Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Майга хөлийн үлгэр л болсон юм даг уу даа
2016 оны 9 сарын 8 [Уншсан тоо: 46333]

Эдийн засагч эрхэм нөхдийн хэлэх нь манай энэ улсад хөгжин мандах боломж тун чиг их байсан юм даг уу даа. Газар доорх баялгаа гадаадын хөрөнгө оруулалтаар тэтгээд өгсөн бол айл өрх бүр алтан аяганаас ус байтугай юм уух байж. Ид боломжтой үедээ төмөр зам, онгоцны буудал, үйлдвэр, цахилгаан станц, эмнэлэг сургууль бүгдийг барьчихаар байсан юм байх. Гэвч санаачилсан асуудал бүр унасаар, хэлэлцсэн хууль бүр дээрээ хэрэлдсээр, юу ч бүтээж чадаагүй юм гэх шив дээ. Тэр нь миний доор өгүүлэх Майгахөлийн үлгэр болсон юм даг уу даа. Магайхөл гэдэг чинь хэн сэн билээ гэж үү? Хэрэгт дуртай уншигч танд яриад өгье л дөө.  

Эрт урьдын цагт юм гэнэ. Энэ ертөнцөд нийгэм гээч юм бий болоогүй байсан юм байх. Тэр цагт эрчүүд эмэгтэйчүүдийг хүчээр өөрийн болгодог байжээ. Нэг эмэгтэй их сайхан харагдлаа гэж бодъё. Гэтэл тэр нь өөр эртэй амьдардаг байж болно. Тэр тохиолдолд ердөө эрийг нь алаад л бүсгүйг нь гэртээ чирээд ирэхэд болно.

Авчирсан хүүхнийхээ төлөө мань эр өөрөө ч хэзээ хэзээгүй алуулахад бэлэн гэсэн үг, гэвч үнэндээ бол эмэгтэй хүн гэртээ авчрах өөр арга зам байсангүй. Гэр бүлийн амьдрал гээч юм ер байсангүй, учир нь эрчүүд нэгнээ байнга сэжиглэн, эмээнэ. Ан гөрөө хийх, айл өрхөө өөд татах гээд олон ажил байвч эмийгээ хамгаалах чухал ажилд хамаг хүчээ барна.

Олон хүн энэ бүхэн нэг л болохгүй байгааг ойлгож байжээ. Тэд хоорондоо ийн хэлэлцдэг байж гэнэ: “Бид ер нь их хачин улс юм. Уг нь бид чинь хөгжин боловсорсон, орчин цагийн хүмүүс шүү дээ. Өвөг эцэгтэйгээ харьцуулахад махаа түүхийгээр нь бус, болгож иддэг боллоо. Техникийн мэргэжилтнүүд маань чулуугаар сумын зэв хийж, хамгийн хурдан зээрийг ч агнаж чадах нум бүтээлээ. Бөө нар маань ид шидээрээ өвчнийг үлдэн хөөж байна. Тэр ч байтугай манай залуу судлаачид тойрон бүжиг хийх нь бороо оруулахад ямар нөлөөтэй болох талаар нарийн судалгаа хийлээ. Бага багаар ч болов бид байгалийн нууцыг тайлж, одоо зэрлэг адгуус биш боловсрол мэдлэгтэй хүн болон төлөвшсөн байна. Гэвч бид харин өөрсдийгөө л хөгжүүлж чадсангүй. Одоо хүртэл нэгнийхээ эмийг булаан авахын тулд амийг нь хөнөөсөөр. Нэг нэгнээ алахаа больё гэж хүн бүр ярьдаг, гэхдээ бүгд алсан хэвээр. Нэгнээ алдаггүй, хүүхэд гэртээ тайван байх тийм тогтолцоог бодож олохгүй бол горьгүй нь. Эр эм хүний харьцааг эвтэйхэн шийдэхгүй бол бидний хүрээд байгаа энэ сайхан иргэншил аюулд учрах болно...”

Ийм яриаг үеэс үе дамжин хамгийн ухаантай хэд нь ярьсаар иржээ. Яавал эрэгтэй эмэгтэй хүмүүс хүүхдүүдийнхээ хамт амар жимэр амьдарч болох вэ? Эм хүн олохын тулд айл айл дамжин хүн алаад яваад байгаа хүмүүсийг хэрхэн зогсоох вэ?  

Зуугаад жил олноороо хэлэлцсээр ирсний дүнд тэд нэгэн шийдэл олсон гэнэ. Ерөөсөө эр эм хүмүүс хоорондоо “гэрээ” хийж байя. Тэр гэрээг овгийн хамгийн хүндтэй бөө гэрчлэн, баталж байя. Гэрээгээ “гэрлэлт” хэмээн нэрийдье. Гэрлэлтийн гэрээнд оролцсон эрийг “нөхөр”, эмийг нь “эхнэр” гэж нэрлэж байя.

Үүнийгээ улам цаашлуулан нарийсгасан нь: Энэ гэрээг овгийн бүх хүн хүндэтгэнэ. Тухайлбал Данхартолгойт Уртхүзүүтийг эхнэрээ хэмээн авсан байвал овгийн бусад бүх эрчүүд Уртхүзүүтийг оролдож болохгүй. Өөр хүний эхнэрийг авахын тулд нөхрийг нь албал овгийнхон ярьж шийдээд шийтгэж байна.

Энэ саналаа хэрэгжүүлэхийн тулд овгийн бүх чухал өрхөөс төлөөлөгч дуудан том хуралдаан хийжээ. Янз янзын л улс ирэх юм гэнэ. Зарим нь маш их итгэл өвөртлөн, хүн төрөлхтөн шинэ шатанд орох нь хэмээн баяртай ирж гэнэ. Зарим нь ч эргэлзэнгүй, үгүй яахав, үзээд алдахад юу нь буруу байх вэ гэсэн маягтай, бас зарим нь зүгээр л зардал мөнгийг нь овгоос гаргаж байгаагийн л учир иржээ. Тэд бол аль олонх болсон талд нь саналаа өгнө гэнэ.

Уг нь хуралдаан их сайхан явж байж. Гэтэл чалчаа бүдүүлгээрээ алдартай Майгахөл тэндээс элдвийг хэлэн, хурлыг гацааж эхлэв. Майгахөл эхлээд төлөөлөгчдийн юу хэлж байгааг сонссонгүй, хэн ярьж байна гэдгийг нь харж байгаад “Өндгөн толгойт”, “мөрөөдөгч”, “худалч”, “мэдрэлгүй үхээр” гэх мэтээр дуудаж гарав. Дараа нь тэрбээр хурлын олон төлөөлөгчийг зааж “Эд чинь өөрсдөө өмнө нь хүүхэн булаагчид байсан юм шүү дээ” хэмээв. Харамсалтай нь тэр нь үнэн байлаа.

Майгахөл Улааннүд рүү хашгирч “Хөөе, чамайг өөрийнхөө эмтэй нэг муу гэрээ хийсний төлөө одоо энэ Шаршүд эмийг чинь оролдохгүй гэж бодож байна уу?” хэмээгээд эргээд Шаршүдэд хандан “Улааннүд нэг муу гэрээнээс айгаад чиний эмд санаархахгүй байна гэж байх уу?” гэж хорыг нь малтав. Дараа нь тэрбээр бүх төлөөлөгчдөд “Та нар бүгд хий хоосон амлагчид. Тэр нөхөр, эхнэр, гэрлэлт гэдэг чинь бүтэхийн аргагүй мөрөөдөл” хэмээв. Эцэст нь Майгахөл өөрийг нь үргэлж дагаж явдаг, бяцхан тархитай хүмүүст хандан төлөөлөгчдийг зааж, “Энэ тэнэгүүдийг хараач ээ. Хуралдаанаараа хүний мөн чанарыг өөрчлөх юм гэнэ. Ха ха ха” хэмээтэл нөгөөдүүл нь ч даган “Ха ха ха, эд нээрээ мөн хүний мөн чанарыг өөрчлөх юм байх даа” гэж чанга инээлдэн шоолжээ.

Хуралдаан ч ингээд дуусаж. Тэр овгийнхон гэрлэлтийг хууль ёсных болгох гэж дахин хоёр мянган жил хүлээсэн гэдэг. Хоёр мянган жил аанай л эмэгтэй хүн олж авахын тулд эрийг нь хороосоор байж. Хоёр мянган жил айл гэр айдас хүйдэстэй амьдарч. Хоёр мянган жил шинэ санаа, бүтээл гарсангүй, зөвхөн эмэгчнээ л хамгаалахад хамаг цагаа зарж...




              

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив