Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Далай, даян аваргууд өвдөг шороодсон” “Нью-Жерси 2014” (5 сарын 23-25)
2014 оны 6 сарын 19 [Уншсан тоо: 63224]
Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн жил ирэх тутам өргөжин тэлж, оролцогчдынх нь тоо чанар нэмэгдсээр байна. Анх 2005 онд, Дэнвэр хотноо Вашингтон, Дэнвэр, Чикаго хотын монголчуудын дөрвөн баг өрсөлдөн аваргаа шалгаруулж байсан бол энэ жил Нью-Жерси мужид насанд хүрэгчдийн 9, ахмадын 6, нийт 15 баг хүчээ үзэхээр ирсэн байлаа.

Нээлтийн ажиллагаа

Тэмцээнийг нээхээр Монгол улсаас НҮБ-д суугаа элчин сайд, ноён Одын Оч хүрэлцэн ирэв. Тэрбээр үгийнхээ эхэнд тус тэмцээнийг зохион байгуулахад хүчин зүтгэсэн Америк дахь Монголчуудын Хөлбөмбөгийн Холбоо, тамирчид, нийт оролцогчдод чин сэтгэлийнхээ талархлыг илэрхийлээд, энэхүү сонирхолтой бөгөөд өвөрмөц арга хэмжээ нь хэдхэн хоногийн дараа болох гэж буй спортын агуу том баяр болох Дэлхийн Хөлбөмбөгийн Цомын өмнө болж байгаагаараа онцлог болохыг цохон тэмдэглэлээ.   

Хэсгийн тоглолтууд


Насанд хүрэгчдийн 9 багийг гурав гурваар нь хэсэг болгон тоглуулав. А хэсэгт Нью-Жерсигийн “Жигүүр”, олон өөр муж улсын төлөөлөл баг болох “Мон Юнайтед”, Халимагийн “Лотус” багууд, Б хэсэгт Чикаго, Сиэттл, Сан-Франсискогийн монголчуудын багууд, В хэсэгт Халимагийн “Жангар”, Вашингтон Ди Си-гийн Монголчууд болон Буриадын “Хар Морин” багууд сугалаа тааран өрсөлдөв.  Ингээд хэсэг бүрийн эхний хоёр баг, мөн хамгийн сайн үзүүлэлттэй хоёр гуравдугаар байрын баг цаашид шөвгийн наймд шалгаран хасагдах журмаар тоглохоор зохион байгуулсан байна.Өөрөөр хэлбэл хамгийн муу үзүүлэлттэй ганцхан баг л хэсгээсээ шалгарч чадахгүй гэсэн үг юм.

Шөвгийн найм

Хэсгийн тоглолтууд дууссаны дараа шөвгийн наймд Мон Юнайтед – Сиэттл, Чикаго – Лотус, Жангар – Жигүүр, Сан-Франсиско – Вашингтон багууд тус тус хоорондоо хүч үзэхээр оноолт таарчээ. Энэ дөрвөн тоглолтоос хоёр нь нэн сонирхолтой, өрсөлдөөнтэй болсныг товч бичье..

Мон Юнайтед, Сиэттл хоёрт өнгөрсөн жилийн тооцоо байсан учир тоглолт ширүүн болох нь эхнээсээ тодорхой байв.Ноднин Вашингтон хотноо болсон тэмцээнд энэ хоёр баг яг энэ шатанд бас таарч, Мон Юнайтед 2-1 харьцаагаар хожин цааш шалгарч байсан юм.Тиймээс Сиэттлийн залуус эхнээсээ хор шартай үзэн, тоглолтын санаачилгыг гартаа авч байв.Бөмбөг бүрийн төлөө нэн чармайн тэмцэлдэж байснаас болж нэгнээ ёврох, түлхэх зэрэг ч ихсээд ирлээ.Ялангуяа Мон Юнайтед багийн тоглогч, Бостон хотоос ирсэн Батбаатарыг хэтэрхий олон удаа алдаа хийн унагаснаас болж хор шарыг нь ихэд хөдөлгөчихжээ.Энэ нь Сиэттлд эцэстээ муугаар төгссөн юм.Жирийн үедээ ихэд тайван тоглодог Батбаатар яг л эцсийнхээ тоглолтод хүчээ үзэж буй мэтээр хамаг хүчээ шавхан, дайрсаар байж тоглолт дуусахаас гуравхан минутын өмнө, 16 –ын гаднаас солгой хөлөөрөө унаж өшиглөн гоол хийсэн юм.Ийнхүү энэ хоёр багийн сүүлийн хоёр жилийн тоглолт Бавари-Арсеналын мөн үеийн түүхийг давтав.

Шөвгийн наймын бас нэг үзүүштэй тоглолт Вашингтон Ди Си – Сан-Франсиско хоёрын хооронд боллоо.Уран сайхан хууралт, хүчтэй цохилтоор дүүрэн болсон энэ тоглолт дуусах дөхчихсөн, тооны харьцаа 1 - 1 байлаа.Гэтэл зургаахан минут дутуу байхад Сан Франсискогийн залуус гоол хийчхэв.Вашингтоныхон сэтгэлээр амархан унадаг тамирчид байсан бол тоглолт ингээд л тодорхой болчих байлаа.Гэтэл үгүй шүү, хоёр минутын хугацаа үлдээд байхад Билгээ захаар авч орж байгаад гол руу тун сайн оруулсан нь хаалгачийг давж, Сүхээнээ хоосон торонд тухтай нь аргагүй мөргөөд тэнцүүлчихлээ.Гоолын дараахан шүгэл тасхийж, залуус хувь заяагаа 11 метрийн цохилтоор шийдэх болов.Тэнцээний гоолыг хийсэн Сүхээнээ шүглээс өмнө амжин хаалгачийн байраа эзэлснээр пенальтиг барих эрхээ олж авлаа.Тэрбээр гурван ч цохилтыг хааж чадсанаар Вашингтоны баг хагас шигшээд шалгарсан юм.
    
Шигшээ тоглолтууд


Ингээд хагас шигшээд Жангар, Чикаго, Вашингтон Ди Си, Мон Юнайтед багууд үлдсэн нь яг өнгөрсөн жилийн шилдэг дөрвөн баг бүрнээрээ байлаа.Гагцхүү энэ удаад сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн Чикаго баг хагас шигшээд Вашингтонд, хүрэл медалийн төлөөх тоглолтод Мон Юнайтедад хожигдсоноор байр эзэлж чадаагүй нь нэг томоохон дуулиан болсон юм.Хүрэл медалийн төлөөх тоглолтод Мон Юнайтед багийн довтлогч 16 настай Билгээхүү гоол хийлээ.Харин аваргын төлөөх тоглолтын хувьд Жангар баг Вашингтоныг хожин түрүүлсэн, гэхдээ үүнийг ихэд бахархан сайшааж бичихээр юм болоогүй, харин ч шүүмжлэн анхааруулах нь зүйтэй явдал болсон тул тусгайд нь бичье.

Аваргууд маань аварга шиг байж чадсангүй

Тэмцээний нэр хүнд, цар хүрээ, өрсөлдөөн, оролцогчдын чанар чансаа өсөөд ирэхээрээ эргээд бас сонин л байдалд хүрдэг юм байна.Тайлбарлая. Анх Вашингтон, Дэнвэр хоёр хотын монголчууд нөхөрсөг тоглолт хийж, дараа жил нь Чикаго хотынхон нэмэгдсэнээр Дэнвэр хотноо энэхүү тэмцээн мэндэлж байлаа.Үүнээс хойш жил ирэх тутам өргөжин тэлж, Сан-Франсиско, Сиэттл, Нью-Жерсигийн монголчууд багаа бүрдүүлэн оролцох болсон нь сайхан л байлаа.Монгол улсаас хүртэл баг ирж хоёр ч тэмцээнд тоглосноор улам л өргөжин тэлэв.Тэмцээн маань ийнхүү нэгэнт нэр хүндтэй болсонд үндэс угсаа нэгтэй Халимаг, Буриадууд маань ихэд сонирхон, оролцохыг хүссэнд бид алгаа дэлгэн хүлээн авсан билээ.Монгол туургатны тэмцээн болтлоо ийнхүү өргөжин тэлж байгаа нь бахархалтай, бас улам л өрсөлдөөнтэй болсоор байсан юм.

Гэтэл Халимаг ах дүү нар маань сүүлийн хоёр жил дараалан шигшээд шалгараад хоёуланд нь торгуулийн цохилтоор хожигдон мөнгөн медаль авсандаа ихэд харуусан, бараг л үндэстний хэмжээний том ажил болгон, дэлхий даяар таран суугаа мэргэжлийн залуусаа аваад иржээ.Уг нь тэмцээнд маань мундаг тамирчид ирэхээр бид үнэхээр баярладаг, эхнээсээ энэ тэмцээнээс маань улсын шигшээд ч тамирчин шалгарч байсан, бид түүгээрээ бахархдаг, гэтэл нэг баг тэр чигээрээ мэргэжлийнхэн ирчихээр тэмцээний утга учир алдагдчихдаг юм байна. Америк дахь халимаг ах дүү нар маань аймаг хотлоороо, хамт олноороо хөдөлж, Элстийн Уралан баг, мөн Оросын дээд лийгийн идэрчүүдийн багт тоглодог залуусаа хэрэг болгон авчирсан нь нэг талаар тэмцээнийг маань ихэд хүндлэн, мөнгө төгрөгөө зарсан мэт харагдавч нөгөө талаасаа заавал хожих хор шар, даагаа ямар ч хамаагүй аргаар нэхэх гэсэн оролдлого болох нь тодорхой байв. Учирсан бүх багуудаа тав, арваас дээш гоолоор хожихдоо хаалгандаа ганц ч бөмбөг алдсангүй, хагас шигшээд 7 - 0, шигшээ тоглолтод мөн 7 - 0 харьцаагаар хожсоноор тэмцээнийг маань огт үзэх юмгүй болгож орхив.Ноднин, уржнан тэд үндсэн багаараа ид өрсөлдөж байхад ямар сайхан өрсөлдөөн өрнөдпөг байлаа?Энэ жил тэр үндсэн багаас нь ердөө гуравхан шилдэг нь үлдэж, бусад нь бидний өмнө огт хараагүй мэргэжлийнхэн ОХУ-аас ирсэн байлаа. За тэгээд өрсөлдөөнийг үгүй хийх нэг хэрэг, харин хийсэн гоол болгоныхоо дараа учиргүй баярлан, тэмдэглэх нь бас жигтэй, нэгэнт тоогоо тодорхой болгоод мундгаа харуулчихсан хойноо шигшээ тоглолтод сэлгээгээр эмэгтэй хүн оруулж ирээд, тэрэндээ бүх бололцоог нь олгож байгаад албаар гоол хийлгэж байгаа нь бахархалтай гэхээсээ илүү муухай санагдаж байсныг нуух юун. Манай нэг улсын заан нэг сумын наадамд амандаа ирсэн жижиг хүүхдийг давчхаад учиргүй баярлан дэвж, өндөр өндөр үсрэн баярлаад байхгүй дээ.Мэргэжлийнхэн ер нь зангаргатай баймаар юм билээ.

Ахмадын тэмцээн

35-аас дээш насны ангилалд 6 баг хүч үзлээ. А хэсэгт Вашингтон Ди Си, Жангар, Мон Юнайтед багууд, Б хэсэгт Сан Франсиско, Дэнвэр, Чикаго багууд тааран өрсөлдсөнөөс хагас шигшээд Дэнвэр Мон Юнайтедтай, Сан Франсиско Жангартай тоглохор шалгарсан юм.Ингээд хүрэл медалийн төлөө Мон Юнайтед баг Халимагийн Жангар багийн ахмадуудыг 3- 1 харьцаагаар хожсон бол аваргын цомын төлөөх тоглолт маш өрсөлдөөнтэй болж, үндсэн цагт тэнцсэнээр торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдэх болов.Өнгөрсөн жилийн тэмцээнд хүрэл медалийн төлөө Мон Юнайтедтай тоглон, медалийн оосроос атгаад алдаж байсан Дэнвэрийнхэн энэ удаад мэргэн байж, ахмадын тэмцээнд өвдөг шороодож үзээгүй Сан Франсиско хотынхноос цомыг нь салгаж чадлаа. Ийнхүү Нью-Жерси 2014 тэмцээнээр насанд хүрэгчдийн ангилалд сүүлийн гурван жил түрүүлсэн, өөрөөр хэлбэл “даян аварга” Чикаго баг, 35-аас дээш насны ангилалд сүүлийн хоёр жил дараалан түрүүлсэн “далай аварга” Сан Франсиско багууд өвдөг шороодож, шинэ аварга төрөх хувьтай байжээ.   

Тэмцээнээс спортын мастер төрөв

Өмнө энэ тэмцээнээс Монгол улсын шигшээ багийн тоглогч төрж байсан тухай өгүүлсэн билээ.Мөрөн маань цаашид Монгол улсаас төрсөн анхны мэргэжлийн тамирчин болсон байгаа.Тэгвэл энэ удаад Монголын Хөлбөмбөгийн Холбооноос анх удаа тус тэмцээнд оролцогчид “спортын мастер” цол олгов.Өнгөрсөн жил хоёр дараалан түрүүлсэн багийнхаа гол тоглогч нь байсан гэсэн амжилтаараа дэд мастерын болзол хангасан Чикагогийн Жавхлан гурав дахиа дараалан түрүүлж, амжилтаа бататгасан тул “спортын мастер” цол хүртсэн бол тус багийн тамирчин Улсболд дэд мастер боллоо.Мөн М. Оргил тэргүүтэй гурван тамирчинд Хөлбөмбөгийн “1-р зэрэг” олгосныг Америк дахь Монголчуудын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Баярсайхан гардуулж өгөв.

Шилдгүүд

Хаалтын цэнгүүний үеэр тэмцээний шилдгүүдийг шалгаруулан шагнал гардууллаа.

Шилдэг хаалгач: Жангар багийн мөнөөх нэг ч гоол алдаагүй Анатолий Мошкин
Шилдэг хамгаалагч: Вашингтон Ди Си-гийн Бямбаа
Шилдэг довтлогч: Мон Юнайтед багийн тоглогч, 16 нас хүрч буй Б. Билэгтүвшин, 8 гоол хийсэн амжилтаар
Шилдгийн шилдэг тоглогч: Жангарын Шон Бурушкин

Ахмадын тэмцээнд

Шилдэг хаалгач: Лхагва (Мон Юнайтед)
Шилдэг хамгаалагч: Хүрэлбаатар (Сан Франсиско)
Шилдэг довтлогч: Жаргал (Дэнвэр)
Шилдгийн шилдэг тоглогч: Ууганбаяр (Дэнвэр) тус тус шалгарав.

“Спортын мастер” гэж өөр юм байна

Сүүлийн үед урлаг спорт, ер нь хаа сайгүй зэрэг цолны нэр хүнд унаж байна гэж их яриад байгаа.Харин энэ тэмцээнээр “спортын мастер” гэдэг цол ямар чухал болох, тийм цолтой хүн ямар байх ёстойг, хэрхэн үлгэрлэдгийг тодорхой харж авав.Мон Юнайтед багт С.Рэнцэнсамбуу, Д. Баатар гэж хоёр ахмад мастер байх.Нэг нь Бостоноос, нөгөө нь Индианагаас ирсэн хоёр мастер ахмад болон залуусынхаа багт зэрэг тоглов.Аль аль баг нь цаашаа шалгараад л байсан учраас хоёр мастер гурван өдрийн туршид залуусынхаа багт тавантаа, ахмадынхаа багт дөрвөнтөө, нийт есөн удаа маш өндөр хурд, хүч, ачаалалтай нөхцөлд тоглодог юм байна.Ингэхдээ нэг ч удаа хөл гар өвдлөө, булчин шөрмөс зангирлаа хэмээн гомдоллосонгүй, эртнээс хариуцлагаа гүн ухамсарлаж, бэлтгэлээ сайтар базаасан нь тодорхой байлаа.Залуус бол эхнээсээ сууж л байна лээ. Тэрийгээ нэг өдөр хоёр л тоглох ёстой, хоёрдахь тоглолтоосоо хойш 48 цаг амрах ёстой ч гэж тайлбарлаж байсан, онол нь бол тийм л байдаг байх, харин мань хоёр ёстой л нэг хуучны яс сайтай мастеруудын үлгэрийг үзүүлсэн дээ.

Ванчинхүүгийн Ганхуяг ба Нью-Жерсигийнхэн

Нью-Жерси муж бусад томоохон хотуудтай харьцуулахад монголчуудынхаа тоогоор цөөвтөр боловч энэ том тэмцээнийг маш сайн зохион байгуулж чадлаа.Олон талбай дээр тоглолтуудыг зэрэг зэрэг явуулснаар тэмцээн хугацаандаа багтаж чадсан нь сайшаалтай.Бүтэн хорин долоон тоглолтыг бүрэн шүүх бүрэлдэхүүнтэйгээр явуулна гэдэг амар ажил биш ээ. Гол зохион байгуулагч В. Ганхуяг Нью Жерсигийн залуусын “Жигүүр”, ахмадын Мон Юнайтед багтаа бас тоглосон тул элдэв олон асуулт, санал гомдлыг барагдуулах, нээлт хаалтын ажиллагаа, хоол унд, шүүгч гээд үй түмэн ажлынхаа хажуугаар долоон удаа бүтэн тоглоод авсан нь үнэхээр бахархалтай байв. Ёстой л нэг спортод элэгтэй, сэтгэлтэй хүний хийх ажил тэр байлаа.“Таван цагариг” сонин анх мэндэлж байхад спортын олон мэргэжлийн сэтгүүлч байсан, харин В. Ганхуяг бид хоёр идэвхтэн бичигч нь байж, нийтлэл мэдээгээ хэвлүүлдэг байсан маань хориод жилийн өмнөх дуртгал билээ.Хөгширч ирээд хамт нэг багт тоглох, бас түүнийг спортынхоо төлөө зүтгэсээр явааг нь харах урамтай байна шүү.

“Дэнвэр 2015” буюу арван жилийн ой

Америкийн Монголчуудын Аварга Шалгаруулах Тэмцээнийг өнгөрсөн жил Вашингтон хотынхон зохион байгуулсан.Энэ жил Зүүн эргийн өөр нэг хот болох Нью-Жерси амлаж авахад Баруун эргийнхнээс өрсөлдөх хот гарч ирээгүй.Учир нь Дэнвэр хотынхон анх энэхүү тэмцээнийг 2005 онд, нутаг дээрээ зохион байгуулж байсан тул хүлээж байгаад 10 жилийнхээ ойгоор ахин авахыг хүсчээ.Хүсэл нь ч ёсоор болж, тэд эрхээ авлаа.Бүтэн арван жилийн туршид хөлбөмбөгийн ногоон талбайд тэмцэлдэж, олон сайхан баг хамт олон, олон ч авьяаслаг хөлбөмбөгчийг төрүүлэн гаргажээ, энэ тэмцээн.

Өрсөлдөөнөөс өширхөл бус амжилт, нөхөрлөл төрөх ёстой.Арван жилийнхээ ойгоор бүгдээрээ үүнийг батлан харуулна аа, залуус аа.

2015 онд Дэнвэрт уулзацгаая.     
     


          


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив