Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дуучин Ариунаа: Урлаг зөвхөн цэнгүүлэх бус бас боловсрол олгох, өв соёлоо түгээх үүрэгтэй
2016 оны 3 сарын 24 [Уншсан тоо: 35994]

Зүүн уулын солонго нь
Баруунаа татсан ч яах вэ дээ
Зүүдлээд л сэрэхэд минь миний ээжий
Дэргэд минь байвал жаргалтай...


Гүрээ ахын сэтгэл уяраам үгтэй энэ дуугаар дуучин Ариунаагийн Вашингтон хот дахь тоглолт эхэллээ. Эхийн тухай ийн дуулсныхаа дараа Ариунаа тайзнаа бүсгүйчүүдийг, эхчүүдийг урин гаргаж хамтдаа дуулав. Дуулаад ч зогссонгүй, сайхан шүлэг хэлж байна. Шүлэг сайхан хэллээ гэснээс угаасаа Ариунаа дууныхаа үгийг маш тод хэлдэг, бас дуулах дууныхаа үгийг ихэд анхаарч, сонгож авдаг, нэг үгээр бол эх хэлнийхээ уран ярууг илтгэгч уран бүтээлч болох юм.


Ариунаа Вашингтон Ди Си- хотод.

Үес үесхэн бороо нь хүртэл
Үүлэндээ эрхлээд уйлаад л байна
Үд дундын нас минь хүртэл
Үнэнд саатаад уясаад л байна... гэдэг ч юм уу

Совин татаж хөх чинэрснийг мартахгүй
Солгой чих хангинаж хэл дуулснаа мартахгүй...

Мөрөөдөн жаргахад хил хязгаар хичнээн үгүй ч
Мөр минь үлдэх дэлхийд зовж би дуусал уу
Хүсэн жаргахад хил хязгаар хичнээн үгүй ч
Хүй минь цөглөсөн орчлонд жаргаж би ханал уу


гэх мэтээр үргэлжид уран яруу шүлэг бүхий дуу дуулдаг, нөгөө талаасаа үгийг ихэд мэдэрч, анхаардаг дуучин болохоор нь найрагчид ч өөрсдөө дуугаа дуулуулах дуртай байдаг байж ч болох.

Дараа нь тайзнаа эрчүүдийн гарах ээлж ирлээ. Гурван сард ойр ойрхон баяр болдог хойно, аль нэгийг нь гадуурхан үлдээсэнгүй, эрчүүдтэйгээ хамт энэ удаад Ариунаа “Будант өндөр Алтайн уулнаа буурал хяруу уналаа даа, буцаад хүүгээ ирнэ ээ гэж буурал аав минь хүлээгээ дээ” хэмээн дууллаа.

“Хонгорхон амраг минь үүрийн гэгээ шиг ирсэн юм” хэмээх үгтэй “Нандин учрал” дуугаа Ариунаа хүрэлцэн ирсэн бүх хосуудад зориуллаа. “Хамгийн олон жил ханилж байгаа ямар хос байна вэ?” хэмээн асуухад нь тал талаас үнэ хаялцах адил 15, 20, 25 гэж хашгирсаар гэргийтэйгээ суугаад 30 жил болж буй Энхтөр ялагч болж, тайзнаа гаран, Ариунаатай хамт дуулах эрхийг олж авав.

Гэрлээд 30 жил болсон гэснээс Ариунаагийн тоглолтын бас нэг онцлог нь бүхий л насны улс үздэг юм байна. Бүр сүүлийн үеийн залуус хүртэл Ариунаад дуртай байдаг ажээ. Би бол концертод зөвхөн үеийнхнийгээ л ирэх байх гэж төсөөлж байсан юм. Бараг АНУ-д төрж өссөн болов уу гэж бодмоор оюутан хүүхдүүд зүгээр чиг тоглолт үзээд зогсохгүй, Ариунаагийн “Оюутан нас”дууг нь хамт дуулан, “Бие биенээ санаж уулзах намрын дууны шүлэг шиг өдрүүд” хэмээн түрэхийг  нь харахуй монгол хэлээ мартчихаагүй, дуу шүлгээ сонсон явдаг нь бахархмаар. Уран бүтээлч хүн аялгуу дуугаараа эх хэлээ тээж явах юм даа гэсэн бодол бас толгойд орно.  

Энэ мэтээр Ариунаа бүтэн 4 цаг дуулж бүжиглэлээ. Энэ удаагийнх нь тоглолтын өвөрмөц нэгэн зүйл гэвэл Ариунаа дуу бүрийнхээ дараа үзэгчдэд хандан өөдрөг сайхан амьдрахын тухай ярьж, залуучуудад ялангуяа ихийг сурч, шинийг бүтээх, эх хэл соёлоо дээдлэн үр ачдаа өвлүүлэх, эх орондоо эргэн ирж хувь нэмрээ оруулахыг зөвлөн өгүүлэхийн зэрэгцээ уриалан дуудаж байсан юм.

Зэл зэлийн шувууд нь хүртэл
Зунаа тойроод ганганаад байна
Зэрэглээ намхан тал минь хүртэл
Хүүгээ санаад өндөлзөөд байна...
хэмээн дуулах нь олон хүний сэтгэлд нэгийг бодогдуулсан бизээ.

Тэрээр тоглолтоо өндөрлөхдөө

Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо ярайсан
Хаврын тал минь нялхарна
хэмээн “Дөрвөн цагийн тал” дуугаараа үзэгч олны сэтгэлд Монгол нутгийн минь хаврын өнгийг хөглөж, “Эх орон тань та бүгдийг хүлээж байгаа шүү” хэмээн уриалан дуудсан нь ноёд түшмэдийн үгнээс илүү сэтгэлд хүрсэн юм.
    
Тоглолт болохын өмнөх өдөр Америкийн Монголчуудын Соёлын Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Ордос Монгол Цагаанбаатарын гэрт бид сууж, сайхан ярилцсан билээ. Тэнд хуучилсан сониноосоо эрхэм уншигч танд бас сонирхуулъя.



Цагаанбаатарынд ярилцахаар ирэхэд нэг их сайхан цас орж байж билээ.

 
 АНУ-д та үүнээс өмнө хэзээ ирж аялан тоглолт хийж байлаа? Өнөөдөр ахин ирэхэд АНУ дахь монголчуудын амьдрал ахуйд өөрчлөлт гарсан зүйл мэдэгдэх юм уу?

Яг тойрон аялал гэж манай урлагийнхны ярьдаг тийм аялан тоглолтын хувьд бол 12 жилийн өмнө тоглож байлаа. Чикаго, Вашингтон хотод зүгээр шинэ жилээр уригдаж дуулчхаад явж байсан маань 9 жилийн өмнөх явдал. Тэгэхээр албан ёсоор Америк даяар 12 жилийн дараа дахин ирж аялан тоглож байна аа гэж хэлж болно. Аль алинд нь ирэхдээ олон хүнтэй уулзлаа. Танилын дүү, дүүгийн найз, хамаатан садан, арван жилийнхэн, дошныхон гээд л.

Дошныхон гэхээр аль дүүргийн хүүхэд сэн билээ?

Одоогийн Хан-Уул дүүрэг, хуучны Ажилчны район шүү дээ. Сан-Франсискод гэхэд л манайхан бараг тэр чигээрээ байна. Төрсөн дүү маань угаасаа Санд байдаг юм. Ингээд энэ бүх хүмүүсийн амьдрал байдлыг харж байна,  өөрсдийнх нь бодол, үзлийг сонирхон харилцан ярьж байна. Анх ирж байсан тэр арван хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад манай монголчуудын амьдрал хамаагүй сайжирчээ. Нэг ёсондоо энд ирснээсээ хойш Америкийн орон зай, нийгэм рүү монгол хүмүүс нэвтрэн орж чаджээ. Бизнесийнхээ орон зайг бий болгож чадсан байна. Монголчууд ганц нэгхэн салбараар биш, чаддаг чаддаг мэргэжил бүрээрээ гараад ирчиж. Чулууны үйлдвэр, гоо сайхны үйлчилгээ, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт амжилттай ажиллаж хөдөлмөрлөж явна. Тэгээд бодоод үзэхээр монголчууд ганц нэгээрээ анх ирж байсан нь бол наяад оны сүүл, ерээд оны эх байх. Яг ингэж хүрээллээрээ, олноороо орж ирсэн нь бол 97, 98 оны л үе байх. Өөрөөр хэлбэл Америкийн монголчууд гэж хориод жилийн түүхтэй улс байна. Солонгосууд тэгтэл өөрсдийгөө 100 жилийн өмнө АНУ-д ирлээ гэж ярьдаг шүү дээ. Тэрэнтэй харьцуулаад бодоход монголчууд маань энэ бага хугацаанд ямар их зүйл амжуулаа вэ гэж дуу алдахаар.

Нээрээ ч таны хэлдэг зөв шүү. Саяхан ЮМОН ТВ-ийн 5 жилийн ойгоор манай Г. Ганзориг их сайхан үг хэлж байлаа. Вашингтонд дөрөв таван мянган монгол хүн сууж байна гэж бодохоор нэг сумын төвийн хэмжээний улс юм аа даа.  Тэгтэл манай сумын төв чинь Монгол сургуультай, Монгол соёлын төвтэй, балетийн сургуультай, тамирчидтай, дуучин, бүжигчин, морин хуурчтай, бизнесийнхэнтэй, хөгжмийн зохиолчтой, судлаачтай, оюутантай тун боломжийн сумын төв болоод байгаа юм шүү.

Харин тийм байна. Бүх салбарын төлөөлөгчтэй юм байна.

Энэ удаад хаана хаана тоглов доо?

Чикагод хоёр удаа тоглолоо. Тэгээд Дэнвэр, Сиэттлд тоглоод энд ирлээ. Сиэттлд бол анх удаа тоглож үзлээ. Одоо эндээс Сан Франсиско явна. Өвөр Монголд биднийг явахаар “олон аймгаар явж тоглоно оо” гэдэг юм. Тэрэн шиг танай Америк чинь бас олон аймагтай газар юм байна. (инээлдэв)

Монголчуудын хэл соёл, зан заншил, Монголоо алдсан эсэх дээр юу ажиглагдав?

Хамгийн анхны ажиглалт, нүдэнд туссан зүйл бол монголчууд маань яг монгол зангаараа л байгаа юм байна. Би бас ирэхдээ хүмүүс их америкжсан, баруунжсан байх даа гэсэн төсөөлөлтэй ирсэн юм. Тэгтэл үгүй шүү. Өнөө дээхэн үед Монголд нүүж явахад, нэг настай ээж домботой цай, идээгээ тэврээд ирдэг байсантай яг адил, очсон газар бүрд л айлууд уриад л, нөгөө элгэмсэг, зочломтгой зан чанар яг хэвээрээ, хоол цайгаа хамт идэнгээ сонин сайхныг хуучлан яриад л. Өдөр болгон өөр айлд очлоо. Энэ ахын маань тэр дүү, энэ хамаатны тэр найз, аавын маань найзын хүүхдүүд гэх мэтээр. Тэгээд хараад байхад монголчууд хаа ч очсон тэр соёлдоо сайтар суралцаж чаддаг ч, яг уугуул монгол зан араншингаа алддаггүй, орон зайгаа хадгалж чаддаг юм байна.  Америкчууд тэгтэл их өөр. Hi гэж инээж мэндэлчээд л, эргээд царай нь төв. Үргэлжлүүлээд хөөе би чинь тэр нутгийн, тэр хүний хүүхэд... гэхчлэн сайхан дотносож ярилцдаг чинь ганц монгол зан л юм байна даа.

Энэ удаагийн тоглолтын тань онцлог юу вэ? Өмнөх тоглолтуудаасаа өөр юм бодож төлөвлөв үү?

Монгол хэлэнд дөчин насны тухай тусгай нэг хэлц байдаг даа. Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гээд. Хүн ер нь дөчин наснаасаа хойш арай өөр болж, ихийг бодож эхэлдэг юм билээ. Урьд залуу байхад бол “хүү хаа, рок поп...” гээд л шуураад шуураад, дуулаад дуулаад явчихдаг байж. Тэгтэл одоо бол би энэ тоглолтоороо хүнд юу хүргэх сэн билээ, юуг ойлгуулах сан билээ гэж боддог болж.

Бас дээр нь зөвхөн дуулаад яваад байх биш, тоглосон газар бүрдээ хүмүүстэй уулзаж туршлага солилцон, ярилцахыг чухалчилдаг болж. Жишээ нь би Монголд байхдаа таны бичсэн зүйлийг уншдаг байлаа, Саруул-Эрдэнэ гээд монгол хэл судлаачтай уулзаж ярилцах юм шүү гэж бодож төлөвлөж ирлээ. Сансаргэрэлтэх маань энд сууж байна. Сансартай уулзахад бас л шинэ соргог зүйл сонсоно доо гэдэг ч юм уу. Өчигдөр Балетийн Өлзий, Туяа хоёртой уулзлаа. Стерлинг Балет Академи гэж сургуулийнх нь хөтөлбөр, хичээлийг хараад, ярилцаж суухад манайд тэр хичээлийн дараах хөтөлбөрт гэдэгт хийж чадахгүй, буруу хийгээд байгаа юмыг тун эвтэйхэн зохицуулчихсан, зөвхөн ганц хоёр цаг хичээл заах биш, бүхэл бүтэн хөтөлбөрөөр хэрхэн хүүхдийг сурган хүмүүжүүлж байгааг харж, ойлгох жишээтэй.

Тиймээс энэ удаад би бас зөвхөн дуулахаасаа илүүтэй өөрсдийн гэсэн юмаа залуу хойч үедээ хэрхэн үлдээх билээ гэдэг туршлага судлан, хүмүүстэй уулзаж явна. Бид чинь дуулсаар байгаад дуусна гэж байхгүй ш дээ. Ирээдүйгээ бодох хэрэгтэй...


Ариунаа Стерлингийн Балетийн Сургуулиар зочилсон нь. Сургуулийн багш Туяа болон шавь нарынх нь хамт.


хэмээн ярилцах чухам энэ үед Нью-Жерси мужаас дуучин Ариунаагийн нэгэн шүтэн бишрэгч 4 цаг давхисаар орж ирлээ. Чингилтү гуай Тайванд төрсөн өвөр монгол хүн. АНУ-д бүр далаад оны үед иржээ. Америкийн Монголчуудын Соёлын Холбоо хэмээх байгууллагыг Хангин Гомбожав, Санж Алтан, Цорж лам, Цагаанбаатар нарын хамт анх үүсгэн байгуулж байсан тэр хүн монгол дуу хуураа сонсох их дуртай, ялангуяа Ариунаагийн бүх дуунд дуртай ажээ. Тиймээс ч тэр холоос хүүхдүүдээ дагуулан ирж. Ингээд бүгд хамт суугаад, үргэлжлүүлэн ярилцав.

Тоглолтын агуулга, хэлбэрийн хувьд бас бусад тоглолтоос арай өөр болж байна. Энэ талаараа?

Ер нь би энэ урлагийг афтэр паартий (after party) гэж юм болгохын эсрэг байдаг юм. Одоо манай Монголд ч тэр, бусад газарт ч ялгаагүй цэнгээний газар, архи дарс уунгаа дуу хөгжим сонсох хандлага газар авчиж. Урьд бол концертийг театрт л үздэг байлаа шүү дээ. Архи ууж хөлчүүрхсэн хүмүүс хөнгөн хэмнэлт хөгжим сонсохоороо буруу тийшээ омогшоод явчих гээд байх юм. Гэтэл урлаг бол зөвхөн цэнгүүлэх үүүрэгтэй бус, бас боловсрол олгох, өв соёлыг хөгжүүлэх хадгалах ч үүрэгтэй. Тиймээс би бас урлагийн агуулга талыг, мөн хэрхэн хаана тоглох вэ гэдэг хэлбэр талыг адил тэгш харгалзах ёстой гэж боддог юм.

Америк дахь монголчууддаа хандан зөвлөх, хэлэх зүйл юу байна вэ?

Би сая очсон хотуудынхаа Монгол сургуулиудаар орлоо. Монгол хэл мэддэг, мэддэггүй хоёр янзын хүүхдүүд байна. Ялгаа нь их тодорхой харагдах юм. Монгол хэлээ мэддэг хүүхдүүд нь монгол заншил, ааш араншингаа хадгалчихсан, бүжиг бүжиглэж, хөгжим тоглосон ч гэсэн мөн чанар нь яг уугуул хэвээрээ. Тиймээс монгол хүн бол монгол хэлээ заавал сурах ёстой. Монгол хэл байвал монгол сэтгэлгээ хөгжинө, сэтгэлгээ нь байвал соёл, ёс заншил нь үлдэнэ. Гэтэл хэл мэдэхгүй хүүхдүүдэд бол тийм юм ер алга. Яг л америк хүн болох шинжтэй. Тэгэхээр хүмүүст монгол хэлээ л сайн сурга гэж захья.

Америкийн монголчуудыг ч хэлэлтгүй, Улаанбаатарт ч гадаад хэлийг бүр багаас нь заагаад байгаа шүү дээ. Удахгүй бас л адилхан байдалд хүрч мэдэхээр. Харин энэ хамаагүй эрт харь хэл заахыг сая Батчимэг гишүүн, хууль санаачлаад, эвтэйхэн зохицуулаад, хэрэгжүүлээд эхэлсэн нь сайн хэрэг боллоо шүү. 

За баярлалаа. Аялан тоглолтод тань өндөр их амжилт хүсье.      

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив