Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алаг Арван гурвын хөлбөмбөгчид буюу Манай орцныхон
2013 оны 9 сарын 26 [Уншсан тоо: 62475]
Мягмарын Саруул-Эрдэнэ
@SaruulerdeneM

“Өдрийн сонин” “Их хот орцноос эхэлнэ” хэмээх шинэ булан нээсний анхны дугаар.

“Өдрийн сонин”-д “Эх орон сумаас эхэлнэ” хэмээх сонирхолтой булан буйг миний бие унших дуртай. Хөдөөний боргил хүүхдүүд эрдэм ном сурч, эрийн цээнд хүрсэн намтар нь, сум нутгийнх нь үүх түүх, адал явдал нь, ялангуяа нэг сумаас төрсөн олон өөр мэргэжлийн улс эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж яваа нь зөвхөн сонирхолтой төдийгүй, эх нутгаараа бахархах хүмүүжлийн ач холбогдолтой юм.

Нөгөөтэйгүүр чухам одоо төр засгийн эрхэнд байгаа улс төрчид голдуу хотын соёл гээч дөч тавин мянгатад анх бүрдсэн тухай их ярьдаг, Битлзийн хөшөөг ч тэд бариулсан байх.  

Энэ бүхнийг уншсаар байтал өнөөгийн Монгол улсад ид бүтээж туурвиж яваа улс гэхээр нэг бол хөдөө сумынхан, үгүй бол хотын төвийн дөч тавин мянгатынхан, тэр хоёрын дунд аймгийн төв, Улаанбаатарын бусад дүүрэг, гэр хорооллынхон гэж огт байхгүй мэт дүр зураг үлдэх нь үү хэмээн бодогдох. 

Уг нь ч Улаанбаатарын бусад хэсэгт, аймгийн төвд бас хүмүүс амьдардаг, улс эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулдаг л байлаа л даа. Тэрийг нь харин хэлж бичих хэрэгтэй юм бол уу гэж бодоод өөрийнхөө орцныхны тухай дуртгал өгүүлэх санаатай, далимд нь бас бага насаа дурсаад авъя, “Өдрийн сонин”-ы эрхэм сэтгүүлч, уншигч, идэвхтэн бичигч та бүхнийг цуврал болгоод цааш нь үргэлжлүүлнэ хэмээн найдна.

Манай байр гэдэг 5-р хороололд, Улсын Цирк, Тээвэрчдийн соёлын ордон хоёрын дунд орших цэнхэр алаг 13-р байр гээч билээ. Юм гэдэг хурдан өөрчлөгддөг хойно доо одоо бол, Улсын цирк биш АСА цирк, Тээвэрчдийн соёлын ордон биш Меркюри зах, цэнхэр алаг биш цэгээн цайвар байр гэж шилжүүлж ойлгоорой.

Манайх гэдэг айл энэ байрны 4-р орцонд байлаа. Социализмын үед айл барагтай бол нүүнэ гэж байсангүй, тийм учраас хөршүүд гэдэг хэчнээн ч удаан айл саахалт явдаг байсан юм мэдэхгүй, гол нь нэгнээ мөн ч сайн мэднэ дээ.

Алаг 13 бол 5 давхар, давхар болгондоо гурван айлтай, орцныхоо арван таван айлын тухай юу санаж байгаагаа хэлхэх гээд үзье дээ. 44 тоотоос, нэг давхраасаа эхэлнэ ээ.

44 тоотод Монголын гэрэл зургийн мундагчуудын нэг (тухайн үедээ номер нэг зурагчин байсан) Гомбожав гуайнх суудаг байлаа. Гомбожав ах дандаа дугуй унадаг байсан, гэргий нь Тунгаа эгч, орос хэлний багш. Гомбожав ахын олон мундаг зургаас их эрдэмтэн Ринчений фотонууд мөн содон сон. Гомбожав гуай өөрөө тэр их хүнийг шүтдэг, зургийг нь бусад улс эмээгээд нэг их авдаггүй үед, янз бүрээр патиарыг гь татсан, бас хүүхдүүдийнхээ нэрийг хэрхэн өгөхийг ч их эрдэмтнээс асуусан гэж ярьж байв. Гомбожав ахын аавын нэр Р-ээр эхэлсэн, Тунгаа эгчийн ээжийн нь нэр Н-ээр эхэлсэн болохоор хөвгүүдэд нь дан Р-ээр төгссөн, охидууд нь дан Н-ээр төгссөн нэр хайрласан гэдэг. Тийм учраас тэднийх Амар, Идэр, Шижир, Санчир гэдэг 4 хүүтэй, Булган, Номин гэж 2 охинтой айл. Шижир нь надаас хоёр ах, Булган нь хоёр дүү байсан юм. Байсан ч юу байх вэ дээ, ах нь ах хэвээрээ, дүү нь дүү хэвээрээ л байлгүй хаачив гэж. Шижир одоо орос эхнэртэй болсон, хойно амьдардаг гэнэ лээ. Хөлбөмбөг тоглохоороо захаар аваад л зогсолгүй гүйчихдэг хүүхэд байж билээ. Эднийхнээс хожмоо миний хамгийн их уулзсан нь бараг мэргэжил нэгт гэж хэлж болохоор Санчир дүү нь. Хорвоо гэж жижигхэн болохоороо яаж яваад таарсныг нь мэдэхгүй, миний Багшийн дээдийн нэг ангийн дотно анд, саяхан МЗЭ-ийн УЗ дарга болсон Булганы Буянзаяа маань доод айлын Санчиртай нийлчихсэн, “Дээдсийн амьдрал” сонин гаргаж байсан шүү.

45 тоотод манай найз Энхбатынх байлаа. Энхбатын ээж Тэрбиш эгч их эмч байсан. Аав нь их дээр өнгөрсөн юм бол уу, намайг мэдээ ороход л лав байгаагүй. Энхбат нэг их олон эгчтэй, олон хүргэн ахтай байсан. Хүргэчүүл дотор нь цагдаа ч байсан байх, гал сөнөөгч ч байсан байх. Утас нь манайхтай салаа. Салаа утас гэхээр одоогийн хүүхдүүд ойлгохгүй гайхаж магадгүй. Хоёр өөр айл мөртлөө дундаа нэг утастай гэсэн үг юм л даа. Нөгөө нь ярьж байхад утсаараа ярих хэрэг гараад мэдэхгүй авчихвал цаад айлынхаа бүх яриаг сонсоно гэсэн үг. Социализмын үед нэгнээсээ нуух хаах юм байгаа юм аа даа, янз нь.  Энхбат бид хоёр ч ёстой тоолбол нас, төөлбөл бие чацуу, харин ёстой нэг зодолдохдоо зодолдож, тоглохдоо тоглож хамт өссөн дөө. Зун байрны бүх айлууд зуслан гараад явчихна, манай хоёр л үлдэнэ, бид хоёроос өөр хүүхэдгүй болчихдог байж билээ. Тэгээд хоёулаа Зайсан толгой, Хүүхдийн парк, Дунд гол гээд тэнэж өгнө дөө. Их олон хочтой манай Энхбат, дээрэмчин, бандит, Румцайс (Румыны тийм хүүхэлдэйн кино гардаг байсан юм), бурнааш өөр юу юу ч билээ, мартаж. Гадагшаагаа урсах зах зээлийн хөдөлгөөнөөр мань Энхбат бас Солонгос явж ажилласан, хамгийн харамсалтай сэрээний үйлдвэрт ажиллаж байгаад баруун гарынхаа дөрвөн хурууг угаар нь хяргуулчихсан ирсэн дээ. 

46 тоотод, Хамаргүй эмээгийнх байлаа. Хүүхдүүд бид хоорондоо хамаргүй эмээ л гэж ярихаас, нэрийг нь ч мэддэггүй байж дээ. Партизаны гэргий байсан юм гэнэ лээ. Хамаргүй эмээгийнд яг хэн нь хэнийхээ ах дүү гэдгийг нь хэлж мэдэхгүй нэлээд хэдэн ах эгч амьдардаг байснаас циркэд ажилладаг Чоймбол ах гэнэт мундаг йогчин болчхож билээ. Бүр хадаасан дээр хэвтдэг, гал залгидаг, үнэхээр жинхэнэ сайн йогчин болсон гээ.  Байрныхаа урд талын талбайд бид төмөр хаалга тавиад хөлбөмбөг тоглодог байсныг Чоймбол ах хажуугийн төмөр хашаатай нийлүүлж гагнаад хаашаа ч хөдлөхөөргүй болгож өгч байж билээ. Үгүй бол хөлбөмбөгийн хаалга, сагсны самбар мэтийг өөр байрныхан ирээд хулгайлаад аваад явчихдаг байсан юм. Ямар сайндаа л “хулгайчийн байр” гэж нэртэй байр хүртэл байх вэ дээ. 46 тоотын эмээгийн нэг охин Нэргүй эгч яслийн багш, миний том хүү ангид нь нэг улирал сурч байв. Чоймбол ахын хүү нь Болд гэж алдартай жүжигчин болсон тухай сая манай байрныхны Нүүр номын бүлэгт хэн нэг нь бичсэн байна лээ.

47 тоот, манай хажуугийн айл бол Лувсанноров гуайнх. Лууяа гуай мундаг хүн шүү. Мундаг гэдэг нь бүх талаараа мундгийг хэлж байна. Эрхэлж байсан ажил нь том оо том, Төв хорооны боловсон хүчин байсан юм. Ажлынхаа хажуугаар судалгаа, хийдэг, Монголын хүрлийн үеийн тун сайн цуглуулгатай, түүгээрээ ном ч гаргачихсан эрдэмтэн гэж байгаа. Сүхбаатар аймгийн хүн, тэндээс төрсөн олон том эрдэмтэн, зохиолч нар Лувсанноров гуайн шавь нар юм билээ. Намайг багад өглөө болгон гүйж, дасгал хийдэг сэн, хэвээрээ бол уу? Сахилгагүйтэж тоглож байж загнуулах вий гэж хүүхдүүд бид Лууяа гуайгаас их айна. Байрны дарга, тийм зарчимч хүн байсан юм. Орц, байраа цэвэрлэнэ, бүгд гар гэх мэтээр шаардана гэж жигтэйхэн. Одоо бол харин би Монгол явах болгондоо Лувсанноров гуайд ганц шил виски барьж очдог.  Хамгийн сүүлд Лувсанноров гуайн хүрлийн цуглуулгын тухай нэг ном, бас Сүхбаатар аймгийн зан заншил, ардын мэргэдийн ур ухааны тухай өөр нэг ахмад багштай бичсэн нэг сайхан ном хоёрыг нь Конгрессийн Номын Санд бахархалтайяа дурсгал болгон өгсөн. Орцонд маань цөөхөн хэдэн айл л хэвээрээ үлдсэн, нэг нь Лувсанноров гуайнх.
48 тоот нь манайх. Ээж, ах, эгч нарынхаа тухай дэлгэрэнгүй бичих нь сэтгүүлзүйн зарчимд нийцэхгүй, мэргэжлээ ашигласан хэрэг болох байх, алгасъя даа.

49 тоотод бас нэг эмээ байсан юм. Аанай л нэрийг нь мэддэггүй ээ. Манай хажуугийн эмээ л гэнэ, байрны хүүхдүүд болохоор “танай хажуугийн эмээ” л гэнэ, ингээд л бол оо. Хүмүүжилтэй болоод тэгдэг байсан юм уу, анхааралгүй гэнэн болоод тэр үү, настай хүнийг нэрээр нь хэлэлгүй явсаар байж, мэдэлгүй хоцорчих юм гээч. Хажуугийн эмээ хөргөгчгүй болохоор манайд махаа тавьдаг байв. Эмээгийн мах андашгүй, жижигхээн, нэг хүний л хоолны мах. Юра гэж бөгтөр нуруутай нэг хүүтэй байсан нь өнгөрчихсөн. Нэг өдөр өглөө сэрээд хэвтэж байсан, ээжийн “Хөөрхий эмээгийн Юраг эмнэлгээс гаргачихаж, эмчилгээгүй гэсэн гэнэ ээ” хэмээсэн үг сонсогдоход амьдралдаа анх удаа тийм өвчин байдаг тухай сонсоод маш их цочирдож байж билээ. Эмнэлэг, эмч гэж бүхнийг дийлдэг гэсэн дуу шүлгийн ухуулгаас анх удаа өөр юм сонссон нь тэр юм уу даа. Одоо бол эмээ ч, Юра ч байхгүй. Хажуугийн эмээ бас нэг партизаны гэргий байсан гэдэг шүү.

50 тоотод Жамц гуай гэж бас нэг даргынх сууна. Уг нь Жамц гуай биш, Жамц ах гэх ёстой байх, учир нь манай ээжтэй нэг сумын, бүр нэг ангийн хоёр юм гэнэ лээ. Ховд аймгийн Дарви сум л даа. Даанч, Жамц гуай Германд элчин сайд байсан байх аа, бас өөр ажил гээд гадаадад олон жил ажилласан, тийм болохоор өөрийг нь ч ах гэж хэлэхээр болоогүй, хүүхдүүдийг нь ч танихгүй, тэдний байранд бодвол хамаатнууд нь байлгүй, байсгээд л өөр айл нүүж ордог байсан юм.

51 тоот буюу манай дээд айл бол хуучны том дарга нарын жолоочоор насаараа ажилласан хөгшнийх. Тэтгэвэрт гартлаа Майдар даргын жолооч байсан гэсэн. Гучаад оны үеийн жолооны үнэмлэх гэж монгол бичгээр бичсэн, томоо баярын бичиг шиг сонирхолтой баримт байдгийг тэднийд би үзэж байлаа. Одоо охин Оюунгэрэл нь хадгалж байгаа. Оюунгэрэл охин нь 6-р сургуульд манай Нандиа эгчтэй нэг ангид сурч байсан найзууд юм. Оюунгэрэлийн ээж нь ятгачин бил үү, шанзчин бил үү, төв театрын сайн хөгжимчин байсан гэнэ лээ. Намайг мэдээ ороход бол хоёр хөгшин л байсан даг.

52 тоотод Сувданхүү эгчийнх сууна. Сувданхүү эгч цэцэрлэгийн багш байв. Самбуу гэж надаас нэг дүү, хөөрхөн хүү байсан нь дунд сургуульд байхдаа өнгөрчихсөн юм. Цэнд гэж охин нь манай талийгаач ахтай нэг анги байсан, сүүлд Багшийн дээд төгссөн. Том эгч нь Дууяа гэж байсан. Нэг өдөр хичээлээ тараад ирж байтал Сувданхүү эгч цонхоороо дууддаг юм байна. Ортол сайхан ногоотой шөл хийж өгөөд, миний хүүтэй жаахан тоглочихооч гэж гуйж билээ. Самбуу тэгэхэд гадаа гарахаа больчихсон, ер нь л тодорхой болчихсон байсан юм билээ. Хөөрхий ээж нь хүүтэйгээ намайг гуйж тоглуулсан нь учиртай байсныг хожим л ойлгосон доо.

Сувданхүү эгчийнх манайд  түлхүүрээ тавьдаг байв. Хажуу эмээгийнх махаа тавина, дээд айл түлхүүрээ тавина, бодоод байхад манайх гэж дандаа хүн байдаг, найдвартай айл байж л дээ. Одоо ер нь айлууд нэгнийдээ түлхүүрээ тавьдаг бол уу, тавибал азны юм гээд л зөрж ороод ухчих бол уу? Тавьсан махыг нь таллаад идчих юм биш биз? 

Дөрвөн давхар луу гараад ирэхээр манай найз Сайхнаагийнх байна. Сайхнаагийн аав бас том дарга байлаа. Худалдаа үйлдвэр хавьцаа л нэг яамны дэд сайд байсан санагдах юм. Бас гадаадад хэдэн жилээр явчихдаг байв. Сайхнаа харин том даргын хүүхэд гэхэд бидэнтэй хөлбөмбөг, лафта тоглож, хутгалдан өссөн хүүхэд. Тухайн үед ихэнх даргын хүүхэд гадаа бараг гардаггүй, орос сургуульд явдаг, салангид өсдөг байсан болоод Сайхнааг тэгж онцгойлж хэлээд байна. Саяхан мэдээгээр манай Сайхнаа, бүтэн нэр нь бол Бэлгэсайхан, Барилгын салбарын шилдэг ажилтан болж байхыг харсан, багын андаараа бахархсан шүү.
 
Дөрвөн давхрын голын хаалганд олон айл солигдсон байх аа, нэгийг нь ч яг тэднийх гэж санадаггүй шүү.

55 тоотод Батбилэг гэж найзынх маань суудаг байлаа. Аав ээж хоёр нь гэж нэг их сайхан өндөр, гоё гэж хэлэхээр хос байсан юм даг. Яг юу хийдэг байсныг нь мэдэхгүй юм байна. Батбилэг, түрүүний хэлсэн Энхбат хоёр хоёулаа зурдаг, нэг удаа Дүрслэхийн дундад хамт шалгалт өгөөд, маргааш шөнө нь бид гурвуул явж оноог нь харж байж билээ. Батбилэг тэр жилээ тэнцээгүй, харин дараа жил нь орчихсон, тэгээд одоо мундаг зураач болсон, бид хоёр нүүр номын найзууд л даа. Зина гэж дүү нь 6-р сургуульд манай доод ангид сурдаг байв. Сүүлд сонсоход Зина Израйльд суугаа сурагтай байв. Батбилэг бас Бат-Эрдэнэ гээд дүүтэй, тэр хоёр хоёулаа хөлбөмбөг тоглодоггүй байсан, ер нь бол сагс, волейбол, шатар, даам олон өөр юм тоглодоггүй байсан байх, гол нь хөлбөмбөг тоглодоггүй гэж онцлохын учир нь манай байрны хувьд бол эрэгтэй хүүхэд хөлбөмбөг тоглохгүй байна гэдэг тун өвөрмөц сонин баримт болох учраас тэгж хэлээд байна л даа. Дөрөвхөн орцтой багавтар байр атлаа 1, 3-р орц нийлж нэг шигшээ, 2,4-р орц нийлж бас нэг шигшээ гаргаад хоорондоо ана мана үзэлцдэг байлаа шүү дээ.

56 тоотод хоёр орос хөгшин байсан, “местний” орос байсан юм байх аа даа. Яг тэдний хажууд байшингийн чердак руу гардаг шат байсан, чимээ гаргалгүй, сэмээрхэн гараад чердакан дээрээ тоглодог байсан сан. Унаад үхвэл яана, бас л осолтой тоглодог байж дээ. Ер нь бодоод байхад эцэг эхчүүд маань биднийг орхиод өглөө ажилдаа яваад, орой ирнэ, тэр хооронд юу хийж, ямар юмаа тоглож байсныг огт мэддэггүй, тоодоггүй байсан юм болов уу гэж хааяа бодогддог юм. Байшингийн чердакаас гадна Циркийн дөрвөн талд гэрэлтүүлгийн маш өндөр цамхаг байсан дээр хүртэл гарч тоглодог байлаа шүү дээ. Чулуугаар байлдаж толгойгоо хагалах бол бүр юу ч биш. айхтар устай Туул голыг хаагуур нь гарвал гайгүйг сайн мэдэхгүй хэрнээ гаталчихдаг байв. эз нь таарсан бол ч эвгүй шүү, бас.

Таван давхрын голын хаалганд бол манай орцондоо байтугай манай Монголдоо элит айл амьдардаг байлаа. Нэрт хөгжмийн зохиолч Зундуйн Хангалынх. Хангал гуайг хэн болохыг тайлбарлах ч хэрэггүй. Гэргий нь Ягаанцэцэг эгч, Монгол улсын гавьяат жүжигчин, циркчин хүн. Циркийн оройгоос эгц доошоо улаан дарцаг хийсгээд, араас нь сум адил шумбан шүүрдэг номер нь ч мундаг шүү. Ягаанцэцэг эгч одоо АНУ-д циркийн сургуульд багшлаад, маш амжилттай яваа, бид хоёр энд байнга уулздаг. Тэр хоёроос төрсөн хүү нь Булган, Харанга хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг, харамсалтай нь аав хүү хоёр өнөөдөр та бидний дунд байхгүй. Манай байрны хүүхдүүд циркэд бол өдөр бүр шахуу бултаж орж үздэг, номеруудыг нь цээжилчихсэн байдаг байв. Заримдаа хүүхдийн баяр зэргээр харин бултах хэрэг байхгүй, Ягаанаа эгч циркийн үүднээс даллаад л дуудахаар нь гүйгээд очиход, үнэгүй оруулж өгдөг байж билээ.

58 тоот буюу хамгийн сүүлчийн айл бол том тэрэг барьдаг Санжаасүрэн гэдэг байх аа, жолоочийнх. Санжаасүрэн жолооч бас барилддаг, аймгийн цолтой бөх байв. Зурагтаар гардаг том барилдаануудаар хоёр бол найдвартай даваад л байдаг байсан. Том охин Хүрлээ нь манай эгчтэй нэг анги, тэгээд Оюунаа гэж охин, Буудай гэж хүү, бүр бага нь хэн билээ дээ, нэг хүү байсан. Том залуус болоо байлгүй дээ.

Одоо ингээд эргээд бодохоор их л сонин юм. Ганцхан орцны 15-хан айл дундаа, хэдий хөдөө сумынхан биш ч гэлээ бөхтэй, партизантай, дөчин мянгатынх биш ч гэлээ хөгжмийн агуу зохиолчтой, сайдтай, за тэгээд тухайн нийгэмдээ хүч ухаанаа зориулж байсан нам төрийн дарга, эмч, сувилагч, номын худалдагч, мэргэжлийн зурагчин, жолооч, циркчин, ясли цэцэрлэгийн багш, рок хамтлагийн хөгжимчин, элчин сайд, бүгд л байсан байх юм. Манай орц бол тэгэхээр тэр үеийн нийгмийн дүр зураг мөнөөс мөн байгаа биз.

Насны эрхээр, бас цэл залуугаараа хорвоог орхисон нь ч байна, энх тунх хөдөлмөрлөсөөр яваа ахмадууд ч байна. Даяаршлын хөдөлгөөнийг дагаад Монгол, АНУ, Орос, Герман, Солонгос, Израйльд амьдарч яваа нь байна. Үр хүүхдүүд нь хаана, ямар гавьяа байгуулж явааг, бас зарим нь ямар хэрэг мандуулж явааг ч хэлж мэдэхийн аргагүй.

Эргээд байраараа очиход 37-р бааз Далай ээж зах болчихсон, Монументаль чимэглэлийн үйлдвэр бас нэг гял цал юм болчихсон, хөгжил гэдэг сайхан мэт бодогдовч нөгөө талаас хөлбөмбөг тоглож өссөн орос гуравдугаар сургуулийн сайхан талбайг маань өмлөн цөмлөөд, үзэмж муутай, олон давхар барилга барьсныг харахад элэг эмтэрмээр. Өндөр байшинг хөгжил гэх үү, үр хүүхдийнхээ төлөө тоглоомын талбайг нь хадгалж үлдэхийг хөгжил гэх үү?

Чанагш юм бүхэн улирч одно гэдэг боловч сайн сайхан бүхнээ хадгалаад, ихийг бүтээсэн ахмадуудаа эргэн дурсаад, залуустаа харин гэгээн сайхан ирээдүйг бэлэглэхийг хичээгээд, нам намаараа багаахан талцаад, үе үеэрээ өчүүхэн салаад, эргэх амьдралын тойрогт шүтэн барилдаж амьдрах сан даа.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив