Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Америкийн монголчууд саналаа өглөө
2013 оны 6 сарын 19 [Уншсан тоо: 109802]
6 сарын 14-16-ны өдрүүдэд гадаад дахь монголчууд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өглөө.АНУ-ын хувьд сонгуулийн комисс зөвхөн дипломат төлөөлөгчийн газарт байрлана хэмээн заасны дагуу Вашингтон, Сан-Франциско, Нью-Йорк хотуудад салбар комисс ажиллаж, иргэдийн саналыг авлаа.Вашингтон хот дахь манай Элчин Сайдын Яаман дээр сонгуулийн 9-р тойрог, 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан бэлтгэл ажлыг гүйцэтгэжээ.

Нээлт

Өглөөний долоон цаг гэхэд тус хот дахь хамгийн идэвх санаачилгатай иргэд аль хэдийн ЭСЯ-ныхаа байранд саналаа өгөхөөр цугласан байлаа.07:00 цагт сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан салбар комиссын хамт олон саналын хайрцгийг нээн, хоосон болохыг харууллаа.  Дараа нь хайрцгийг хаан, лацдав.


Үүний дараа салбар комиссын дарга, Элчин сайд Булгаагийн Алтангэрэл үг хэллээ. Тэрбээр Вашингтон Ди Си хотоос 886 иргэн сонгуульд бүртгүүлснээс 838 сонгогчийн нэр баталгаажиж ирснийг, мөн төвөөс 931 ширхэг саналын хуудас хүлээн авсныг, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудас байхгүй болохыг мэдэгдэв. Саналын хуудасны тоо илүү байгаагийн учрыг лавлавал хуудсаа буруу бөглөн, хүчингүй болгох нь байдаг, ийм тохиолдолд нэг хүн нэг л удаа ахин бөглөх эрхтэй юм байна.Вашингтон хотын монголчуудын саналаа өгөх хуудасны индекс нь СК-5030 гэсэн дугаартай ажээ.



Саналаа өгч эхлэв

Салбар комиссын даргыг үгээ хэлсний дараа иргэд бичиг баримтаа үзүүлэн, бүртгэлээ тулгуулж саналаа өгч эхэллээ.Өнгөрсөн жил, УИХ-ын сонгуульд хамгийн түрүүнд ирж саналаа өгч байсан идэвхтнүүд энэ удаад ч мөн эн тэргүүнд ирсэн байлаа.Сонгуулийн нээлтийг сурвалжлахаар ирсэн ЮМОН ТВ, АНУ дахь Монгол ТВ, Америкийн монголчуудын Даяар Монгол онлайны сурвалжлагчид ч мөн ажлаа гүйцэтгэснийхээ дараагаар саналаа өгөв.Элчин сайд тэргүүлэн Монгол улсын Элчин сайдын яамны ажилтнууд ч саналаа өглөө.Ингээд 7 цаг гучин минут гэхэд саналаа өгөгчдийн тоо даруй гучийг давжээ.



Хамгийн залуу сонгогч

Арлингтон хотын оршин суугч Бат-Өлзийтийн Ундрам чухам энэ 6 сарын 14-ний өдөр 18 буюу сонгуулийн насанд хүрснээр анх удаагаа сонгуульдаа оролцлоо.Тэрбээр аав Бат-Өлзийттэйгөө ирж, саналаа өгсөн юм.Тэднийх 1999 онд АНУ-д суурьшсан гэж бодохоор Ундрам охин 4 настай ирж байсан гэсэн үг болж байна.Бяцхан охин нь чухам яг энэ 14-ний өдөр сонгууль өгөх насанд хүрээд, төрийнхөө тэргүүнийг сонголцож байгаад аав Бат-Өлзийт, ээж Тэгжаргал нар нь бэлгэшээн баярлаж байлаа.Элчин сайд хамгийн залуу сонгогчид тусгайлан баяр хүргэж, цэцгийн баглаа бэлэглэв.



Хамгийн холоос ирсэн сонгогч

Санал авалтын хоёрдахь өдөр буюу 6 сарын 15-ны өдөр Вашингтон мужийн Бэллинхам хотоос сонгогч Батбаярын Ариунзаяа ирж саналаа өгсөн нь энэ удаагийн сонгуулийн хамгийн холын сонгогч боллоо.Бэллинхам хот бол АНУ-ын баруун хойт эрэгт, Канадын хилд ойрхон оршдог хот билээ. Тэндээс Сиэттл хүрээд, Сиэтлээс онгоцоор нисч ирж саналаа өгсөн Ариунзаягаас сэтгэгдлийг нь сонсов:

Намайг Батбаярын Ариунзаяа гэдэг, би Вэстэрн Вашингтоны Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцдаг, одоо 4-р дамжааны оюутан.Өглөө 6 цагт буугаад шууд яваад ирлээ.Ер нь би 18 нас хүрч, сонгуульд оролцох боломжтой болсноосоо хойш бүх сонгуульд оролцож байгаа.Залуус бид ирээдүйгээ сонгож байгаа учраас энэ бол маш чухал юм.Сонгууль их сайхан болж байна.Зохион байгуулалт их сайн байна.



Сонгуульд эрч хүч, өнгө нэмсэн Чикагогийн монголчууд

6 сарын 15-ны 12 цагийн үед Элчин сайдын яамны баруун талын зогсоол дээр том цагаан автобус ирж зогслоо.Автобусны урд “Mongolian Presidential Election - 2013” хэмээн бичжээ.Автобуснаас Монгол улсын төрийн далбаагаа барин сүр хийморьтойгоор бууж ирцгээсэн нь Чикаго хотын сонгогчид аж.Шөнөжин давхиж 12 цаг явсан улс гэхэд ядарсан шинж огт алга.Олон сонгогч бага насны хүүхдээ хүртэл аван Ерөнхийлөгчийнхөө сонгуульд оролцохоор тэр холоос Вашингтон хотыг зорьжээ.Ингээд төрийнхөө далбааг барьсаар буусан 42 сонгогч, үр хүүхдүүтэйгээ нийлээд тавь гаруй хүн сонгуулийн 9-р хэсгийг хөл хөдөлгөөнд оруулж, энэ удаагийн сонгуульд бас нэгэн өнгө төрх нэмлээ.Тэд олныг хамруулахын тулд саналаа өгөнгөө Вашингтон хотын түүх соёлын дурсгалт зүйлсийг танилцуулах аялал болгон зохион байгуулжээ.Хаа холоос эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулахаар ирсэн тэдэнд Вашингтон хот дахь Монгол Соёлын Төвийн гишүүд ч талархан, аялалд нь хувь нэмрээ оруулж, Ерөнхийлөгч Франклин Делеанор Рузвельт, иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг нарын дурсгалын цогцолборыг тайлбарлан үзүүлэв.  



Чикагогийн монголчуудын дуу хоолой

Сонгууль-аялалд оролцон, Чикаго хотоо төлөөлж ирсэн сонгогчдоос санал сэтгэгдлийг нь сонсов:

За, би Чикаго хотын Монгол сургуулийн дуу хөгжмийн багш Булган гэж хүн байна.Саналаа өгсөндөө маш их баяртай байна.Ялангуяа энэ олон хүний зав цагийг зохицуулж, аяллыг зохион байгуулсан Монголчуудын холбооны дарга Гэрлээдээ их баярлалаа.Огт ядралгүй явж ирлээ.

Би Чикаго Монгол сургуулийн багш Одончимэг. Монгол заншил, ёсзүйн хичээл заадаг.Харь холын нутагт ирэхээр Монголоо гэх сэтгэл маань бүр илүү болдог юм байна.Эх орон маань бас биднийгээ гээд гадаад дахь монголчуудын саналыг авдаг болсонд маш их баяртай байгаа.Тэгээд сонгосон хүн маань гараасай, улстаа улам ихийг бүтээгээсэй гэж хүсч байна.

Сайн байцгаана уу?Намайг Уранчимэг гэдэг.Улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаадаа маш их баяртай байна. Сонгуулийн салбар комиссыг ажиллуулж буй Элчин сайдын яам, энэ аяллыг зохион байгуулсан Чикаго хотын Монгол-Америкийн Нийгэмлэг, Монголчуудын холбоо, бидэнд тусалж байгаа Монгол Соёлын Төв, сурвалжилж буй ЮМОН ТВ, “Өдрийн сонин”, Даяар Монгол онлайн бүгдэд халуун баяр хүргэж, баярласнаа илэрхийлье. Энэ бол олдошгүй завшаан юм.Би АНУ-д 11 жил амьдарч байна.11 жилийн дараа сонгуульд саналаа өгөх алтан боломж надаад тохиолоо.Хүссэн ерөнхийлөгч маань гараасай, эх орноо дэлхийн түвшинд гаргаасай, ялангуяа гадаадын сайн сайн их дээд сургуулиудад ерөнхийлөгч маань залуусыг олноор сургах бодлогыг дэмждэг, энэ нь Монгол улсыг дэлхийн түвшинд хүргэх гол бодлого юм.Би өөрөө МУИС-д багшилж байсан хүний хувьд үүнийг хэлж байгаа юм.Боловсролд суурилсан хөгжлийг дэмжиж байгаа учраас эх оронд маань боловсролтой, мэдлэгтэй, олон улсын хэмжээнд өрсөлдөх боловсон хүчнийг бэлдэж гаргах, энэ ажлыг Ерөнхийлөгч маань хийж чадна хэмээн үзэж байна.

За би Дуламдоржийн Хишигдэлгэр. АНУ-д ирээд 6 жил боллоо.Сонгуульд анх удаагаа оролцож байгаадаа их баяртай байна.Учир нь хилийн чанад дахь монголчууд ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломж байсангүй.Тиймээс эх орондоо л их баярлаж байна даа.Эргэж очоод эх орондоо ихийг бүтээнэ ээ.



Г. Чингис: Бид 2200 км замыг туулж саналаа өглөө, та хажуугийнхаа сургууль руу гүйж ороод саналаа өгчихөөрэй.

Тус аяллыг зохион байгуулсан хоёр гол санаачлагчийн нэг Чингисээс мөн үгийг нь сонсов.

Энэ том аяллыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл мэдээж гараа биз?

Зохион байгуулахад амаргүй байсаан.Ялангуяа Чикагогийн монголчууд нэлээд тархан суурьшсан байдаг.Тэр бүгдэд эхлээд мэдээлэл хүргэх, дараа нь нэгтгэн нийлүүлэх гээд ажил их байлаа.Зарим хүн хоцорсон байгаа, цагийн юм цагтаа, төрийн ажлаас хоцорч болохгүй гээд аргагүй хөдөлсөн.Аяллын зарим нэг гишүүн маань онгоцоор нисээд ирсэн ч байгаа.  Ерөнхийдөө  олон хүний тус дэмжлэг, зүтгэлээр ажил аялал сайхан бүтлээ.

Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Намайг Г. Чингис гэдэг.Одоо Чикаго хотноо ажиллаж, амьдарч байна.

Аяллыг яагаад санаачлан зохион байгуулах болов?
Гол зорилго маань Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломж нь байгаад байхад түүнийг алдахгүй байя гэсэн санаа юм.Бүр огт боломжгүй бол бас яая гэхэв. Тэгээд сая нийт 750 майл буюу 100 орчим км явж ирлээ, буцаад явахтайгаа нийлээд 2200 км замыг туулж, 36 цаг явж байж бид саналаа өгч байна.          

Монгол дахь сонгочгдод, ялангуяа улс төрийн идэвх сул залууст юу хэлэх вэ?

Ярилцлага маань Монголд хэвлэгдэж байгаа бол би нэг зүйлийг заавал хэлмээр байна.Бид зөвхөн саналаа өгөхийн төлөө 2200 км замыг тууллаа, үүнийг уншаад сууж байгаа залуу та хажуугийнхаа гудамжны сургууль руу ороод саналаа өгчихөд залхуурах, тээршаах зүйл байх ёсгүй шүү.Ерөнхийлөгчийнхөө сонгуульд идэвхтэй оролцоорой.Бидэнтэй өөрийнхөө боломжийг харьцуулж бодоорой.

За баярлалаа.



Мичиган мужийн төлөөлөл иргэдийн оролцоог чухалчлав.

АНУ-ын нийслэлд алс холоос сонгогчид ирж оролцсоор байлаа. Мичиган мужаас залуухан хос ирж саналаа өгснөөс сэтгэгдлийг нь сонсов:

Намайг Гантөмөрийн Эрдэнэбат гэдэг.Би Компьютер Техник Мэнэжмэнтийн Сургууль төгсөөд 2010 онд АНУ-д ирж, магисрын зэрэг хамгаалаад одоо Мичиган мужийн Анн Арбор хотод мэргэжлээрээ ажиллаж байна.Гэр бүлийнхээ хамт 600 орчим майл буюу 900 гаруй км газрыг машинаараа туулан ирж саналаа өглөө.Өнгөрсөн жил УИХ-ын сонгуульд мөн ингэж ирж оролцож байсан.Яагаад ингэж хаа холоос ирээд байдаг юм бэ гэвэл, Монгол улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй боллоо.Миний бодлоор бол ардчиллын амин сүнс нь иргэдийн оролцоо юм.Хүн өөрөө төр засгийнхаа удирдлагыг сонгодог энэ тогтолцоонд, өөрөөр хэлбэл сонгульдаа хүмүүс өөрсдөө оролцох нь маш чухал гэж би боддог.Түүнээс биш юунд ч оролцохгүй гэртээ хэвтчихээд л “Энэ ч юм болохгүй байна, тэр ч дарга муухай байна” гээд шүүмжлээд байх утгагүй санагддаг.  



Виржиниа мужийн Роноак хотынхон саналаа улс орондоо оруулж буй хувь нэмэр хэмээн үзэж байна

Виржиниа мужийн өмнөд хэсэг дэх Роноак хэмээх хотод зуугаад монгол иргэн аж төрдөг гэсэн тооцоо байдаг.Тэдний төлөөлөл болсон гурван бүсгүй, 200 майл, 350 гаруй км газраас ирж саналаа өгч буйтай таарлаа. АНУ-д 15 жил амьдарч буй Бямбаагийн Сэлэнгэ, 11 жил болж байгаа Батаагийн Долгоржав, 12 жил аж төрж буй Чүлтэмийн Бат-Амгалан нарыг саналаа өгөөд гарч ирэхэд нь хэд гурван үг солив. Б.Сэлэнгэ Монголд Цахилгаан Холбоо компанид, Ч. Бат-Амгалан харин Фортуна группэд ажиллаж байжээ.Тэд сонгуульд оролцсондоо маш баяртай байсан бөгөөд бүр өглөөнөөс хойш л сэтгэл нь догдлоод, гэгэлзээд байснаа, энд ирж өгч байгаа саналаа улс орондоо оруулж байгаа хувь нэмэр хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Элчин сайдын яамны идэвх, байгууллага иргэдийн санаачилга


Ийнхүү Вашингтон хотноо нийт 448 иргэн биеэр ирж саналаа өглөө.Ганцхан жилийн өмнө УИХ-ын сонгуульд Вашинтон хотноо 114 иргэн оролцож байсантай харьцуулахад даруй дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.Энэ нь юуны өмнө Монгол улсын Элчин сайдын яамны хамт олон санаачилга сайтай ажилласантай холбоотой юм.Тэд Монгол иргэдийн байгууллагууд, хувь хүмүүстэй холбоо хэлхээ сайтай ажилласнаар сонгуулийн зар мэдээг сайн тарааж, олон хүн бүртгэж чадсан юм.Мөн машины зогсоолыг хотын захиргаатай тохиролцон шийдэж чадсан нь ард иргэдэд амар байлаа.

Монголчуудын холбоо, байгууллага, хувь хүмүүс сонгуулийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулав.Тайсонс Монголия, Сакура хоёр компани унаа тэрэг гарган үйлчиллээ.Тайсонс Монголиа компанийн захирал Ариунбат мөн Чикаго хотоос ирсэн сонгогчдыг Вашингтон хот руу зөөж үйлчилсэн нь олны талархлыг хүлээв. 


 
Цаашид анхаарах нь

Хэдий тэр холоос хэрэг болгон ирсэн эдгээр иргэдийг бид энд жишээ болгон үзүүлж байгаа боловч цаана нь үлдсэн сонгочид олноороо бий.Тиймээс Сонгуулийн Ерөнхий Хороо, хууль тогтоогчдод хандан хэлэхэд гадаад дахь иргэдийн улс орноо гэх идэвх санаачилга бол хэвээр байна аа, гагцхүү зарим нэг нэмэлт өөрчлөлтийг хуульдаа оруулах нь зүйтэй байна.Зөвхөн дипломат төлөөлөгчдийн газар салбар комисс ажиллана гэсэн заалт газар нутгийн хувьд бага, нягтралтай суурьшдаг Япон, БНСУ зэрэг улсад бол болоод байхаар заалт юм байна.харин Номхон далайгаас Атлантын далай хүртэлх нутагтай АНУ-д бол маш хүндрэлтэй, иргэд хөрөнгө мөнгөө нэлээд зарцуулахаар ажил болоод байна. Ер нь яваандаа АНУ-ын төвийн нэг мужид, тухайлбал Чикаго хотноо Консулын газартай болох нь зүйтэй мэт санагдав.

Бас нэг зүйл нь бүртгүүлсэн иргэдийн нэр овог, регистрийн дугаар зөрөх зэрэг асуудлыг төвөөс маш хурдан эргүүлж мэдэгддэг, засаад бүртгүүлж болохуйц хугацаа хэрэгтэй байна.Регистрийн дугаар дээр Щ үсэг хүртэл байдгаас болж гадаад паспорт дээр галиглахдаа зөрдөг тохиолдол цөөнгүй байдаг юм байна.Эрт бүртгүүлсэн иргэд иймэрхүү алдаагаа мэдээд засч чадсан бол бүртгэлийн сүүлчийн өөр буюу 5 сарын 29 дөхүүлж материалаа илгээсэн сонгогчдод иймэрхүү зүйл тохиоход эргэн бүртгүүлж амжсангүй.   

М.Саруул-Эрдэнэ
 


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn