Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
НАСА-ийн захирал, хошууч генерал Чарли Болден: Сансрыг колоничлох нь гэж ойрын хэдэн сая жилдээ санаа зовоод хэрэггүй
2016 оны 5 сарын 18 [Уншсан тоо: 50575]

2015 оны 10 сарын 6-ны өдөр АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуулийн багш оюутан, дипломатууд АНУ-ын Үндэсний Агаар, Сансар Судлалын Захиргаа буюу НАСА-гийн захирал, хошууч генерал Чарли Болдентой уулзалт, ярилцлага хийв. Уулзалтад миний бие “Өдрийн сонин”-ы сурвалжлагчийн хувиар оролцож, сониноо төлөөлөн асуулт тавих завшаан тохиолоо.

Ярилцлагыг зохион байгуулж буй сургуулийн захирал, элчин сайд Нанси МкЭлдовни хүндэт зочноо танилцуулаад, эхний асуултыг тавилаа.



-НАСА бол Төрийн Департаментийн дэлхийд  бахархдаг байгууллагуудын нэг. АНУ-ын Засгийн газрын харьяаны олон яам, газруудаас хамгийн амжилттай яваа нь, шинэ санаа, шинэчлэлийг үргэлж хэрэгжүүлж байдаг нь танайх. Энэ бүхний нууц нь чухам юунд оршиж буйг тус байгууллагыг толгойлж байгаа хүний хувьд тодорхойлооч?

-Тийм ээ, Төрийн Департамент НАСА-г нэр нүүрээ болгож явдаг. Амжилтын нууц гэвэл олон л юм байгаа байх. Үүнээс хамгийн чухал нэг зүйл бол манайх дунд түвшний мэнэжэрүүддээ маш их анхаардаг юм. Тэд нар л ажилтнууддаа жинхэнэ үлгэр дуурайл нь (role model), сурган зөвлөгч нь, дагуулан удирдагч нь болж өгдөг. Түүнээс биш яг дээгүүрх дарга нар, бид бол ажилтнуудтайгаа байнга уулзаж, зөвлөөд байж чадахгүй. Зарим ажилтан маань намайг зөвхөн зурагтаар  хардаг ч байж мэднэ. Бид өөрсдөө ч болж буй бүхнийг алган дээрээ тавьсан мэт нэгд нэгэнгүй харах боломжгүй. Тийм учраас ажлын маань амжилтын гол үндэс дунд түвшний шилдэг мэнэжэрүүдийн маань зүтгэлд оршдог гэж болно.

Шинэ санаа, шинэчлэлийн хувьд гэвэл бидэнд “Эрт мэдэр”, “Ухаалаг мэдэр” гэсэн хоёр зарчим байдаг. Аливааг эрт, ухаалгаар мэдэрч байх маш чухал. Эрт мэдрэхэд эрсдэл гэж юм мэдээж байна. НАСА харин эрсдэлийг бусад газраас өөрөөр хардаг юм.  Эрсдэлгүй амжилт, нээлт гэж огт байхгүй. Би зүгээр жишээ болгоод “Морфеүз” төслийнхөө талаар ярья. Морфеүз гэж тийрэлтийг хоргүйгээр, хүчилтөрөгч, метанаар хийж, өөр гараг дээр буух, хөөрөх технологийн төсөл юм. Ингээд ажлаа дуусгаад төслийн багийнхан туршилтын хөөрөлт хийж үзэх боллоо. Хөдөлгүүр хөөрөөд л удалгүй дэлбэрэн шатсан. Бид ердөө цочирдоогүй. Ийм юм болж магадгүйг бүгд мэдэж байсан. Би тэгээд утсаа аваад төслийн удирдагчтай ярихдаа “Маш сайн ажил болсон шүү. Одоо юун дээр алдсанаа хэлэлцээд, ажлаа үргэлжлүүлж, сайжруулаарай” л гэж хэлсэн. Одоо бол манай Мөрфеүз маш мундаг, Ангараг дээр түүгээр бууна шүү дээ.

Үүний дараа танхимд цугласан багш, ажилтнууд асуултаа асууж эхлэв.

-Таны удирдах ажлын энэхүү зарчим, арга барил хэдийд бүрэлдэн тогтсон юм бэ? Ер нь таныг ажлын энэ өндөр амжилтад хүрэхэд, хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?

-Би Өмнөд Каролина мужийн Коламбиа хотод төрсөн хүн. Ээж аав хоёр маань хоёулаа багш байв. Эхнэрийн маань ээж аав бас багш нар байлаа. Тэдний нөлөө надад их байсан. Манай ээж бол бүх хичээл дээр бүгд дээр нь заавал А дүн аваад байх чухал биш. Гэхдээ авах гэж чармайх нь хамгийн чухал гэж сургадаг байв.   
 
Хүний хийсэн ажлыг доош хийдэггүй, урмыг нь хугалдаггүй чанарыг харин би ахлах сургуулийн америк хөлбөмбөгийн дасгалжуулагчаасаа сурсан байх. Би бол сайн тоглогч байгаагүй. Куартербакийн (бөмбөгийг эхэлж аваад дамжуулдаг тоглогч) сэлгээний хүн байсан юм. Гэвч дасгалжуулагч маань намайг хэзээ ч сэтгэл санаагаар унагаж байгаагүй, дандаа дэмжиж урам хайрладаг байсан. Ээж дасгалжуулагч хоёр миний хувьд үлгэр жишээ, даган дуурайх хүн маань болж.

Хожим Усан Цэргийн Академид байхдаа уриа нь болох гурван үгний утгыг гүнзгий ойлгож авсан. “Нэр төр – Эр зориг – Шантаршгүй зүтгэл” гэж. Одоо хөгширсөн хойноо харахад хүүхдүүд маань эргээд надад үлгэр жишээ болдог юм байна. Жишээ нь хүүгээ их сайн аав болохыг хараад би ихийг ойлгодог, мэс засалч охиноосоо ч олон юм сурах юм даа.

-Өмнөд Каролина мужийн Коламбиа хотын уугуул гэж байгаа, та. Таныг бага байхад тэнд арьсны үзэл гаарсан газар байсан. Тэр хэцүү орчноос таны НАСА-гийн захирал болтлоо дэвшсэн түүх их сонирхолтой байна.

-Амар байгаагүй ээ. Усан Цэргийн Академид элсэхэд нийт 14 000 сонсогч байснаас долоохон нь надтай адил залуус байлаа. Дараа жил нь 6, тэгээд гээд эцэстээ бид дөрвүүлхнээ төгсөж байв. Гэвч би хэзээ ч гомдоллож байгаагүй. Юу хийх ёстой, түүнийгээ л хийдэг байлаа. Ээж минь надад “Цаг битгий алд. Өөрийгөө үйл ажлаараа үзүүл” гэж байнга сургадаг байсан юм. Академид ороход бүгд л надад дургүй байсан. Эхний өдөр өрөөнд маань хоёр сонсогч орж ирээд “Чи энд тэсэхгүй ээ. Чамайг зүгээр байлгаад байх ч үгүй” гэж сүрдүүлж байлаа. Одоо хүртэл би санадаг юм, нэг нь Өмнөд Каролина, нөгөө нь Алабама мужийн, гуравдугаар курсын хоёр сонсогч байсан. Би ээжийнхээ хэлсэн ёсоор тэдэнд хэн болохоо тайлбарлан ярьж цаг алдсангүй, харин зүгээр л хэн гэдгээ харуулсан юм. Гэр лүүгээ долоо хоног бүр ярьдаг байлаа. Заримдаа мэдээж гэртээ гүйгээд харьчихмаар санагдах үе гарна. Аав харин ахиад нэг долоо хоночих, тэгээд ярья гэдэг байлаа. Тэгсээр байтал 52 долоо хоног болчихсон байж билээ.

-“Ангарагийн хүн” кино өнгөрсөн долоо хоногт гарлаа. Маш үнэмшилтэй болсон байна. Кино үнэмшилтэй болсны гол шалтгаан нь НАСА тусалсных байх. НАСА энэ киногоор дамжуулан олон нийтэд өөрийгөө үзүүлэхийг зорив уу?

-Эхлээд ер нь энэ нийтийн сүлжээ гээч юмны талаар ярья. Манайд харьцангуй шинэ зүйл байгаа юм. Би өөрөө хуучны хүн учраас сайн ойлгодоггүй байж. Харин сүүлийн үед НАСА-д нийтийн сүлжээний чиглэлээр ажилладаг маш олон залуу ирсэн. НАСА-гийн бүхий л том туршилт, төслийн нээлт, технологийн үзүүлбэр зэрэг дээр нийтийн сүлжээнээс заавал хүн ирсэн байдаг. Би харин тэднээс манайхыг сурталчлаад өгөөч гэж огт гуйдаггүй юм. Би тэднийг өөрөө үз хар, тэгээд төрсөн сэтгэгдлээ, мэдрэмжээ бусадтай хуваалц л гэж хэлдэг. Тэр л чухал юм.



“Ангарагийн хүн” киноны тухайд бол та бүхэн бүгдээрээ номыг нь уншсан байх, тийм үү? Маш сайн ном байсан. Надад бол шинжлэх ухааны зөгнөл гэхээсээ илүү хүний тухай, зорилгодоо хүрэхээр тэмүүлсэн хүний түүх гэдэг талаасаа илүү сэтгэгдэл төрүүлсэн. Үйл явдал нь их гоё. Тиймээс хүний тэмүүллийн тухай энэ түүхийг ашиглаад бид өөрсдийнхөө хийж буй ажлыг, хаашаа очих гэж байгаагаа олонд таниулахад буруудах юу сан билээ л гэж бодсон юм.  Ер нь хүн Ангарагт очно шүү дээ.  Найруулагч Ридли Скоттой хамтран ажиллахад тун таатай байсан.

Зүгээр дашрамд дурдахад АНУ-ыг гадаад улсад төлөөлдөг дипломатчид Ангараг дахь хөтөлбөрөөрөө үнэхээр бахархах эрхтэй юм шүү. Дэлхийн 12 улс тэнд буух гэж оролдсон, чадаагүй, ганц АНУ л амжилттай газардаад байгаа. Бахархах юмаараа бахархаж болно.

-Орос-Америкийн харилцаа улс төрийн талаар өдгөө тун таатай биш байгаа. Харин сансар судлалын салбарт одоо ч амжилттай хамтран ажилласаар байгаагийн учир нь юу вэ?

-Оросын сансар судлалынхан, эрдмийн хүрээнийхэн яг л бидэнтэй адил, сансар огторгуйг хэрхэн хүний сайн сайханд зориулах вэ, яаж зүй зохистой ашиглах вэ л гэж боддог. Тийм учраас бид хамтдаа санаа зовон, хамтран ажилласаар байна.

-Тэнгэр огторгуйд тэрбумаар нь зарахын оронд энд, гэр орондоо тэр их мөнгийг зарцуулах нь зүйтэй гэсэн шүүмжлэл их гардаг. Тэр талаар?

-Тийм ойлголт яваад л байдаг юм. Юуны өмнө бид алмааз эрдэнээр тоглоод суудаг улс биш гэдгээ хэлье. Манай төсөв тодорхой, жилдээ 18 тэрбум шахам долларын төсөвтэй. Бүх төсвийн 85 хувь нь НАСА-гийн судалгаа, ажлаар дамжин, эргээд шууд АНУ-ын эдийн засагт ордог юм шүү гэдгийг энд онцлон дурдъя. Агаарын замын хөдөлгөөний зохицуулалтаас авхуулаад өдөр тутмын амьдралын наад захын технологи хүртэл маш олон зүйлийг НАСА бүтээсэн байгаа. НАСА-гийн олон нээлт, бүтээлийг хүмүүс амьдралдаа хэрэглэсээр байна. Харин тэр пуужин, бөмбөг хийх зэрэг бол манай салбарын ажил биш.

-Өөр нэг шүүмжлэл бол сансрын уудмыг колоничлох гэлээ гэж ярих нь бий. Тэр тухайд?

-Колоничлох биш юм аа. Хүнд хүргэх, ойртуулах, зуучлах гэсэн үгс манай ажиллагаанд яг таарна. Жишээ нь сүүлд Ангарагт газардахдаа бид тэнд бууж чадахгүй байгаа дэлхийн зургаан улсын техник хэрэгслийг тавьж өглөө. Хүн төрөлхтөн сансрыг колонио болгох гэлээ гэж ярьцгаадгийн хувьд бол арай дэндүү эрт санаа зовж байгаа хэрэг л дээ. Манай нар унтраад, хүн өөр гараг эрхэс дээр очиж, колоничлон сууна гэдэг бол хэдэн тэрбум жилийн дараах асуудал. Ойрын хэдэн сая жилдээ үүнд нэг их санаа зовоод хэрэггүй. Энд харин нэмж хэлэхэд бид маш болгоомжтой ажилладаг юм. Ангараг дээр жишээ нь ус олдлоо гээд л сая мэдээлэл тархаа биз? Их сонирхолтой нээлт. Гэхдээ сонирхолтой байна гэдэг нь шууд дайраад, дээж аваад үзээд унана гэсэн үг биш. Мэдээж тэгмээр л байгаа. Гэвч тийшээ очиход цөмийн үйлчлэл буй болно, орчинд нь хэрхэн нөлөөлөх билээ гэх мэтчилэн бүхнийг тооцоолох ёстой. Оршин буй дэлхийнхээ уур амьсгалд бид хэрхэн нөлөөллөө дөө, өөр гараг ертөнцийг тэгж огт болохгүй.

Ингээд эцэст нь миний бие  Монгол улсын “Өдрийн сонин”-ыг төлөөлөн асуултаа тавив.

-Сансар дахь судалгаа, үйл ажиллагаа аливаа улсын бахархал, бусдад өөрийгөө сурталчлах нүүр царай болдог гэж таны ярьсантай санал бүрэн нийцэж байна. Зөвлөлт Холбоот Улс ч яг энэ зарчмаар ажилладаг байлаа. Би Монгол хүн, энэ сургуульд монгол хэл соёлын багшаар ажилладаг. Манай Монгол улсад тухайлбал 1981 оны 3 сарын 22-ны өдөр маш чухал өдөр. Монгол хүн сансарт ниссэн өдөр. Зөвлөлт-Оросын Монгол улс дахь хамгийн эерэг дүр төрх бол энэ. Сансрын нисэгч Жанибеков жишээ нь Монголд ирлээ гэхэд жинхэнэ баатрын ёсоор угтан авдаг. Тэгэхлээр үүнтэй холбогдуулан танаас НАСА хөгжиж буй орнуудад хэрхэн тусалдаг, ямар бодлого явуулдгийг асууя.

-Сонирхолтой асуулт байна. НАСА-гийн хөгжиж буй улсуудад тусалдаг олон хөтөлбөр бий. Бид яг сансарт хамт авч нисэх гэхээсээ илүү судлаач нарыг нь бэлдэх, сургах тал дээр илүү анхаардаг бодлоготой юм. Яг одоо л гэхэд  НАСА дэлхийн 120 орны 700 гаруй түнштэй (тэдгээрийн нэг нь Монгол улс) албан ёсны харилцаатай ажиллаж, судлаач нарыг нь боловсруулан, сургаж байна.

Нэг чухал юм бол дэлхийн хаана ч, ямар ч улсад байгалийн гамшиг болсон манай судалгаа, мэдээллийн баазыг аваад ашиглах эрх нээлттэй байдаг, хамгийн найдвартай мэдээллийг бид өгдөг. Бангкокт саяхан байгуулж өгсөн “Байгаль орчны мэдээллийн төв” байна. Зүүн хойт Азийн улсуудыг байгалийн гамшгаас сэргийлж, хүнсний аюулгүй байдал, цэвэр усны хангамж гэх мэт амьдралын хамгийн чухал асуудлаа шийдэхэд нь хэдэн зуун сая хүнд тусалж байна. Бангладешт бидний байгуулж өгсөн мөн тийм төв, манай хиймэл дагуулын мэдээллийн тусламжаар гол нь үерийн аюулаас сая сая хүнийг сэргийлж чадаж байна.

Та сая Жанибеков гэлээ, бид хоёр чинь сайн андууд байгаа юм. Олон ч төсөл дээр хамтран ажиллаж байлаа. Сансрын нисэгчдийн холбоонд бас хамт байсан. Одоо мань хүн  холбооныхоо тэргүүлэгч нь ч болсон байж мэднэ шүү.

-Олон сайхан мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.


“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч
Мягмарын САРУУЛ-ЭРДЭНЭ


                                                                                                        

Тодруулга 1:

Чарли Болден гэж хэн бэ?

Сансрын нисэгч, хошууч генерал Чарлие Франк Болден нь Ерөнхийлөгч Обамагийн 2009 оны 7  сарын 17-ны тушаалаар НАСА буюу Үндэсний Агаар, Сансар Судлалын Захиргааны захирлаар томилогджээ. Ийнхүү тэрбээр АНУ-ын сансар огторгуй судлалын бодлогыг тодорхойлж, удирдах анхны хар арьст захирал болсон байна.

Чарли Болден нь 1946 оны 8 сарын 19-ний өдөр Өмнөд Каролина мужид төрсөн. 1968 онд Усан Цэргийн Академийг бакалаврын зэрэгтэйгээр төгсөж, Тэнгисийн явган цэргийн нэгтгэлд ахлах дэслэгч цолтойгоор томилогджээ.  1968 оноос цэргийн нисгэгч болж, байлдааны 100 илүү нислэг үйлджээ. 1977 онд Шинжлэх ухааны магистрийн зэрэг хүртэж, 1980 оноос сансрын нисэгчдийн бэлтгэлд хамрагдсан байна.

1986-1994 он хүртэлх хугацаанд сансарт 4 удаа ниссэн.


Тодруулга 2:

“Ангарагийн хүн” кинонд НАСА оролцсон нь

2015 оны 10 сард нээлтээ хийсэн “Ангарагийн хүн” шинжлэх ухааны зөгнөлт киног Ридли Скотт найруулж, Матт Дамон гол дүрд нь тогложээ. Кинонд НАСА-гийн Ангараг гарагийн төслийг 2030 онд ямар байхаар зөгнөн үзүүлсэн тул НАСА албан ёсоор хамтарч, шинжлэх ухаан, техникийн хувьд зөвлөн тусалсан байна. Зөвлөхүүдийн дунд НАСА-гийн дээд тушаалын албан хаагчид, тухайлбал Гараг эрхэс судлалын захирал Жим Грийн, Нарны аймаг судлалын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэйв Лэйвэри нар ажиллажээ. Мөн сансрын нисэгч Трэйси Колдвелл-Дайсон жүжигчин Жессика Частайнд дүрээ бүтээхэд нь туслан, зөвлөсөн байна. Үнэхээр НАСА нь Ангараг гарагт хүн буулгах талаар ажиллаж байгаа болно.   


Тодруулга 3:

Ангараг гараг дээр буух гэсэн оролдлогууд
(Нисэн өнгөрөх, Орбитод орох оролдогыг үл оруулсан)


Нэр

Хөөргөсөн огноо

Улс

Амжилттай эсэх

Тайлбар

Марс 2

1971.05.19

ЗХУ

Амжилтгүй

Огцом орсноос буулгагч шатсан.

Марс 3

1971.05.28

ЗХУ

Амжилтгүй

Гадаргуу дээр буугаад 20 секундын дараа эвдэрсэн.

Марс 6

1973.08.05

ЗХУ

Амжилтгүй

Буулгагч хурдны нөлөөгөөр эвдэрсэн.

Марс 7

1973.08.09

ЗХУ

Амжилтгүй

Буулгагч гарагаас зөрсөн.

Викинг 1

1975.08.20

АНУ

Амжилттай

Орбитод оруулагч 1976-1980, буулгагч нь 1976-1982 онд ажилласан.

Викинг 2

1975.09.09

АНУ

Амжилттай

Орбитод оруулагч 1976-1987, буулгагч нь 1976-1980 онд ажилласан. 50 мянга гаруй зураг ирүүлсэн.

Фобос 1

1988.07.07

ЗХУ

Амжилтгүй

Замдаа 1988 оны 8 сард алга болсон.

Фобос 2

1988.07.12

ЗХУ

Амжилтгүй

1989 оны 3 сард алга болсон.

Марс 96

1996.11.16

ОХУ

Амжилтгүй

Пуужин эвдэрснээс орбитод оруулагч, 2 буулгагч үгүй болсон.

Марс Патфайндер

1996.12.04

АНУ

Хэсэг хугацаанд амжилттай.

1997 оны 7 сарын 4-нд амжилттай буугаад мөн оны 9 сарын 27 хүртэл эх газартай холбоотой ажилласан.

Марс Дийп Спэйс 2

1999.01.03

АНУ

Амжилтгүй

1999 оны 12 сард үгүй болсон.

Бийгл 2

2003.06.02

Европын Сансрын Агентлаг

Амжилтгүй

2003 оны 12 сард үгүй болсон.

МERS

2003.06.10

АНУ

Амжилттай

2004 оны 1 сарын 4-нд газардаж, 3 сар усны ул мөр үлдсэн эсэхийг судалсан.

MERO

2003.07.07

АНУ

Амжилттай

2004 оны 1 сарын 25-нд газардаж, гурван сар судалгаа хийсэн. 

Феникс Марс

2007.08.04

АНУ

Амжилттай

2008 оны 5 сарын 25-нд газардаж, Ангарагийн хөрсийг ухан, гадаргын доор мөс байгааг илрүүлсэн.

Фобос-Грант

2011.11.08

ОХУ

Амжилтгүй

Дэлхийн орбитоос гарч чадалгүй эвдэрсэн.

Кюросити хэмээх ровер

2011.11.26

АНУ

Амжилттай

2012 оны 8 сарын 6-нд бууж, цаг уур, геологийн судалгаа хийж буй.

MAVEN

2013.11.18

АНУ

Амжилттай

2014 оны 9 сарын 22-нд буусан, Ангараг дээр буулгагч, ровер зэргийг буухад туслах зорилготой.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив