Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зуун наст, хошууд яст Аниса Цакугинова: Тал нутгийнхаа ёсыг, Бурханы шашнаа дагаж явтан
2016 оны 10 сарын 3 [Уншсан тоо: 24906]

(Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Филадельфи хотноо)

Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Америкийн Монгол Судлалын Төвийн урилгаар, 2016 оны 9 сарын 23 -ны Баасан гарагт Пеннсилваниагийн их сургуульд лекц уншлаа. Америкийн Монгол Судлалын Төв нь өдгөө АНУ дахь Монгол судлалын хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй байгууллага болж чаджээ. Тус төв Пеннсилваниагийн их сургуультай хамтран ажиллаж чадсанаар Монгол судлалыг уг их сургуульд үүтгээд байна. Монгол улсын Ерөнхийлөгч тэнд лекц уншсан нь бас нэгэн хүчтэй түлхэц, урам зориг нэмж өгч буй хэрэг юм.

Пеннсилваниагийн их сургуулийн Урлаг, Шинжлэх ухааны сургуулийн захирал, сэтгэл судлаач, неврологич эрдэмтэн Стивен Ж. Флухарти үйл ажиллагааг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Филадельфи хот нь АНУ-ын анхны нийслэл, өөрөөр хэлбэл ардчиллын өлгий нутаг болохыг, Америкийн ардчилал мэндэлсэн энэхүү хотод ардчилсан Монгол улсын Ерөнхийлөгч айлчилж буйг бэлгэшээж байгаагаа илэрхийлээд тус их сургууль Монгол судлалын шинэ голомт болсныг, үүний тул нэрт судлаач Кристофер Этвүүдийг багшаараа авсан болохоо өгүүлсэн юм.

Түүний дараа 2009-2011 онд Обама Ерөнхийлөгчийн багт ажиллаж байсан, Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн дарга байхад нь бодлого төлөвлөлтийг хариуцаж ажиллаж байсан, профессор Уиллиам Бурк-Уайт Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг урихдаа, түүнийг танилцуулав. Уиллиам Бурк-Уайт Монгол услын Ерөнхийлөгчийг “Ардчиллын аварга” хэмээн цоллоод, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль, Цаазын ялаас татгалзах санаачилга, Шилэн данс, Авилгын эсрэг тэмцэл гээд хийсэн бүтээсэн зүйлээс нь жишээ татан ярьж байлаа.

Ингээд Ерөнхийлөгч яриагаа эхлэв. Тэрбээр юуны өмнө Пеннсилваниагийн их сургуулийн багш оюутнуудад Монголын түүхийн талаар танилцуулсан юм. Лекц уншиж буй тэр өдөр Хубилай хааны төрсөн өдөр тохиож байгааг өгүүлээд Монголын их хаадын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодотгон ярилаа. 2012 онд  Ерөнхийлөгч Иранд айлчилж, Аятолла Хомейнитэй уулзжээ Хомейни тэгэхэд “Би монголчуудад ихэд баярлаж явдаг. Монголчууд Иран улсад анхны одон орон судлалын төв, анхны их сургууль, түүхэнд анхны оюуны хомсдолтой хүмүүст зориулсан эмнэлэг, анхны номын санг байгуулж өгсөн. Монголчууд та бүхэнд баярлалаа” хэмээн хэлсэн гэхэд нь багш оюутнууд алга ташиж байв.

Дараа нь төрж өссөн гэр, социализмын үеийн амьдрал ахуй, улсын ба хувийн өмч, эдийн засаг, улстөрийн амьдралын талаар ярилаа. Ингээд эцэст нь ардчилсан хувьсгал хэрхэн Монголд ядсан, ямар хөдөлгөөн өрнөснийг илтгэв. Монголд ардчилал ялахад ганц буун дуу гараагүй, ганц дусал цус урсаагүй, ганц цонхны шил хагараагүй хэмээхэд сонсогчид мөн халуун баяр хүргэн алга ташив. Ерөнхийлөгч ярианыхаа төгсгөлд “Олон хүн Монголд ардчилал яагаад амжилттай ялсныг гайхан асуудаг. Миний бодлоор бол Монгол хүний цусанд ардчилал оршдог байх. Манайд “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг зүйр сэцэн үг байдаг юм. Тиймээс ардчилал, эрх чөлөө бол монгол хүний мөн чанар мөн” хэмээн дүгнэлээ.         

Лекцийн дараа асуулт хариулт эхлэв.

Нэг оюутан Монголд залуус ардчилалд хэрхэн хандаж байгаа, залуусын боловсрол, ардчиллыг үзэх үзэл ямар байгаа талаар асуув.

“Би залуус оюутнуудад хандаж байнга хэлдэг. Ардчилал гэж яг бяцхан хүүхэд шиг, өөрөө тэгээд өсөөд том болчихно гэж үгүй. Бид өөрсдөө эгээ л эх нь мэт хайрлан тэтгэх ёстой юм гэж. Олон залуу нийгэмд сэтгэл хангалуун биш байгаагаа хэлж гомдоллодог. Үнэндээ бол ардчилал гэж хүн бүрийн сэтгэлийг хангалуун байлгах тухайд биш юм. Харин сэтгэл хангалуун биш байгаагаа илэрхийлэх эрх чинь л чамд үргэлж байх ёстой”

Өөр нэг оюутан “Танайх хоёр том хөрштэй. Тэр орчимд газар нутгийн маргаан байнга гарч байна. Хэцүү байдаг уу” хэмээн асуув.

“Манайх хоёр их хөрштэй. Хоёулантай нь сайн хөршийн, найрамдалт харилцаатай. Бидний хооронд газар нутгийн маргаантай асуудал байхгүй, улс төрийн үл ойлголцол ч үгүй. Хоёр жилийн өмнө миний санаачилгаар гурван талт уулзалт, хэлэлцээ эхэлсэн. Өнөөг хүртэл 3 ч удаа хийгээд байна.  Си дарга, Путин ерөнхийлөгч нар Монгол улсын ард түмний сонголтыг хүндэтгэн үздэг”

Та эх орныхоо чухам ямар соёлыг илүү хайрладаг, бахархдаг вэ? гэсэн асуулт Ерөнхийлөгчид Монголын соёл, түүхийн талаар дэлгэрэнгүй ярих бас нэгэн боломжийг олгов. Ингээд тэрбээр Нүүдэлчдийн соёл, Адууны соёл, морин хуур, Хубилай хаан оркестртой байсан тухай, дараа жил Филадельфийн оркестр Монголд тоглох тухай ярив.

Багш, оюутнуудад асуух зүйл олон байсан ч уулзалтыг үүгээр өндөрлөж, хүлээн авалт эхэллээ.

Ерөнхийлөгч Филадельфи хотод айлчлахдаа тус хотын монгол туургатан иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. АНУ-д тусгаар Монгол улсын иргэд олноор очиж суурьшсан нь 90-ээд оны сүүлээс эхэлсэн нүүдэл бол Халимаг монголчуудын хувьд Дэлхийн 2-р дайны дараа ирж, Филадельфи хот, Нью-Жерси мужид төвхнөсөн түүхтэй.

Тэдний төлөөлөл болох энэ жил нас сүүдэр 100 зооглож буй Аниса Цакугинова гуай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй уулзсандаа сэтгэл үнэхээр хангалуун байлаа.         

 
Зуун наст, хошууд яст Аниса Цакугинова: Тал нутгийнхаа ёсыг,
Бурханы шашнаа дагаж явтан


Хотын халимаг, монгол иргэдийн төлөөллийг Ерөнхийлөгчтэй уулзуулах санаачилгыг анх Нью-Йорк мужийн монголчуудын дунд урлаг, соёл, түүхийн үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг Даринчулууны Бямбахүү санаачилсан юм. Бямбахүүгийн төрсөн өдрөөр Аниса ээж мэндчилгээ дэвшүүлэхдээ “Миний айнэ (энэ) зуун насанд күртэн” хэмээн чухам ойрад монгол аялгаараа бичсэн байхыг харахад сэтгэлд дотно байлаа. Ингээд эмээгийн охин Гиемаагаар дамжуулан, Аниса ээжтэй холбогдож, настны үг сургаалыг сонсов.      

Эрхэм “өндөр ээж” таны амар амгаланг эрэн мэндчилж байна. Монгол улсын Ерөнхийлөгчид таны бараалхаж буйг харахад тун сайхан байлаа. Би Монгол улсын “Өдрийн сонин”-оос явж байгаа юм аа. Таныг уншигчдадаа танилцуулах гэсэн юм.   Та Халимагийн аль овгийн, ямар ясны хүн бэ?

Би Орост төрсөн халимаг байна ээ. Дон мөрний орчимд төрсөн хүн. Халимагийн бузава омгийн, хошууд ясны Бурла аймгийн хүн байна. Зургаан хэлээр ярьж сурсан ч англи хэлийг л сурсангүй ээ.

Эцэг эх, ах дүү нараанхаа талаар ярьж өгийт?

Би айлын 17 дахь хүүхэд. Коня, Мэлүүш хоёрын охин юм аа. Оросын их хувьсгалын өмнөхөн төрсөн. Тэр их үймээн, хэцүү цагт ах дүү нар маань нэг нэгээрээ өнгөрсөөр байж бүгд дуусаж одсон. Миний эцэг Польшид албаа хаасан Донын козак байсан юм. Ээж аав хоёр нийт 21 хүүхэд төрүүлснээс би ганц дүүтэйгээ л амьдарсан даа.

Оросоос хэзээ, яагаад дүрвэн гарах боловт?

Миний эцэг Оросын Их Цагаан хааны армид тулалддаг, Донын козак хүн байcым. Улаан коммунистуудын эсрэг тэмцэж байтал өнөөдүүл нь дийлээд, бүгд зугтан гарахаас аргагүй болов. Манайх Туркийн Истанбул хот руу Цагаан хааныг дэмждэг бусад халимаг, орос хүмүүстэй зугтаж гарлаа.

Харь улсад өнгөрүүлсэн бага наснаасаа дурсвал?

Истанбулд, дүрвэсэн олон халимагуудын дунд өнгөрөөсөн бага насаа бас бүдэг бадаг санана аа. Британийн явган цэргийн офицерүүд бичкэн хормогчин дээр минь чихэр тавьж өгдөг сөн. Тэндээсээ манайх Болгарын Софи хот руу нүүлээ. 1923 оны үед шиг билээ. Өвөг эцэг маань нэг адуу маллах ажил олж, байр хөлслөх хүртэл бид бүгдээрээ вагонд амьдардаг байлаа. Миний охин дүү Бэмбээ, көвүүн дүү Цэбэг хоёр тэнд очсон хойно төрсөн. Удалгүй, бүр хүүхэд байхдаа нэг Итали хүний эзэмшдэг шоколадны үйлдвэрт ажилд орлоо. Найзуудтайгаа дээс тоглож гүйж байгаад л шууд ажилд орчихсон юм даг. Тэгээд өвөөтэйгөө хамт гэр бүлээ тэжээдэг болж билээ.

Хүүхдүүд тань хаана төрөө вэ?

Гурван том маань Софид, дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө төрсөн юм. Нөхөр минь Саран гэж хүн. Сарантай суухдаа би 15 настай байлаав. Дайны үеэр биднийг бүгдийг Герман руу хүчээр аваачиж, боолын хөдөлмөр эрхлүүлэх болов. Дайн дуусаад нутаг орноо алдсан бусад халимагуудын хамт дүрвэгсдийн лагерьт суух боллоо.

Тэгээд тэндээсээ шууд Америкт ирээ юү?

Тийм амархан, шууд ч явчхаагүй ээ. Миний аав 1955 онд, АНУ-д 80 насандаа дүрвэж ирснээр Америкт хөл тавьсан хамгийн настай халимаг болсон юм. Аав ирэхдээ Бэмбээ охинтойгоо ирсэн. Би харин 1959 онд нөхөр Саран, хүү Наран, охин Гиемаа нарынхаа хамт ирж, Филадельфид суурьшсан юм. Би энэ хотдоо байдаг Богд Зонхавын сүмд явдаг, өдөр бүр Бурхандаа мөргөн залбирдаг. Энэ их урт насалж байгаагийн маань учир нь Бурханы шашинд маань л байгаа юм.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахад танд ямар сэтгэгдэл төрөв?

Халимаг, Монгол ардын дундах хамгийн ахмад хүн болохынхоо хувьд Ерөнхийлөгчтэй уулзсан маань агуу их хүндлэл юм. Насан буурал ээж намайг Филадельфийн Оркестрийнхон, хотын дарга Кэнни нар урьсанд хязгааргүй баярлаж байна. Ерөнхийлөгч Элбэгдоржийг найман хүүхэдтэй малчин айлын бага хүү гэдгийг сонсоод би ихэд бахархав. Эцэг эх, ах дүү нартаа юутай сайхан буян хураасан хүү вэ? Малчны хүү Харвардын их сургууль төгсөөд, одоо бүр Ерөнхийлөгч болсон байдаг. Элбэгдорж Ерөнхийлөгч миний гарыг халуун дотноор атгаж, ярилцсан. Бас Монгол улсын тухай маш сайхан ном, монгол ноолууран цамц бэлэглэлээ. Сэтгэл их хөдөллөө. Миний өнө удаан жил амьдарсан энэ хотын алдартай оркестр ирэх жил Монголд тоглоно гэнэ. Чингис хааны талбайд Филадельфийн оркестр тоглож, бүх хүн үзээсэй. Юутай сайхан.

Та монгол ахан дүүсдээ хандаж юу хэлдэвт?

21-р зууны энэ их хөгжил дунд Монгол амьдрал, ёс суртахуун, аж байдлаа хадгалж, оюун ухаан, авьяас билгээрээ гайхагдан, нэгнээ хайрлаж явтан. Монгол өв уламжлалаа хадгалж, Бурханы шашнаа, тал нутгийнхаа ёсыг үргэлж сахиж явтан. Их өвөг дээдсээ дурсаж, түүхээ хүндэлж явтан.

Танд гялайлаа. Урт насалж удаан жаргатан.      

Тодруулга: Монголын хэвлэл мэдээллээр Аниса ээжийг 106 настай хэмээн бичсэн. Энэ талаар Гиемаа охиноос нь лавлавал, ээж одоо яг 100 настай, бүр багаасаа ажилласан учраас бичиг баримт дээр нь 1910 онд төрснөөр бүртгэчихсэн юм хэмээн хариулав.
       


Аниса (баруун) дүү Бэмбээгийнхээ (зүүн) хамт. 1935 он, Болгар улс, Софи хот.


Хамгийн баруун талд зогсоо, толгойдоо алчууртай, хөл нүцгэн охин Аниса. 1920-иод оны эхээр. Турк улс, Истанбул хот.


Аниса нөхөр Саран, хүү Наран нарын хамт, хожуу төрсөн хэнз охин Гиемаагаа тэвэрч буй нь. 1958 он, Германы Людигсфилд хот.


 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив