Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монгол хэл соёлын зуслан наймдахь удаагаа амжилттай хичээллэлээ
2014 оны 8 сарын 11 [Уншсан тоо: 77707]
АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Индиана мужийн Блүүмингтон хот дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвтэй хамтран монгол хүүхдүүдийнхээ хэлийг хадгалах, сэргээх, монгол соёлд сургах зорилгоор “Монгол хэл соёлын зуслан”-г жил тутам зохион байгуулдаг юм. Наймдахь удаагийн зуслан 2014 оны 7 сарын 12-19-ний өдрүүдэд хичээллэлээ.

Таван мужийн 22 хүүхэд
    
Энэ удаагийн зусланд Аризона, Индиана, Иллиной, Мэриланд, Виржиниа мужийн 22 хүүхэд хамрагдлаа. Бага нь таван настай Мөнх-Оргил, том нь 16 хүрч буй Золбоо байв.Өнгөрсөн жилүүдэд хүүхдүүдийг насаар нь бүлэгт хуваадаг байсан бол энэ жил спортын болон бусад уралдаан тэмцээнд жигд өрсөлдөөн өрнүүлэхийн тулд бүлэг бүрд том бага хүүхэд тэнцүүвтэр байхаар төлөвлөн ангилав. Ингээд нэг бүлэг буюу баг болсон хүүхдүүд өөрсдөө нэрээ сонгохоор болсон юм. Дотроо ярилцаж ярилцаж “Бөмбөг, “Бууз”, “Галт-Од”, “Баатрууд” хэмээх нэрсийг сонгосон байна. Бөмбөгийг Билгийндалай багш, Буузыг Отгончимэг багш, Галт-Одыг Энхжин багш, Баатруудыг Билгийн-Илд багш даан ажиллахаар боллоо.  

Монгол дуу шүлэг

Өдөр бүр нэг монгол дуу заав. Монгол хэлний хичээлийг дуу шүлгээр дамжуулж явуулах нь ялангуяа зусланд илүү үр өгөөжтэй юм. Ингээд хүүхдүүд “Тавтай нойрсоорой”, “Сайн байна уу?”, “Бөөн баяр”, “Хүүхэд насаа хайрлаж явъя” дуунуудыг сурснаас гадна “Хэрвээ сайхан маьдарч байвал”, “Шувуухай” тойрон бүжигт мөн суралцлаа. Бага насны хүүхдүүдэд мөн насанд нь тохирсон шүлэг зааж өгөв. Өнгөрсөн жилүүдэд зусланд явж байсан, өөрөөр хэлбэл дээрх дуунуудыг сайн мэддэг болсон хүүхдүүдэд арай хүндэвтэр дуунууд зааж өглөө. Тухайлбал Л. Мөнхтөрийн үг “Зөөлөн замбуулин”.    

Орчуулагч багачууд

Энэ дууг хүүхдүүд зүгээр нэг сураад зогсохгүй англи хэл рүү орчуулах оролдлого хийсэн юм. Гурав гурваараа гурван баг болсон хүүхдүүд мэдэхгүй үгсээ багшаасаа асууж байгаад англи хэлэнд ийн буулгажээ.

Уг үг нь:

Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа соргог байдаг аа
Уужуу тайвуу ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг аа

Зүүд хүртэл жаргааж сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Нар үдэлсэн буурал говийн
Салхи нь дандаа бүлээн байдаг аа
Насан өндөр сайхан ээжийн минь
Санаа нь дандаа сүү байдаг аа

Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг аа
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдаг аа

Анужин, Аюуш, Анука гурав ийн орчуулав:

When the horse smells a certain kind of flower the horse is strong
The father is more calm and his words are more valuable

If you have the positive mind set
Then your life will be calm and soft

Where the sun is out the wind is always soft and warm
My old wise mother has a pure soul

The bunny uses the bushes as shelter
When the mother is rocking the baby
She always gazes at her body warming

Өд, Анударь, Чинсанаа гурав орчуулсан нь:

The blue steppe smells the plant
The horse is strong at the steppe
My calm, patient, wise dad’s words
Are valuable like treasure

Even dreams have happy ending
If you think the right decision
You will have a happy life

In the place where there always sun
There is a warm wind
My old mother’s soul is very pure

All mothers’ glances are warm
Whenever you see a bunny
It’s always under a bush

Золбоо, Тэнгис, Мишээл гурвын орчуулга:

The steppe smells like plants
The horses are always strong
The dad is always calm
His words are always precious

You woke up in a dream happily
If you think happily, your future will be bright

The place where the sun shines always has a warm breeze
My aged mom’s souls is pure like a milk

The bunny is hiding in a bush warming up
The bunny always look warm
My mom looks at me softly and sings a lullaby

Мэдээж буруу ойлгосон зүйл олон байгаа боловч 9-13 насны хүүхдүүд орчуулсан гэдгийг болгоогоорой. жишээ нь “адууг агь үнэртсэн” гэдэг ч юм уу, “бөжин туулайг харахаар дандаа л нэг бутан доор байж байдаг” ч гэдэг юм уу, өөр өөрийнхөөрөө л ойлгож. Гэвч ерөнхий санааг бол жаахан хүүхдүүд гэхэд сайн л гаргаж. Угаасаа ч тийм амар үгтэй дуу биш л дээ.

Спортын тэмцээнүүд

Өрөө, өрөөндөө суугаад тооцоолуурын дэлгэцнээс салдаггүй хүүхдүүдийг хөдөө агаарт авчирсных, спортын уралдаан тэмцээн олны зохиолоо. Дөрвөн багаараа сагсан бөмбөг, хөл бөмбөг, агаарын теннис, чөлөөт шидэлтээр аваргаа шалгарууллаа. Хөл бөмбөгийнхөө тэмцээнийг яг дэлхийн цомын шигшээ тоглолт болсон өдөр зохиосон нь хүүхдүүдийн идэвх сонирхолд сайтар нийцсэн юм.  

Индианагийн их сургуулиар аялав

Хүүхдүүдийг их дээд сургуульд дуртай болгох, сурах эрмэлзлийг нь бадраах зорилгоор Индианагийн их сургуулиар аялуулав. Ингэхдээ тус сургуулийн олон нийттэй харилцах албатай хамтран, хүүхдүүдийнхээ дунд Индианагийн Их Сургуулийн хотхон доторх түүхийн дурсгалт газруудыг олох уралдаан маягаар зохион байгуулсан юм. 9 настай Анар бүх цэгүүдийг олсон бөгөөд “энэ ямар сайхан сургууль вэ, дараа жил дахиад ирж болох уу?” хэмээн асууж байсан нь зорилго маань биелснийг харууллаа.  

Хүүхдүүд маань бас бууз хийж сурсан, монгол бичгээр нэрээ болон Монгол хэмээн бичиж сурсан, йогийн хичээлд хамрагдсан, усан санд сэлж зугаацсан, кино хамтдаа үзсэн, ой модоор аялж, яст мэлхий, буга, мэлхий зэрэг амьтан харсан гээд долоо хоногоо үнэхээр хөгжилтэй мөн сурч мэдэн, өгөөжтэйгөөр өнгөрөөлөө.  

Зуслан ажиллуулсан баг

Энэ жил бид таван багш, нэг зөвлөх багш, зохион байгуулагч, тогоочийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Үүнд:

Төрийн Департаментийн Гадаад Харилцааны дээд сургуулийн монгол хэлний багш Ц. Наранцэцэг зуслангийн зохион байгуулагчаар

Өндөр насныхаа тэтгэвэрт суугаа, доктор Гоогийн Бадан зөвлөх багшаар

Улаанбаатар, Баянгол рестораны ахлах тогоочоор ажиллаж байсан Б. Амаржаргал тогоочоор

Стрэйерийн Их сургуулийн магистрант Д. Отгончимэг

Жэймс Мадисоны Их Сургуулийн оюутан С.Билгийн-илд

Жэймс Мадисоны Их Сургуулийн оюутан Т. Энхжин

Хойт Виржиниагийн Коллежийн оюутан С. Билгийндалай нар бүлгийн багшаар

Үүнийг бичигч, зусланг санаачлан үүсгэн байгуулагч миний бие монгол хэл соёлын багшаар тус тус ажиллав.  

Олны хүч оломгүй далай

Хүүхдэд ээлтэй сайхан хүмүүс хаа сайгүй байх. Ажаа рэнбүчи тэдний нэг. Энэ төвийн захирлаар ирснээсээ хойш бидэнтэй хамтран ажиллаж, байгалийн үзэсгэлэнт тэр сайхан төвдөө биднийг хүлээн авч зусланг байраар хангадаг хүн. Бас хүүхдүүдэд маань нэг өдрийн хоол авч өгдөг, энэ удаа пиццагаар дайлсан нь ёстой л бөөн баяр байв.

Мөн Индианагийн Их Сургуулийн багш Л.Цэрэнчунт биднийг эргэж ирэхдээ хүүхдүүдэд амтат сайхан зайрмаг, жимс, Блүүмингтон хотод оршин суугч Очмаа жимстэй мөхөөлдөс авчирч баярлуулав. Түүхийн ухааны доктор Бэсүд Отгонтөгс, гэргий Соёлмаа, хүүгийнхээ хамт ирж, хүүхдүүдийн дунд “Би Монголдоо хайртай” зургийн уралдаан зохиож, бүх хүүхдэд батламж, бэлэг сэлт гардуулан, чихэр боовоор дайлсан нь сайхан арга хэмжээ болж өнгөрөв.

Эцэг эхчүүдийн сэтгэгдлээс

Чикаго хотоос ирсэн Чингүүн хүүгийн ээж Зандармаагийн сэтгэгдэл

Хүүхэд нас хамгийн сайхан үе. Бид багадаа пионерийн зуслан, лагерьт гарна гээд зуны улирлыг тэсэн ядан хүлээдэг байж билээ. Америкт амьдарч байгаа бидний хүүхдүүд монгол хэл, соёл заншлаасаа хол өсөж байгаа нь эцэг эхчүүд бидний хувьд сэтгэл өвтгөсөн асуудал болоод байгаа юм. Миний хүү Чингүүн ч тэр л хүүхдүүдийн нэг. Саруул-Эрдэнэ, Наранцэцэг багш нарын санаачилгаар Ажаа гэгээний төв дээр зуслан ажиллуулж байгаа сонсоод хүүгээ явуулж үзлээ. Зуны турш тооцоолуур дээр өдөр шөнийг өнгөрөөж байгаа хүү маань эхэндээ явахгүй гээд, би ч бараг хүчээр шахам явууллаа. Эхлээд ч анх удаа хол явуулж байгаа хүүдээ санаа зовоод байж сууж чаддаггүй шүү. Гэтэл Саруул багшийн нүүр ном дээр тавьсан зургийг хараад, янз бүрийн сайхан арга хэмжээнд орж яваа хүүгийнхээ зургийг үзээд тайвширсан билээ. Би өөрөө л хүүгээ маш их зожгирчихсон хүүхэд гэж бодоод байсан, тэгтэл үгүй шүү. Өдөр бүр янз бүрийн спорт, бусад арга хэмжээнд бусад хүүхэдтэй хамт хэчнээн сайхан оролцон тоглож байна гээч. Зуслангийн бүх багш нарын хүүхэдтэй тоглож байгааг, хичээл зааж байгааг нь харахад хүүхдэд хэчнээн хайртай улс вэ гэж бодогдсон шүү. Хүү маань бөөн баяр ирсэн. Бүр нүд нь сэргэчихсэн, дуу шуу орчихсон, тэгээд бас хамгийн гол нь надтай монголоор ярих гэж оролдоод л. Сурсан олон монгол үгээрээ ярьж, миний гайхшийг төрүүлээд л. Олон найзтай боллоо, хоол сайхан байлаа гэнэ. дараа жил Монгол явах уу гэсэн, Үгүй ээ энэ зусландаа заавал ахиад явна шүү гэнэ. Дараа зун ахиухан өдрөөр байвал их сайн байна. Та бүхэн энэ буянтай үйлээ заавал үргэлжлүүлж хийгээрэй. Үүнийг л аминчлан захья… гэжээ.

Энэ мэтчилэнгээр хүүхдүүд очсон даруйдаа дараа жил заавал ахиад явна шүү гэдгээ хэлсэн тухай Номингийн ээж, Тэнгисийн эмээ, Анарын аав бүгд хэлж байлаа.

Ийнхүү харь газар аж төрж буй монголчуудынхаа үр хүүхдийг монголоор нь хадгалах гэсэн бас нэгэн оролдлого болох “Монгол хэл соёлын зуслан” наймдахь удаагаа амжилттай хичээллэж өнгөрлөө. Солонгос, Хятад, Польш, Орос зэрэг улсын засгийн газар тусгай хөтөлбөрөөр харьд байгаа иргэдийнхээ үр хүүхдийн хэл соёлыг хадгалдаг юм билээ. Зуу илүү жилийн өмнө ирсэн ч өнөөг хүртэл энэ их гүрэнд уусчихггүй, хятад, солонгосоороо байсаар ирсний учир нь тэр аж. Харин манай засаг төрөөс тийм зиндааны бодлого явуултал, Монголын ашиг сонирхол гээчийг дэлхий даяар, өргөн уужуу хардаг болтол иргэд бид санаачилгаараа энэ мэт ажлынхаа амийг тасалчилгүй үргэлжлүүлэхийг хичээх болно.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив