Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Түүх - үзэл суртал - кино (Александер Невский Цогт тайж хоёр)
2013 оны 11 сарын 8 [Уншсан тоо: 139132]
Түүхэн хүн, үйл явдлыг урлаг, уран зохиолд мөнхлөхөд уг үнэн болж өнгөрсөн түүхээс нь илүүтэй тухайн бүтээлийг туурвиж буй цаг үе нь чухал, нөлөөтэй байдаг бололтой. Чингис хаан, Занабазар, Галдан бошигт, Данзан, Бодоо, Дамбийжаа, Сүхбаатар, Барон Унгерн, Чойбалсан… Энэ бүх түүхэн хүмүүсийн тухай уран зохиол, кино зэргийг үзвэл нэг бол сайн талын баатар, үгүй бол муу хүн гэсэн эсрэг тэсрэгийн хоёр туйл л харагдана.Нэгэн үед баатар болгон магтуулсан ч өөр цаг ирэхэд дайсан хэмээн хараалгах.Уг нь бол цаад хүн нь хийгээд үйл явдал нь бол болдгоороо болоод өнгөрчихсөн, бидний үзэл бодлоос үл хамаарах, үл өөрчлөгдөх зүйл билээ.

Нөгөөтэйгүүр утга зохиол, кинонд дүрслэгдсэн түүхэн хүн, үйл явдал уг бүтээл нь хэдий сайн, олонд хүрч чадсан байх тусмаа нийтийн сэтгэл бодолд төдий гүн шингэж үлддэг байна.Олон нийт тэр бүр түүхийн бүтээл уншаад байх боломжгүй, тиймээс түүхэн хүмүүсийн тухай үзэл бодол нь түүхчдийн гэхээсээ илүү уран бүтээлчдийн, үзэл сурталчдын хандлагаар илүүтэй тодорхойлогддог гэсэн үг л дээ.

Энэ талаар өгүүлэхдээ манай киноны ноён оргил болсон “Цогт тайж”, Зөвлөлтийн киноны шедевр хэмээгддэг “Александр Невский” хэмээх хоёр агуу бүтээлийн тухайд онцлон ярилцъя. Дэлхийн дайны үед зохиогдсоноороо энэ хоёр киног бүтээх цаад үзэл суртлын суурь нь ижил байсан юм.


“Александр Невский”, найруулагч Сергей Эйзенштэйн, 1938 он

Дэлхийн улс орнуудын хүчний харьцаа нэн эгзэгтэй, дайн тулааны дарь ханхалсан үе.Хитлерийн Герман ЗХУ-д улам бүр ойртсоор байлаа.Чухам энэ үед ард олны эх оронч үзлийг бадраан зоригжуулах кино Зөвлөлт засагт хэрэг болжээ. Сталины даалгавраар тийм эх оронч киног бүтээх үйл хэрэгт тухайн үеийн Зөвлөлтийн кино урлагийн бүхий л томчууд оролцон “Александр Невский” буюу тогтсон нэрийг нь орчуулах боломжтой гэж үзвэл “Невийн Александр” хэмээх киног хийжээ.

Александер Невский нь Оросын түүхэн дэх хамгийн өвөрмөц, түүхчдийн дүгнэлт үзэл бодол нь зөрчил, маргаантай хүмүүсийн нэг билээ.Юуны өмнө оросуудын дайснаа хэмээн үздэг монголчуудтай нягт холбоотой, хамгийн ойр түнш нь байсан нь тодорхой юм.Гэвч ард олны дунд нэн нэр хүндтэй учраас яах аргагүй бишрэгдэн шүтэгдсээр ирж.Түүхийн тийм тодорхой баримтыг нуун дарж чадахгүй учраас оросууд Александр Невскийг Алтан Ордтой эх орныхоо төлөө зальжин ов ухаан, дипломат бодлогоор холбоотон болж, тэр үед илүү хүчтэй дайсан нь болоод байсан барууныхны эсрэг амжилттай тулалдсан хэмээх үзэл бодол түгээжээ.Одоо хүртэл Оросын ард иргэдийн ихэнх нь энэ үзэлд бат итгэдэг.Мөнөөх алдартай кино энэ үзлийг дэлгэрүүлэхэд, олон нийтийн оюун санаанд бат суулгахад гол зэвсэг нь болж өгсөн байна.Учир нь киног хийх үед ЗХУ нь Германы эсрэг АНУ, Англитай холбоотон болохоос аргагүй байдалд хүрээд байсан бөгөөд түүхэнд бид бас ийм байдлаар дайсантайгаа хүртэл холбоотон болж байсан гэсэн үзлийг гаргах хэрэгтэй болжээ.Энэ үзэл нь кино дөнгөж эхлэхэд гарна.

Монгол цэргүүд Оросын нэг тосгонд орж ирээд ард иргэдийг нь дээрэлхэнэ.Тэнд Александр Невский байж байдаг.Монголчуудтай тэмцэх үү гэсэн асуулт гарч ирэхэд Александр Невский ухаалгаар “Хэрэггүй, бидэнд одоо тэднээс ярвигтай дайсан буй” гэж хэлнэ.Нэг таагүй юм нь энэ хэсэгт монгол цэргүүдийн хувцас хэрэглэлийг тун зөв, ойролцоо гаргасан атлаа тэргэн дотроос гарч ирж байгаа ноён нь харах царайны хятад нөхөр байдаг юм.Өнгөц харахад хятад ноёд монгол цэргүүдийг удирдаад явсан мэт.Уг нь бол харин ч эсрэгээрээ байсан байлгүй.

Кинонд цэргүүдийг монгол, ноёныг нь хятад маягаар дүрсэлсэн нь:


Өдгөө харин Оросын мэргэжлийн түүхчид байдлыг бас өөрөөр харж байна. Дээрх хамгийн их тархсан үзлээс гадна Лев Гумилев тэргүүтэй судлаачид Александр Невскийг ямар нэг дипломат бодлого гэхээсээ илүү өөрөө угаасаа Монголын талыг баримтлагч байсныг баталсан бол арай илүү үндсэрхэг үзэлтэй түүхчид, тухайлбал Игорь Данилевский, Сергей Смирнов нарын судлаачид Александер Невскийгийн Оросын түүхэнд гүйцэтгэсэн гай нь гавьяанаасаа хавьгүй их, Монголын талд орох ямар ч хэрэг байгаагүй, өөрөө очиж нөхөрлөсөн, Орос вангуудтайгаа хамтран тэмцсэн бол тэднийг дийлэх байсан хэмээн үзэх болжээ.

Ямартай ч энэ түүхэн кино бол тухайн үедээ үүргээ нэн сайн гүйцэтгэсэн билээ.Ард түмний эх оронч сэтгэлгээг бадраана гэсэн, бадраасан л бүтээл болсон юм.Яг л орчин цагийн Наци-Германы эсрэг суртал болох нь бусад кадруудаас ч бас тодорхой.Александр Невскийгийн тэмцээд дийлж буй Теотоникуудын өмссөн дуулга нь гучаад оны Герман цэргийн дуулгатай нэн төстэй, тэр ч бүү хэл Хас тэмдэг хүртэл өмсгөл дээр нь харагддаг.

Кино бас ч гэж олонд түгж, эх оронч сэтгэлийнх нь утсыг хөндөх хүртлээ уджээ.  Германуудын эсрэг найдвартай кино хийгээд театруудад тараачхаад байж байтал Молотов-Риббентропын харилцан үл довтлох гэрээ байгуулагдаж,өнөө Герман нь дайсан биш, хамсаатан болж орхив. Зөвлөлт засаг тараасан бүх киногоо хураан авч, ард нийтэд үзүүлэхийг хориглосон байна.Тэгтэл хэдхэн жилийн дараа Герман итгэл эвдэн довтолж, Сталин ч сандран өнөөх киногоо нэн яаралтай бзх театрт тараан үзүүлжээ.

Ямар ч байсан Александер Невский Оросын ард түмний зүрх сэтгэлд хамгийн хүндтэй хүн нь байсаар байх нь лавтай, 2008 онд явуулсан бүх нийтийн санал асуулгаар угаасаа тэгж тодорсон, нөгөө талаар мань эр Бат хааны хүү Сартагтай ах дүү бололцсон, Хар хорумд хоёр ч удаа ирж, Монголтой нэн ойр дотно холбоотой байсан нь бас түүхэн баримттай, гэтэл Монголын байлдан дагууллыг Орос иргэд түүхэн дэх хамгийн хар муухай зүйлээ болсон хэмээн итгэсээр буй. Тэгэхээр хамгийн хайртай баатраа хамгийн заналт дайсантайгаа нөхөрлөж явсныг тайлбарлах шалтаг шалтгаан заавал хэрэгтэй, тэр нь энэ түүхэн кино болсоор байх буй заа.

“Цогт тайж”, найруулагч Юрий Тарич, кино зохиолч Бямбын Ринчен, 1945

“Александр Невский”-тэй адил дайны үед зохиогдсон, гол зорилго нь эх оронч үзлийг төлөвшүүлэх кино бол манайдаа “Цогт тайж” байлаа.17-р зууны их соён гэгээрүүлэгч, эх оронч, яруу найрагч Цогт хун тайжийг гол баатраа болгон сонгосон нь ч учиртай.“Хар шар феодалтай” дөнгөж тэмцээд дууссан үе учраас Цогт хунтайжийн ялангуяа Буддын шашны шарын урсгал, Далай ламын эсрэг тэмцсэн нь нэн тохиромжтой сэдэв байв.

Кинонд тусгагдаагүй болон арай өөрөөр үзүүлсэн байж болох зарим зүйл дээр саналаа солилцъё.

Юуны өмнө Цогт тайжийн тэмцлийн хамгийн чухал хоёр талын нэг нь болох Шарын урсгалын эсрэг тэмцсэнийг нь тодорхой үзүүлсэн боловч Улааны урсгалыг тогтоохын төлөө тэмцсэн гол зорилго нь бүрхэг, хэн хэнтэй холбоо тогтоон тулалдсаныг ч эвтэйхнээр зайлсхийн харуулаагүй байна. Одоогоос арваад жилийн өмнө миний бие Шашны дээд сургуулийн захирал байсан гавж лам Ш. Сонинбаяр багштай ярилцлага хийж байхад доорх түүхийг хуучилсан юм:

...

Ш. Сонинбаяр: 5-р Далай лам Агваанлувсанжамцын амьдрал Монголын түүхтэй маш их холбогддог. Өндөр гэгээний багш хүн.Тэр үед Төвдөд их хэцүү юм болсон юм.Дотоодын шашны их хямрал л даа.5-р Далай лам бол шар малгайтны титмийн ёсыг, өөрөөр хэлбэл Богд Зонхавагийн гэлүгбаг барьдаг хүн.Тэр үед Төвдөд нямавын, сажагийн гээд олон урсгал байж.Гаржүдын ёс гэж Нямавагийн буюу улааны шашны нэг хэсэг бий.Гаржүдынхан Гэлүгвагийнхан буюу шарынхантайгаа эвдрэлцээд Хөх нуурт тусгайлан хуралдаж.Тэр хуралд Халхын цоохор Цогт хунтайж, Хамын Бэрээ Доёд хаан, Гармавын Пунцаг хаан гэсэн нэг монгол, 2 төвд хаан хэлэлцээд Гэлүгбаг устгаж, Гаржүдваг тогтооё гэж тохирчээ.5-р Далай ламын амь насанд аюул учраад байсан энэ үед Баруун Монголын Гүүш хаан ирж шарын шашны аминд орж, энэ 3 дайсныг нь устгаж өгсөн байдаг.Далай лам үүнд ихэд талархаж Гүүш хааныг Төвдийн хаанаар өргөмжилж байсан.


М.Саруул-Эрдэнэ: Цогт тайж кино тэгвэл арай өөрөөр үзүүлжээ дээ?


Ш.Сонинбаяр: Ринчен гуай тэр киноны зохиолыг бичихдээ Сүмбэ хамбо Ишбалжирын "Хөх нуурын домог" гэдэг номыг барьсан гэнэ лээ. Үүнийг манай гавж багш ярьдаг байсан.Дөчөөд оны үед Ринчен гуай Гандан хийд дээр ирж манай гавж багш, Иштавхай лам нартай уулзаж Цогт тайжийн талаар кино хийх санаагаа хэлжээ. Тэр хоёр Сүмба Хамбо-гийн "Цо онбын лоржү" буюу "Хөх нуурын домог" гэж ном байдгийг хэлж, Ринчен гуай тэр номыг тэр хоёроор орчуулуулан киногоо хийсэн юм билээ. Нэг л болохгүй юм кинонд бий дээ.Кинонд Соёмбо гараад байдаг. Гэтэл тэр бол Соёмбо үсэг зохиогдоогүй байсан үе… (М. Саруул-Эрдэнэ, “Манайхан АМЕРИКТ”, Бидний монголчууд цуврал, Улаанбаатар, 2009, 60-61-р тал)


Мөн кинонд эсрэг талын баатраар дүрслэгдэн, олон нийтийн дунд харгис этгээдийн дүрээр мөнхөрсөн Гүүш хааны тухайд арай өөр үзэл бодлыг сэтгүүлч Занданхүүгийн бичсэн өгүүллийг Америкийн Монголчуудын Даяар Монгол онлайнаас дараах холбоосоор орон уншиж болно. http://www.dayarmongol.com/index.php/2010-02-09-04-36-18/6678-2012-01-15-14-11-34


Киноны бас нэг сонирхолтой, олны сэтгэлд хурцаар хүрсэн хэсэг бол Цогт тайж төрсөн хүүгээ урвасных нь төлөө өөрөө цаазаар авах ял оноодог өгүүлэмж юм.Арслан тайжийн чухам урвасан эсэх нь харин эргэлзээтэй аж.1993 онд, Улсын Багшийн Их Сургуулийн оюутан байхад минь утга зохиол судлаач, академич Д. Цэрэнсодном авгай “Эртний уран зохиол” хичээл заасан билээ.Тэрбээр Арслан тайжийн тухай нэн сонин түүх өгүүлснийг тэмдэглэн үлдсэнээ сөхье.Академичийн өгүүлснээр Цогт тайж хүү Арслан тайжаа эхэлж Төвд рүү илгээгээд, гол хүчээ аван араас нь очиж, нийлэхээр болсон аж.Гэвч очиж чадалгүй удаан саатсанд араас ирэх хүчээ хүлээн Төвдөд аж төрсөөр Арслан тайж нэг мэдэхэд Далай ламын шарын урсгалд орчихжээ.Тэгээд сэтгэл санаа нь хямран, амиа хорлосон гэнэ. Цэрэнсодном багш Ринчен гуайг кино зохиолоо бичихдээ яагаад Арслан тайжийг Цогт тайж чухам өөрөө цаазалснаар үзүүлсэн болохыг тухайн үед болж байсан дайн, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой нь холбон яриад, хамгийн гол нөлөө нь Ри багш яг тухайн үед “Тарас Бульба”-г орчуулж байсантай холбоотой байж мэдэх юм хэмээн өгүүлж байлаа. Гоголийн зохиолд эсрэг талд урвасан хүү Андрейгаа Тарас Бульба өөрийн гараар буудан хороодог юм.Бас нэг сонирхолтой давхцал нь Андрейгийн урвах болсон шалтгаан нь бүсгүй хүн болдог.Цогт тайж кинонд ч Арслан тайжийг мөн тийн үзүүлсэн билээ.

Цогт тайж шарын урсгалыг дарах гэж тэмцсэн учраас дараа нь харин Монголд гэлүгвагийн ёс баттай тогтсон хойно түүнийг буруутгасан, харын талын хүн байсан гэх домог үлгэр тархсан ажээ.Яг л социализмын үед кино зохиолд түүхэн хүнийг үзэл сурталдаа хэрхэн ашигладаг байсан, шашин дэлгэрэх үед ч байдал мөн адил байсан бололтой юм.Тийм домгууд өдгөө нэгэнт мартагдсан боловч 1926 оны зун ЗХУ-ын ШУА-аас Монголд илгээсэн судалгааны аяллынхан маш сонирхолтой нэгэн домгийг тэмдэглэн үлдээсэн байна. Тэр зун академич Н. Поппегоор ахлуулсан 6 хүнтэй баг  Туул голыг уруудан явж алдарт Цагаан байшин, тэр хавийн бичээсүүдийг судалсан юм. Аяллын нэг гишүүн, Поппегийн туслах Б.Б.Бамбаев хэмээх буриад судлаач нутгийн ардуудаас Цогт тайжтай холбоотой нэн сонин домгууд сонсож авснаа 1929 онд Ленинград хотноо хэвлүүлжээ. Нэг домогт өгүүлэх нь:

“Цагаан байшинг харын талын Хун тайж бариулжээ.Яг барьж дуусахад нь бөө хэрвээ арслангаар тахилга үйлдэхгүй бол гай зовлон нөмөрнө хэмээн зөгнөсөн аж.Арслан олоход хэцүү байсан тул Хун тайж Арслан нэрт ганц хүүгээ золигт гаргахаар шийдсэн байна.Хүү нь тэгтэл эцгийнхээ үгэнд орсонгүй гэрээсээ дутаав гэнэ.Хун тайж араас нь өөрөө нэхэн, харваж эхэлжээ.Эхний удаад сүүжин тушаа нь онож шархтуулсан тул тэр газрыг Сүүж гэх болж.Дараа нь нүдэнд нь оносон газрыг Хара нүдэн хэмээх болов.Эцэст нь элгэнд нь онож алсан бөгөөд тэр цагаас хойш тус нутгийг Хара элэг хэмээх болжээ. Ингээд цогцсыг нь нутагтаа авчирсан байна…” (Предварительный отчет лингвистической экспедиций в Северную Монголию за 1926 год, Издательство Академий Наук СССР, Ленинград, 1929, 30-р тал)   

Энэ домгийг яах аргагүй шарын урсгалынхан Цогтын эсрэг зохиосон нь илт байна.Бүр 1926 оныг хүртэл нутгийн ардын дунд яригдсаар л байжээ.

Энэ бүхнээс үзэхэд аль ч нийгэм, үзэл суртлын үед түүхэн алдарт хувь хүн, үйл явдлыг өөр өөрийн зорилгод нийцүүлэн тайлбарлах, ойлгуулах нь байдаг, ялангуяа сайн хийгдсэн кино гэдэг ард олны итгэл үнэмшилд нэн гүнзгий нөлөөлдөг урлагийн төрөл ажээ. Невийн Александрийн нөхөрлөж явсан Сартаг тэргүүтэй монголчууд, Алтан Ордоны улсынхан кинонд гардаг шигээ муу улс биш байсан ч байж мэднэ, Арслан тайж, Гүүш хаан ч хэр хүмүүс байсныг уг нь мэргэжлийн түүхчид л хэлэх байх, гагцхүү  олон нийтийн үзэл бодолд бол киноныхоо дүрээр л мөнхрөн үлддэг, тэр ойлголт, дүр нь ч тэгтлээ амар өөрчлөгдөхгүй эд болой. Тийм ч учраас В. И. Ленин “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино мөн” хэмээн хэлсэн бололтой.      


  

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив