Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Өс хонзонгийн философи буюу Куэнтин Тарантино, Сэнгийн Эрдэнэ хоёрын адил тал, ялгаа
2013 оны 4 сарын 8 [Уншсан тоо: 80255]
Анх үзэхэд учир утгагүй алаан, хүчирхийллийг харуулсан мэт санагдах  “Биллийг ал” (Kill Bill 1, 2) киног үзэх тутам амтшиж, найруулагч Тарантиногийн шийдэл, хэлэх гэсэн санаа, өгүүлэмж зэргийг бишрэх боллоо. Угаасаа анх үзэхдээ миний бие эхнээс нь тухайлан үзээгүй, санамсаргүй нэг суваг дээр гарч байгаа таараад, Японы клуб дэх айхтар тулааныг нь л харсан юм. Ахин дахин үзээд харин уг киног өс хонзонгийн философи, амьдралын утга учрын тухай айхтар нарийн өгүүлэмж байна хэмээн ойлгов. Зарим санаа нь бас монгол өгүүллэг, найрагт ч байдаг санагдсаны учир багаахан харьцуулалт, задлал хийгээд үзэхээр шийдлээ. Мэргэн уншигч болгооно буй заа.

Kill Bill-1, 2 дугаар киноны товч агуулга

Кино эхлэхэд гол баатар (Ума Турман) хуримын хувцастай, толгойдоо буудуулж байгаа гарна. Уг нь тэр бол мэргэжлийн алуурчин байжээ. Хэнийг хэрхэн алахыг түүний дарга, бас амраг нь болох Билл тушаана. Билл бол Deadly Viper Assassination Squad (Алуурчин Хорт Могойн Бүлэг) –ийн босс. Гол баатар энэ бүлэгт “Хар мамба” хэмээх хорт могойн нэртэй, тушаасан бүгдийг алж явсан боловч жирэмсэн гэдгээ мэдүүтээ больдог. Ингээд бүлгээсээ салж, нэрээ солин, жижиг хотод тайван амьдрах болж, хүнтэй суун, хүүхдээ гаргахаар бэлдэж байна. Хаягдсан Билл бүлгээ дагуулан араас нь ирж, хуримын бэлтгэл хийж байсан бүх хүнийг хорооно. Толгойдоо буудуулсан гол баатар 4 жил ухаангүй хэвтээд сая сэртэл, мэдээж, хэвлийд нь үр нь байхгүй. Ингээд өнөөх “Алуурчин Хорт могойн бүлэг”-ийн бүх гишүүнийг нэг нэгээр нь устган өшөөгөө авч явсаар эцэст нь Биллийг хороодог. Гэхдээ Биллийг тийм ч амар алчихгүй, өдий болтол үхсэн гэж бодож явсан охиныг нь Билл 4 нас хүртэл нь хөөрхөн асарсан байгаатай таарч, шооконд орохын зэрэгцээ ихэд баярлана. Угаасаа Билл хүүхдийнх нь эцэг юм.

Хүн алж амьдарч явсан “Хар мамба” жирэмсэн болсноосоо хойш амьдралыг огт өөрөөр харж, шинээр амьдарч эхэлсэн бол хэвлий дэх үрээ алдсанаар бас нэгэн өөр зорилго гарч ирж байна.

Гол баатрын цус урсгасан өшөө авалт түүний амьдралын утга учир мөн үү? Хэрэв мөн бол тэрбээр амьдралынхаа зорилгыг биелүүлж чадав уу? Ер нь өс авахын төлөөх амьдрал өөрөө утгатай юу? Ингэхэд энэ киног үзэж дуусахдаа сэтгэл тань ханасан уу?

Сэнгийн Эрдэнэ “Хулан бид хоёр”, “Хулан Цамба хоёр”

Хамгийн богиноор өгүүлэхэд, айлынхаа эгчид хайртай, арван долоотой залуу – Сампил өгүүллэгийн би баатар юм. Айлын эгчийн нөхөр нь 30 эргэм насны Цамба гэж баян, ууртай, хүчирхэг эр. Сампил түүнийг Чингис хаан хэмээнэ. Нэг удаа наадамд явахдаа Цамба түрүүлэн давхиж, араас нь “Хулан бид хоёр” явна. Замдаа дуу дуулан, амьдралаа хүүрнэсээр голын эрэгт саатах бөгөөд өгүүллэгийн ид романтик хэсэг дээр Цамба давхин ирж, нөгөө хоёрыг зандран, би баатрыг мориноос нь татаж унагаад хээр газар орхин, эхнэрээ авч давхидаг. Угаасаа тэр морь нь Цамбынх юм. Олон жилийн дараа би баатар нутагтаа ирж, Хулантайгаа уулзан, гэрт нь сууж байхдаа Цамбад чадуулж байснаа бодон, агсам тавихаар зэхэж байсан боловч өгүүллэгийн эцэст Цамба нь “ердөө л нэг тарган шар өвгөн” орж ирсэн тул агсам тавихын ч хэрэггүй болно.

Олонх уншигч энэ зохиолыг эрчүүдийн бага насанд байнга тохиолдон, гэгэлгэн дурсамж үлдээдэг эгчмэд бүсгүйд дурлах хайрын тухай хэмээн тодорхойлдог, миний хувьд өс хонзонгийн асуудал илүү зузаан шугам нь гэж үзэж байна. Учир нь хоёр өгүүллэг хоёул дуусахдаа чухам тэр асуудлыг хурцаар гаргаж ирдэг юм. “Хулан бид хоёр”-ын төгсгөлд би баатар Цамбын араас гар зангидан: “Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Үзээрэй, муу нохой! Хулан чамайг заавал хаяна!” гэж нулимсаа арчин, нусаа татсаар хоцордог бол “Хулан Цамба хоёр”-ын төгсгөлд хэзээ хэзээгүй агсам тавихад, өөрөөр хэлбэл хариугаа авахад бэлэн болсон байтал байдал өөрөөр эргэдэг.

Цамбаас хариу авах ч хэрэггүй болсон нь өөрөө аяндаа хариу нь авагдчихаж байгаа хэрэг мөн үү? Эсвэл би баатрын олон жил бодож явсан зүйл талаар өнгөрч байгаа хэрэг үү? Хулан ингэхэд яагаад Цамбаас салсангүй вэ? Өгүүллэгийг уншиж байхдаа та Цамбыг ороод ирэнгүүт нь шууд цохиод унагаасай гэж бодож байсан уу? Агсам тавихын ч хэрэггүй өвгөн ороод ирэхээр нь таны урам хугарсан уу, эсвэл “болж, ийм болох ёстой” хэмээн бах тань ханасан уу?

Өс хонзон хийгээд хариугаа авах гэж юу сан билээ?

Нэг тал нөгөөгөө эхлээд доромжлон гутаана. Үүнээс үүсэх сэтгэлийн шарх, үзэн ядалт, сэдэл тэмүүлэл бол өс хонзон юм. Доромжлогдсон тал хожим тэрхүү сэтгэлийн шархаа тайлахын үүднээс дор хаяж анх ямар зовлон амссантайгаа тэнцэхүйц хэмжээний доромжлол, шаналлыг нөгөө талдаа амсуулах нь “өшөөгөө авах”, “хариугаа авах” үйл юм. Хариугаа яаж авах вэ гэдэг нь харин арга, боломжийн хувьд хязгаар, дүрэм байхгүй, хамгийн гол нь үүндээ сэтгэл нь л ханах ёстой. Тэгж байж сая өшөөгөө авсан болно.

Манай том хүү 9 настай байхдаа нэг хэрэг тарьчхаад ирсэн юм. Номин гэж өөрөөс нь нэг дүү, сайхан урт үстэй охин байх. Түүнтэй муудалцаад “Чиний наад үсийг чинь мулзална даа” гэж. Үс нь бараг шагайгаа шүргэж яваа хөөрхөн охины тэр нандин юмыг “мулзална” гэхээр чинь айхтар сүрхий доромжлол байж таарна даа. Номин хариугаа авах аргаа хэрхэн сонгов? ...Орой үүд тогшиж байна. Нээтэл Номин: “Ах аа, ах аа, танай Илд чинь миний үсийг мулзална гэсэн”. Эхлээд бодогдсон юм юу гэвэл хүүгээ юун ч сүрхий үг сонгоо вэ дээ, АНУ-д удаад, хэр баргийн үг мэддэггүй хирнээ... гэвч дараа нь Илдийг загнаж, Номингийн сэтгэлийг хангах ёстойгоо ухаарав. Тэгээд ихэд уурласан дүр үзүүлж, хүүгээ шууд дуудаад “Чи яахаараа хүүхэд доромжилдог юм. Дэмий шүү” гэхчлэн зандарлаа. Илдийн загнуулж байгаа тэр төрх, айдас бол Номингийн хүссэн зүйл яг мөн. Өөрөөр хэлбэл байдал тэнцвэржиж, Номингийн сэтгэл ханан, хариугаа авч чадав. Шударга ёс тогтлоо гэсэн үг. Гэхдээ энэ нь шүүхийн шийтгэлээс огт өөр, хувь хүний шинжтэй, сэтгэлзүйн шударга ёс. Шүүхийн шийдвэрээр бол хүнийг ямар хэрэг хийснийг нь дүгнээд тохирох жил, ялыг оноодог бол өшөө авалтын хувьд энэ нь хувь хүний шинжтэй, арга хэлбэрийн тал дээр хязгааргүй юм. Тэр ч байтугай юу ч хийхгүйгээр хариугаа авчихаж болно. Яруу найрагч Өлзийтөгсийн нэг шүлэгт “Сэтгэлдээ би чамайг оршуулчихсан...” гэсэн утгатай мөр байдаг. Ердөө л сэтгэлээсээ аваад хаячихсан, тэр нь тэр цаад нөхрийн хувьд бол том шийтгэл. Бодит амьдрал дээр байдаг юм байдгаараа, гагцхүү найрагчийн л авч чадах тийм гэгээн өшөө.        

Kill Bill – ийн гол баатар бүх хүнээс хариугаа авсан, гэхдээ тэр бүгд нь аллага байгаагүй. Сэтгэл нь л ханаж, болсон гэж үзэж байгаа бол заавал алж, талж өшөөгөө авах хэрэггүй. Тиймээс Японы клубт тэр нэгэн бүлгийг бүгдийг нь хүйс тэмтэрсэн атлаа ганц эмэгтэйг үгээ цаад хүмүүст нь хүргүүлэх гэж амьд үлдээдэг. Өөртэй нь хамгийн их өрсөлддөг Калифорнийн Уулын Могой хэмээх өрөөсөн нүдтэй хүүхний үлдсэн нүдийг сугалснаар хангалттай хэмээн орхино. Эндээс бас л өөр асуулт урган гарч ирнэ. Энэ бүх цусан өшөө авалт үнэхээр зөв үйлдэл юм уу? Шударга ёс тэгээд тогтож байгаа хэрэг үү?  

Фройдын философи Тарантиногийн кинонд

Психоанализийг үндэслэгч Зигмунд Фройд хүний ямар ч жигтэй ааш авир, үйлдлийн ямар учиртайг олж, тогтоож, тайлбарлаж болно хэмээн үздэг билээ. Үнэн хэрэгтээ гаж гэж бидний хэлдэг тэр бүх авир бүх хүнд байдаг гэх. Тэр авир, араншинг өдөөж, элдэв үйлдэлд татдаг юмс нь хүний хамгийн наад захын хэрэгцээ буюу өл, секс, үхлээс айх айдас зэрэг аж. Бага залуу насанд тохиосон элдэв явдал, тохиол, үйлдэл, цочрол зэргээс шалтгаалан ямар нэг авир илүүтэй өдөөгдөн тодрох бөгөөд тэр нь насанд хүрсэн хүний амьдралын хэв маяг болон тогтоно. Өөрөөр хэлбэл, Буддын сургаал шиг шахуу, шалтгаангүй юм гэж үгүй, үр дагаваргүй юм гэж үгүй, хүүхэд насанд үлдсэн том дурсамж, цочрол том хүний авир болон хөгждөг байна.

Тарантино найруулагч Фройдын сургаалийг ихэд уншсан болов уу. Дараах хэсгээс тийн дүгнэж болохоор: Гол баатар нь өшөөгөө нэг нэгээр авсаар яваад хамгийн сүүлд Биллийг олох гэж Мексикт ирнэ. Тэнд Биллийн аав нь шахуу (first father figure) Эстебан хэмээх өвгөнтэй уулздаг. Мань өвгөн гол баатарт өшөө, шударга ёс гэгч хүн бүрт өөр өөр байдаг тухай, Биллийн багын амьдрал гээд ярьж байгаа бүх юм нь тэр чигээрээ Фройдын онол.

Биллийн зөв, Цамбын ч бас зөв

Фройдын онолоор, бас Эстебан өвгөний ярьж байгаагаас дүгнэж үзэхэд Биллийн яагаад хуримын бэлтгэл дээрх бүх хүнийг хөнөөн, зэрлэг аашилсныг ойлгож болохоор. Бага нас нь айхтар ширүүн өнгөрсөн, кинонд хачин дуртай, шаргал үстэй хүүхнүүдэд бүр үхдэг бяцхан жаал байсан гэж байгаа. Шаргал үст Ума Турманы дүр Биллийн хамгийн хайртай дайчин нь, амраг нь, бас удахгүй төрөх гэж байгаа хүүхдийнх нь эх байсан шүү дээ. Гэтэл тэр нь хаяж яваад бүр өөр хүнтэй гэрлэх гэж байдаг.

Цамба бас залуу эхнэрээ удаад байхаар нь эргээд ирэхэд Сампилтай голын эрэг дээр зугаацан суугаа дүр харагддаг. Хэдий Цамбын бага нас хэрхэн өнгөрсөн нь зохиолд байхгүй, Фройдын онолоор тайлж болохгүй ч өөрийнх нь морийг уначхаад эхнэрийг нь эргүүлж байгаа дүр зургаас бодоход Цамбын тийн аашилж байгаа нь ч жигтэй зүйл биш. Харин ч Билл, Цамба хоёр бас “хариугаа л авсан” байгаа биз?

Хүний өнгөрсөн амьдрал ирээдүйнх нь үйлдлийн шалтгаан болдог юм бол Ума Турманы өнгөрсөн бүх явдлаар одоогийнх нь үйлийг зөвтгөн тайлж болох уу? Түүний өшөө авалт учир утгатай зүйл мөн үү?

Зигмунд Фройд хэрвээ энэ асуултад хариулбал хоёуланд нь “Тийм ээ, тэгэлгүй яахав” хэмээн өчнө. Тарантино ч Фройдыг баримталсны хувьд гол баатрынхаа өшөө авалтыг зөвтгөж байна. Үсээ мулзлуулна гэж доромжлуулсан Номин охин ааваар нь загнуулаад ханаж байгаа, Өлзийтөгс найрагч ердөө түүний тухай бодохгүй байхад л хангалттай, Сампил харин сайхан агсам тавихад л болохоор байгаа бол бүх амьдралаа устгуулан, ойрын гэсэн бүхнээ хүйс тэмтрүүлж, төрөх гэж байгаа үрээ хүртэл алдсан нэгний хувьд Биллийг алж байж л сая сэтгэл ханах нь ойлгомжтой. Айхтар хоёр өөр түвшний жишээ боловч хариугаа авах цаад зарчим нь бол адил юм.  

Сонирхолтой нь С. Эрдэнэ гуайн зохиолд ч (өөрийн мэдэлгүйгээр) Фройдын онолын хамгийн чухал санаа явж байдаг. “...Шар Цамба Чингис хаантай төсөөтэй санагдаж байсан аль тэртээ хорин хэдэн жилийн өмнө Хулан бид хоёрын хэлэлцэж байсан, хүсэн мөрөөдөж байсан ёсоороо болсон юм байхгүй боловч, Цамбад хор хөдөлснөөс болоод би харин овоо эр хүн шиг зориг шийдэмгий болсон ч байж болох юм...”

Яг л энэ. Хулан Цамбаас салаагүй, мөрөөдсөн бүхэн бүтэхгүй, гэвч хүүхэд насанд нь ул мөрөө үлдээсэн тэр ноцтой явдал Сампилыг ямар хүн болж өсөхөд нь хамгийн чухлаар нөлөөлсөн байна. Энэ бол Фройдын хэлээд байгаа тэр зүйл яг мөн билээ.

Эрдэнэ Баавайн зохиолд тавьсан асуултад Элле хариултыг нь өгнө

Калифорнийн уулын Могой – Элле гэж чухал дүр гарна. Гол баатрын яг эсрэг. Яг эсрэг байхын тулд бас адил байх ёстой. Элле яг Ума Турман шиг шаргал үстэй. Билл шаргал үстнүүдэд унадаг болохоороо хоёуланд нь хайртай, гэвч Ума Турманд илүү. Хоёул адил багшид шавь орж, гол баатар багшаа хүндлэн бүх арга, техникийг нь сурсан бол Элле багшийгаа доромжилж байгаад нэг нүдээ сугалуулж, түүндээ өс санан хорлож алдаг. Хүн алах мэргэжлээрээ хоёул гарамгай, гэвч аанай л гол баатар “Хар мамба” гэж хамгийн хүндтэй нэрийг хүртсэн байна. Иймээс Элле үргэлж гол баатраас хариугаа авахыг хүснэ. Одоо харин эндээс өшөө авалтын сэдлийг зөвтгөж болох, болохгүй шалтгаан гарч ирнэ. Гол баатар үрээ алдсан эхийн хувьд өшөө авах гэж байгаа, түүний түмэн зөв, Билл хайртыгаа алдсан эр, яахав ойлгож болохоор, харин Элле ердөө атаархлаас болж өшөө авахаар зэхнэ. Үүгээр сайн, муу баатрын дүр ялгарч байна. Түүнээс биш үнэндээ Билл, тэр ч байтугай Цамба ч муу талын баатар биш.

Эллед хоёр ч удаа гол баатрыг хороох боломж гардаг. Эхний удаад 1-р анги дээр тэрбээр сувилагчийн хувцас өмсөн, шүгэлдсээр орж ирэх бөгөөд яг хортой тариа тарихынхаа өмнө больдог. Учир нь ямар ч эсэргүүцэлгүй, ухаангүй хэвтэж байгаа хүнийг тариагаар хороох нь ямар ч амтгүй болох юм. Юу болж байгааг гол баатарт мэдүүлж байж, үхлийг нь харуулж, мэдрүүлж байж сая Элле өшөөгөө авсан болно. Элле тарихаа больдог боловч өшөө авах хүслээ харин хаяхгүй, илүү тохиромжтой мөчийг хүлээхээр шийднэ. Хоёр дахь удаад нь Биллийн дүү Бадд гол баатрыг амьдаар нь булшилчихсан байдаг. Өөрөөр хэлбэл Элле өөрийн гараар өшөөгөө авч чадсангүй, бүх юм дууслаа гэсэн үг. “Яг агсам тавихад бэлэн болоод байхад Цамба гэж шал дэмий тарган шар өвгөн ороод ирэхэд таны бах ханасан уу, эсвэл харамссан уу?” хэмээн өмнө миний бие уншигч танаас асуусан. Одоо харин яг энэ асуултыг Бадд, Эллед тавьж байна.

За тэгээд аль R –ийг чи эдэлж байна даа?

Юу гэнэ ээ?

Хамгийн гол дайсантайгаа чи дайны талбарт дахин учрахгүй боллоо. Энэ үед аль R чамд төрж байна вэ? Relief or Regret? (Ямар Х гэсэн маягаар орчуулж болох юм. Ханаж байна уу? Харамсч байна уу?)

Аль аль нь.

Мэдээж аль аль нь гэдгийг би ойлгож байна. Алийг нь илүү гэж асуугаад байна шүү дээ.

Тэгвэл Regret (Харамсал)

Дарамын Батбаяр Сэнгийн Эрдэнийг үргэлжлүүлсэн нь

Харамсал. Тийм ээ, адаглаад түүнд агсам тавихын ч хэрэггүй болж дээ... гэдгээс хойш үнэхээр харамсал төрсөн болохыг зохиолч Д. Батбаярын “Гашуун” гэдэг богино өгүүллэгээс олж мэдэж болох юм. Өшөөгөө авахаар давхиж яваа эр гарна. Сэтгэлзүйн өгүүллэг учраас чухам юу болсныг нь тоочин өгүүлэхгүй. Давхих замдаа ээжийг нь яаж доромжилдог байсныг санаж, хариугаа хэрхэн авахаа бодон явна. “Мэдээж чи муу намайг танихгүй, эцэг эхийн минь нэрийг дуулаадахтай зэрэг царай зүс чинь ямар болохыг харна аа, гайгүй”. Тэр царайг харснаар нөгөө өшөө авахын гол утга учир болох сэтгэл ханах гээч нь ирэх ёстой аж. Үсийг нь мулзална хэмээн доромжилсон хүүг аавдаа загнуулж байгааг Номин охин харж байхдаа амссан тэр таашаал. Гэтэл яг яваад ортол өнөөх нь дүлий, сохор бололтой, сүг сүнс мэт өвгөн байдаг. Мань эр яг Элле шиг харамсана, бүр амьдрал нь утгагүй болтлоо харамсана. “Ер яах гэж өдий хүртлээ эрдэм ном, эр чадлыг энэ биед хураах гэж нойр хоолгүй үхэн хатан зүтгэв ээ? Эцсийн эцэст хүсэн хүлээх, улангасан тэмүүлэх юмгүй болох л гэж үү? Бүх юм учир утгаа алдахыг үзэх л гэж үү? ... Орой намрын агь юутай гашуун”

Өшөө авахыг зорилгоо болгосон амьдрал утга учиртай юу гэсэн гол асуултад Куэнтин Тарантино өшөөгөө авсан нэгнээр “тийм” гэж хариулсан байхад Д. Батбаяр авч чадаагүй нэгнээр бас “тийм” хэмээн хариулж байна. Хариугаа авч чадаагүй учраас амьдралын утга учир нь алдарч байна шүү дээ. Чухам тэр доромжлогдсон мөчөөс болж С. Эрдэнийн би баатар “овоо зориг шийдэмгий эр” болсон бол Д. Батбаярын би баатар “эрдэм ном, эр чадлыг биедээ хураасан” байна.

Тарантино нэрээр тоглосон нь

Их сүрхий кино санагдаад байгаа юм. Нэрийг тун өвөрмөц ашигласан байдаг. Та бүхэн анзаарсан бол миний бие гол баатрыг нэг бол Ума Турман гэж жүжигчнээр нь, үгүй бол гол баатар хэмээн нэрлэсээр ирлээ. Хоёр анги кино дуусан дуустлаа яг л ийм, жинхэнэ нэрийг нь үзэгчдэд огт мэдэгдүүлэхгүй. Америкийн ТВ-д хориотой хараал хэлэх үед нь “дүүд” гээд дараад байдаг шиг гол баатрын нэрийг дурдах болгонд тэгж дарна. Нэг л их чухал зүйл нуугаад байгаа мэт. Хамгийн эцэст түүнийг Беатрикс Киддо гэдэг болохыг үзэгчид олж мэднэ. Гэвч “жинхэнэ” нэр нь гэж үзэх хүртэл учир дутагдал бий. Жирэмсэн болоод зугтахдаа тэр хүүхэн Арлин Мачиавелли гэсэн нэр авсан байдаг бол түүнээс өмнө алуурчин байхдаа “Хар мамба” хэмээн дуудуулна. Хуримын хувцастай буудуулчихсан байхад нь цагдаагийнхан албаны мэдээндээ ердөө л “Сүйт бүсгүй” хэмээнэ. Бүтэн хоёр анги хүнд үйл явдлын дунд тэр эмэгтэйг чухам хэн нь вэ гэж тодорхойлон хэлэхэд хэцүү. Тарантино зарим нэг тодорхой хариултыг хэлж өгсөн боловч бидэнд гол баатрынхаа чухам яг хэн болохыг хэлсэнгүй. Зарим нэг хариуг найруулагчаас биш өөрөөсөө хайх нь ч дээр байж мэдэх юм.

Бавуугийн Лхагвасүрэнд бас нэг “Киддо” бий

Гүүн сүүл хөл дундуураа уруудсан намрын хүйтэн өдөр

Гил хар нүдэн чинийхээ хуримын зарыг олны салхинаас сонслоо...


Энэ яаж байна? Хайртай хүн нь гэрлэх гэж байна, өөрөөр хэлбэл Киддо ухаангүй хэвтэж байгаад босоод ирсэн чинь дөрвөн жил өнгөрчихсөн, хэвлий дэх үр нь байхгүй болчихсон байна шүү дээ.

Хуриман дээр нь очлоо...

Болж байна. Доромжлуулсан хүн өшөөгөө авах нь. Киддо Японд очиж сэлэм хийлгүүлж байна. Сүйд хийх нь дээ.

Уг нь би эднийд агсан тавья уу гэж ирсэн юм

Ухаант ардынхаа дуунд хүлээтэй байгаад чадсангүй.


Буугаа бэлдсээр Биллийн гэр рүү дайраад орлоо. Шууд хорооно... Гэтэл яг Лхагвасүрэнгийн би баатар шиг юм болохоо шахна. Өнөөх Билл чинь охиныг нь учиргүй сайхан өсгөчихсөн, тоглож суудаг. Гэхдээ л эцэст нь охиныхоо эцгийг алж л орхино. Яагаад тэр билээ? Хүүхдийнх нь эцэг юм чинь тэгээд уяраад, ухаажаад, цаашдаа хамт амьдраад явж болохгүй юу? Болохгүй, яагаад гэвэл ялгаа бас байна аа.

Ялгаа, гэхдээ мөн чанарын бус

Өс үүдэх шалтгаан, түүний мөн чанар, өшөө авалтаас сэтгэл ханах эсэх, амьдралд үйлчлэх нөлөө гээд маш олон зүйл дээр Америк, Монгол зохиолчдын гүн ухаан яв цав нийцэж байгааг дурдан өгүүллээ. Мөн чанарын хувьд ийм адил боловч яг төгсгөл хийх тал дээр маш том ялгаа байгаа юм. Цамба тарган шар өвгөн, Д.Батбаярын Сүнрэв бол бүр сүг болсон байсан, агсан тавих хэрэг гарсангүй, Б. Лхагвасүрэн бол хариугаа авах боломж нь байсан ч ардын дуунд уяраад, ухаажаад өөрөө больчихлоо. Харамсалтай, жаахан гунигтай, гэхдээ ухаалаг бас зөөлөн. Хулан Цамба хоёр яагаад салаагүйг Эрдэнэ агсан үнэхээр сайхан хэлж өгдөг. “Уян догшин хоёр, сайхан муухай хоёр бие биедээ харшилж явсаар сүүлдээ хэн хэнтэйгээ тэмцэх хүчээ алдаж байгаа нь энэ.” Ялагчгүй төгсгөл... 

Харин Тарантино бол хурц найруулагч, үнэнийг хэлэхэд ганц Тарантино ч биш ерөөс Барууны киноны нэг дүрэм байна. Kill Bill-ийг хийхээсээ бүр хамаагүй өмнө өгч байсан нэг ярилцлагадаа мань эр ийн өгүүлжээ:

Миний бодлоор бол өшөө, хонзонгийн тухай кино хийвэл гол баатраараа өөрөөр нь өшөөг нь авхуулах хэрэгтэй. Үүнд л учир нь орших юм. Найруулагч бол сайхан нөхцөлийг нь л бүрдүүлээд өгнө. Болж өгвөл өстнийг нь нүцгэн гараар нь л алуулах ёстой юм шүү... Дайснаа та бүдэрч унагаад ч юм уу үхүүлчихвэл, дуусаа, киноны шорон руу явж болно. Сайн киноны хуулийг зөрчсөний учир тэр шүү дээ”

Сайхан монгол өгүүллэг, найргаа уншсан ч тэр, сайн найруулагчийн адал явдалт киног үзсэн ч тэр, хүний амьдрал гэж нэг л юм болохоор адил санаа, өгүүлэмж гарч, сэтгэлийг хөдөлгөн, ухаарал хайрлах аж. Сайн зохиолч, сайн найруулагчийн бүтээл өөр өөрөөр дуусавч, философи нь цаанаа нэгийг өгүүлэх мэт.

Хариугаа авахыг л амьдралынхаа зорилго болгон амьдрах нь эцэстээ утгагүй төгсч болно, гэвч түүний сэдэл тэмүүллээр өөрийн мэдэлгүй хүн бас амжилтад хүрсээр байдаг аж. 

@SaruulerdeneM

Үндэстний ТОЙМ сэтгүүл. №12 (136) 2013.03.25

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив