Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алдарт “Венецийн Биэналэ”-д анх удаа Монголын урлаг
2015 оны 4 сарын 30 [Уншсан тоо: 46879]
La Biennale di Venezia - энэ бол дэлхийн зураач урчуудын хувьд мөрөөдөл нь болсон наадам билээ. Англиар заримдаа Venice Biennial хэмээн орчуулан хэрэглэдэг ч дэлхийн ихэнх улс түмэн итали дуудлагаар нь “Ла Биеналэ ди Венециа” хэмээнэ. Биеналэ гэдэг нь хоёр жил тутам болдог аливаа үйл ажиллагааг тодорхойлдог үг юм. 1895 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү наадам дэлхийн модерн урлагийн хамгийн нэр хүндтэй том үзэсгэлэн болоод зогсохгүй, өдгөө түүний эргэн тойронд театр, кино, хөгжмийн наадам ч зохиогддог болж, урлагийн, нүсэр том баяр болсон байна. Анх Венец хотын зөвлөлөөс зөвхөн Италийн урлагийн үзэсгэлэн маягаар эхэлж байсан бол 20-р зуунаас, тухайлбал 1907 оноос эхлэн, бусад улсууд ч ихэд сонирхон, анх Бельги улс павильоноо нээснээр олон улсын шинжтэй болсон аж. Наадмын нэр хүнд олны сонорт хүрч, 1920 оноос эхлэн тухайн үеийн хамгийн нэр хүндтэй уран бүтээлчид оролцож эхлэв. Жишээлбэл 1910 онд Густав Климт тусгай өрөө захиалан уран бүтээлээ үзүүлсэн бол Пьер-Огюст Ренуар нэг хүний шоу үзүүлж, удалгүй Густав Кюрбе, Пикассо нарын ч бүтээл заларчээ.

Үүнээс хойш орчин үеийн урлаг хөгжүүлсэн улс бүр өөрийн павильоныг тэнд нээхийг хичээх болж, 1914 он гэхэд Бельги, Унгар, Герман, Их Британи, Франц, Орос улс тус тус павильонтой болжээ. Харин энэ жил Монгол улсаас анх удаагаа гурван уран бүтээлч оролцохоор болоод байна.

Тус наадмыг нэр хүндтэй, оролцоход бэрхшээлтэй болгодог нэг хүчин зүйл нь хөрөнгө мөнгөө гаргасан бүгдийг оруулаад байдаггүй, уран бүтээлчдийг тусгай шүүгчид үнэлэн дүгнэж, оролцуулах эсэхийг нь шийддэгт оршино. Тийм ч учраас Ла Биеналэ ди Венециа нь тааруухан уран бүтээлч оролцуулж үзээгүйгээрээ бахархдаг, дэлхий нийт ч үүнийг нь хүлээн зөвшөөрдөг билээ. Шалгаран оролцож байсан уран бүтээлчдээс цөөхнийг нь нэрлэхэд л хангалттай. Жишээлбэл Францаас Сэрж Поляков, Жеан Дубуффэ, Их Британиас Хэнри Мур, АНУ-аас Виллем дэ Күүнинг, Жаксон Поляк… гэх мэт.

Ла Биеналэ ди Венециа-д оролцож буй уран бүтээлчдээс гадна урлагийн кураторууд маш чухал үүрэгтэй. Ингээд энэ жил Монголын урлагийн куратороор тус наадамд оролцож буй доктор Цүлтэмийн Уранчимэгтэй ярилцав.

Ц.Уранчимэг: Венециа Биеналэд анх удаагаа монгол эмэгтэй уран бүтээлч бие даасан үзэсгэлэн гаргаж буй нь түүхэн явдал

М.С. Вэнэцийн Биэналэ нь юугаараа чухал, өвөрмөц, ач холбогдолтой наадам билээ?

Ц.У. Ерөөсөө л орчин үеийн “контемпорари” хэмээх урлагийн хамгийн том баяр юм. Хоёр жил тутам болж, тухайн хоёр жилд энэ ертөнцөд орчин үеийн урлагаар хамгийн сонин содон юм юу болов гэдгийг гаргаж ирдэг наадам. Тэгэхээр энэ наадамд оролцож байгаа уран бүтээлч гэвэл өнөөгийн урлагийн ертөнцөд л хамгийн оргил, шинэ юмыг үзүүлж байгаа улс гэж ойлгогддог. 2013 оных нь “Энциклопедик Палас” нэртэйгээр болж байлаа.

М.С. Уран бүтээлчээ илгээж буй улсын хувьд ямар учир холбогдолтой үйл ажиллагаа вэ?

Ц.У. Улс бүр өөр өөрийн павильоныг нээдэг юм. Тэрүүгээрээ дамжуулж тухайн улс урлагийнхаа, эдийн засгийнхаа, соёлынхоо түвшинг дэлхийд харуулна. Тийм ч учраас энэ бол спортоор бол яг л Олимп шиг, оролцогч нь өөрөө улсынхаа нэр хүндийг нуруун дээрээ үүрч, олон улсын урлагийн ертөнцөд хөл тавьж буй явдал юм. Тийм ч учраас энэ бол зөвхөн урлаг гэхээсээ илүү дэлхийд Монголын нүүр царай, имижийг гаргаж буй, эергээр үзүүлж буй томоохон үйл явдал болж байгаа юм.

М.С. Азийн улсууд энэ “урлагийн их Олимпод” хэзээнээс оролцож эхлэв?

Ц.У. Бид бас нэг их хоцроогүй ээ. Анх Европ, Америк төвтэй урлагийг л сонирхдог байсан бол 1990-ээд оноос л Азийн урлагийг оролцуулах болсон юм билээ. Хятад гэхэд л анхныхаа павильоныг 2005 онд, 10 жилийн өмнө нээж байж.

М. С. Хэр хугацаанд үргэлжилж, хэчнээн хүн үздэг наадам бэ?

Ц.У. Бүтэн тав, зургаан сар үргэлжилж, хамгийн багаар бодоход 400 мянган хүн үздэг гэж байгаа. Дээр нь дэлхийн бүхий л том ТВ, сувгууд дамжуулж үзүүлдэг. Энэ жил сая гаруй хүн үзнэ гэж тооцоолж байгаа.

М.С. Ер нь зохион байгуулалт нь ямар бүтэц, шугамаар болдог юм бэ? Манайхан энэ удаад хэрхэн оролцож чадахаар болсон юм бол?

Ц. У. Анх зохион байгуулагч нь гарч, санаачилгаа гаргаад хөрөнгө мөнгөө хөөцөлдөх, зохион байгуулах ажлаа эхэлнэ. Комиссионер гэдэг ийм зохион байгуулагчаар энэ жил Боловсрол, Соёлын Яамнаас Бадамгаравын Гантуяаг томилсон бөгөөд зохион байгуулагч байгууллагаар нь Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо ажиллаж байгаа. 2014 оны 6 сард гадаад, монгол хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн комисс ажилласан байна лээ. 2014 оны тав зургаан сараас энэ ажиллагаа эхлээд Монголын уран бүтээлчдэд зарлал тарааж. Энэ явц их зөв болсон гэж надад санагдсан. Учир нь зөвхөн Монголд биш, гадаадад байгаа уран бүтээлчид ч мөн сонсоод материалаа ирүүлж. Тэгээд тэр бүх материалыг нөгөө 11 хүнтэй комисс шүүж, нарийн сонголт хийсэн байна. Ингээд Германд амьдарч байгаа Үнэн-Энх гэж уран бүтээлч, мөн залуу уран бүтээлч Энхболд нарыг сонгосон юм байна. Намайг болохоор өнгөрсөн найман сард Монголын павильоны куратороор ажиллаач гэж  урьсан юм. Kураторын гол ажил бол уран бүтээлчидтэйгээ ойрхон ажиллах, үзэсгэлэнгийн гол санаа, концепт, чиглэлээ гаргах, уран бүтээлчдийнхээ санааг олон улсын хэмжээнд таниулан ярих, судлах, онолын үүднээс тайлбарлах ажил байдаг. Ингээд павильонд хоёр, бие даасан үзэсгэлэнгээ нэг уран бүтээлч гаргаснаар нийт гурван хүн энэ жил Вэнэцийн Биэналд Монгол улсыг төлөөлөн оролцох юм.

Үнэн-Энхийн бүтээл

 

М.С. Монгол улсын нэр хүнд, нүүр царайг илтгэх энэ сайхан арга хэмжээнд манай төрийн зүгээс хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?

Ц.У. Зөв асуулт шүү, энэ. Дэлхий, Олимпийн дэвжээнд Монгол улсын тамирчид Монгол улсаа төлөөлөн улсынхаа нэрийг гаргадагтай адилаар эдгээр уран бүтээлчид, кураторууд Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах гэж байна. Энэ бол хувь уран бүтээлчийн асуудлаас хавьгүй өндөрт гараад явчиж байгаа зүйл юм. Тиймээс бүхий л улс орон павильоноо дэмжин, хөрөнгө мөнгийг нь гаргаж өгдөг уламжлалтай. Манайхаас бол Итали дахь Консул анхнаасаа дэмжин сайн оролцсон байгаа. Гэвч 11 сард гэнэт засаг солигдож, Соёлын яам гэж байхгүй болсон тул олон том бэрхшээл үүссэн. Нөгөө ярьчихсан, шийдчихсэн байсан мөнгө хөрөнгө зогсолтод орж, нэг үе бараг оролцож чадахгүйдээ тулсан нь ч бий. Яриад гэрээгээ хийчихсэн байсан нөгөө сайхан байшин сав чинь төлбөрөө хийгээгүйгээс болж дороо алга болчих гээд л. Үүн дээр Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо, Б. Гантуяа үнэхээр зүтгэл хичээл гаргаж ажилласан байгаа. Хөөцөлдөж явсаар байж энэ хоёр сард Гантуяа багийнхантайгаа Бат-Үүл дарга дээр орсон юм билээ. Бат-Үүл дарга харин ч урлаг ойлгодог хүн байж, дэмжин ажилласнаар компаниудын дунд хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулж, богинохон хугацаанд мөнгө босгож чадсан юм. Ингээд тэр босгосон хөрөнгийнхөө хэмжээнд боломжийн павильон авсан байгаа. Энэ бүхнийг хөөцөлдөх завсар бас хамтран ажиллах, дэмжин туслах түншүүд ч гарч ирлээ. Тухайлбал Холландад суурин ажилладаг “Глобал Артифэйр” гэж байгууллага өөрсдийнхөө павильоныг хуваалцах, хүлээн авалт зохион байгуулах багийг гарган өгөх зэргээр хамтран ажиллаж байгаа. Бас нэг чухал дэмжигч, гол хүн бол гадаад зөвлөх маань байгаа. Гантуяа энэ төслийг анх санаачилж эхлэхдээ л гадаад зөвлөх авсан юм билээ. Тэр нь дэлхийн урлагийн ертөнцөд маш нэр хүндтэй хүн. Америкийн алдарт МоМа гэж модерн урлагийн музейн захирал, Уитнигийн музейн захирал байсан, одоо бол Нью-Йоркийн  Урлагийн сургуульд багшилж байгаа Дэвид Росс гуай. Ла Биеналэ ди Венециа гэдгийг манай төрийн томчууд бас мэдэхгүй, ойлгохгүй байсан үед Дэвид Росс Йоко Оно-той холбогдож, энэ бол зөвхөн урлагийн төдийгүй тухайн улсын хөгжилд нөлөөлөх нэр хүндтэй асуудал хэмээсэн нээлттэй захидал Бат-Үүл даргад бичсэн нь бас их нэмэр болсон гэж бодож байна.

М.С. Монголын павильонд тэгэхээр ямар ямар бүтээл тавьж үзүүлэх гэж байна даа?

Ц.У. Хоёр уран бүтээлч маань Венециа Биеналд зориулж цоо шинэ уран бүтээл хийсэн байгаа. Манай павильон Европын Соёлын Төв бүхий Палаццо Мора гэдэг байранд гарна. Гурван өрөө байгаа. их өвөрмөц хоёр уран бүтээлч байгаа. Үнэн-Энх гэхэд манай ДУДС-т сурч байгаад наяад оны үед Унгарыn Будапештийн Урлагийн их сургуульд бакалавр, магистраа хийгээд, тэндээсээ Герман руу гарчихсан, өөрөөр хэлбэл манай урлагийнхнаас анх удаа тэр социализмын боогдмол үеэс гадагшаа гарсан уран бүтээлч. Дандаа эсгий, адууны хялгас зэрэг нүүдэлчдийн эд материалаар баримлaa хийдэг. Энхболд болохоор хөдөө өссөн хүүхэд, бас эсгийгээр юм хийнэ, “гэр”-ээр перформанс ажил бас их хийнэ. Зураг нь адууны хомоол, үнс, бургасаар, яг монгол гаралтай материалаар хийсэн бүтээлүүд. Энхболдын энэ бүтээлүүд болохоор бидэнд гаргаж өгсөн байранд, “суурьшмал” маягаар байх юм. Суурьшмал гэж хэлж байгаа маань ямар учиртай гэхээр бид үзэсгэлэнгээ хоёр маягаар, нэг нь суурьшмал, нөгөө нь нүүдлийн маягаар гаргах юм л даа. Монгол гэр бариад, Венец хотоор Энхболд гэртэйгээ нүүдэл хийж, перформанс урлагаар Венецийн жирийн иргэдтэй холбоо үүсгэж, Монгол урлагийг танилцуулан, Венецийн ард олныг гэртээ оруулж, урлаг болоод цай цүүгээр дайлна. Маш чөлөөтэй, дуртай хүн нь орж гардаг, Венецийнхэнтэй харьцаа үүсгэх перформанс айлыг Энхболд бэлдсэн байгаа. Энэ нь нэг талаас урлаг гэдэг дөрвөн хананы дотор л байгаад байх зүйл биш гэж үзүүлэх, нөгөө талаас Венец хотын түүх Монголтой холбоотой юм билээ. Хүннүгийн Атилла 5-р зуунд Итали руу довтлоход зугтсан зугтсан иргэд энэ хагас арал дээр суурьшсанаар Венец хотын түүх эхэлсэн юм байна. Дараа нь Марко Поло Хубилай хааны ордонд 16-17 жил амьдарч. Түүний бичсэн ном хүн төрөлхтний түүхэн дэх шинэ газар нутгийн нээлтэнд асар их нөлөөтэй. Христофер Колумб Марко Пологийн Монголын тухай, Монголын нийслэлийн тухай бичсэнийг уншсаны үндсэн дээр аяллаа эхэлсэн байдаг. Тэгэхээр бид бас Монголчууд эргээд ирлээ шүү, энэ удаад урлагаар бэлэг барина, харилцах, ярих гэж ирлээ гэж харуулах юм. Монгол павильон гэж ийм төсөл байна аа. Үүнээс гадна бас ”суурьшмал” үзэсгэлэн маань Палаццо Морад бас гарна аа.

Энхболдын бүтээл

М.С. Маш сонирхолтой байна. Павильоноос гадна Монголын урлагийг бас хэн хэрхэн төлөөлж үзүүлэх нь вэ?

Ц.У. Венецийн энэ наадам бол маш том хэмжээний баяр учраас олон сайхан төсөл, арга хэмжээ болдог юм байна. Үүний нэг нь уламжлал болон Венециа Биеналэ болгоноор зохион байгуулагддаг Personal Structure буюу “Хувийн орон зай” гэж болох арга хэмжээ юм. Тэднийх өмнө Монгол уран бүтээл нэг ч үзүүлж байсангүй, маш их сонирхож байна гэж кураторуудад саналаа ирүүлснээр бид зураач Ж. Мөнхцэцэгийг тодорхойлон илгээсэн юм. Мөнхцэцэгийг сонгосны учир нь нэгд эмэгтэй уран бүтээлчийн хувьд хамгийн шинэ сонин юмыг хамгийн түрүүнд мэдрэн, хэрэгжүүлдэг, маш олон шинэ уран бүтээл туурвиж буй цөөн уран бүтээлчийн нэг. Хоёрт би өөрөө жил гаруйн хугацаанд Мөнхцэцэгийн уран бүтээлийг судалж байгаа судлаачийн хувьд үүнийгээ үзэсгэлэн болгож цогцоор харвал ямар байх нь маш сонин санагдсан. Ингээд Мөнхцэцэгийн материалыг илгээтэл зохион байгуулагч нар нь шууд л хүлээж авсан байгаа. “Хувийн орон зай” хэмээх тэр үзэсгэлэнд нийт 40 орны уран бүтээлч оролцохоос Ж.Мөнхцэцэг маань “Дахин төрөлт” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ гаргана. Бас л Венециа Биеналэд зориулж цоо шинэ бүтээлүүд хийсэн байгаа. Үүнд зөөлөн баримал, гэрэл зураг, цаасан ажлууд бий. Энэ бол Монгол улсаас Венециа Биеналэд анх удаагаа монгол уран бүтээлч, тэгээд эмэгтэй уран бүтээлч бие даасан үзэсгэлэн гаргаж буй түүхэн явдал болох юм.  

Ингээд Венециа Биеналэд бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж буй зураач Ж. Мөнхцэцэгээс бичил ярилцлага авлаа.

Ж.Мөнхцэцэг: Би хэн бэ? гэсэн асуултад
бүтээлээрээ хариулахыг хичээдэг

М.С. Сайн байна уу? Вэнэцийг зорих гээд ажил ихтэй байгаа биз дээ? Контемпорари урлагийн хамгийн том наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох болсонд тань баяр хүргэхийн ялдамд ямар ямар бүтээл тавих гэж буйг тань сонирхож болох сон бол уу?

Ж.М. За баярлалаа. Эврээс үс хүртэл (From Horn to Hair) гэж зөөлөн баримал, Ачлал (Caring) хэмээх мөн зөөлөн баримал, Хонин сүнс (Sheep Soul) гэж гэрэл зураг, Умайг хамгаалагч шувуу (Bird-Keeper of the Womb) хэмээх цаасан зураг гэх мэт бүтээлүүд маань гарна.

 Мөнхцэцэгийн бүтээл

 М.С. Үзэсгэлэнгээ яагаад “Дахин төрөлт” гэж нэрийдсэн юм бэ?

Ж.М. “Дахин төрөлт” гэдэг санаа миний бүтээлийн гол сэдвүүдийн нэг юм. Хүний амьдралын оршин тогтнохуйг уран бүтээлчийн зүгээс харахдаа өөрөөсөө үргэлж “Би хэн бэ?” гэж асуудаг. Хариултыг нь бүтээлээрээ илэрхийлэхийг хичээвч эргээд бүтээлүүд маань асуулт болчихсон мэт санагддаг. Тэгэхээр “Би хэн бэ?”, “Би хэн байсан бэ?” хэмээх асуултууд намайг урлаг бүтээхэд хүч өгч, дахин дахин төрөх бүтээлүүддээ ч энэ хүчийг шингээхийг хичээдэг юм.

М.С. Ер нь таны бодлоор дэлхийн орчин үеийн урлаг дотор Азийн урлаг, тэр дундаа Монголын контэмпорари урлагийн эзлэх байр, түвшин хаагуур нь явна вэ?

Ж.М. Азийн урлаг сүүлийн хорь гаруй жилийн дотор маш хүчтэй хөгжиж байгааг бид харж байна. Тэр дундаа Монголын урлагт ч өөрчлөлт гарч эхэлж байгаа. Бидний амьдарч буй энэ он жилүүд бол нийгмийн болон урлагийн амьдрал үнэхээр хурдацтай өөрчлөгдөж, бид бүгд үүнийг нь бие сэтгэлээрээ туулж байгаа, тийм л цаг үе. Өнөөгийн Монголын урлагийн түвшнийг гаднын судлаачид, тухайлбал Азийн урлаг сэтгүүлийн эзэн, урлаг судлаач Иан Финдлэй Браун зэрэг хүмүүс пост коммунист орнуудын түвшинтэй адилтган дүгнэдэг. Мөн Монголын нийгмийн энэ хурдацтай өөрчлөлт урлагт нь тусгалаа олж байгаа, уран бүтээлчид нь өөрсдийнхөө мөн чанарыг шинээр нээж эхэлж буй цаг үе гэж үздэг.

М.С. Та өөрөө гадаадын ямар ямар улсад үзэсгэлэнгээ гаргаж байв? Гадаадын урлаг судлаачид, жирийн сонирхогчид Монголын урлаг гэдгийг чухам ямар талаас нь, ямар өнцгөөс, хэр хүлээн авч байна вэ?

Ж.М. Тайланд, Япон, Швейцарь, Сингапур зэрэг улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Мөн Фукуокад Азийн Урлагийн музейд гарсан Азийн эмэгтэй зураачид 1984-2012 нэртэй үзэсгэлэнд оролцож байсан. Ер нь Монголын тухай төсөөлөл энгийн хүмүүсийнх нь хувьд сайн биш учраас Монголын урлагийг хүлээн авах нь ч мөн тийм өргөн хүрээтэй байдаггүй юм.

М.С. Эргээд Монголынхоо тухай ярихад, Монгол дахь урлаг судлал хийгээд ард түмний урлагийг ойлгох түвшин, гоо зүйн таашаал ямар байдалтай байна вэ?

Ж.М. Ерөнхийдөө манайхны урлагийн тухай ойлголт барууныхнаас их өөр. Монгол үзэгчид урлагийг гоё болон гоёчилсон байдлаар хүлээн авах их дуртай. Гэтэл урлаг бол дан ганц гоё, эсвэл төгс байдал биш шүү дээ. Мэдээж ард түмний гоо зүйн таашаалын онцлог ийм боловч орчин үеийн урлагийг мэдэрч, түүнээс таашаал авч чаддаг болох хэрэгтэй, үүний тул урлагийг ойлгох хүсэлтэй хүмүүст зориулсан тусламж, арга зам хэрэгтэй байна. Жишээлбэл, хамгийн наад зах нь урлагийн мэдээллийг нийтэд түгээх тусгай сэтгүүлтэй болох, мөн урлагаар дагнасан сэтгүүлчтэй болох гэх мэт. Ийм цаг удахгүй ирэх байх аа.

Харин мэргэжлийн хүрээн дэх урлаг судлал энэ үед яах аргагүй зогсонги байдалд орсон. Учир нь Зөвлөлтөд сурсан хүмүүсийн нэг үе дуусаад гуравдагч оронд суралцсан дараагийн үе гарах хүртэл завсар гарч. Одоо гэхдээ шинэ цагийн урлаг судлаачдын үе эхэлж байгаагийн нэг тод жишээ нь доктор Ц. Уранчимэг юм. Уранчимэг Монголын урлагийг дэлхий дахинд гаргах үйлсэд зүрх сэтгэл, мэдлэг мэргэжлээ зориулж байгаа нь Монголын уран бүтээлчдэд маш том гарц нээж өгч байна.            

М.С. За баярлалаа. Урлагийн тэнгэр та бүхнийг ивээг. Сайн яваарай.

Ж.Мөнхцэцэгийн үзэсгэлэнгийн урилга.

 

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив