Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголыг дэлхийд таниулах арван минут буюу Монте Карлогийн хүрэл алиалагч АНУ-д
2016 оны 5 сарын 11 [Уншсан тоо: 43995]

Дэлхийд алдартай Ринглинг Бродерс цирк 2016 оны 4 сард АНУ-ын нийслэл Вашингтон хот болон монголчуудын олноор суурьшдаг Файрфакс хотуудад тоглов. Хоккейн Вашингтон Капиталс, сагсан бөмбөгийн Вашингтон Визардс багуудын тоглодог, 20 мянган хүний суудалтай “Верайзоны төв” хэмээх цэнгэлдэх хүрээлэн битүү дүүрч, хүн зон, хүүхэд багачууд циркийн гайхамшгийг амьсгаа даран хүлээхүй, хөгжим цангинан, анхны үзүүлбэрт зургаан тэмээ унасан монгол охид гарч ирэн, хоёр бөхт тэмээн дээр нугарснаар тоглолт эхлэвэй. Ринглинг Бродерсийн 145 дахь шоу, өөрөөр хэлбэл 145 дахь жилийн энэ тоглолтыг дэлхий даяар бядан тэнүүчилж яваа нэгэн хүмүүний аяллын зураглал мэтээр зохиомжлон найруулсан сэдэвтэй бөгөөд хөтлөгчийн өгүүлэхээр аялал ийнхүү Монголын их говиос эхэлж буй ажээ. Үүний дараа арслан барсын сургууль, акробат, дугуйчдын үзүүлбэр, ухаант заанууд болон утсан дээр тэнцвэрээ олох залуусыг үзэн гайхширч байтал гэрэл унтарч, хэсэг нам гүм болоодхов. Үзэгчдэд бас бодох цаг олгож буй бололтой.

Тэгтэл чимээгүйн дундаас гэнэт морин хуурын аялгуу цуурайтан, монгол хөөмийч, эх монгол хэлээрээ

Монгол хэлэндээ Жангар, Гэсэрийг хуучилсан
Морин хуурандаа Жонон харыг хуурдсан
Зуун зуунтай гүндүү нь үгүй ханилсан
Зузаан бор Монгол Ард гэгч би байна...

хэмээн хөөмийлөхүйд хурсан олон америкчуудын хувьд юу гээч сонин содон аялгуу вэ хэмээн гайхашран, чих тавин сонссон бол монголчууд бидний харин самсаа бохирон, зүрх лугших нь тэр ээ. Тэгтэл хөөмийн аялгуунаа уран гоо монгол охид гарч ирэн, монгол бий биелгээ бүжиж эхэлтэл араас нь залуусын шидэлттэй акробатын номер хавсран тоглож эхлэв. Акробат дуусах үед хөөмийн аялгуу уртын дуугаар солигдон, аанай л олны чихийг мялаах зуур манежийн голд хөрслөг монгол бөхчүүд хүнд жингийн ид хавыг гайхуулж, тойроод монгол охид маань нугарч эхэлсэн бөлгөө.

Арван минут нүд ирмэх зуур өнгөрөв. Ердөө энэ аравхан минутын дотор Монголын бахархал тэр чигээрээ, Монгол хэл, хархираа хөөмий, уртын дуу, монгол аялгуу олон түмний чихнээ хүрч, уян налархай гоо монгол охид, хүдэр чийрэг монгол баатрууд, овсгоо самбаа бүхий монгол залуусын үзүүлбэр монгол хувцас, монгол бүжигтэйгээ нийлээд нэгэн цогц болон Вашингтоны тайзнаа амилж, олны нүд, чих, тархинд Монгол гэж ямархан улс болохыг өнөд хоногшуулсан бөлгөө. Монгол үзэгчид нүдэндээ нулимстай, америкууд харин тархиндаа томоохон асуулттай үлдсэн болой. Чухам ийм л байдлаар АНУ-ын бүхий л томоохон хотоор явж, өдөртөө зарим тохиолдолд гурван ч удаа тоглодог, тоглох бүрийд нь арав хорин мянган үзэгч таашаадаг гээд бодохоор...

Ингээд Ринглинг Бродерс дахь монгол циркчдийн ахлагч, жүжигчин Борын Батбаяртай уулзаж, ярилцав.         

БОРЫН БАТБАЯР: АНУ-Д ЦИРК ГЭДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ИХ ХИЙНЭ,
АМЬТНЫ ЭРХИЙГ БОДОЛЦОНО


-Юуны өмнө Монгол циркийн гайхамшигт тоглолт, уран үзүүлбэрээр эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа танай хамт олонд баяр хүргэе. Үнэхээр энэ тоглолтын нүүр царай болсон нэг чухал үзүүлбэрийг манайхан тоглож байна. Нарны циркийн тоглолтуудыг үзэж байхад монгол жүжигчид бусад гадаад улсын жүжигчидтэй хамтран тухайн нэг номерыг бүтээж байсан бол та нар дангаараа, бараг гуч шахам монгол жүжигчин нэг томоохон монгол номерыг тоглодгоороо онцлог юм байна. Хэний найруулсан ямар үзүүлбэр, хэдэн монгол жүжигчин тоглож байгааг ярьж өгөөч.

-Энэ бол манай “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал, найруулагч Чулуунцэндийн Хатанбаатарын өөрийнх нь найруулан тавьсан үзүүлбэр юм аа. Үүгээрээ манай циркийн уран бүтээлчид алдарт Монте Карлогийн наадмаас хүрэл алиалагч шагнал хүртсэн билээ. Тэгэхэд Ринглинг Бродерсийн мэнэжэрүүд үзээд энэ үзүүлбэрийг маань авсан юм. Хүндийн жин, уран нугаралт, акробат цогцолсон өвөрмөц үзүүлбэр. Монголчууд бид хорин тавуулаа тоглож байна.    
 
-Монте Карлод очихоосоо өмнө монголчууддаа тоглож үзүүлж байсан юм уу?

-Үгүй, яг тэр наадамд зориулан бэлдсэн тусгай номер юм. Монте Карло гэдэг чинь циркийн Олимп шүү дээ. Олимпод дасгалжуулагч нар тамирчдаа яаж бэлддэг вэ, бид яг л тэгж бэлтгэн базаасан. Хамаагүй нандин юмаа гаргаад үзүүлчхэж болохгүй, нууцхан маягаар бэлдэнэ шүү дээ. Ер нь бол манай “Хадгаа цирк”-ийн жүжигчид нугарах нь нугарна, акробат хийх нь хийнэ, жингийнхэн гээд бүгд л чаддаг чаддаг юмаа хийгээд байж чадах уу гэвэл чадна. Тэр бүгдийг гол нь нийлүүлэн найруулаад, ямар сонин юм гаргаж тавих вэ гэдэг бол яг найруулагчийн санаа байгаа юм. Тиймээс хамгийн чухал юм бол энэ дээр найруулагчийн санаа. Тэгээд л Хатанбаатар захирал хөгжим, бүжиг зэрэгтэйгээ нийлүүлээд, хувцас костюмаа тааруулж ян тан болгож авсан, бүгдээрээ нисэж очоод тоглосон, “хүрэл алиалагч” ч хүртсэн дээ.

-Манай циркийн түүхэнд өмнө Монте Карлогоос ямар төрлөөр шагнал хүртэж байлаа?

-Монголын цирк Монте Карлогоос зөвхөн уран нугаралтаар л шагнал хүртэж байсан юм. Нугаралт бол Монголынх гэдгийг бүр батлаад, дархлаажуулаад хөгжүүлчихсэн. Гэтэл манай энэ медаль бол анх удаа акробатын төрлөөр Монгол улс шагнал хүртсэнээрээ түүхэнд орох онцлог явдал болсон юм. Ингээд л тэр номер маань энд ирчихсэн, Хадгаа циркийн хамт олон бид Ринглинг Бродерст тоглоод явж байна даа.

-Ринглинг Бродерсийн циркийн жүжигчин хүний нэг өдрийн амьдралын дүр зураглал ямар байх вэ? Тоглолттой өдөр гэж бодвол?

-Өглөө эртлэн босоод цай цүүгээ ууна. Цай уухдаа хүн бүр бас адил биш. Жингээ барих ёстойнууд нь бага иднэ. Дээрээ хүн овоолдог нөхөд бол их идэх жишээний. Ялангуяа охид маань Америкт ирэхээрээ жингээ сайн барихгүй бол “явчих” гээд байдаг юм байна. Эмэгтэй жүжигчид тэгээд чихэр шоколаданд дуртай байдгийг хэлэх үү. Нэг эсвэл хоёр, заримдаа гурван ч тоглолттой өдөр гэж байна. Амарч байгаад тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө очно. Яагаад гэвэл нүүр амаа будах, тэрнээс өмнө бас зураг авхуулах, гар хөлийн үсэг зурах гээд ажлууд байдаг.  Тоглолтын өдөр бол нэг иймэрхүү. Амралтын нэг өдөр гэвэл очиж тоглож байгаа хотынхоо түүх соёлын дурсгалт газрыг л үзэхийг их хичээнэ. Байнга нүүж явдаг учраас очсон дээрээ үзэж авах гээд байгаа хэрэг. Хүнсэндээ явах тусгай цаг гэж байна. Цирк маань өөрийн гэсэн автобустай, ажлын байр луу хагас цаг тутамд тэр нь явж байдаг. Бас гуравдахь, эсвэл тавдахь өдөр жүжигчдээ аваад хоол хүнсэндээ явна. Долоо хоногийнхоо идэх юмыг тэр өдрөө бөөнд нь авчихна.

-Тоглолтгүй, гэхдээ амралтын биш бэлтгэлийн өдөр гэж бас байх уу?

-Бид нар ер нь нэг тоглолттой өдрөө орой нь бэлтгэлээ хийчихдэг юм. Ялангуяа манай монгол жүжигчдийн баг бол нэг тоглолттой өдөр заавал бэлтгэл хийнэ. Шинэ хотод нүүж очсон эхний өдрөө бол бүтэн өдөр ажлын байран дээр өнжинө. Тэр нь юу хийдэг вэ гэхлээр эхлээд тайз, гэрэл гээд бүх юмаа угсарч дуусаад, дараа нь хөтөлбөрөө бүтнээр нь нэг пургон хийдэг юм. Яг жинхэнэ тоглолт яаж хийдэг, тэр ёсоороо. Хөтөлбөрийн дарга гэж байдаг, тэр нь өмнөх тоглолтон дээрх алдаагаа хянаж байдаг учраас пургон дээр хэн юуг илүү анхаарах ёстойгоо мэдэж, зааварлаж байна. Манай монгол багийн үзүүлбэрийн тухайд би бас алдаа гаргаагүй тохиолдолд пургонд заавал оруулдаггүй юм. Тэртэй тэргүй нэг тоглолтын дараа бидний бэлтгэлийн цаг байгаа. Тэр бэлтгэл дээрээ үзүүлбэрээ ямар ч байсан нэг явж үзнэ. Тэгээд бас өөр чөлөөт дасгалууд их хийнэ. Учир нь нэг юманд, ганц үзүүлбэртээ хэт их баригдаад байвал циркчин хүн бусад мэддэг чаддаг юмаа мартах аюултай. Жишээлбэл манай нэг нугардаг охин энэ үзүүлбэр дээр бол хоёр гар дээрээ нугардаг юм. Гэтэл өөрт нь нэг гар дээрээ нугардаг номер бий. Тэрийгээ байнга давтаж байхгүй бол мартана. Ирээдүйгээ бас бодох хэрэгтэй.

-АНУ-аас одоо Монгол руу яриагаа шилжүүлье. Бодвол та циркийн сургууль төгссөн байлгүй. Хэзээ төгсөв, ямар ямар номер голчлон тоглож байв?

-Би 1988 онд Циркийн сургууль төгссөн. Төгсөхдөө циркийн түүхэнд нэрээ бичүүлэх нэг сүрхий номер хийсэн юм. Тэр нь юу гэвэл манай циркэд анх удаа хийсэн “Сарлагтай акробат”. Сарлаг дээр акробат хийнэ гэсэн үг л дээ. Хоёр сарлаг нийлүүлж хоёр хүн зогсоод, дээр нь акробат хийнэ. Тэр номерыг найруулсан Батмөнх гэж хүн 1988 онд Орост төгсөхдөө дипломынхоо ажлыг “Сарлагтай акробат”-аар хийгээд, би тэр жил нь Монголд төгсөхдөө бас тэрүүгээр дипломоо хийгээд, ингээд хоёр талаас нийлж бүтсэн уран бүтээл байгаа юм. Одоо Монголын циркийн толь бичиг дээр 1988 оны Жанчивдорж ахлагчтай Сарлагтай акробат гэж орсны дотор багийн жүжигчдийн нэрс, Борын Батбаяр гэж бичигдэн үлдсэнд бахархаж л явдаг юм.  Ер нь бол акробат-гимнастик гэсэн хос мэргэжлээр төгссөн.

-Гэрийнхний чинь дотор циркийн хүн байв уу? Циркийн сургуульд явна гэдгээ яаж шийдсэн юм бэ?

-Манай аав ээжийн аль аль талд циркийн байтугай урлагийн хүн ганц ч байхгүй. Аав эхээс арвуул, ээж бас арвуул гэхэд тэр бүгдийн үр хүүхэд, ач зээ гээд зуу шахам хүн болоход надаас өөр урлагийн талын хүн ганц гараагүй юм даа. Би ч өөрөө циркчин болно гэж бодож төлөвлөсөн ч юм байгаагүй. Манайх Таван шарынх, би 12 –р сургуульд сурдаг байсан юм. Сургуулийн хойхон Гал команд байдаг, Гал командын байранд хожмоо багш маань болсон Машбат багшийнх байдаг байж л дээ. Тэгээд Циркийн сургуулийн элсэлт болохоор Машбат багш манай сургуулиар орж, наймдугаар ангийн таван бүлгийн хүүхдүүдийг шалгаруулалтад оруулсан юм. Би тэр үед хүндийг өргөлтийн секцэнд явдаг байсан болохоороо суниах барих, бусад шалгалтыг дажгүй өгөөд тэнцсэн. Хожим мэдэх нь ээ, Таван шараас нийт 500 гаруй хүүхэд шалгалт өгснөөс тавхныг л авсан юм билээ. Тэгтэл тэр таваас хоёрыг нь эцэг эх нь циркчин болгохгүй гээд аваад явчихлаа. Эцэстээ хоёулаа л төгслөө. Хамт төгссөн нөгөө маань циркээ одоо орхисон. Ингээд хөөрхий Таван шарын таван циркчнээс одоо ганцаараа л циркээ хөөсөн чигээрээ хоцрох шив дээ. Уг нь төгсөхдөө циркийн таван зүйл чадварыг бүгдийг сурсан, хамаг эрдэм маань биедээ л байлаа. Одоо ч тэгтэл биед байсан эрдэм ам руугаа ороод, заах, ярих, багшлах ажил л хийх болж байна дөө. (инээлдэв)      

-Багшлах ажил гэснээс хүүхдүүд гэр орноо, нутаг усаа санах нь ямар байна? Хүүхдүүд л гэх юм даа, танай жүжигчид чинь бүгд гуч хүрээгүй залуус харагдаж байна.

-Яваад сурчихсан, аялан тоглоод дадчихсан залуус олон бий. Гэр бүлээрээ хүрээд ирчихсэн, арагшаагаа санах асуудалгүй хос жүжигчид ч байна. Манайх чинь одоо хоёр жаахан хүүхэдтэй шүү дээ. Тэр хоёр бяцхан маань цэцэрлэгт явна.

-Байнга нүүдэллэж байдаг улсын хүүхэд яаж цэцэрлэгт явдаг хэрэг вэ?

-Ринглинг Бродерсын арена чинь нүүдлийн цэцэрлэг, сургууль аль алиныг нь ажиллуулна. Өглөө жүжигчдийн хүүхдүүд яг ажилтай юм шиг аав ээжтэйгээ цуг автобусандаа хамт суугаад л арена дээрээ ирнэ шүү дээ. Тэгээд эцэг эх нь ажил руугаа, хүүхэд цэцэрлэг сургууль руугаа орно. Орой ажил тарахад нь өдөржин хүүхдийг нь хичээл номоос гадна өдөр өнжүүлэх маягийн хөтөлбөрт хамруулж байгаад хамт өгөөд хариулна. Ийм маягаар амьдрахад бол залуус асуудалгүй. Гэхдээ дөнгөж сургууль төгсөөд ирсэн, хол явж үзээгүй жүжигчдийн хувьд жил тойрон явахад санах, гэгэлзэх зүйл бол гарна гарна.

-Ийм том бүлэг ахалж яваа хүний хувьд тэр бүгдийг хараад анзаарна биз?

-Өө тэгэлгүй яах вэ. “Нөгөө “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” кинон дээр “цэргүүдийн царай ч барзгар байна даа" гээд толгойгоо илж суудаг даа. Тэрэн шиг л би ч өглөө босоод л жүжигчдийнхээ царайг хараад барзгар байна уу, гэгээлэг байна уу? Шөнө тооцоолуур шагайгаад хонож уу, бүрэн сайхан унтаж уу гэдгийг шууд л мэднэ. Бүтэн жил нэг вагонд, хамт амьдраад явахаар тийм болчихдог юм байна. Зарим өглөө бүр эрт босох, хүмүүнлэгийн ажлаар явах шаардлага гардаг учраас тэр бүрийг хянах, мэдэж байх шаардлагатай байдаг юм.

-Цирк хүмүүнлэгийн ямар ажил хийнэ гэхээр сонин юм?

-Эднийх чинь хавдартай хүүхдэд бүр ялангуяа онцгой тусална. Очиж тоглосон хот болгоныхоо эмнэлэгт хавдартай тэмцэхэд зориулж арван мянган доллар байнга хандивлана. Эмнэлэг дээр нь очиж сонирхолтой номеруудаасаа үнэгүй тоглож, өвчтэй хүүхдүүдийн сэтгэл санааг сэргээнэ. Манай нугаралтын охид, бусад үзүүлбэрийн залуусыг тийм ажилдаа их оролцуулна. Тийм үед маш эрт сэрж ажиллах хэрэгтэй.

-Сардаа дунджаар хэдэн хотоор орж тоглож байна вэ?

-Нэг хотод долоо л хонодог юм. Эхний хоёр өдөр нь нүүдэл суудал таардаг. Тэгээд тоглолтоо хийгээд явна гэхээр сардаа дөрвөн хотоор ордог гэсэн үг.

-Ингэхэд манай энэ Вашингтон хотод төвтэй амьтны эрхийн нэг байгууллага танай эсрэг шүүхдээд, зааныг чинь тоглуулахгүй гээд байсан, юу болсон бэ? Сая бол тоглож л байна.

-Их олон жил сунжирсан шүүхийн маргаан түрүүн шийдэгдсэн. Заанаа үнэхээр зөв сайн арчилж байна уу гэж шалгаж явсаар байж 14 жилийн дараа манай цирк ялсан, нэлээд их мөнгө нөгөө талаасаа авах болсон юм билээ. Ер нь амьтны эрхийн төлөө тэмцэгчид бас л зовооно шүү. Хот болгонд байна. Циркийн удирдлагаас бидэнд байнга хурал хийж анхааруулдаг юм. Хүмүүс манай тоглолтын танилцуулга дээр гарын үсэг зуруулахаар их ирдэг юм. Тэрийг сайн харж зурна шүү, амьтны эрхийн сэтгүүл дээр андуураад зурчхав аа? Цаадуул чинь гарын үсгийг чинь ашиглаад жүжигчид нь хүртэл бидэнтэй санал нэг байна, дэмжиж байна гээд явдаг юм шүү гээд л сайн хэлнэ. Хэдийгээр ялсан, заанаа тоглуулах эрх нь байгаа боловч циркийн удирдлага өөрсдөө шийдээд энэ 5 сард бүх заанаа Флоридад тусгай паркад илгээхээр болсон. Та нар харин азтай байна, заантай циркийн бараг хамгийн сүүлчийнхийг үзлээ.  Азийн заан их ховордож байгаа учраас тусгай удамшуулах, судлах хүрээлэнд илгээж байгаа хэрэг.

-Одоо тэгээд амьтны эрхийг зөрчихгүйгээр амьтан сургана, тоглуулна гэхээр мөн хэцүү байх даа? Амьтнаа ер нь яаж сургадаг юм бэ?

-Үгүй харин миний харж байгаагаар бол харин ч эднийх амьтнаа их зовоохгүй, өөрсдөө их зовох юм. Ер нь дэлхийн циркэд амьтныг хоолоор, рефлексээр, сургуулиар гэж гурван төрлөөр сургадаг л даа. Эднийх бол зөвхөн рефлексээр л сургана гээд үзчих юм. Хамгийн анхны тэр номер байна аа даа, зургаан монгол охин тэмээн дээр нугардаг. Тэрийг бол үнэхээр зовж байж гаргаж авсан үзүүлбэр. Манайд бол үгүй мөн амархан сургачихмаар харагдаад байж билээ. Монголд бол ямар ч сайхан эмнэг догшин хангайн амьтныг дарж унагаад л, дөрлөөд л сургаад авчихна. Зодуур ч орно. Гэтэл энд амьтны хууль нь хатуу газар, рефлексээр сургах гээд л үйлээ үзээд байдаг. Би ч тэр, манай жүжигчид дунд хөдөө өссөн хүүхдүүд ч бий, тэд ч тэр, адилхан л “дөрлөчихдөггүй юм байх даа, тэгвэл ч гарын аясаар болоод ирнэ дээ” гээд л өмнөөс нь халширчихсан ярьж зогсдог юм. Тэр нь хамаагүй хурдан, амар арга л даа. Гэхдээ одоо энд манайхан шиг хамарт нь буйл хийчихвэл нөгөө гадаа зогсож байгаа тэмцэгчид нь амьтан тамлалаа гээд аюул болох байх л даа.  

-Гаднын циркэд тоглоод, ийм маягаар харьцуулан ажиглаад явахад туршлага судлах, санаа сэдэл төрөх, нэгнээсээ суралцах давуу тал бас гарна биз?

-Тийм шүү. Циркчин хүн ер нь гадаадын уран бүтээлчидтэй хамт тоглох их чухал. Би одоо хараад л, ажиглаад явдаг юм. Миний хийж байсан энэ үзүүлбэрийг энэ нөхөр яаж хийдэг юм байна вэ, өдий зэргийн нэг номерыг ер нь хэр хугацаанд, хэрхэн гаргадаг юм байна вэ гээд л. Хувь хүнийх нь өдөр тутмын хувийн бэлтгэлийг нь хүртэл сонирхон судлах жишээтэй. Манай хүүхдүүд бол эндээс маш их юм сурч байна. Хамгийн багаар бодоход хэл нь маш хурдан сайжирч байгаа. Тэр ч бас тэгээд л нэг эрдэм шүү дээ.

-Гадаадын энэ олон жүжигчнийг нэг баг болгоод, нэг удирдлага дор авч яваад байна гэхээр Ринглинг Бродерс бас л сайн л ажиллаж байгаа байгууллага юм байна даа.

-Тэгэлгүй яахав. Манежин дээр гардаг жүжигчид бүжигчид нийлээд зуу илүү хүн байгаа шүү дээ. Тэгээд техникийн бусад ажилтнууд. Нийтдээ 120 вагон явдаг, нүсэр шүү. Заан, амьтнаа хийх вагон, техник аппаратын вагон, за тэгээд жүжигчдийн амьдардаг вагон гээд л. Манайх чинь Ринглинг Бродерсын Улаан шугам гэдэг нь. Цаана нь бас хөх шугам гэж бий, тэнд бас дор хаяж 120 вагон явж байгаа. Ринглин Бродерсыг дотроо багтаадаг Фэлд Интэртэйнмэнт гэж том компани чинь дахиад найман шоутай, жилдээ манайхыг оролцуулаад 30 сая хүнд хүрдэг, 75 гаруй улсаар тоглосон газар гэж байгаа.

-Цирк угаасаа ингэж аялан тоглодог, нүүдлийн маягтай соёл гэдгийг АНУ-д ирээд л би ойлгосон л доо. Монголд манай гэр яг циркийн хажууд байлаа. Байж л байдаг болохоор цирк ирлээ, явлаа гэсэн ойлголт ер төрдөггүй байсан юм. Гэтэл энд ирснээр “Хотод цирк ирлээ” гэж дуулдгийг яг мэдэрч, ирсэн дээр нь үзээд авах ёстойг ойлгож байна л даа.

-Энэ одоо манай 145 дахь шоу гэж байгаа юм. Тэгээд түрүүний ярьсан нөгөө 120 вагонтойгоо шинэ хотод ирэхэд үзэгчид, фэнүүд аль хэдийн мэдчихсэн, бөөнөөрөө тосоод зогсож байдаг юм. Тэгээд л “Ринглинг, манай хотод тавтай морил” гэж хашгиралдаад, халуун дулаан алга ташилтаар хүлээж авах бол үнэхээр сайхан байдаг. Циркчин хүн болсны аз жаргалыг тэгэхэд их мэдэрнэ. Ер нь би одоо нас ахиад, үзүүлбэр үзүүлэхээсээ илүү хүүхдүүдэд зааж сургаад эхлэхээрээ циркээ яг нэг жинхэнэ утгаар нь ойлгож, амтыг нь илүү мэдэрч байна даа. Бөхчүүд ярьдаг юм, 28 хүртэл биеэрээ барилдана, түүнээс хойш толгойгоороо барилдана гэж. Цирк бас ялгаагүй, нас гурвын тоо руу ороод ирэхээр л юмыг арай өөрөөр харж, ойлгож, мэдэрч тоглож эхэлдэг юм. Угаасаа хурд хүч муудаад ирэхээр биеэ хэрхэн авч явсан бэ, бэлтгэлээ яг зөв нарийн хийж байсан уу гэдэг ялгаа чинь тов тодорхой болоод ирнэ. Манеж чамайг голж эхэлнэ ээ гэсэн үг.     
  
-За баярлалаа. Танд урлагийн их амжилт хүсье.

Ринглинг Бродерс цирк Вашингтон хотноо тоглох зуур нэгэн азтай зүйл тохиосон нь Хадгаа Сиркус Монголиа-гийн захирал, Ч. Хатанбаатар жүжигчдээ эргэх, цаашдын хамтын ажиллагааны гэрээ үзэглэх ажлаар ирээд байгаатай таарч, найруулан тавьсан тус үзүүлбэрийнх нь талаар цөөн зүйл лавлаж авлаа.

ЧУЛУУНЦЭНДИЙН ХАТАНБААТАР: МОНТЕ КАРЛО ГЭЖ АГУУ ЗАХ ЗЭЭЛ,
МОНГОЛЫГ ТЭНД ГАРГАХ ХҮСЭЛ МААНЬ БИЕЛСЭН

-АНУ даяар явж, Монголыг сурталчилж буй энэ сайхан үзүүлбэр таны уран бүтээл юм байна. Анх энэ номерыг хийе гэсэн санаа хэдийд төрсөн юм бэ?

-Монте-Карлогийн циркийн их наадмын дэд Ерөнхийлөгчтэй уулзан танилцсанд мань эр манай талд хүсэлт тавьсан юм. Юу гэхээр “монголчууд Монте Карлод бүр 90-ээд оноос хойш уралдсангүй. Одоо та бүхний оролцох цаг мөн.Үзүүлбэр бэлд” гэж. Даалгавар авсан гэсэн үг юм даа. Тэгээд бодлоо. Бид ер нь юуг их сайн чадаж байгаа билээ, юугаараа оролцох билээ гэж. Хүч тамирын номер, уран нугаралт, шидэлттэй акробат гурав их сайн, урдаа барьдаг номер маань байсан, энэ гурваа нэгтгэсэн нэг үзүүлбэр босгоё. Харин хэрхэн найруулах, нийлүүлэх билээ гэдэг бол асуудал. Урьд нь хийж байгаагүй хэд хэдэн шинэ юм хийх шаардлагатай болсон.  Тэгж байж л амжилтад хүрэх нь ойлгомжтой.

-Сайхан монгол аялгуу, морин хуур, хөөмий, уртын дууг харь улсын манежан дээрээс сонсох үнэхээр сайхан байлаа. Аялгуу хөгжмөө хэрхэн сонгов?

-“Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээл байгаа юм. Бас л өмнө циркийн манежин дээр тоглож байгаагүй ая, шинэ содон юм болж гарч ирсэн. Үнэхээр тэр монгол хүчтэн эрсийн бяр чадал, уян налархай монгол бүсгүйчүүдийн бүжиг нугаралт, овсгоо самбаат монгол залуусын шидэлттэй акробат, энэ бүгдийг нэгтгэх, уламжлал шинэчлэлийг хослуулах, циркийн гоо сайхан, нүдээр үзэх, чихээр сонсохын хослол, айдас төрүүлэн уулга алдуулж байж хүргэх таашаал гээд энэ бүхнийг нэгтгэн зангидсан гол холбоос маань энэ хөгжим болж өгсөн билээ. Сонирхолтой нь Монте Карлод тэмцэлдэхэд “энэ бол циркийн хөгжим биш” гэх мэтээр бүхий л шүүмж, мэргэжлийн сөрөг дүгнэлтүүд хөгжим дээр ирсэн, гэвч эцэстээ яг медаль авч байр эзлэхэд өнөөх хөгжим маань л аварч байсан даа. Монакогийн гүнж бүр энэ хөгжмийг хуулчаад машин дотроо сонсож явах болсон шүү дээ. Европчууд бол аялгуу тоглоод эхлэхэд л шар үс нь босоод ирдэг гэж байгаа. Олон зууны өмнө цэрэг зэвсэг, морин туурайгаараа хаалгыг нь тогшин айлгаж байсан өнөөх монголчууд чинь энэ удаад бас өвөрмөц сонин аялгуу тоглоод, тэрэн дээр нь хүчит эрс нь ярайгаад гараад ирэхээр юм юм нь хөдөлдөг байгаа юм биз. Европын үзэгчид өөрсдөө надад тэр сэтгэгдлээ хэлж байсан. Би ч угаасаа тэгж л мэдрүүлье гэж зорьсон юм.

-Зөвхөн АНУ даяар тоглож байгаа бус Европод бас тоглож байгаа юм уу?

-Тийм ээ. Миний циркчин болсны ганц гол зорилго маань Монте Карлод Монголын циркийг ахин гаргая гэдэг л мөрөөдөл байсан юм. Тэр маань ч биеллээ. Монте Карло бол агуу том зах зээл. Одоо яг энэ номер маань Европ даяар бас тоглогдоод явж байгаа. Корона гэж нэг удаад 5 мянган хүн үздэг циркэд. Америкийг бол хоёр жилд хоёр ч бүтэн тойрчихлоо. Цаашдаа ч тойрон тоглох болно.

-Баярлалаа. Амжилт хүсье.
        


АНУ-д аливаа томоохон тоглолтын өмнө төрийн дууллаа заавал эгшиглүүлдэг. Ринглинг Бродерс Төрийн дууллынхаа нэр нүүр болгон заан дээрх монгол жүжигчин охиныг сонгосон ажээ.



Ринглинг Бродерс циркэд тоглож буй монгол жүжигчид.


Хадгаа циркийн захирал Хатанбаатар, жүжигчин Батбаяр нар Ерөнхийлөгч Рузвельтийн дурсгалын цогцолборыг үзэж яваа нь


Баруун гар талаас: Монгол жүжигчдийн ахлагч Б. Батбаяр, "Хадгаа Циркус Монголиа"-гийн захирал, найруулагч Ч. Хатанбаатар. Ерөнхийлөгч Линколны цогцолбор дээр.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив