Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Вашингтоны дунд сургуулийн хүүхдүүд Алун гоо эхийн домгийг сурав
2016 оны 2 сарын 2 [Уншсан тоо: 35350]

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Вашингтон Перформинг Арт” хэмээх байгууллага тавь шахам жилийн турш соёл урлаг, боловсролын чиглэлээр амжилттай ажиллажээ. Тус байгууллагаас хэрэгжүүлдэг олон сонирхолтой төслийн нэг нь хотын хүүхэд залууст гадаадын улс орны үүх түүх, соёл урлаг, ёс заншил зэргийг танилцуулдаг “Элчин сайдын яамны хөтөлбөр” юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд аль нэг улсын Элчин сайдын яамыг тодорхой нэг сургуулийн тухайн нэг анги, багштай холбож өгөх бөгөөд ЭСЯ нь тусгайлан бэлдсэн хөтөлбөрийн дагуу, тодорхой хуваариар улс орноо сурталчлан таниулдаг байна.

Өмнө нь олон жил олон өөр улсын Элчин Сайдын Яамд оролцсоор ирсэн энэхүү хөтөлбөрт Монгол улс анх удаагаа хамрагдаж буй нь 2016 оны эхэнд “зөөлөн хүчний бодлого”-оо тодорхойлж, гадаадад Монголыг сурталчлан таниулах төлөвлөгөө боловсруулсан манай Гадаад Харилцааны Яамны чиг хандлага, бодлоготой яв цав уялдсанаараа онцлог байлаа.

Хөтөлбөрийн бас нэг өвөрмөц тал нь гадаад харилцаа сайтай, төгсөгчид нь дэлхийн улс орнуудын байдал төлөвийг сайн мэддэг, чанартай сургуулиудын хүүхдүүдийг бус харин боломж муутай, төгсөөд гадаад улс оронд ажил сургууль, амралт аяллаар явах магадлал багатай хүүхдүүдэд мэдлэг боловсрол, сэдэл тэмүүллийг олгоход оршино. Тийм ч учраас зориуд хотын захын, ядуувтар дүүргийн сургуулиудыг сонгодог аж. Энэ удаад Монгол улсыг судлахаар Вашингтон хотын зүүн өмнөд этгээдэд орших МкКинли дунд сургуулийн Кэйтлин Криек багштай 6-р ангийн хүүхдүүд сонгогджээ.

Сургууль дээр

Ингээд энэ оны 5 сарыг хүртэл үргэлжлэх Монголын хөтөлбөрийг нээж, анхны хичээлийг заахаар 1 сарын 14-ны өдөр, “Өдрийн сонин”-ы сурвалжлагч миний бие Монгол улсын ЭСЯ-ны Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан хариуцсан атташе С. Золзаяагийн хамт сургууль дээр очлоо. Би бээр анх АНУ-д ирэхдээ Индиана мужийн Блүүмингтон хотноо сурч, ажилласан, дараа нь Виржиниа мужийн Арлингтон, Фоллс Чөрч хотуудад суурьшсан, дурдсан бүх хот бага, дунд, ахлах сургуулиараа АНУ-даа дээгүүр ордог, суралцах орчин сайн, хэрэг зөрчил багатай газрууд билээ. Энэ удаад тэгвэл Америкт ирсээр анх удаагаа ядуувтар дүүргийн хэцүүхэн сургуульд зочилж үзлээ. Сургуулийн үүдээр нэвтрэхэд эгээ л онгоцны буудлын нислэгийн танхимд орж буйтай адил сайтар шалгуулж, төмөрлөг илрүүлэгч хаалгаар өнгөрөх бөгөөд бичиг баримт нэр усаа бүртгүүлэн, тусгай зөвшөөрлийн бичиг аван ордог аж. Буудалцаантай америк кинон дээр гардаг тийм нэг сургууль яг мөн. Сургуулийн бараг хонгил бүрд “тусгай цагдаа” гэсэн дүрэмт хувцас бүхий, эрэгтэй эмэгтэй биерхүү албатнууд зогсоно. Сургууль гэхээсээ илүү өөр байр байгууллага мэт сэтгэгдэл анхлан төрснийг нуух юун. Гэвч бас л эгээ л кинон дээр гардаг шиг, тийм сургуульд олон сайн хүүхэд байдаг, зөв залаад өгөхөөр амжилтад хүрдэг шиг, үнэхээр хоёр цагийн хичээлийн дараа сэргэлэн цовоо, толгой сайтай, юм их сонирхдог хүүхэд олон байдаг юм байна даа гэсэн сэтгэгдэлтэй гарсан билээ. Энэ тухай одоо өгүүлсү.


Хүүхдүүдийн нэрийг монгол бичгээр бичиж өгч буй нь.

Монголоор мэндэлж, нэрээ хэлж, бичиж сурсан нь

Монголтой танилцах 6-р ангийн багш Кэйтлин Криек нь сургуульдаа цорын ганц цагаан арьст багш гэнэ. “Манай хүүхдүүд Америкийн бусад сургуулийн 6-р ангийн хүүхдүүдийн дунджаас доогуур түвшний мэдлэгтэй шүү, хичээл заахдаа үүнийг бодоорой” хэмээн бид хоёрт анхааруулна. Ингээд Золзаяа бид хоёр хамгийн түрүүнд бүх хүүхдийг “Сайн байна уу? – Сайн” гэж мэндлүүлж сургав. Зарим нь “Шайн” гэх мэтээр буруу дуудах боловч ихэнх хүүхэд тодорхой хэлж байлаа. Дараа нь “Би Жером” гэх мэтээр нэрийг нь хэлүүлж сургав. Ингээд хос хосоор нь ажиллуулснаар хүүхдүүд хоорондоо
“Сайн байна уу?
Сайн, сайн байна уу?
Би Жером.
Би Жулиана” хэмээн монгол хэлээр хөөрөлдөх нь тун хөөрхөн. Аравхан минутын дотор монголоор ярьдаг болчихлоо гэж онгирон хөөрөлхөх хүүхэд ч байх аж.            

Дараа нь самбар дээр нь бүх хүүхдийн нэрийг монгол бичгээр бичиж өгөөд хуулуулав. Анх удаа дээрээс доош бичдэг, босоо бичиг харж буй хүүхдүүд ихэд сонирхон, дэвтэр дээрээ мурий сарий янз бүрээр, чадах чинээгээрээ бичицгээлээ. Бас л сурсан эрдэмдээ урамшин, нэг охин ээжийнхээ, нэг хүү дүү охиныхоо нэрийг монголоор бичүүлж авсан нь гэртээ хариад бичиж өгөх гэж яарсных бололтой.


Сурагч Антони нэрээ монгол бичгээр бичсэн нь.

Алун гоогийн домгийг биеэр мэдэрсэн нь

Монголын түүхийг товч танилцуулахдаа мэдээж Чингис хаан гэж хэн болохыг ярьж өглөө. Тэгээд яагаад Чингис хаан, монголчууд тийм амжилтад хүрснийг ойлгуулахын тулд Алун гоо эхийн домгийг өөрсдөөр нь хийлгэж үзүүлэв. Үүний тулд ангийн хүүхдүүдийг тав таваар нь бүлэг болгон хуваагаад сум байхгүйн тул нэжгээд савх өгч хугалуулсан юм. Хүүхдүүд гэж угийн сахилгагүй улс учраас савх хугалж үзүүлэхдээ баярлаж байна гэж жигтэйхэн. Дараа нь савхнуудаа нийлүүлэн боогоод өгсөнд хэн ч хугалж үл чадав. Тэгээд яагаад ийм байгааг асуусанд хүүхдүүд биднээр тайлбарлалгүйгээр чухам хамтдаа, эвтэй байвал хүчтэй байх санааг сайтар ойлгосноо өгүүлж байсан юм.

Үүний дараа “Хүүхдэд зориулсан Монголын Нууц Товчоо” гэж ном хэвлүүлснээ америк хүүхдүүдэд тараан өгч, Алун гоо эхийн домгийг англи хэлээр уншуулаад, зургаас нь нууц тэмдэг олох даалгавар өгсөн маань анхаарал сонирхлыг нь татах нэг арга байсан юм.


Сурагч Рияанна багласан таван савхыг хугалахаар оролдож байгаа нь. Найзууд нь түүнийг дооглосон янзаар харах ба ширээн дээр нь салангид байхад нь амархан хугалж орхисон ганц савх хэвтэнэ.
 
Монгол улсыг газрын зураг дээрээс олж сурсан нь

6-р ангийн хүүхдүүдэд Монголын тухайд нийгэм, эдийн засгийн том том асуудлууд ойлгуулах гээд нэмэргүй. Бидний хичээлийн зорилго ч амархан бөгөөд тодорхой байв. Монголоор мэндэлж сурна, Чингис хаан гэж хэн болохыг таниулна, тэгээд газрын зураг дээрээс Монгол улсыг олдог болгоно. Өөр олон юм хэрэггүй. Ингээд сүүлчийн зорилтоо биелүүлэхийн тулд прожектороор Монгол орчмын газрын зургийг үзүүлсний дараа мэдлэгийг нь бататгахын тулд Азийн өнгөгүй газрын зураг өгч өөрсдөөр нь улс улсаар нь ялгуулан будуулав. Зурах будах даалгаварт хүүхдүүд дуртай, будангаа гол нь Монгол улсыг зураг дээрээс сайтар танихаар болж байгаа юм. Эцэст нь Монголын тухай англи хэлээр бичсэн жижиг гарын авлага тарааснаар энэ удаагийн хичээл дууслаа.


Сурагч Каниша Монгол улсыг газрын зургаас олж будсан нь

Цогц хөтөлбөр үргэлжилнэ

Ийнхүү заасан хоёр цагийн хичээл бол “Вашингтон Перформинг Арт” байгууллагын “Элчин сайдын яамны хөтөлбөр”-ийн хүрээнд МкКинлигийн дунд сургуулийн 6-р ангид Монголыг таниулах цогц хичээлийн анхных нь юм. 2 сард Монгол сургуулийн багш, бүжигчин Б. Дэлгэрмаа ирж монгол бүжиг зааж өгөх бол 3 сард зураач, барималч Н.Ганхуяг хүүхдүүдэд Монголтой холбоотой зураг урлалын хичээл орно. Дараа нь  4 сард Корнеллийн их сургуулийн оюутан П.Гэрэлтуяа “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр яриа хийх бол эцэст нь нийт хүүхдүүд, багшийнхаа хамт 5 сард Монгол улсын ЭСЯ-д зочлон, монгол хоол идэж, Монголын тухай илүү ихийг мэдэж авах юм.


Ангийн хананд өлгөсөн Монгол улсын далбаа, танилцуулга.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив