Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
АНУ дахь монголчууд нутаг нэгтнүүдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна
2013 оны 5 сарын 21 [Уншсан тоо: 91756]


“Сакура” төвийн захирал Батсайхан:
АНУ дахь монголчуудад төрийнхөө тэргүүнийг шууд сонгох сайхан боломж гарч ирж байна. Та бүхнийг сонгуульдаа бүгд оролцоорой хэмээн уриалж байна. Манай төв дээр бүртгэлийн хуудсыг хэвлэж тавьсан байгаа. Их энгийн маягт байгаа, нэг минутанд л бөглөж болохоор юм билээ.
 


Хэл шинжлэлийн ухааны доктор Гоогийн Бадан:

Миний үед сонгуульд оролцоно гээд л хүмүүс гоё сайхан хувцсаа өмсөөд, бүгд их идэвхтэй оролцдог байлаа. Сонголт байхгүй үед хүртэл тийм идэвхтэй оролцдог байсан атал одоо яг ийм чухал, өрсөлдөөнтэй, таны санал асуудлыг шууд шийдэж болохоор үед бүгд идэвхтэй оролцох хэрэгтэй юм.
 


Монгол Улсаас АНУ-д суугаа цэргийн атташе, хурандаа Хасбазарын Болдбат:

Бид эрхээ эдэлнэ хэмээн ярих их дуртай. Гадаад дахь монголчуудын сонгуулийн эрхийн асуудал, давхар иргэншил ч гэдэг юм уу олон зүйл яригддаг. Гол нь сонгуульдаа ядаж тавин хувьтай оролцчихвол цааш нь асуудлыг тавихад бол өөр дөө.
 


Дизайнер Гомбожавын Дарьсүрэн:

Би АНУ-д байгаа монголчуудаа, ялангуяа Вашингтон, Сан-Франсиско, Нью-Йорк хотуудад ойролцоо амьдарч буй иргэдээ сонгуульд идэвх зүтгэлтэй оролцоорой гэж уриалж байна. Ер нь цаад утгаараа бол нэр дэвшиж байгаа гурван хүнийг өрсөлдүүлэхээсээ илүү, өөрөөр хэлбэл тэр гурван хүнд хамаатайгаасаа илүү та бид өөрсдөө эх оронтойгоо холбоотой байх, чухал үйл явдалд нь оролцож байх тухай асуудал юм.
 


Олимпийн хүрэл медальт боксчин Нэргүйн Энхбат:

Гадаад дахь иргэдээсээ саналыг нь авна аа гэдэг бол манайулсын хувьд улс төрийн, ардчиллын, иргэдийн оролцооны хувьд нэг томоохон алхам болсон юм. Гагцхүү боломж нь байгаа энэ үед манайхан өөрсдөө идэвхтэй оролцмоор байгаа юм.
 


АНУ дахь ЭСЯ-ны Ерөнхий консул Бямбаагийн Мөнхжаргал:

Бид монголчуудынхаа цугладаг сургууль, тэмцээн, сүм зэрэг газраар явж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, бүртгэлийн хуудас тарааж байгаа юм. Тэгтэл олон хүн “Аль намаас явна вэ?, Хэнийг нь дэмжиж байна вэ?” гэж асуух юм. Хэнийг нь дэмжих вэ гэдэг гол биш, тэр бол хувь хүний асуудал, харин хамгийн гол нь иргэн хүнийхээ хувьд сонгуульдаа л оролцох л хэрэгтэй байна.
 


Монгол Соёлын Төвийн гишүүн Лхагвын Уянга:

Юуны өмнө хурдхан бүртгүүлээрэй. 5 сарын 29 хүртэл л бүртгэх юм байна. Хэрвээ та 29-нөөс өмнө амжиж бүртгүүлж чадахгүй бол 6 сард сонгуульдаа оролцож чадахгүй. Одоо ингээд хорин гарчихлаа. Цөөн хоног үлдлээ шүү, манайхаан.

Тэмдэглэсэн М. Саруул-Эрдэнэ


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив