Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монгол хэлнээс орос хэлэнд орсон адууны зүс заасан хоёр үгийн тухайд
2016 оны 5 сарын 5 [Уншсан тоо: 44779]

ОХУ-д өнгөрсөн түүхээ өөрөөр харж, бичих бодлого, шаардлага, хэрэгцээ гарч ирж буй бололтой. Тэр нь орчин үеийн улс төр, цэрэг дайн, газар нутаг, олон улсын харилцаа зэрэгтэй холбоотой биз. Энэ шинэ үзэл баримтлалын нэгээхэн хэсэг нь Монголын эзэнт гүрэн Оросыг хэзээ ч эзэлж байгаагүй, нөлөөгөө ч тогтоож байгаагүй гэсэн санаа ажээ. Үүнийг баталсан өгүүлэл, нийтлэл, бүхэл бүтэн ном, баримтат кино хүртэл гарах болов. Тухайлбал Математикийн ухааны академич Анатолий Фоменкогийн үүтгэсэн “Новая хронология” буюу “Шинэ түүхэн товчоон” хэмээх үзэл баримтлал1,  зохиолч Алексей Кунгуровын бичиж, Москва хотноо 2010 онд хэвлүүлсэн “Киевской Руси не было или что скрывают историки” буюу “Киевийн Русь гэж байгаагүй буюу түүхчид биднээс юуг нууцлав”  хэмээх 415 тал бүхий томоохон ном2, дурдсан хоёр зохиолчийн олон арван өгүүлэл, тэдгээрийг шүтэн дагалдагчдын бичлэгүүд, философын ухааны доктор Валерий Чудиновын бүтээлүүд3, Людмила Мартыновагийн зохиолоор бүтээсэн “Странное дело. Чингисхан. Два века обмана” буюу “Хачирхалтай хэрэг. Чингис хаан. Хоёр зууны мэхлэлт” хэмээх бүтэн цагийн баримтат кино4 зэрэгт Монголын эзэнт гүрний түүхийг, ерөөс тийм улс оршин тогтнож байсан гэдгийг тэр чигээр нь хуурмаг домог хэмээн үгүйсгэсэн байна.

Оросын эх оронч залуусын сэтгэл санаанд ихэд нийцэж, мэргэжлийн бус хүмүүсийн дунд хүчээ аван тархаад буй энэхүү онолын нэг үндэслэл нь хэл шинжлэл гэх. Тухайлбал А.Кунгуров онолоо батлахдаа “Орос Монгол хоёр хэлний хооронд хэл шинжлэлийн зээллэг – Тэг (0)”5 гэсэн бол дээр дурдсан баримтат кинон дээр философын доктор А. Чудинов “Монгол хэлнээс орос хэлэнд орсон үг гэж байдаг бил үү? Огт байхгүй шүү дээ” хэмээн өгүүлэх ажээ.

Үүний тул миний бие орос хэлний үгсийн санд байр сууриа нэгэнт эзэлсэн байсан хоёр монгол үгийн талаар бичихээр шийдэв. Адууны зүс заасан энэ хоёр үг нь орос хэлтний гайхамшигт дурсгал болох Новгородын үйсэн дээрх бичгүүд болон алдарт В.И.Далийн толинд хадгалагдан үлджээ.

Новгородын үйсэн дээрх бичээсүүд

Зөвлөлтийн археологич Артемий Арциховскийн6 удирдсан баг Новгород орчимд бүр 1930-аад оноос хойш ажиллаж эхэлжээ. Тасархай салбархай үйс, сийлбэр, цоолбор, бичгийн холбогдолтой олдворууд бага сагаар олдсоор байсан тул Арциховский тэр хавиас ямар нэг бичээс гарч ирнэ гэдэгт бат итгэн, таамаглалаа зоригтой дэвшүүлэн ажиллаж байжээ.  Гэвч анхныхаа бичээсийг дөнгөж 1951 онд олсон байна. Тэр түүх бас сонирхолтой. Малтлага урагшгүй, олигтой олдвор юу ч гарахгүй учраас экспедицийг зогсоох цаг нь бараг болж байж. Нутгийн бусгүй буюу Новгородын Нина Акулова жирэмснийхээ амралтын үеэр давхар хэдэн рубль хийх зорилгоор археологийн багт, малтлага дээр ажиллаж байв. Нина тийм ажигч гярхай бүсгүй биш байсан бол үйсэн дээрх тэр олон бичээс, үнэт дурсгал өдий хүртэл газар доороо хэвтэж байсан ч байж болох юм. Зүгээр л хиртэн бохидсон байж болох нэгэн үйс олсноо харж байгаад Нина Акулова бичиг үсэг мэт дүрс байхыг анзаарчээ7. Тэгээд малтах багийн дарга болох Гайда Авдусинад8 үзүүлтэл өнөөх нь  шинжлэх ухаанд чухам ямар хэмжээний нээлт тохиосныг сайтар ойлгосны учир огт дуугарч чадалгүй ээрч, экспедицийн даргаа гар хуруугаар дохин байж, арайхийн дуудсан гэдэг. Гүйж ирсэн Арциховский бас хэдэн минут хэртэй алмайран зогссоноо, гэнэт “Зуун рубль, зуун рублиэр шагная” (тэр үеийн 100 рубль маш их мөнгө) гээд ахин хэсэг таг болсны эцэст “Би үүнийг чинь хорин жил хайлаа шүү дээ” гэж дуу алдсан түүхтэй9.  Ингээд цаашид урамшин малтсаар тэр жилээ ахин есөн бичээс, дараа жил нь 73 бичээс олсон бол тэр цагаас хойш өнөөг хүртэл мянга гаруй бичээс бүхий үйс олоод байгаа нь 11-14-р зууны үеийн орос, слав үндэстний түүх, хэл шинжлэл, угсаатны зүй, ахуй амьдралын судалгааны хамгийн гол хэрэглэдэхүүн болдог юм. Үйсэн дээрх бичээсүүдийг олдсон огноогоор нь дугаарласан байдаг.

354 дугаарт бичээс

Энэ бичээс бүтнээрээ хадгалагдан үлджээ. 14-р зууны эхэн үед Новгородод аж төрж байсан Лукинич Онцифор хэмээх түшмэлийн эхдээ бичсэн захидал юм. Захидлын гол утга, эхийг үйсэн дээрх дурсгалыг нарийвчлан судалсан Валентин Янины бүтээлээс үзэж болно10. Новгород хотоосоо хол буй Онцифор эхдээ хэнээс, ямар үнээр адуу худалдаж авах тухай бичжээ. Энэ захианд бидний анхаарлыг зүй ёсоор татах өгүүлбэр нь “Да пошли 2 кози корякулю пятен, полъсти, веретища, михи и мед-ведно...” юм.

Намар цаг бололтой. Онцифор ээжийгээ өвөл хэрэг болох дулаан хувцас  сэлтийг ирүүлээч хэмээн хүсэж байна. “Мед-ведно” нь “баавгайн арьс”, “михи” нь орчин цагийн орос хэлний “меха” буюу “үс, ноос”, “веретища” нь нэгэн төрлийн хувцас, “полсти” нь эсгий дэвсгэр, хивс болно. Харин “2 кози коракулю пятен” гэдгийг үгчлэн орчуулбал “каракулын толботой хоёр арьс” илгээ гэсэн үг юм.



Каракул адууны зүс заасан монгол үг болох нь

“Каракулын арьс” гэсэн үгийг харахад хамгийн түрүүнд каракуль үүлдрийн хонь санаанд орж магадгүй. Гэвч энэ үүлдэр нь харьцангуй хожим алдаршсан, 14-р зууны үеийн орос хэлэнд байх боломжгүй, алдарт В.И.Далийн толинд ч ийм хонь, арьсыг нэрлэсэн үг байхгүй билээ. Каракуль хонины нэрийн гарал нь “кара” буюу “хар”, “куль” буюу “нуур”, өөрөөр хэлбэл Хар нуур гэсэн газар усны нэртэй холбогдоно. “Каракуль” хэмээх үгэнд буй “нуур” гэсэн утгатай түргийн “көл” нь Байгал, Хөвсгөл, Тонхил гэх мэт нуурын нэрсэд байгаа тэр “гал, гөл, хил” мөн болно.

В.И.Далийн толинд харин “каракула” хэмээх жинхэнэ нэр, “каракулый” гэж тэмдэг нэр аль аль нь байгаагийн тайлбар нь “конь, темногнедой, почти вороной, с подпалинами”11 гэж буй нь монгол хэлний “хар хул” буюу монгол бичгийн хэлэнд “qara qula” хэмээх тэр үг мөн болохын тодорхой баталгаа юм.  Монгол хэлний тайлбар тольд ч “хар хул” гэсэн зүсмийг “хар дээр шаравтар өнгө холилдсон зүсэм, адууны эх биеийн өнгө нь ухааг бодвол гүн, дэл сүүл нь хартай, улбардуу, жинхэнэ бус дам зүсэм” хэмээсэн нь орос хэлэн дэх тус үгийн гарлын тайлбар болох бөгөөд Далийн “с подпалинами”12 гэдгийн тухайд С. Дулам судлаач “хул”-ыг мөн “зоо нуруугаа дагаж хар голтой мөртөө зарим нь даландаа бидэртэй”13 хэмээсэнтэй яг тохирно. Судлаач цааш нь“хар хул”зүсмийг “дэл сүүл хул, сор нь гүн хар, үндсэн өнгө нь улбар шар бөгөөд гүн шар, хээрдүү бол хар хул” хэмээн тайлбарласан билээ.

Төв Евразийн хэл соёл дахь бусад “Хархул”

“Хар, хул” гэж хоёр тэмдэг нэр нь зөвхөн монгол төдийгүй Алтай язгуурын бусад түрэг хэлнүүд, ялангуяа татар, башкир, турк, алтай хэлнүүдэд уг утгаараа хэрэглэгдсээр байгаа үг юм. Ерөөс Алтай хэл соёлтны хүрээнд Хар хул хэмээх үг, тийм амьтны тухай домог ихэд түгжээ. Ингэхдээ доорх хэдэн зүйлийн хувилбар, онцлогтой байна.

1.    Хархул гэж аймшигт амьтан.

Хархул гэж аймшигт мангасын тухай домог Монголын баруун нутгаар төдийгүй зүүн өмнөх хязгаараар ч адил түгсэн байжээ. Тэр амьтныг орой дээрээ ганц нүдтэй гэхийн учир орчуулагч Г.Аким гуай “циклоп”-ын монгол нэр хэмээн үзсэн нь бий. Зүүн нутгаар ч мөн Хархул гэж араатны тухай домгийг хэлэлцдэг байсныг академич Цэндийн Дамдинсүрэн гуайн хууч яриа батална. Түүний дурсан бичсэнээр бага насанд нь, өөрөөр хэлбэл одоогийн Дорнод аймгийн нутагт Батмөнхийн Очирхуяг гэж хүн ”Хүрэн Дампил” гэж үлгэр хэлж байжээ. Тэр үлгэрт “Хархул гэдэг араатан шархдаад зугтахад хад хангирч, уул онгирч байсан гэж гардаг”14 байсан аж.   

ОХУ-ын Уулын Алтай орчмын нутагт байх таван хар нуурын тухай домогт мөн Каракул хэмээх амьтан гардаг. Тэр домог ёсоор эрт цагт Алтайн ууланд Каракул гэж аймшигт мангас суудаг байжээ. Амьсгаа нь манан болж Алтайн уулыг бүрхдэг гэх. Ганц Бучай гэж баатар Каракултай тулалдахаар явж, долоон их талыг гэтлээд нэг их уул, тэр уулын мухарт таван хар нуур байхыг харжээ. Тэмич хэмээх аргамгаасаа (уг домогтоо яг “аргамак” гэж буй) юун уул, нуур болохыг асууваас морь нь “Таван нуур нь Каракулын хоёр нүд, хамрын хоёр нүх, ам юм. Тэр том уул бол хамар нь. Уулын урдуур хар манан татваас амьсгаа нь тэр”15 гэсэн гэдэг.     

2.    Хархул гэж муурын овгийн амьтан.

Зарим домогт Хархулыг мангас гэхээсээ илүү араатан амьтан, тухайлбал муурын төрлийн амьтан хэмээн нэлээд тодорхой өгүүлсэн байдаг.

Нэг ийм домогт “Эрт урьд цагт үст мий гэж нэг амьтан байж гэнэ. Муурын төрлийн л өвөг юм байх. Тэр амьтан анхалж муур төрүүлээд голж, хvчтэй чадалтай хүү төрүүлнэ гээд мануулыг гаргаж гэнэ. Түүнээ ч бас голж ирвэсийг төрүүлжээ. Удалгүй бас л чамлаж дөрөв дэх хүү барыг төрүүлж. Хамгийн сүүлд хархул гээч амьтныг төрүүлсэн гэдэг. Тэгтэл тэр нь цээжээ цухуймагц эхийгээ бариад идчихсэн юм гэнэ билээ. Хархул бол духан дээрээ ганц нүдтэй, сүүлээ шарвахад ой мод ханаран унадаг байсан юм гэдэг”16 хэмээн өгүүлнэ.

Хархулаас гадна Бархулын долоон хүү гэж төстэй домог бий.

3.    Хархул арслан болох нь

Хархул буюу Каракул гэсэн үг Алтай язгуурын хэлнээ тухайн нэг төрлийн тодорхой амьтныг нэрийдэж буй сонирхолтой баримт Алтайн-Ойрад хэлэнд тохиолдож байна. Уг хэлэнд “арслан”-ыг “каракула буюу хархул” хэмээнэ. Нэгд, арсланы зүсийг бодоход, хоёрт, дэлхийн нэн олон хэлтний соёлд чоныг “саарал”, баавгайг “хүрэн бор” гэх мэтээр өнгө зүсээр нь эерүүлэн нэрлэдгийг17 бодоход алтайн ойрад хэлний арслан хэмээх утгатай “каракула” гэсэн үгийг “хархул” гэж өнгө зүсэм заасан монгол-түрэг үгээс гаралтай гэж үзэж болмоор байна.

Дээрх домог, үг зэргийг харахад Хархул хэмээх нь аймшигт мангас гэсэн ерөнхий ойлголтоос муурын төрлийн амьтан гэсэн нэлээд тусгай нэршил болсны эцэст, “арслан” хэмээх тодорхой нэгэн араатны нэр болон тогтсон сонирхолтой явц, дүр зураг харагдана. Үүнээс гадна Ойрадын алдарт Хархул хааны нэрийн гарлыг ч “арслан”-тай холбон тайлбарлаж болохоор байна.

266 дугаарт бичээс

Үйсэн дээрх бичээсийн жагсаалтад 266 дугаартай хадгалагдаж буй дурсгал нь Сидор гэж илүү эрх бүхий мэдэлтнээс Григорийд тушааж байгаа үгс юм. Энэ тушаалд “... А из коне пойми моего цалца. Корми ежеднь овсъм...” гэж буйн ЦАЛЦА буюу заахын тийн ялгалын хувирлыг нь салгавал ЦАЛЕЦ хэмээх үг нэн сонирхолтой.

Учир нь орчин цагийн орос хэлэнд морины буурал зүсмийг заасан “чалый” хэмээх үг байгаа боловч жинхэнэ нэр бүтээх дагавар авсан “чалец” гэж үг байхгүй билээ. Дээрх өгүүлбэрийг орчуулбал “Адуунаас миний ЦАЛ морийг барь. Өдөр бүр овьёосоор тэжээ” гэсэн үг. В.Далийн толинд ч “чалец” гэсэн хэлбэр байхгүй, харин “чалко (эр хүйс), чалка (эм хүйс)” гэсэн хэлбэрүүд буй. Орчин цагийн болон Далийн тайлбарт, аль алинд нь “буурал, саарал адууг хэлнэ” хэмээж байгаа нь “цал буурал” хэмээх хоршоо үгэнд орж буй “цал” хэмээх монгол үгнээс гаралтай нь тодорхой байна.

“Цал” нь монгол бичгийн хэлнээ “чал” бөгөөд “ча-ган, ча-йирах, ча-гасу, ча-су, ча-бидар” гэх мэт үгэнд буй “цагаан, цайвар, буурал, саарал” хэмээх утгатай “ца-ча” язгуурт үг мөн болно.


        
Дүгнэлт

14-р зуун буюу 1300-аад оны үед орос хэлнээ монгол хэлний нөлөө нэгэнтээ туссан байсныг, ялангуяа адуу малын зүс, хөдөө аж ахуйн холбогдолтой монгол үг хэллэг энгийн ард иргэдийн ярианд идэвхтэй хэрэглэгдэж байсныг Новгородын үйсэн дээрх бичээсүүд баталж байна.  “Хар хул, цал” зэрэг адууны зүс заасан үгс нь зөвхөн монгол төдийгүй нийт Алтай хэлний үгс мөн боловч орос хэлнээ хэрэглэгдсэн цаг хугацааг нь авч үзвэл аль нэг түрэг хэлнээс биш монгол хэлнээс орсон байх магадлал нь илүүтэй юм.




                                                                           
1 Носовский Г. В., Фоменко А. Т. «Новая хронология и концепция древней истории Руси, Англии и Рима. (Факты. Статистика. Гипотезы). Том 1—2»,— М.: МГУ, 1995
2 Кунгуров Алексей. Киевской Руси не было или что скрывают историки. – М.: Эксмо, Алгоритм, 2010. – 415 с.
3 Чудинов Валерий Алексеевич, “Татаро-монгольское иго по Алексею Кунгурову” http://runitsa.ru/publications/468/
4 Монголын ETV орчуулан гаргасан буй.
5 http://kungurov.livejournal.com/69966.html
6 Арте́мий Влади́мирович Арцихо́вский. 1902-1978. ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, археологич, түүхч.
7 Хожим Нина Акуловад зориулан дурсгалын хөшөө босгосон бөгөөд анхны дурсгалыг олсон 7 сарын 26-ны өдрийг “Үйсэн дээрх бичээсийн өдөр” хэмээн зарласан.  
8 Авдусина Гайда Андреевна (1921-1984)
9 Кудряшов К.  Тень бересты // Аргументы и факты. 2011. № 31
10 В. Л. Янин. Я послал тебе бересту… Москва, МГУ, 1965.
11 В.И.Даль, Толковый словарь живаго Великарускаго языка, Онлайн хувилбар болон “каракулый” хэмээх үгийн тайлбар нь http://slovardalja.net/word.php?wordid=12824
12 Монгол хэлний их тайлбар толь, онлайн хувилбар www.mongoltoli.mn
13 С. Дулам, “Монгол бэлгэдэл зүй – 2”, Өнгийн бэлгэдэл зүй, Зүг чигийн бэлгэдэл зүй, Улаанбаатар, 2011
14 Цэндийн Дамдинсүрэн “Бүрэн зохиол”, хэвлэлд бэлтгэсэн Д.Цэдэв, Улаанбаатар, 1998 он, 420-р талд.
15 http://myaltai.ru/culture/legendy-ozera
16 С. Норов, “Үст мийн зулзага”, Үнэн сонин, 2008 оны 3 сарын 3.
17 Англи хэлний “баавгай”-г заах “bear”хэмээх үгийн гарлыг хөөвөл “бор, хүрэн” гэх утгатай. 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив