Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Урьдчилан Ухаарч, Шинжин Нягтлах Цэцэн Хүний Явдал буюу Оньс үг
2014 оны 12 сарын 30 [Уншсан тоо: 59024]

НТӨ 5-р зуун. Эртний Грек буюу Эллад нутгийн Фессали муж. Сүйрэн унаж, бүхнийг газартай тэгшилсэн барилгын нүд халтирч, элэг шимшрэм дүр зураг. Хэнийг нь ч хэн гэж таних арга үгүй. Ундуй сундуй хөглөрөх гутал хувцас, бөгж зэргээр нь л ах дүүсээ, элгэн саднаа танихгүй юм бол хүндэтгэлтэйгээр оршуулах өөр ямар ч боломж үгүй болжээ. Түрхэн зуур гарсан ганц хүнээс бусад нь ийнхүү бүгд дарагджээ.

Цэнгүүнээс зуурхан гарсан тэр хүн бол Эртний Грекийн яруу найрагч Кеосын Симонид байлаа. Тэрбээр Фессалийн язгууртан Скопын цэнгүүнд найраг шүлгээ уншихаар уригдан ирээд байсан юм. Тансаг ширээнээ сууж байсан Симонидын мөрөн дээр аяархан цохиж анхаарлыг нь татсан элч гадаа зогсоо хоёр морьтон руу заав. Тэр хоёр Симонидад ямар нэгэн чухал мэдээ хүргэхээр яарч буй нь илт. Яруу найрагч суудлаасаа босоод, алгуурхан гарлаа. Гэтэл түүнийг босго дөнгөж давуутаа үгүйтэй ордны тааз нуран, нүсэр хүнд гантиг, боржин чулууд бүхнийг даржээ.

Эргэн харваас ганцхан хормын өмнө гантиг чулуу нь гялалзан байсан тансаг ордон цогцос дүүрэн нуранги болон хувирч, баясал цэнгэлийн дуун замхран, шимшрэм нам гүм орчныг нөмөрч, агаарт их тоос дэгджээ. Тал талаас гүйн ирсэн хүмүүс нурангийг зайлуулан, ах дүүсийнхээ цогцсыг гаргахыг хичээнэ. Харин хэнийг нь хэн гэж таних ч хэцүү байсан нь эмгэнэл дээр эмгэнэл, уй дээр уй нэмж байлаа.

Яг энэхэн мөчид санах ой гээч ямар гайхамшигтай зүйл болохыг олонд мэдрүүлсэн, ой тогтоолтын талаарх тогтсон үзэл бодлыг орвонгоор нь өөрчилсөн тэр явдал тохиожээ. Симонид нүдээ анин, эргэн тойрныхоо гай гамшиг, эмх замбараагүйн дунд мэдрэхүйгээ дайчлан оруулаад оюун санаандаа цаг хугацааг буцаан эргүүлж эхлэв. Нуран унасан гантиг чулуу эргэн босож, сүрлэг сайхан багана тааз боллоо. Хэлтэрхий шаазан агаарт дэгдэн нийлж, ахиад ваар болжээ. Өргөс болтлоо үйрсэн мод эргэн эвлэж, сандал ширээ болон босов. Ширээн дээр тэгээд хэн хаана сууж байсныг Симонид нэг нэгээр нь зураглан харав. Хамгийн тэргүүнд язгууртан Скоп суугаад өөр нэг найрагч андтай нь хөгжилтэйеэ хөхрөлдөн ярина. Хүн бүрийг бүр өмнө нь тавьсан хоол, хутга сэрээтэй нь хүртэл нэгд нэгэнгүй харлаа. Цонх руу харваас мөнөөх морьтой элч нар довтолгон айсуй.

Симонид нүдээ алгуур нээв. Тэгээд орь дуу тавин цурхиран ухилах хүмүүс дээр очоод, гараас нь хөтлөн, нуранги дундуур итгэлтэйеэ алхаж, элгэн садан, хайртай хүмүүсийнх нь сууж байсан яг тэр газар нь бүгдийг нь нэг бүрчлэн хүргэж өгчээ. Чухам энэ мөчид л ой тогтоолтын урлаг, эргэн санахуйн ухаан гээч үүссэн гэнэм.        

Тэр цагаас хойш дурсан санахуй, ой тогтоолтыг урлаг, ухааны хэмжээнд үзэж, хүн юмыг хэрхэн тогтоодог, хэрхэн мартдаг зэргийг судалсаар иржээ. Хүний ой ухаан гэгч сонин хачин, алиа хошин, бас биетэй бодтой, хоорондоо холбоотой, хувь хүнтэй өөртэй нь хамаатай зүйлсийг сайн тогтоож чаддаг, харин хийсвэр, салангид зүйлсийг чээжилж (Төрийн хэлний зөвлөлөөс журамласныг баримтлан “чээжилж” хэмээн бичив) чаддаггүй аж. Тийм ч учраас зайлшгүй тогтоох шаардлагатай хийсвэр, хэцүү, салангид зүйлсийг элдэв арга, үг хэллэг, бие махбодтойгоо холбон чээжлэх арга боловсруулж. Ганц жишээ дурдахад  саруудын 31 эсвэл 30 хоногтойг мэдэхийн тулд хурууныхаа үеийн тоолон, товгортой нь 31 хоногтой, хотгортой нь 30 (эсвэл бүр гучаас ч бага) хоногтой болохыг тогтоож болдог. Ийм арга ухааныг “оньс ой” гэнэ. Ой ухаанаа оньсолж байгаа хэрэг юм л даа.

“Оньс ой” – г олон улсын хэллэгээр “мнемоник” гэнэ. Англи хэлэнд бол эхний М-ыг нь гээж “нэмоник” хавьцаа дууддаг. Энэ нь эртний грек хэлний “мнэмоникос” буюу “ой ухааны, ой тогтоолтын” хэмээх үгээс гаралтай. Эртний Грекийн энэ “ой ухааны” хэмээх “мнэмоникос”-ын гарлыг хөөвөл харин Грекийн домогтой холбогдоно. “Ой ухаан” буюу Мнэмосинэ хэмээх охин тэнгэр байж. Уран, Гея хоёрын охин. Ард олонд ой тогтоолтыг бэлэглэдэг тэнгэр байж л дээ.

Хүний ой ухаан хэрхэн оньслогддог талаар судалгаа, туршилт олныг хийж. Жишээ нь нэг хүний зургийг хоёр өөр бүлэгт үзүүлээд, эхний бүлэгт нь “Энэ хүний нэрийг Тогооч гэдэг” (Уг судалгаанд Baker буюу “талхчин” хэмээх үгийг сонгосныг монголчлов) хэмээн танилцуулсан бол нөгөө бүлэгт нь “Энэ хүн тогооч юм аа” хэмээн хэлж. Адилхан зураг, адилхан үг - тогооч. Тэгээд хэсэг хугацааны дараа мөнөөх зургаа үзүүлээд “Энэ чинь хэн сэн билээ” хэмээн асуухад нэр гэж танилцуулсан бүлгийнхэн ихэнх нь мартсан байсан бол мэргэжлээр нь хэлсэн бүлгийнхэн “өө, тогооч л байна” гээд сууж байсан гэдэг. Учир нь “Тогооч” гэсэн нэртэй гэхэд салангид ганц нэр л хүний сэтгэхүйд буудаг бол “тогооч” хийдэг хүн юм аа гэнгүүт өнөө хүнийхээ зүс царайг хоол хийж байгаа үйлдэл, амттай сайхан хоол зэрэгтэй нь цуг санадаг аж. Өөрөөр хэлбэл салангид дан үг биш, бүхэл бүтэн санаа хүний тархинд буудаг, энэ нь ч хожмоо оньс болж, нөгөө хүнээ харуут л “тогооч” гэж санадаг байна.

Монгол бичгийн хичээл дээрээ бид бас оньс ойг ашигладаг байлаа. Гарын “алга”-ыг монгол бичгээр “алаг-а”, харин “алга болох”-ын “алга”-ыг “алг-а” хэмээн бичнэ. Үүнийг тогтоохдоо “Алга болох гэхэд А нь алга болно” гэдэг.

Надаар монгол хэл заалгаж байсан гадаад оюутнууд монгол үгийг тогтоохын тулд элдэв хөгжилтэй, сонирхолтой оньс хэрэглэдэг байлаа. Баргийг нь мартаж. Ганц хоёрыг санаж буйгаасаа хэлбэл нэг оюутан “боловсрол” гэдэг үгийг дуудлагаар нь “bowl of cereal” гэж тогтоогоод санаандаа “education is the bowl of cereal for the kids” хэмээн хадсан гэдэг. Бас нэг оюутан “Харамсалтай нь” гэж үгийг тогтоохгүй нэн удсаныхаа дараа “Harem of Sultan” гэж тогтоогоод санаандаа харин ганц ч татвар эмгүй, уйтгарлан суугаа Султаныг төсөөлснөөр утгыг нь мөн чээжилж чадсан юм.  

Оньслон тогтоох олон аргаас хамгийн түгээмэл, хамгийн хэрэгцээтэй нь “оньс үг” болно. Одоо л бид “мэнээмооник” гэх мэтээр гадаадаас үг, нэр томьёо авах дуртай болчихсоноос биш оньс ой, оньс үг гээч зүйлсийг бидний өвөг дээдэс угаасаа мэддэг, амьдралдаа хэрэглэдэг ч байлаа. Жишээлбэл монгол бичиг сурахад хатуу зөөлөн дэвсгэрийг нэг нэгээр нь, салангидаар нь тогтооход хэцүү тул “багарсад, намланг” хэмээн чээжилдэг байсан нь сонгодог “оньс үг” мөн. Да багш орос үсэг авахдаа энэхүү уламжлалыг баримтлан эгшигт гийгүүлэгчийг “Монгол баавар”, заримдаг гийгүүлэгчийг “Цоожоо засаад тушаачих” хэмээн тогтоолгодог байсан нь аанай л оньс үг болно.

Гэвч манайд үүнээс цааш олигтой оньс үг гаралгүй гацчихсан байна. Оньс үг бол сургалтад, ялангуяа бага, дунд боловсролд бол нэн хэрэгтэй зүйл юм. АНУ-д хүүхдүүд нарны аймгийн гарагууд, солонгын долоон өнгө, амьтан ургамлын аймаг зүйлийн дарааллыг хэрхэн тогтоодгийг жишээ болгон авч үзье.

My Very Educated Mother Just Served Us Nine Pizzas хэмээх өгүүлбэрийг тогтооход хялбар бөгөөд эхний үсэг нь гарагуудын нарнаас холдох дарааллаараа, Mercury, Venus, Earth, Mars, Jupiter, Saturn, Uranus, Neptune, Pluto болно. Гэтэл саявтархан Плуто буюу Дэлхийн Ван-г гараг биш болгочихлоо. Өнөөдүүл чинь ч өгүүлбэрээ засан ... just served us Noodles… болгож.

Гэрэл гурвалжин призмээр орохдоо долоон өнгө болон задардаг. Энэ долоон өнгөний дарааллыг америк хүүхдүүд Roy G. Biv хэмээх зохиомол нэрээр тогтоодог байна. Үүнд Red, Orange, Yellow, Green, Blue, Indigo, Violet. Бидний багад бас нэг ийм оньс үг байсан юм. Урд Замаар Шагдар Ноёны Цэргүүд Хатируулж Явна гэж. Хэн зохиосныг нь мэдэхгүй юм. Ямартаа ч энэ өгүүлбэрийг тогтоож байгаад физикийнхээ хичээл дээр Улаан, Зүржин, Шар, Ногоон, Цэнхэр, Хөх, Ягаан гэж зөв хэлдэг байлаа. Гэвч улбар шар өнгийг бид “зүржин” хэмээн ярьдаггүй учраас одоо бол шинэ оньс үг хэрэгтэй байгаа юм.

Амьтан ургамлыг ангилах биологийн дарааллыг тогтоохдоо Kids Play Cards On Freaky Game Show гэсэн өгүүлбэрийг ашиглана. Эдгээр үгсийн эхний үсгүүд нь Kingdom, Phylum, Class, Order, Family, Genus, Species болох юм.

“Зугаатай хэл шинжлэл” бүлгэмээс нэг жилийнхээ ойгоор ийм оньс үг зохиох тэмцээн зарлан, гурван зүйлээр билиг оюунаа уралдууллаа. Үүнд:

1. Нарны аймгийн гарагуудыг Нарнаас холдох дэс дарааллаар нь тогтоох оньс үг.

Буд
Сугар
Дэлхий
Ангараг
Бархасбадь
Санчир
Тэнгэрийн ван
Далайн ван

2. Гэрэл долоон өнгө болон задрах дараалал

Улаан
Улбар
Шар
Ногоон
Цэнхэр
Хөх
Ягаан

3. Биологийн ангилал. Ихээс нь бага руу уруудах дарааллаар.

Аймаг
Хүрээ
Анги
Баг
Овог
Төрөл
Зүйл

Ингээд уралдаанд шалгарсан үгсээ танилцуулъя. Гарагийн хувьд гурван үг шалгарсан бол өнгө, биологийн ангилал дээр тус бүр хоёр үгийг шалгаруулав.

Гараг
Буурлын Сургаал, Дээдсийн Айлдвар Бидний Сэтгэлд Тодхон Дуурсагдана. ( зохиосон Дук Дулмаа)
Бүдэг Саарал Дээлтэй Аавыгаа Бодон Сууж Талархан Дурсахуй (Дэнсмаа)
Баавайн Сургаал Дэндүү Агуу Бандийн Суртал Тааруу Дорой (Золзаяа)

Өнгө
Урьдчилан Ухаарч, Шинжин Нягтлах Цэцэн Хүний Явдал. (Нүүр номын нэр Cman Bman)
Уяатай Унага Шиг Намайг Цагдаж Хянаж Яанам. (Болорсайхан Бадамсамбуу)

Биологи
Алтан Хүрээтэй Аюуш Бурхныг Ордны Төвд Заллаа. (Дук Дулмаа)
Амьтад Хүртэл Анги, Бүлэг, Овог, Төрөл, Зүйлтэй. (Бүрнээ)


Эдгээр үгсийг сургалтдаа ашиглахыг ЕБС-ийн Одон орон, Физик, Биологи болон Амьтан Ургамал судлалын багш нарт зөвлөж байна. Ингэхдээ хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан, дээрх хувилбаруудаас сонгож болох юм. Заавал дунд сургуулийн сурагчид ч гэлтгүй, уншигч олон нийт ч эдгээр оньс үгсээс сонгон тогтоох нь учиргүй хэрэг болдоггүй юм аа гэхэд лав л илүүдэхгүй. Учир нь боловсролт хүн бүрийн мэдэж байх зүйлс юм.

Үг нь шалгарсан идэвхтнүүдийг “Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийн ном, шагналын санд хандиваа өргөсөн доктор Ж.Бат-Ирээдүй, М. Баярсайхан багш нарын болон бусад судлаач, зохиолчдын номоор шагнах болно.   

“Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийн зохицуулагчид



       
     
            

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив