтгэсэн билээ. Хүйтэн дайныг эцэс болгоход асар их гавьяа байгуулсан энэ хүний шарилын дэргэдүүр гунигтайхан өнгөрч явахдаа багадаа түүнийг л үхчихвэл бүх юм сайхан болох мэт бодож явснаа нэгэнтээ санагалзав. Цаг цагаараа байдаггүй гэж энэ болой. Гэртээ иртэл хоёр хүү маань “Батман” кино үзэн сууна. Бас нэгэн түүх санаанд оров. 1966 онд “Батман”-ыг анх ТВ-ийн цуврал болон ид алдаршиж байхад “Правда” сонин “капиталист алуурчин” гэж шүүмжилж байжээ. Ингэхэд 100 жилийн дараа энэ дэлхий ер нь ямар байх сан бол?

Ялгаа

Монголд Дэлхийн яруу найргийн конгресс хуралдан олон улсын найрагчид ирж санал бодлоо хуваалцахуй дор нэг ийм яриа өрнөжээ. Тайван, Япон зэрэг далайн улсаас ирсэн найрагчдаас Монгол яруу найрагч Л. Өлзийтөгс ийн асууж. “Хязгааргүй их далайн өмнө зогсоход та нарт энэ их усны өмнө юу ч биш мэт бодогддог уу?”
“Яг тийм”
“Хязгааргүй их талыг саравчлан зогсохдоо Монгол хүн харин энэ их талын эзэн нь юм шүү гэж мэдэрдэг юм”
“Wow”


Хоолны тухай дуу

Эхнэр бид хоёр нэг америк оюутанд монгол хэл заадаг байв. Нэг өдөр оюутан маань надаас “Элэг” гэж юу гэсэн үг вэ? гэж асууж байна.
Liver.
Тэгвэл “халуун” гэж Hot мөн үү?
Мөөн мөн.
Мань эр жаахан бодолхийлснээ “Танай эхнэр маргааш надад хоолны тухай дуу заах нь дээ” гэж байна. Гэртээ ирээд эхнэрээсээ маргааш юун хоолны тухай дуу заах гэж байгааг нь асуутал “Халуун элгэн нутаг” гэж билээ.

Эхнэрээ төрүүлсэн минь

Хөл хүнд гэргийн маань нярайлах хугацаа болж бид эмнэлэг явлаа. Энэ улст нэг сайхан юм нь нөхөр нь хамт орж төрөхөд нь гарыг нь барин, сэтгэлийн дэм үзүүлж болно гэнэ. Хоёр хүүгээ төрөхөд дэргэд нь байж үзээгүй би бээр эхнэрээ тайвшруулан, дэм болохоор төрөх рүү хамт оров. Харин одоо бол “Миний хайрт тайван л байдаг юм шүү, төрж үзээгүй биш” гэсэн гарыг нь барьж байснаа л санадаг юм. Гэнэт л баахан эмч нар тойрч гүйгээд л “Push, More” хэмээн хашгиралдан, хөөрхий эхнэрийн маань судас нь гүрийж, царай нь чинэрэн, дэлгэц дээрх даралтны тэмдэглэгээ учиргүй дээш, доош болохыг харж байснаа нүд бүрэлзээд ирдэг байгаа. Тэгсэн хүй нь боосон юм уу даа.

Гүнзгий амьсгаа аваад жаахан ухаан ортол, эхнэр маань төрөхөөр хүчлэнгээ гарыг минь чанга чанга атган “Зүгээр ээ, Саруул аа, хүн чинь ингэж л төрдөг юм шүү дээ, зүгээр зүгээр” хэмээн намайг тайвшруулж байв. Эмнэлгээс гарсан хойноо Нараа “Монголд бол өөрөө яваад, мөлхөөд, тааваараа өвдөх бас чиг амар байдаг юм. Энд харин орон дээр огт хөдөлгөөнгүй дээш харуулаад хэвтүүлчихээр өвдөх нь их хэцүү байдаг юм байна. Гэхдээ би төрдгөөрөө төрж л таарна. Харин чиний царай сонин болоод ирэхээр би ч чамайг л уначих вий гэж айж байлаа” гэж ярьж билээ. Үүнээс хойш хаа нэгтээ эх нярайлж байвал “холуур гацаж явах минь”.

Номын нэр

Үүнийг бичигчийн ангийн анд, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа шүлгийнхээ анхны түүврийг “Зүрх, тархи, цус” хэмээн нэрийдэхээр шийдсэн байсан юм. Учир нь тэр түүвэрт нь зүрхний угаас шаналж бичсэн шүлэг, тархины гүнээс сэтгэж бичсэн шүлэг, цусны эснээс шатан гарсан шүлэг аль аль нь орсон байлаа. Тэгж бодвол муу нэр ч бас биш. Тэр түүвэр дэх ихэнх шүлэг хэрхэн төрснийг би мэднэ. Нэг өдөр Буянзаяа маань “Би ерөөсөө номоо огт өөрөөр нэрлэхээр боллоо” гэсээр урам муутай орж ирдэг юм байна. Юу болсныг асуувал тэрбээр Бадарч гуай бил үү, Бавуугийн Лхагвасүрэн бил үү, нэгэн дээр нь очоод “Зүрх, тархи, цус” гэдэг ном гаргахаар боллоо гэтэл өөдөөс нь “Ямар цувдай биш дээ” гэсэн гэнэ. Буянзаяагийн анхны түүүвэр уншигчдад “Залуугийн бадгууд” нэрээр хүрсэн билээ.

Хэнийг гуайлах, хэнийг үл гуайлах вэ?

Оюутан байхад миний хүргэн ах, хэл шинжээч Ч. Чимэгбаатар Монголч эрдэмтдийн талаар ярихдаа дан гуайлж ярьдаг байсан нь чихэнд хоногшсоноос нэгэн семинарын хичээл дээр би Ринчен гуай, Дамдинсүрэн гуай, Владимирцов гуай гэхчлэн ярив. Энэ нь ангийнханд маань содон сонстсон бололтой. Баярмаа гэж охин дор нь сурчихсан дараачийн цаг болох Гадаадын уран зохиолын хичээл дээр босоод, Есенин гуай, Блок гуай гээд яриад унаж билээ.

Америк үхрийн сүүлэн дээр хутга хугардаг уу?

“Үхрийн сүүлэн дээр хутга хугарна” гэсэн үгийг нэг америк оюутанд тайлбарлаж өгөх боллоо. “Үхэр шулаад дуусч яваад яг сүүлэн дээр нь хутга нь хугарчихвал хэчнээн харамсалтай байх билээ” гэтэл цагаан хоолтон тэр хүүхэн ойлгох шинжгүй, харин ч бүр “хөөрхийг алаад яах нь вэ дээ” гэсэн байдалтай, зүйр сэцэн үгний маань үхрийг өрөвдсөн сууна. Хэд хэдэн жишээ аваад нэг л бууж өгөхгүй байх шиг болохоор нь сүүлдээ “энэ америкчууд юмаа эртнээс төлөвлөдөг, яв цав улс. Арай үхрийнх нь сүүлэн дээр хутга хугардаггүй юм биш байгаа” гэж хүртэл бодов. Тээр жил хэл шинжээч С. Галсан гуай “Монгол хэлэнд совесть гэж үг байхгүй. Учир нь Монгол хүнд совесть байдаггүй” гэж байсан билээ. Тэгээд хамгийн сүүлд Германаас хөлөөр нь машин зөөж явсаар “22-ын товчоон” дээр мөргөлдсөн түүхийг ярьж өгтөл ашгүй нөгөөх маань ойлгов бололтой, энэ мөн үү гээд нэг түүх ярьж өгдөг юм байна. Түүний өссөн хот болох Шинэ Орлеанд нэг жил нэг ч хүн усанд живээгүй, бахдам амжилт гарчээ. Ингээд яг тэр он дуусах 31-ний орой хотын аврагчид том усан санд баяраа тэмдэглэсэн байна. Тэр баяр дээр харамсалтай нь нэг аврагч живчихсэн гэнэ. Сүүлэн дээр нь хутга хугарах дээрээ тулбал монгол, америк үхэр ялгаагүй аж.

Ерөөл үү, хараал уу?

Блүүмингтоны Магнай гэж оюутан зун амралтаараа Монголд очоод байхдаа найзынхаа хуримд уригджээ. Баяр дээр үг хэлж хундага өргөх ээлж иртэл багаас орос дунд сургууль, америк их сургуулиар явсан тул баахан балмагдан, дотроо “You guys will live happily. I will definitely see this” гэж бодоод орчуулж хэлсэн нь “Та хоёрыг жаргалтай явахыг би харна аа...”

Шилдэг зохион бичлэг

Соросын сангийн семинараар хөдөө явж байгаад Өмнөговийн хоёрдугаар ангийн нэг хүүхдийн зохион бичлэгийн тухай багшаас нь сонсч билээ. “Миний ээж” гэсэн зохион бичлэгтээ тэр хүүхэд гуравхан өгүүлбэр бичсэн нь: “Би ээждээ хайртай. Ээж минь ямаа саав. Ямааны ноолуур үнэтэй”. Өнгөц уншихад “Ууж иднэ гэдэг учир жанцантай – Жанцан гэдэг нь манай өвөө” гэдэг шиг хадуурсан, инээдтэй мэт боловч жаахан гүнзгий бодвол энэ бяцхан зохион бичлэгээс тэр айлын амьдрал, ерөөс өнөөгийн говийн айлын амь зуулга, ээжийнх нь эрхэлж буй хөдөлмөр гээд их олон юм харагдах аж. Би л хэрэв багш нь байсан бол шууд л онц тавимаар санж.

Аймшгийн бэлэг

Сая дээр дурдсан хүүхэд хэн нэгнээс хуулалгүй, яг үнэнээсээ бичсэн байна. Гэтэл сайхан үг хайгаад, буруу газраас будаа идвэл юу болдгийг жишээлбэл, Дорноговь аймгийн нэг багш хоёрдугаар ангийн сурагчаасаа багш нарын баярын бэлгэнд нэгэн ном авчээ. Хөөрхий жаал хаанаасаа ч хуулсан юм, номынхоо хавтас дээр ихэд хичээнгүйлэн бичсэн нь “Хайрт багш таны гэгээн дүр үүрд мөнх”.

Оны шилдэг “мулгуу толгой”

Улс орон тэр чигээрээ даяаршиж, оны шилдгээ “Оскар” маягаар шалгаруулж эхэлж байсан цаг. Нэг салбарын шинэ оны үдэшлэг дээр нэгэн ахмад ажилчин дугтуй задлан, оны шилдгийг дуудахаар болжээ. Гэтэл дугтуйнаас “Шилдэг MANAGER” гэсэн монгол, англи холилдсон бичиг    гараад ирэв. Ахмад ажилчин дотроо хичээнгүйлэн үсэглэж уншаад дуудсан нь: “Оны шилдэг МААНАГ ЭР гарч ирж шагналаа аваарай”.

Орос сургууль төгсөгчидтэй үгээ бодож ярь.

Ди Си орчимд орос сургууль төгссөн, нийгмийн ажилд идэвхтэй нэгэн эгч байх. Америк хүнтэй гэрлэсэн юм. Тэднийх ном их сайтай айл. Нэг өдөр “Даяар Монгол” сонины эрхлэгч Номинчимэд бид хоёр тэднийд ном үзэж сууж байлаа. Олон өөр чиглэлийн сонин ном байсан учраас санаандгүй “Ингэхэд танай хөгшин ямар мэргэжилтэй юм бэ?” хэмээн асуутал эгчийн царай барайн “Тийм ч хөгшин хүн биш шүү дээ?” гэдэг байгаа. Өөрөөс нь нэлээн ах юм байна л даа.

“Хөгшин” гэж залуу ч бай хамаагүй, хань ижлийг хэлдэг үг гэж тайлбарлалтай биш, эвгүйрхэн чимээгүй сууж байтал Номинчимэд нөгөө өрөөнөөс нэг ном барьчихсан орж ирээд “Танай өвгөн чинь энэ номыг хаанаас аваа вэ?” хэмээн “даарин дээр давс нэмэв”. Өнөөх чинь “Одоо бүр өвгөн болголоо л доо” гээд гунигтайгаар санаа алдаж билээ. Үүнээс хойш орос сургууль төгссөн хүмүүстэй ихэвчлэн үгийг шууд утгаар нь хэрэглэн ярих минь. Ухаан нь, африк гаралтай америк эртэй гэрлэсэн орос сургууль төгсөгч эмэгтэйгээс “Танай хар хүн сайн уу?” гэж асуувал бүр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан томоохон хэрэгт ч орооцолдож мэдэх нь гээч.

Сайн дууг хэрхэн хадгалж үлдэх вэ?

Соц нийгмийн үед зохиогдсон олон сайхан дуу үгийнхээ хамт хуучирч байна. “Хоймор залахад хийморь болсон Ленин багш минь” гээд хорин нэгдүгээр зуунд дуулж байлтай биш. Гэтэл тэр дууны ая үнэхээр сайхан шүү дээ. Олон дууг хамтлагууд ахин дуулж амилуулж байгаа. Харин зураач Монхорын Эрдэнэбаяр АНУ-д айлчилж байхдаа тэдгээр дууг авч үлдэх талаар бодууштай санал хэлж билээ. Яг тэр аянд нь өөр үг хийгээд дуулахад болохгүй юмгүй гэнэ. Нээрээ ч адил аятай, өөр үгтэй дуу олон байдаг, хамтлагууд хуучин дууг сэргээн дуулахдаа жаахан бүтээлчээр хандан, шинэ үг хийлгүүлэн дуулж байвал зүгээр мэт.
     
Аналог

Энх Тайвны Корпусын мэргэжилтнүүдэд монгол хэлний хичээл зааж байлаа. Биед хамаатуулах нөхцөл болох “минь, тань, чинь, нь” дөрвийг таниулж байсан юм. Самбар дээр “Миний аав” гэж бичээд “Аав минь” үүнтэй адил хэмээн тэнцүүгийн тэмдгээр холбов. Түүнчлэн “Таны аав = Аав тань, Чиний аав =Аав чинь” хэмээн зааж, бичүүлснийхээ дараа “Түүний аав” гээд үргэлжлүүлэх гэтэл Жэймс Бернхам гэж шавь маань “Багш аа, би хэлье, би мэдчихлээ” гээд гараа өргөж байна. За хэл! гэвэл “Аав түнь” гэж билээ.
 
Гар утас ба дуучны хоолой

Солонгосын хөгжим судлаач эмэгтэй Сун Мин уртын дууны талаар илтгэж байв. Тэрбээр “Жаахан шарга” дууг өөр өөр дуучны дуулсан бичлэг сонсгож байлаа. Тэдний нэг нь Сун Миний багш, дуучин монгол бүсгүй байв. Тод сайхан бичлэг хийжээ. “Жааааааханнн шаргаааааааааа...” хэмээн ид өндөр аваад барьж байтал гар утас нь дуугарч байна. “Ааааааа...” гэж явсан хүн гэнэт “Байна уу? ... За... дараа залга даа” гэж жирийн хоолойгоор, түвшин сайхан хэлчхээд “...ааааааа” хэмээн үргэлжлүүлдэг байгаа. Эндээс хоёр зүйл харагдах. Нэгд манайхан гар утсанд маш их анхаарал тавьж, хаа газар заавал хариу өгдөг. Судалгааны ажлын бичлэг хийлгэж байхдаа хүртэл. Том том хурал дээр гар утас нь дуугарч байгаа, бас хариулж буй эрдэмтдийг ч би олон харсан. Нөгөөтэйгүүр тэр их өндөр авсан байсан хоолойг гэнэт таслан  жирийн хоолойгоор “Байна уу?” гэх, тэгсэн атлаа үргэлжлүүлээд яг түрүүн явж байсан өнгөнөөсөө эхлэн алдахгүй явах нь монгол дуучны хоолойн царааг харуулах мэт.
 
Хооний гуай

АНУ- д эртээ ирсэн нэг багшийнх байдаг юм. 1990 оны эхээр, ардчилал гараагүй байхад ирсэн айл. Анх ирчхээд нэг америк айлд байж л дээ. Тэгсэн гэрийн эзэн нь эхнэрээ Honey honey гэж дуудаад байх юм гэнэ. Тэгэхэд багшийн хүү 10 орчим настай байж. Хүү америк гэрийн эзэгтэйг тийм л нэртэй юм байх гэж бодоод маргааш нь “Хооний гуай” гэж дуудсан гэдэг.

Цэцэн жаал

Манай хажуугийн байранд нэг хүүхэд байсан юм. Биднээс ганц хоёр ах байсан бол уу? Их л цэцэн цэлмэг аятай, дан зүйр үг хэрэглэж ярьдаг хүүхэд байв. Хамгийн гол нь хэлж байгаа зүйр үг нь болж байгаа үйл явдалтай таарах байтугай бүр дөхөх ч үгүй. Манай байрныхан хөлбөмбөг их тоглоно оо. Ирж харж байгаад “Үгүй хөө, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр танай байрныхан дан хөлбөмбөг тоглох юм аа” гэх. Ганцаараа юманд явах дургүй, талханд явахдаа заавал өөр хүүхэд дагуулж явах гэж шаналгана. Тэгэхдээ “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэгчээр хоёулаа тавьдугаар дэлгүүр ороод ирье” гэх. Гэртээ харихдаа байр луугаа “За баяртай” гээд л явчихад болмоор доо. Үгүй шүү, “дэм дэмдээ, дээс эрчиндээ гэчээр, би ч харья даа” гээд л яваад өгнө. Мундаг сэцэн хүүхэд байсан шүү, тэр.

Хэн нь бүдүүлэг вэ?

“Монгол Соёлын Төв” АНУ-ын нийслэлд “Монгол судлалын цуврал лекц”, “Монголын цаг” гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм. Нэг удаагийн лекцийг Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай уншив. 6 цагт гэж зарласан байлаа. 6 гэж зарлахаар манайхан 6:30 гэж цуглана гэж тооцоолсон байв. Тэгээд Галсан гуайн хүүхдүүдэд зургаа хагаст зохиолчийг авчраарай гэж хүссэн юм. Гэтэл Галсан найрагч яг цагтаа хүрээд ирэв. Ганцхан хүн сууж байхаар нь баахан зовсхийгээд, манайхан ингээд увуу цувуу цугладаг юм гэж тайлбарлан ядаж байтал, “Зүгээр ээ, миний хүү” гээд шууд яриагаа эхэлчихдэг юм байна. Хүмүүс ар араасаа орж ирсээр хамгийн сүүлчийн зочин 6 цаг 45 минут гэж ирэхэд лекц бас яг дуусаж таарав. Хоцорч ирсэн нэг найз маань Галсан гуайн яриаг сонсож чадаагүйдээ ихэд харамсаж биднийг “Та нар чинь Монгол соёлын төв мөртлөө 6 цагт гэж зарлачхаад яг зургаадаа эхэлдэг, яасан бүдүүлэг улс вэ? Монгол соёлоороо бай л даа” гэж тоглоом үнэн хослуулан загнаж билээ.

Мөрфигийн хууль уу, мэргэжлийн багш уу?

Эхнэр маань АНУ-д машин барьж сурч байлаа. Багш нь гэж машид хянуур, Болд гэж ах хүү. Эхнэр машинаа жолоодоод Болд багш хөмсгөө зангидаад, хурдны замаар давхиж байв. Яг ард нэг том трак (ачааны машин, гэхдээ манайхаас хамаагүй том) яваад байх юм. Болд багш хэлж байна: “Наад тракныхаа урд яваад байж ерөөсөө болохгүй. Чи гэнэт зогслоо гэж бодъё. Тэгвэл ийм том машин чинь зогсож чаддаггүй, тэр чигээрээ ирээд мөргөдөг байхгүй юу?”

Эхнэр айгаад өнөөхөд зам тавьж өгөв. Дараа нь хэсэг хугацааны дараа бас нэг том тэрэгний ард орчихсон явж байлаа. Болд багш бас хэлж байна: “Чи ийм том тракны ард яваад байж болохгүй. Энэ чинь ийм том юм чинь гэнэт зогсчихоод хөдөлдөггүй юм, чи араас нь шууд мөргөнө”

Эхнэр ихэд зэвүүцэн, тракыг үзэн ядсан хоолойгоор “Урд нь явахаар зогсож чаддаггүй мөртлөө, ард нь гарахаар гэнэт зогсчихдог, ямар балиар машин бэ?” гэж билээ. Нээрээ бодоод байхад трак гэж Мөрфигийн хууль шиг хүсэхэд хясаад байдаг тэрэг үү, эсвэл туршлагатай багшийн холуур явуулах арга заль байв уу?

Америкийн Монголчууд хонь авсан нь

Энэ яриаг би хүнээс сонссон юм. Виржиниа мужийн нэг жижиг хотод байдаг хэдэн монгол наадмаар хонь гаргах гээд хэд хоног хайсан юм байж. Тэгсэн нэг өдөр үнэгүй гэл үү, маш хямд гэл үү хонь өгнө гэсэн зар байхыг үзэж гэнэ. Гурвуулаа давхиад очиж. Хонио өгөх эмээ үнэ мөнгөө ярьсны дараа хэлж байна: “Хөөрхийг Мари гэдэг юм шүү... Өглөө оройд салхинд сайн гаргаж байгаарай... Чихрэнд их дуртай, гэхдээ их битгий өгөөрэй...” Эмээ нас өндөр болоод найдвартай хүн олж, хайртай тэжээвэр хонио захиж үлдээж байгаа нь тэр байсан юм сан жээ. Манай гурав харин хөөрхий Мариг хир сайн харсан  нь тодорхой.

Араас нь бичдэг түрэг багш

2001 онд Истанбулын их сургуульд очсон даруйдаа Монголтой холбоотой хичээлийг нь сонирхож явсаар Осман Фикри Сэрткаяа гэж багшийн “Эртний түрэг хэл” хэмээх хичээл тэр улиралд эхэлсэн байгааг мэдээд багштай нь уулзан, хичээлд суух зөвшөөрөл хүссэн билээ. Багш намайг Монголоос ирснийг сонсоод ихэд олзуурхан хичээлдээ суухыг уриалгахан зөвшөөрснөөс гадна хааяа өөрт нь тусалж байхыг хүсэв. Чухам юугаар туслуулах гэснийг нь ойлгоогүй ч зөвшөөрч орхилоо.

Эртний түрэг хэлний гол дурсгалууд руни бичгээр байдаг, Түрэгийн руни бичгийн хамгийн чухал дурсгалууд Монголд байдаг болохоор хичээл дээр дан Монголын нутаг дэвсгэр дэх чулууны бичгийн тухай яригдана. Нэг удаа Сэрткаяа багш “Сүүж уулын бичээс”-ийн тухай ярьж эхэлснээ гэнэт нэг юм санав бололтой намайг самбарт гаргаад “Сүүж гээд монгол бичгээр бичээд өгөөч” гэж байна. Тусламж гэдэг нь тэр байж. “Сүгэжи” хэмээн аль сайхнаараа хичээн бичвээс, багш оюутнууддаа хандан, “За харав уу, жинхэнэ монгол бичиг бол энэ байна. би та нарт яаж бичиж үзүүлдэг билээ?” гэснээ самбарын үзэг аваад баруунаас нь зүүнтээ, эгээ л арабаар бичих мэтээр, “сүгэжи” хэмээн тун эвлэгхэн таталж орхив. Бичиж байгаагий нь харахад яг манай солгой гартнууд гараа эвгүйхэн байрлуулаад бичдэг шиг.

Тэгсэн харин Сэрткаяа гуайн багш нэрт алтай судлаач Аннамарие фон Габайн араб бичигт нэвтэрхий түрэг болон бусад хэлт шавь нартаа монгол бичиг заахдаа амар сурахыг нь бодож араас нь бичүүлсээр тийм болгосон гэнэ. Уншихдаа хүртэл багш монгол бичгийн номыг хөндлөн тавиад дуржигнуулах нь нөгөө нэг монгол кинон дээр толгойг нь буруу харуулж байгаад цээжээр уншдаг Чимид багш шиг харагддаг байж билээ. Үүнээс ургуулан бодоход араб үсэг сурах сонирхолтой монгол залуус дээрээс нь доош монгол бичиг шиг бичээд үзвэл гарт амар орж мэдэх юм шүү.
 
Что делать?

Орчуулсан зохиол уншихад уг зохиолчоос нь гадна орчуулагчийн санаа давхар орчихсон байдаг гэдэг. Уг нь бол аль болох үндсэн эхийг нь барих тусмаа л сайн юм даа. Орчуулгаар ном зохиол, үг хэлний утгыг хир өөрчилж болдгийг ганц жишээгээр өгүүлсү.

Оросын нэрт зохиолч, сэтгэгч Чернышевский шоронд байхдаа “Что делать” романаа бичиж. Тургеневийн “Эцэг хөвгүүд”-ийн хариу болгон бичсэн гэдэг юм билээ.

Ленин тэр номд их дуртай байжээ. Өөрийг нь, бас хэдэн зуун хувьсгалчдыг өөрчилсөн ном гэж дүгнэсэн байгаа юм. Тэгээд 1901 онд хувьсгал хэрхэн хийх тухай ном бичсэнийгээ шүтдэг номтойгоо яг адилаар “Что делать” хэмээн нэрийдэж.

Манайхан энэ хоёр номыг хоёуланг нь монгол хэлнээ орчуулж хэвлэсэн байна. Хамгийн марзан нь Чернышевскийн номыг “Яах вэ?” хэмээн хөрвүүлсэн бол Ленинийх “Юу хийх вэ?”

Долигоносон гэхэд ч хаашаа юм, ер нь бол номын нэрийг хальт харсан хүнд Чернышевский гэж нэг яах ийхээ мэдэхгүй, зорилгогүй нөхөр “Яах вэ?” хэмээн гиеүрэн санааширсан байхад их удирдагч Ленин багш бол “Юу хийх вэ?” хэмээн маш ажил хэрэгчээр асуудлыг хөндсөн байна. Уг нь бол ялгаагүй л “Что делать?” сан билээ. Николай хаан хэрвээ “Что делать” гэж ном бичсэн бол “Яая дөө?” гэж орчуулах байсан байх даа.

Ленин гэж босоо ороолон

Ленин гэснээс “Ленин таалал төгслөө” гэж нэг их уй гашуу болсон юм байх. Дараахнаас нь “Ленин бидэнтэй хамт”, “Ленин үүрд амьд” гэсэн суртал явж эхэлжээ. Үзэл сурталд тэгтлээ автагдаагүй хориод оны үе болохоор хөгшчүүлийн зарим нь Ленин гэж хэн болохыг ч мэддэггүй, “Үгүй хө, тэр Лээнэн гээч нь нэг сонсохоор үхсэн л гэх юм, нэг сонсохоор амьд, хажууд хамт байгаа л гэх юм. Босоо ороолон болсон юм даг уу даа” гэж байсан гэдэг. Ороолон гэж төвд хэлнээс зээлсэн үгийг задалбал “ро + лан” бөгөөд үүний ро нь “хүүр”, лан нь “босоо, боссон, босох” гэсэн үйл үг. Тиймээс “ороолон” нь “ороох” гэсэн үйл үгтэй огт хамаагүй, “боссон хүүр” гэсэн утгатай үг бөгөөд манайхан “босоо ороолон” гэдэг нь үнэндээ “Босоо боссон хүүр” гэж давтан өгүүлж буйтай ялгаагүй юм.

Үхсэн хойно нь хүртэл эхлүүлсэн үйл хэрэг нь удаан үргэлжилснийг нь бодохоор Ленин гэж үнэхээр “ороолон” байжээ дээ.

Уугий, суугий

Миний охин багадаа, заримдаа одоо ч “ууя, сууя” гэхийг “уугий, суугий” гэдэг юм. Хэлшинжлэлийн талаасаа үнэн сонирхолтой, монгол хэлний дотоод зүй тогтол, хувьслыг илтгэх айхтар зөв логиктой алдаа болохоор нь би охиноо өхөөрдөөд засч өгөлгүй, тэгж хэлүүлсээр байж одоо хүртэл охин минь “ус уугий аав аа” гээд явж байдаг болсон л доо.

Хамаг учир нэгдүгээр биед хүсэх утга бүхий –Я, -Е, -Ё гэсэн нөхцөлийн хувьсалд байгаа юм. Ярианы хэлэнд энэ нөхцөл сунжирсаар аль хэдүйн урт –ИЙ, -Ы мэтээр хэлэгдэх болжээ. “Явъя” гэхийг хэн ч “ЯВАЯ” гэж дуудахгүй, “Явы” л гэнэ. Үзий, хары, боды гэх мэт. Хүн бүр тэгж яриад байхаар миний охины бяцхан тархи “Хүсэх утгыг –ИЙ, -Ы гэсэн нөхцөлөөр илэрхийлдэг юм байна гэж дедукцлан дүгнэнэ ээ дээ.

Энэ зуур бас нэг өөр хэлзүй толгойд нь суусан байна. “Яваарай, очоорой, яваад, очоод” гэдэг мөртлөө “ууГаад, сууГаад, ууГаарай, сууГаарай” гэж хэлд орж байгаа хүүхэд өөрийн мэдэлгүйгээр монгол хэлэнд хоёрт урт эгшгийг дараалуулдаггүй, дунд нь Г гийгүүлэгчээр тусгаарладгийг мэддэг болж.

За тэгээд, “явы, үзий” гэдгийнхээ урт –ИЙ нөхцөлийг “уу”, “суу” гэсэн урт эгшгээр төгссөн үйл үгэнд залгахад ерөнхий дүрэм нь аяндаа, цаанаасаа үйлчилж, “уугий, суугий” гэх нь зөв биз дээ. Хүүхдийн хэлийг зөв буруу гэж дүгнэхээсээ өмнө учрыг нь бодох нь бас сонирхолтой шүү, эцэг эхчүүд ээ.

Юу хүснэ, тэр нь харагдана

Хүн ер нь байгаа юмыг бодитоор нь харахаасаа илүү юу хармаар байгаагаа хараад байдаг гэдэг ортой дог шүү.

Ингэлээ л дээ: 2010 оны зун нутагтаа очоод Сүхбаатарын талбайн урд өвөрмөц хэлбэрийн сонин сайхан цамхаг барьсан байхыг хараад ихэд сониучирхав. Анх би МУИС-ийн талаас төв талбай руу алхаж яваад эгц хойт зүгээс нь харсан тул дэлгэсэн ном мэт байшин байна гэж бодогдсон юм. Тэгээд юун барилга болохыг нь найзуудаасаа асууж гарлаа л даа. Асуух болгонд “аан, тэр нэг тийм юм шиг байшин уу?” гэж хүн бүр өөр өөрөөр зүйрлэн буцааж асуух аж.

Эрхэмээ гэж байлдаж тоглох дуртай дүү маань “Аан, нэг хутга шиг байшин байгаа биз дээ?” гэв.

Можуулай гэж ах нь бас л дайн тулаан бодож явдаг бололтой, “Засгийн газрын ордныг цавчих гэж байгаа сэлэм шиг үү?” хэмээв.

Эмэгтэйчүүд арай романтик сэтгэлгээтэй юм, нэг эгч маань “Дарвуулт завь шиг байшин уу?” гэж байна.

Тэр жил аавтайгаа хамт УБ-д намаржсан 4 настай охин маань “Аав аа, энэ гоё гулсуур шиг байшин байна тээ” гэсэн сэн.

Нэгэн сургуульд хамт багшилдаг байсан Б хэмээгч найзаасаа асуутал “Жирэмсэн эмэгтэй шиг байшин уу?” гэнэ.

Би жаахан мэтгэх санаатай, “Юун жирэмсэн эмэгтэй шиг гэж, Сүхбаатарын талбай талаас нь харвал ном шиг юм биш үү?”

“Үгүй ш дээ, урдаасаа яг эм бэлгэ шиг ш дээ...”
Хүссэн хүссэнээ харна аа гэдэг л энэ байх даа.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив