Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Уиллиам Вүүдвилл Рокхилл ба Монгол” хэмээх цуврал
2013 оны 8 сарын 9 [Уншсан тоо: 92246]
... Хук, түүний дараа Пржевальский, хэн хэн нь Цайдамын монголчуудыг зожиг, дүмбэ, бараг л малаасаа ялгагдахгүй хэмээн тодорхойлсон билээ. Гэтэл бодит байдал дээр тэдний дүгнэснээс огт өөр хүмүүс байсанд би их баяртай байлаа. Газар бүр тэд намайг гэртээ урьж, дуу дуулж, өөрсдийнхөө хийсэн хуур хөгжмөөр тоглож өгч байв... Тэд яах аргагүй шударга улс байлаа. Цайдамын монголчууд ч тэр, Зүүн монголчууд ч тэр, Пржевальскийн тодорхойлсон шиг луйварчид биш болох нь тодорхой байв...



1888 онд өнөөгийн Өвөр Монгол, Хөх нуурын орчмоор аялсан нэгэн Америк эрийн тэмдэглэлд ийн өгүүлжээ. Та бидний хүндэтгэн бодсоор ирсэн Пржевальский монголчуудын талаар тийм ч өөдрөг дүгнэлттэй биш байжээ дээ. Харин тэр Хук гэдэг нь бидний орос хэлний буруу дуудлагыг баримжаа болгон хэлж, бичдэгээр бол Гюк буюу Францын нэрт аялагч, хар лам Evariste Regis Hucюм. Хук, Пржевальский хоёрын Монгол нутгаар аялсан тэр хэцүү, адал явдалт, бартаат замыг яг даган явсан, өөрөөр хэлбэл Барууныхнаас дараачийн томоохон аяллыг хийсэн зоригтон атлаа монгол уншигчдад төдийлөн танил биш, тэр нэгэн аялагч бол та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулахыг зориод буй, АНУ-ын нэрт дипломатч, судлаач Уиллиам Вүүдвилл Рокхилл билээ.

Монгол улс тусгаар тогтнолынхоо зуун жилийн ойг тэмдэглээд удаагүй буй өнөө үед гадаадын их гүрнүүд, ялангуяа АНУ 20-р зууны эхэн үед Монголын талаар ямар бодлого барьж байсан тухай эргэн харах нь зөвхөн сонирхолтой төдийгүй шаардлагатай, нягтлан судлууштай, үнэн зөвөөр тодорхойлууштай асуудал юм. Чухам тэр эгзэгтэй үед их гүрний манайд хандах хандлагыг голлон тодорхойлж байсан дипломатчийнх нь хувьд ч, Монголд аялсан маш сонирхолтой аяллынх нь хувьд ч, Монгол хэл шинжлэл, ёс заншлын чухал судлагдахуун болохуйц үнэт өв үлдээснийх нь хувьд ч, Конгрессийн номын санд Монгол номын цуглуулгыг үндэслэсэн гавьяаных нь хувьд ч Рокхиллийн талаар тусгайлан сурвалжилж, олонд таниулах нь Вашингтон хот дахь сурвалжлагч, хэлшинжээч миний үүрэг хэмээн ойлгож, намтар, тэмдэглэл, ярилцлага, өгүүлэл, сурвалжилга бүхий нэгэн цогцыг цаг гарган үйлдсэнээ толилуулж байна, болгооно уу. 

Цувралын дэс:   
  1. Уиллиам Вүүдвилл Рокхилл гэж хэн бэ? (намтар өгүүлэл)
  2. Рокхилл Конгрессийн Номын Сангийн Монгол номын цуглуулгыг үндэслэсэн нь. (сурвалжилга)
  3. Рокхилл Монголд аялсан нь (тэмдэглэлд бичсэн тэмдэглэл)
  4. Рокхилл Далай лам хоёр (АНУ-ын Төвд судлаачэрдэмтэнтэй хийсэн ярилцлага)
  5. Рокхиллийн Монгол үгс (эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл)

Цагаан туг М.Саруул-Эрдэнэ.
Жиргээ @SaruulerdeneM


Нэг. Уиллиам Вүүдвилл Рокхилл гэж хэн бэ?


Америкийн түүхчид, судлаачдаас Рокхилл гэж хэн болох талаар асуувал юуны өмнө хоёр зүйлийг онцлон хэлэх болов уу? Тэрбээр Хятадын талаар явуулсан АНУ-ын алдарт “Нээлттэй хаалганы бодлого”-ыг санаачлагч, мөн төвд хэлээр чөлөөтэй ярьж бичдэг анхны америк эрдэмтэн, өөрөөр хэлбэл АНУ-д Төвд судлалыг үндэслэгч юм.

Харин судалгааны ертөнцөд орхигдон хоцроод байсан сэдэв болох Рокхиллийн Монголтой холбогдох үйл ажиллагаа, Монгол судлалд гүйцэтгэсэн үүргийн талаар сүүлийн үед ярьж бичиж эхэлж байна. Үүнд, АНУ-д Элчин сайдаар сууж байсан доктор Равдангийн Болд, монгол судлаач Алисиа Кампи, төвд судлаач Сюзан Мэйнхэйт нарын ном, өгүүлэл зэргийг онцгойлон дурдах нь зүйтэй.

Уиллиам Вүүдвилл Рокхилл 1854 оны 4 сарын 1-ний өдөр Филаделфи хотноо Томас Кадваладер Рокхилл, Доротеа Анне Вүүдвилл нарын хүү болон мэндэлжээ. Эцэг нь 13 настайд нь нас барсан тул эх нь түүнийг авч Франц руу нүүсэн байна. Тийм ч учраас эхийнхээ овгийг хоёрдахь нэрээ болгон авсан бололтой. Бүр өсвөр насандаа л хар лам Хукийн 1844-1846 онд Лхас руу аялсан тэмдэглэлийг уншсанаар Төвдийг шимтэн сонирхох болжээ. Ингээд Францад төвд судлалаар сурч, мэргэшсэн байна. Сургуулиа төгсөөд Францын цэрэгт элсэж, Алжирт алба хаагаад авсан аж.

1876 онд Рокхилл АНУ-д буцаж ирээд тэр оныхоо 12 сард Филаделфигийн Каролин Тайсон хэмээх бүсгүйтэй гэрлэв. Залуу хос Нью-Мексикод ферм авч, мал маллаж эхэлсэн ч Рокхиллд тийм амьдрал зохихгүй байлаа. Энэ зуур судалгаагаа үргэлжлүүлсээр 1880 он гэхэд “Уданаварга” буюу “Зориуд өгүүлэхүй цоморлиг”-ийн төвд хувилбарыг франц хэлэнд хөрвүүлж дуусгаад 1881 онд хэвлүүлжээ. Мал дээр байхдаа судалгааны ном хэвлүүлнэ гэдэг үнэхээр гайхамшигтай.  

Гэвч малчны амьдралаас залхсан Рокхилл 1881 онд фермээ зарчхаад Швейцарь луу нүүжээ. Европод гурван жилийг үдэхдээ төвд, хятад, самгарди хэл нарийвчлан судалсан байна. Бас ч зүгээр сураад л суугаад байсангүй, Буддагийн намтрыг хэдэн хүнтэй хамт бичсэнээс гадна Пратимокша буюу “Ангид тонилогчийн судар”-ыг францаар орчуулж, 1884 онд хэвлүүлжээ. “Тонилно” гэхээр одоогийн хэрэглэдэг тэр утгаар биш, “гэгээрэн, чөлөөлөгдөнө” гэсэн санаа, “ангид тонилох” гэвэл “өөрөө, бие даан гэгээрч, ертөнцийн хүлээснээс тонилон суларна” гэсэн утгатай судар юм.  

1883 онд гэргийнх нь ганц үеэл нас барсан нь эмгэнэлтэй хэрэг болсон боловч Рокхиллийнд харин аз тохиож, үеэлээс нь тэднийд 70 мянган доллар өвлөн ирсэн байна. Чухам энэ явдлаас шалтгаалан Рокхилл Бээжинд дипломат албанд цалингүйгээр ажиллах боломжтой болж. Өөрөөр хэлбэл дуртай ажлаа мөнгөгүй хийнэ гэсэн үг. 

Энэ дашрамд нэг зүйлийг тодруулахад Америкт дипломат алба хэмээн анх үүсч байхад бүх албан тушаал нь цалингүй байсан гэдэг. Дипломат гэдэг маш нэр хүндтэй ажил учраас цалин ч хэрэг байхгүй, цалингүй учраас тэнд аль хэдүйн байр сууриа баталгаажуулж авсан, мөнгө чухал биш, хамгийн нэр нөлөө бүхий улс ажилладаг байжээ. Бараг л нөгөө манай замын цагдаа “цалин бас өгдөг юм уу” гэдэг шиг шахуу, гэхдээ ялгаа нь бүх насныхаа хөрөнгийг хийчихсэн хүн тэнд очих болохоос тэнд очсон хойноо ажлынхаа местээр мөнгө хийнэ гэсэн үг биш л дээ. Яг нэг иймэрхүү үзэл санааг манай УИХ-д өрсөлдөж байгаа бизнесмэнүүд байнга хэлдэг билээ. Тэдний өрсөлдөгчөөсөө илүү гэдгээ тайлбарлан нотолж байгаагаар зарим хүн УИХ-д мөнгө хийх гэж орж байгаа бол тэд өөрсдөө аль хэдүйн баян болчихсон, мөнгө хэрэггүй, гагцхүү эх орныхоо төлөө зүтгэх улс гэх. Сонгогчид ч үүнд нь итгээд УИХ-д ихэвчлэн чинээлэг бизнесмэнүүдийг сонгож орхидог. Хамгийн гол нь тэд маань харин сонгогдсон хойноо улсаа хөгжүүлээд байна уу, улам л өөрсдөө арвижаад байна уу гэдэг байна даа.

Рокхиллийн намтартаа эргэн оръё. Тэрбээр насаараа ч цалингүй явсангүй, Бээжинд хэдэн жил идэвх зүтгэлтэй ажиллаж, хэлнийхээ мэдлэгийг хангалттай дээшлүүлснээр, өөрөөр хэлбэл өөрийгөө хэн бэ гэдгээ үнэн ёсоор харуулснаар жинхэнэ цалинтай албанд томилогдон үргэлжлүүлэн ажилласан байна. Чухам энэ үедээ л Монгол, Төвдөөр хоёр ч сонирхолтой аялал хийсэн, энэ тухайд дараа тодорхой өгүүлэх болно. Аялал нь амжилттай болж, тэмдэглэл нь олны сонирхлыг ихэд татсан тул Британийн Газарзүйн Нийгэмлэг “Алтан медаль”-иараа шагнаж байв.

Гровер Кливеланд ерөнхийлөгчийн үед Рокхилл эхлээд Төрийн гуравдугаар нарийн бичгийн дарга, дараа нь 1896 онд Төрийн дэд нарийн нарийн бичгийн даргын албыг хаших болжээ. 1897 онд дараачийн Ерөнхийлөгч Уиллиам МкКинли Рокхиллийг Грек улсад суух Элчин сайдаар томилон ажиллуулснаас хойш тэрбээр Серб, Румын улсуудад мөн Элчин сайдаар томилогдон ажиллав.

Боксерын бослого Хятадад дэгдэх үед Дорнын улсуудын талаар тун бага мэдлэгтэй байсан Төрийн нарийн бичгийн дарга Жон Хэй туршлагатай дипломатч, бас судлаач болохынх нь хувьд Рокхиллээс л тусламж хүссэн нь мэдээж. Рокхилл Хятадын талаар тухайн үеийн хүчирхэг улс гүрнүүдийн явуулах алдарт “Нээлттэй хаалганы тунхаг”-ийг боловсруулан барьсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Орос, Британи, Герман, Франц, Япон, Итали улсуудад илгээж, гарын үсэг зуран тохиролцсон байна. Энэ бодлогын хамгийн гол санаа нь дээрх нэр дурдсан улсууд Хятадын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийн зэрэгцээ бүгд адил тэгшээр худалдаа наймаа явуулж, нэгэндээ саад тотгор үл тавих явдал байв. Хожмоо бас нэгэн алдарт Нээлттэй хаалганы бодлогыг хятадууд өөрсдөө, тухайлбал Ден Сяопин боловсруулан хэрэгжүүлсэн, ялгаа нь гэвэл Рокхиллынх гадаад улсуудыг Хятадын зүгт нээлттэй болгосон бол Ден Сяопиных Хятадыг гадагшаагаа нээлттэй болгосонд оршино.

Ерөнхийлөгч Теодор Рузвельт 1905 онд Рокхиллийг Хятад дахь Элчин сайдаар томилов. Элчин сайдаар сууж байхдаа Рокхилл 13-р Далай ламтай биечлэн уулзаж, нас барах хүртлээ дотно харьцаатай байсан нь тэр үеийн дэлхийн улс төрийн түүхэн дэх бас нэгэн чухал үйл явдал байсан тухай хожим дэлгэрэнгүй өгүүлэх болно.

1909 онд дараачийн ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт Рокхиллийг Орос дахь Элчин сайдаар томилжээ. Хугацаат ажил нь дуусмагц үргэлжлүүлэн Турк дэх Элчин сайдаар томилсон байна. 1913 онд Турк дэх сайдынхаа албыг хашиж гүйцээд Рокхилл он удаан жил хүссэн зорилгоо биелүүлж,Өргөө хотод айлчлал хийжээ. Тэрбээр, Константинополь буюу одоогийн Истанбул хотоос 12 сард гарч, Петрбург, Москва хотоор дайран, Монголд очсон байна. Маш чухал энэхүү айлчлалын талаар мөн хожим тусгайлан өгүүлэх болно.

Нэрт дипломатч, судлаач Уиллиам Вүүдвилл Рокхилл 1914 онд Бээжинд байгуулагдсан Хятадын шинэ засгийн газрын зөвлөхөөр томилогдон ажиллахаар явж байхдаа Хавайн арал дээр гэнэт зүрх нь хаагдан өөд болжээ. Түүнийг Коннектикут мужийн Литчфилд хэмээх бяцхан хотод оршуулсан, учир нь Рокхилл өнгөрөхөөсөө ганцхан жилийн өмнө нэгэн найздаа ийн бичиж байж: “Би Литчфилдэд очиж, цэцэг тарин, шувуу тэжээж, эгээ л Умард Сүн болон Юань гүрнийх мэт Дорно дахины уур амьсгал бүрдүүлэн амьдармаар байна”.

Рокхиллын хувийн цуглуулга болох Хятад, Төвд, Монголын холбогдолтой 6000 орчим номыг гэргий нь Конгрессийн Номын Санд бүтнээр нь хандивлажээ. Рокхилл амьд сэрүүн ахуйдаа ч бас төвд, монгол нэлээд олон ховор судрыг тус номын санд бэлэглэж байсан юм. Рокхиллын тэр номоос үүдэн Конгрессийн Номын Сан Монгол ховор хуучин номын цуглуулгатай болсон төдийгүй өдгөө ч Монголоос ном авсан хэвээр, ерөөс дэлхийд Монголоор хамгийн баян цуглуулгатай номын сангийн нэг болсон тухайд үүний дараа өгүүлэх болно.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив