Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Харийн хааныг шүтэх ёс буюу Стокхолмын синдром Монголд
2015 оны 7 сарын 20 [Уншсан тоо: 176736]

Хурал

2015 оны 5 сард Вашингтон Хотноо Монгол Соёлын Төвийнхөн Олон Улсын Монгол Судлалын бага хурал зохион байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэд ирж илтгэл тавьсан билээ. Тэдний нэг МУИС-ийн профессор Жамсрангийн Урангуа багштай Конгрессын Номын Санд хууч хөөрөн сууж байв. Тэгтэл тэртээд Энх-Амгалан хааны шаазан баримал шиг нэгэн урлал харагдсанд яриа Монголд нэн дэлгэрсэн мөнөөх шаазангийн тухайд болон хувирлаа. Айл бүрд тэр шаазан байдаг байсан тухай, зарим нь бүр Бурханыхаа оронд залдаг тухай хэлэлцэж байтал Урангуа багш “Уг нь Энх-Амгалан хааныг монголчууд тэгтлээ шүтээд байх ямар ч учиргүй, харин ч их гай тарьсан шүү дээ” хэмээх үеэр харамсалтай нь яриа тасарсан билээ.

Түүнээс хойш тархины мухарт нээрээ бид яагаад харийн тэр хааныг шүтэн залдаг болов, ямар үйл бүтээсэн хаан билээ, өдгөө ч бас манай монголчуудын дунд Путиныг, Хитлерийг, Сталиныг шүтэх хандлага харагддаг, энэ бүхэн цаагуураа нийгэм сэтгэлзүйн адил үндэстэй юм биш биз хэмээх бодол хургасан билээ. Тэгээд Урангуа багшийг Монголд очсон хойно нь хэрэг болгон, Энх-Амгалан хааны талаар, яагаад монголчууд шүтэх учиргүйг нь лавлалаа.

Энх-Амгалан хаан

Урангуа багш харин надад ийн хариулав: 

“Энх Амгалан хаан “Монголчууд аймаг бүлэг олонтой агаад тун эрэлхэг хүчирхэг. Би эелдэг, энэрэнгүй дүрээр тэднийг номхотгон хүмүүжүүлж, улсын сүр хүчээр хүлээсэлнэ. Үүний хамт энэрэл хайр хүртээж, сэтгэлийг нь олсны дээр аажмаар тэднийг оруулж авна. Би тэдний гуйлтыг үндэслэж зарлиг буулгаж, нэг сүм байгуулахын хамт 48 засаг, хошуу, халх засаг, ойрад засаг тус бүрээс нэг хувраг татаж, нийт 120 хүнийг энэ сүмд суулгана. Бас бурханы шашныг нэгтгэсэнтэй адилаар алс холын газраас цөм хүн томилон бүгдээрээ тус сүмд цугларан хамтаараа шашны дүрмийг журамлана. Энэ нь аливаа гол мөрөн цөм далайд цутгахтай адил” гэж хэлж байснаас үзэхэд хичнээн башир аргатай нэгэн болох нь тодорхой.

Энх Амгалан хаан анхдугаар Жибзундамба хутагтыг арван жил (1691-1700)-ийн турш өөрийн биеэс өчүүхэн ч холдуулалгүй зүйл бүрээр хүндэтгэж байжээ. Энэ нь зөвхөн Өндөр гэгээнээр дамжуулан  Халхын сүм хийдийг гартаа атгах ба шашин сүм хийдээр дамжуулж тус оронд  Манж улсын  өршөөл суурьшлийг бататгах хэмээсэн хэрэг болно.

Олон тооны цэргийн анги, өөрийн туслагч жанжин, сайд, түшмэдийг Хятадын баруун хойд хязгаар мужууд, Халх ба Баруун Монголд суулгаж, үргэлжийн харилцаатай байх, эзлэн авсан газар нутгаа захиран суухын тулд, мөн Хаант Орос улстай нийлсэн хил хязгаарыг сэргийлэх үүднээс Бээжин хотоос Хятадын баруун хойд хязгаар муж хүртэл, Цахар, Халх, баруун Монголын асар их уудам дэвсгэр нутаг, арав шахам мянган километр алсалсан хол газар цэрэгжүүлсэн морин өртөөг байгуулж, орон нутгаас тэдгээрийн зардал сүйтгэлийг гаргуулах болсон нь Монголын ард түмнийг туйлдуулж улмаар тэр их нүсэр албыг залгуулхын тулд Хятадын пүүсүүдэд асар их өртэй болсон юм.

Халх Монголыг өөртөө татах элдэв муу аргыг маш чадамгай хийж чадсаны ачаар  дагаар оруулж чадсан

Монгол орныг  засаг захиргааны хувьд жижиглэн, хагарган бутаргах эхлэлийг тавьсан

Түшээт хан болон Галдангийн зөрчилд давс нэмж байсан.

Монголчууд  түүнийг тахиж шүтээд байх ямарч үндэслэл байхгүй...” хэмээсэн билээ.

Гэтэл түүнийг бид яагаад Бурханыхаа оронд залсаар ирэв?



Монгол айлын хойморт Бурханы оронд заларсан Шаазан Энх-Амгалан.


Өвөөг минь хороосон, тэгэх ч хэрэгтэй байсан.

АНУ-д анх ирээд сууж байсан хотод маань нэг ах хүү байлаа. Сталинд их дуртай. Өвөөг нь хэлмэгдүүлэлтийн үеэр буудан хороож. “Миний өвөөг ч буудсан, гэхдээ энэ бол зөв байсан юм, тэгээгүй бол...” гэж ирээд л Сталиныг үнэн голоосоо магтана. Эцэг өвгөдөө (эцэг өвгөд ч гэж, өвөө эмээ гэдэг чинь Монгол ахуйд бол нэг гэрт, хамтдаа амьдардаг, гэр бүлийн шууд гишүүн хүн) алуулан алуулан Сталинд элэгтэй байх нь ямар учиртай юм бол? Хамгийн амархан тайлбар бол “тархиа угаалгасан” гэх. Өөр нэг тайлбар бол монгол хүн уужуу ухаанаараа сэтгэж, Сталины Ялтын гэрээнд тавьсан шаардлага эх орны тусгаар тогтнолд чухал болсныг үнэлж... гэнэ. Хүйтэн ухаанаар, элгэн садан энэ тэр гэж бодолгүйгээр сэтгэвэл Сталиныг яах аргагүй тэгж дүгнэж болно л доо. Гэхдээ зүгээр нэг түүхийн сурах бичгийн дүгнэлт биш, аливаа хүнд хэрхэн хандах хандлагын талаас өгүүлэхэд өвөөгөө алуулчхаад хүртэл “элгэмсүү, эевэрүү” хандана гэхээр нэг л биш ээ. Хэтэрхий хүйтэн, хэтэрхий ухаантай болсон хэрэг үү, бид?

Ер нь харийн хүчирхэг хаан, удирдагчийг өөрийн эрхгүй хүндлээд, шүтээд ирдэг нэг өвөрмөц үзэгдэл манайд бүр Манжийн үеэс хойш байсаар ирсэн бололтой юм. Одоо ч манай залуусын дотор Путиныг, Гитлерийг шүтдэг улс олон бий. Үүний шалтгааныг нийгмийн сэтгэлзүйгээс хайвал учир нь олдож болох мэт санагдав. Ялангуяа Стокхолмын синдром бидэнд хүндээр туссан юм биш биз?



1973 оны 8 сар. Стокхолм хот. Цагдаагийн мэргэн буудагчид барьцаалагчдыг отож буй нь


Стокхолмд юу болсон юм бэ?

Сэтгэлзүйн ухаанд “Стокхолмын хам шинж” гэж ойлголт бий болоод дөч гаруй жил болж байна. Барьцаанд орсон хохирогч барьцаалагчдаа “дуртай болох, таашаах, өмөөрөх” хандлага буюу сэтгэлзүйн нэг төрлийн өвчнийг нэрийдэх үг юм. Стокхолм хотоор нэрийддэгийн учрыг одоо ярья.    
  
1973 оны 8 сарын 23-ний өдөр Шведийн Стоколм хот дахь Кредит Банк руу хэсэг этгээд халдан довтолж, ажилчдыг нь барьцаалан, 28-ны өдрийг хүртэл бүтэн зургаан өдөр тэндээ хорьсон байна. Энэ хооронд гайхалтай нь барьцаанд байсан хохирогчид барьцаалагч этгээд болох зартай гэмт хэрэгтэн Ян Эрик Олссонд ихэд талтай болж орхисон байжээ. Тэд үүнийгээ дараа нь Олссоныг өөрсөдтэй нь зөөлөн энэрэнгүй хандаж байсан, алчхаж болох байсан ч тэгээгүй (зарим нь бүр бараг л амийг нь аварсан гэх) гэх мэтээр тайлбарласан байна. Нэг удаа Олссон цагдаа нарт тоглоогүй шүү гэдгээ үзүүлэхийн тулд Сафстром гэж залууг буудаж алахаар шийджээ. Гэвч багахан эргэлзсэнээр алахаа больж, харин ч бүр уух юм өгч цангааг нь тайлсан аж. Мөнөөх залуу хожим энэ тухай “Тэр үед Олссон бидэнд эгээ л Бурхан тэнгэр мэт санагдаж байсан” гэсэн байдаг.

Мэдээж барьцаалагдсан хүн бүр барьцаалагчдаа сайн болоод байхгүй, АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны судлан үзсэнээр барьцаалагчдаа эерэгээр хандах энэ сэтгэлгээ, гажиг зууд найман хувьтай байдаг гэнэ. Хамгийн сүүлчийн дуулиантай жишээ нь Наташа Кампуш гэж охин болсон билээ. Түүнийг нэгэн этгээд 10 настайд нь хулгайлж, бүтэн найман жилийн туршид доод хонгилдоо хорьсон аж. Охин тэр хугацаанд үл бүтэх этгээдэд сэтгэлтэй болж, нас барахад нь ихэд уйлан, зул өргөсөн гэнэ.


Стокхолмын хам шинжийн сэтгэлзүйн үндэс

Сэтгэл судлаач Др. Франк Окберг Холбооны Мөрдөх Товчоо болон Скотланд Ярдын ажилтнуудад Стокхолмын синдромын сэтгэлзүйн үндсийг доорх маягаар тайлбарлан илтгэжээ. Үүнд:

Гэнэт хаанаас ч юм их аюул гараад ирмэгц хүмүүс хэт цочрон, балмагдах болно. Үхэл гарцаагүй боллоо хэмээн ойлгоно. Үүний дараа инфантилазицийн байдалд орно.   Инфантилизаци гэдэг нь латин хэлний “инфант” буюу “нялх хүүхэд” гэсэн үгнээс гаралтай, насанд хүрэгчдийг хүүхэд мэтээр асрахыг, мөн томчууд өөрсдийгөө бяцхан хүүхэд мэтээр төсөөлөх, аяглахыг хэлдэг нэр томьёо юм. Манайхаар бол “нялхрах” гэдэгтэй төстэй үг. Барьцаалагдсан хүмүүс “нялхрал”-ын байдалд орно гэж юуг хэлж байна вэ гэхээр эгээ л хүүхэд мэт болж, зөвшөөрөлгүйгээр идэх, ярих тэр байтугай бие засаж ч болохгүй болно гэсэн үг. Яг энэ үед нь жаахан хоол, уух юм өгөх ч юм уу,  багаахан халамж тавьж, яльгүй эелдэг хандахад л “амьдрал, амь насыг нь тэтгэн аварч буй” дүр төрх бүрэлдэн, нийгмийн гэхээсээ байгалийн хууль, амьд явах гэсэн зөн нь нөлөөлж, өөрийн эрхгүй талархдаг ажээ. Яг үнэндээ чухам мөнөөх барьцаалагч этгээдээс л болж амь нас нь аюулд хүрчхээд байгааг огт анхаарахаа больж, харин ч “энэ л хүн миний амийг аврах” цор ганц хүч хэмээн харж эхэлдэг байна.

Сэтгэлзүйн ийм өвөрмөц цочролоос болж хүчинд автагсад хүчирхийлэгчээ эергээр харах, дуртай болох тохиолдол гардаг аж. Гэхдээ өмнө өгүүлсэнчлэн тийм ч их түгээмэл биш, найман хувьтай байдаг гэсэн тооцоо бий.



Өөрийг нь арван жил хорин, тамласан Волфганг гээчид сэтгэлтэй болсон Наташа Кампушийг сурвалжлагчид хоргоож байна.


Стокхолмын синдромыг өргөн утгаар ойлгох нь

Барьцаалагдсан хүмүүсийн сэтгэцийг ингэж нарийн судлан, Стокхолмын хам шинж хэмээх ойлголтыг нээсэн нь, мөн тэрхүү эмгэгийн шалтгаан, зарчмыг тодорхойлсон нь эмгэг сэтгэлзүйн бусад салбарт бас үр нөлөөгөө өгч эхэлсэн төдийгүй тус нэр томьёог хавьгүй өргөн утгаар ойлгох болсон байна.

Тухайлбал Оксфордын Их Сургуулийн зөвлөх багш, сэтгэл судлаач Женнифер Уайлд “Стокхолмын хам шинжийн зарчмыг барьцаанд орохоос бусад олон өөр тохиолдолд шилжүүлэн ойлгож болно. Хамгийн тод жишээ бол гэр бүлийн хүчирхийлэл байна. Зарим бүсгүй хэчнээн дээрэлхүүлж, хүчирхийлүүлсэн ч эрээсээ хараат байж, боломж нь гарсан ч салж чаддаггүй. Уурлахаасаа илүү харин ч улам хайрлах нь бий. Энэ өвчин даамжрахаараа бурууг хүчирхийлэгчид биш өөртөө өгөх нь хүртэл тохиолдоно” гэжээ.

Хэн нэг хүчтэний дэргэд байж, дарангуйлалд нь ороход аливаа хүнд хамгийн түрүүнд амьд үлдэх л гэсэн, тэсэж гарах л гэсэн байгалийн шалгарлын хууль үйлчилж эхэлдэг байна. Нэгэнт ийм хууль үйлчилж байгаа тохиолдолд хүчтэн этгээдээс гарах багаахан өршөөл, тус дэм мэт үйлдэл нь хэдий хүчирхийлэгч өөрийнхөө тусын тулд үйлдсэн байсан ч асар их энэрэл нигүүлсэл, хайр мэтээр мэдрэгддэг ажээ.


Улс үндсээрээ Стокхолмын синдромд автаж байгаа юм биш биз?

Тэгвэл би одоо энд нийтлэлийнхээ гол санааг хэлье. Энх-Амгалан хаанаас эхлээд Сталин, Путиныг хүртэл, шүтэн бишрэх биш юм аа гэхэд хүндлэн дээдэлсээр ирсэн түүх нь зүгээр нэг “тархи угаасан” төдийгөөр тайлбарлачих зүйл биш бололтой. Бага буурай үндэстэн гэдэг хувь заяандаа хэт эвлэрээд харийн хүчирхэг хааныг шүтэх нь барьцаанд байгаа этгээд хийгээд эрдээ зодуулсан ч улам хайрладаг бүсгүйн түүхтэй цаагуураа агаар нэгэн юм биш биз? Ялангуяа “үзүүлэх багаахан тус дэм нь хэдий дарангуйлагчийн өөрийнх нь тусын тулд үйлдэгдсэн байсан ч асар их өршөөл, хайр мэтээр мэдрэгддэг” гэсэн хэсэг...

Өнгөрсөн түүхээ эргэн харахад, Манжийн дарлалд орсноо бодоход, Стокхолмын хам шинж ужгирвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг юм биш биз? Жишээ нь харийн хүчирхэг хааныг бишрэн, “... шиг чанга удирдагч л манайд хэрэгтэй байна” гэж сэтгэдэг, яваандаа тэр “ШИГ” хэмээх гуравхан үсэгтэй үг нь алга болчихдог юм биш биз?
           

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив