Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Вашингтон хотноо хургасан Потомак мөрний жаврыг морин хуурын аялгуу үлдэн хөөв
2016 оны 9 сарын 21 [Уншсан тоо: 28245]

Шинэ хичээлийн жил эхлээд, сургууль боловсролтой холбоотой бүхэн завгүй яваа энэ өдрүүдэд буюу 9 сарын 2-ны Баасан гарагийн үдэш, АНУ-ын нийслэлийн алдарт Кеннедийн төвд “Reflections of Morin khuur - Морин хуурын тусгал” нэртэй концерт тоглолоо. Залуу морин хуурч Урлагбаатарын Хатанболд АНУ-д морин хуур, монгол соёлыг таниулах үүднээс энэхүү тоглолтыг санаачлан, уран бүтээлч андуудынхаа тусламжтайгаар зохион байгуулсан юм. Тоглолтоос хийсэн сурвалжилгаа уншигчдад толилуулахаас өмнө У. Хатанболд гэж хэн болох, Кеннедийн төв гэж ямар театр болохыг танилцуулах нь зүйтэй.

Урлагбаатарын Хатанболд


Урлагбаатарын Хатанболд 1990 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн,цагаан морин жилтэй. Аймгийнхаа 10 жилийн сургуулийг төгсөөд 2008-2013 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд элсэн суралцаж "Морин хуурын гоцлооч, багш" -ийн мэргэжил эзэмшжээ. Швейцар, Франц, Итали, Герман, Австри, Польш, Орос, Япон, Хятад, Солонгос улсад аялан тоглож, монгол урлагаа сурталчилж байв. 2014 оноос АНУ-ын Вашингтон ДС хотноо суурьшин, "Морин хуурын сургалтын төв" нээж, өнөөг хүртэл хориод хүүхдийг дагуулан сургаад байна.

Кеннедийн төв

Үндэсний Соёлын Төв төслийн хүрээнд босож, 1971 онд ард олонд үүд хаалгаа нээсэн Кеннедийн төв нь дэлхийн хамгийн нэр хүндтэй тайз, хүрээлэнгүүдийн нэг юм. 1971 онд нээлтээ хийсэн боловч, бүр 1958 онд батлагдсан актын дагуу эх үүсвэр нь тавигдсан, ялангуяа Ерөнхийлөгч Кеннеди амьд ахуйдаа хандив босгох ажлыг шаргуу хийж, Цагаан Ордонд хандивын зоог сэлтийг зохион байгуулан, гол хөрөнгийг нь босгосны тул түүний нэрээр нэрийдэгдсэн байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн урлаг соёлын ертөнцөд нэр нь дуурсан, Оросын алдарт Большой хэмээгдэх дуурь театр, Кубын Балет Национале зэргээс өгсүүлээд нэр хүндтэй чуулга, жүжигчдийг АНУ-д анх тоглуулсан хэмээх амжилтыг албан ёсоор хүртэж эхэлсэн аж. Дотроо судалгааны хүрээлэн, хэд хэдэн томоохон театр, олон чуулга, Үндэсний оркестр,  Боловсролын үйлчилгээ зэргийг багтаасан нүсэр том энэхүү цогцолборт 1997 онд Миллениум Стэйж буюу Мянганы Тайз байгуулагдсан нь дэлхийн олон улсын соёл урлагийг таниулах гол зорилготой. Чухам энэхүү тайзнаа У. Хатанболд тэргүүтэй манай жүжигчид тоглосон юм. Өмнө нь Кеннедийн төвд Монгол улсаас ганц “Түмэн эх” чуулга л тоглоод байлаа.

Ардын язгуур урлагийг таниулах нэгдүгээр хэсэг

9 сарын 2-ны өдөр миний бие хэдийгээр тоглолтын цагаас хорин минутын өмнө ирсэн ч урт дарааллын ард зогсов. Америк, монгол болон бусад олон улс үндэстэн үзэгчид суудлыг аль хэдийн дүүргэж орхижээ. Кеннедийн төвд тоглолт үзээд сурчихсан, урлагийг шүтэн бишрэгч, туршлагатай америк үзэгчид эрт ирээд суудлаа эзлээд авдаг юм байна. Азаар сурвалжлагч миний бие “Өдрийн сонин”-ы үнэмлэхээр нэвтэрч, харин дараалалд зогссон олон үзэгч тусгайлан татсан хаалтын араас, зогсоогоороо үзэх хэрэгтэй болсон юм.

Концертыг хөтлөгч Төмөрбатын Болормаа юуны өмнө энэхүү тоглолтын зорилго, морин хуур хөгжим, онцлог шинж, үүх түүхийн талаар товч танилцуулав. Ингээд У. Хатанболд тайзнаа заларч, хамгийн эхэнд “Дөрвөн Ойрад” хэмээх татлага татлаа. Үүний дараа “Уяхан замбуутивийн наран” дууны аялгууг тоглов. Тэр бүрийн эхэнд хөтлөгч Т. Болормаа “дөрвөн  ойрад”, “уртын дуу” гэж юу болох, “татлага” гэж ямар учиртай зэргийг ярьж байсан нь америкчуудад зориулсан түүх, соёл, урлагийн бас нэгэн хичээл гэлтэй. Дараагийн үзүүлбэр дээр морин хуурч Наадамын Тэлмэн хүч нэмж, “Бий биелгээ” тоглож эхэлсэнд бүжигчин Банзрагчийн Цэнгэлсайхан, Батсайханы Дэлгэрмаа нар баруун монгол ардын биелгээ бүжив. Ардын язгуур урлагийг таниулах зорилготой энэхүү хэсгийн төгсгөлд Урлагбаатарын Хатанболд \морин хуурч\, Наадамын Тэлмэн \морин хуурч\, Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр \их хуурч\, Бат-Очирын Отгонбаатар \морин хуурч, хөөмийч\ дөрвүүл “Алтайн магтаал” дуулж, хөөмийлсөнд хурсан олон үзэгчид халуун баяр хүргэн алга ташлаа.

Сонгодог бүтээл толилуулсан дэд хэсэг

Хэсэг хоорондын завсарлагыг бас үр дүнтэй ашиглажээ. Мянганы тайз нь дээрээ том дэлгэцтэй юм байна. Дараагийн хэсэгт бэлдэх зуур том дэлгэц дээр морин хуурыг хэрхэн үйлддэг тухай сонирхолтой баримтат кино үзүүлллээ. Тус кинонд Монгол орны байгалийн зураглал, монгол бичгийн гайхамшгийг багтаасан нь зөв оновчтой шийдэл болжээ.

Ингээд энэхүү хэсэгт Монголын хөгжмийн зохиолчдын морин хуурт зориулсан аялгууд болон гадаадын сонгодог хөгжмийн эгшгээс тоглосон юм. Тухайлбал, Г. Алтангэрэлийн “Аргамаг хүлгийн хурдаар”, Ц. Чинзоригийн “Идрэнгийн говь”, Ш. Өлзийбаярын “Морин хуурын концерт”, мөн Витторио Монти-гийн “Монти Чардас”-г эгшиглүүллээ. Энд манай морин хуурчид дээр төгөлдөр хуурч Халиуны Мөнхбайгаль, их хуурч Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр, мөн АНУ-ын хөгжимчид болох босоо ятгачин Анастасиа Пайк, виоленчелист Кэйти Чамберс нар нэмэгдэн, тоглосон нь олон улсын шинжтэй, цөөхүүл хөгжмийн бүхий л элемент бүрдсэн тоглолт болж өгөв.

Орчин үеийн аялгууг морин хуурдсан гутгаар хэсэг

Морин хуур нь Монголын язгуур урлагийг тоглох зориуллалттай юм гэдгийг харуулсан, дэлхийн сонгодог бүтээлээс тоглож бас чаддаг юм гэж үзүүлсэн, тэгвэл энэ удаад орчин үеийн хөгжмийг ч тоглох чадвартай юм гэдгийг нь зохион байгуулагчид үзүүлэхээр шийджээ.

Эхлээд Тао Нгуены сүүлийн үед ихэд алдаршаад байгаа зохиол болох “Sad Romance – Уйт романс”-ыг тоглов. Энэ аялгууг тоглоход өмнө дурдсан бүх хөгжимчид дээр бөмбөрчин Дашдаваагийн Бямбажаргал нэмэгдсэнээс гадна уран нугараач Эрдэмбатын Мандухай аялгуунд тохирсон нугаралт-бүжиг хийснийг гаднын үзэгчид ихэд сонирхон, шүүрс алдаж байв. Мандухай тас хар хувцсаар “гоёсон” нь, “Уйт романс” хэмээх аядаа чухам тохирсон бөгөөд уламжлалт уран нугаралт гэхээсээ илүү орчин үеийн бүжгийн элемент орсон, өвөрмөц үзүүлбэр бэлдсэн байлаа.

Дараа нь Клокс анд Клаудс хамтлагийн Аудеамус аялгууг, араас нь Америкийн шүтээн шоунд Крис Мединагийн дуулж байсан “What are word” дуу, алдарт “Вива ла вида” дууг морин хуур, бусад хөгжмийн хамтаар тоглож үзүүллээ.

Ингээд нийт гурван хэсгээ, ерөөс концертөө төгсгөн, У. Хатанболд гоцлон, нийт хөгжимчид “Хартай Сарлаг”-ийг хөгжимдөн, хөөмийлж дуусгав.

Кеннедийн төвийн зураглаач, найруулагч нар мэдрэмжтэй ажиллаж, морин хуурын татлагын үеэр хурууны нарийн техникийг, хөөмийлж байхад уруул амны хөдөлгөөнийг татан, тайзан дээрх дэлгэцээр нэн тод үзүүлж байсан нь сонирхолтой байлаа. Тоглолтын төгсгөлд үзэгчид бүгд босон, удтал алга ташин зогсов. Хатанболдын аав Урлагбаатар, ээж Ариунаа нар тайзнаа гарч хүүдээ баяр хүргэн үнслээ.

Сүхбаатар аймгаас шууд Вашингтон хотноо газардаж, хүүгийнхээ тоглолтыг үзээд сэтгэл нь хөдлөн суугаа Урлагбаатар гуайгаас санал сэтгэгдлийг нь сонсон, хэдэн зүйл асуув.

АНУ-д ирээд хүүгийнхээ тоглолтыг үзэхэд сэтгэгдэл ямар байна даа?

Би ер нь амьдралдаа энэ Америкад ирэх юм гэж, Америкад миний хүү тоглож байх юм гэж зүүдэлж ч байсангүй. Бидний үед чинь Америк гэж их муухай улс байдаг юм, өлсгөлөн ядуурал нүүрлэсэн, дайн байлдаан болж байдаг улс юм аа л гэдэг байлаа шүү дээ. Тэгсэн тэр улсдаа, бүр нийслэл Вашингтонд нь ирчихсэн байж байдаг. Сайхан ч улс, сайхан ч хүмүүс байдаг юм байна.

Тоглолтын зарыг уншсан чинь Урлагбаатар овогтой Хатанболд, Наадам овогтой Тэлмэн гээд л бүр нэг морин хуурын концертонд зориулсан нэрс шиг л байх юм даа. Танд Урлагбаатар гэж нэр өгснийг бодоход танайхан урлагийн удамтай айл уу?

Өө үгүй үгүй. Манайд урлагийн хүн байхгүй. Надад ер нь яагаад Урлагбаатар гээд нэр өгснийг ч мэдэхгүй юм. Одоо бодоход бүх л юм учиртай байж дээ. Эртний ерөөл, зурсан зураг байсан юм байлгүй дээ.

Таны хүүгийн тоглосон энэ Кеннедийн төв гэж их алдартай газар шүү дээ.

Энэ харин миний өмнө харж байсан театр яг мөн. Их сонин учрал байх юм даа. Манайх чинь 4 охинтой, ганц хүүтэй айл. Тээр жил Хатанболдын эгч нь оюутны солилцоогоор Америк явсан юм. Тэгээд ирэхдээ хөргөгчин наадаг хоёр юм авчраад. Нэгийг нь манайд, нөгөөг нь дүүдээ өгөхдөө “Энэ их сайхан театр байдаг юм. Чи очиж тоглох ч юм бил үү” гэсэн юм л даа. Тэгсэн тэр наадаг зураг нь энэ Кеннедийн төв гээч нь байж. Манайд байж л байдаг, бүр таньдаг болчихсон байсан юм. Сая тэгсэн, тоглолт дээр ирсэн чинь яг нөгөө эгчийнх нь авчирч байсан нөгөө сайхан зураг дээрх байшин мөн шүү. Миний дүү энд тоглоно оо гэж байсан юм.

Хатанболдыг та бүр багаас нь урлагаар нь явуулсан уу?

Эхлээд спортоор явуулсан юм. Миний хүү чинь спортын мастер тамирчин хүн шүү дээ. Спортын гимнастикаар улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медальтай. Тэгээд дараа нь спортыг нь болиулаад урлаг хөөлгөсөн юм.

За танд баярлалаа.

Ийнхүү АНУ-ын нийслэл дэх алдарт тайзнаа морин хуурын аялгуу эгшиглэлээ. Кеннедийн төв Потомак голын эрэг дээр оршино. Монгол хүн айл гэрийнхээ жаврыг морин хуурын аялгуугаар үргээнэ гэж хэлэлцдэг. Тэр жишгээр бодвол их гүрний нийслэлд хургасан өргөн мөрний жаврыг монгол хуураар үлдэж өглөө хэмээн бэлгэшээхэд буруу нь юу байх сан билээ.

Тоглолт чанартай, сайн боллоо. Монголыг, Монголын урлагийг Америкад оршин суудаг энэ залуус ийнхүү өөрсдийн дотоод хүчин чадлаар сурталчилж чадлаа. Энэ хэмжээний тоглолт, жүжигчдыг Монголоос авчирсан бол зардал мөнгө ямар гарах байсан нь тодорхой. Монгол улсыг гадаад улсад сурталчлах ажлын голыг гадаад дахь монголчууд нугалж байна, тийм ажилд зориулсан хөрөнгө төсөв гэж байдаг бол тийш нь чиглүүл гэж байнга үглэж, бичээд байдгийн маань учир энэ юм аа.





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив