Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ичих, буруутгах, эргэлзэх сэтгэлгүй машин буюу Болор дуран 2.0
2017 оны 3 сарын 22 [Уншсан тоо: 47537]
Болор дуран 2.0 авч суулгалаа. Дажгүй шүү. Тун зөв засаад байна.Өмнө бас тиймэрхүү програм хэрэглэж үзэж л байлаа. Зарим үгийг буруу засаад байдаг юм. Болор дурангаас одоогоор миний бие алдаа олж хараагүй л байна. Тэгээд үсгийн дүрмийн талаар, үсгийн дүрмийн талаарх иргэдийн санаа бодлын талаар жаал бодон суулаа.

Хүн ер нь эх хэлээрээ хүртэл огт алдаагүй бичиж чаддаггүй л юм. Дунд сургуульд байхдаа цээж бичиг гэж хийдэг л байсан биз дээ. Дандаа л “Алдаа 0, Онц” гэж авдаг байв уу, та? Үгүй биз. Хамгийн сайн сурагч л гэхэд ганц хоёр алдана, алдана. Тэр цагт бид яагаад энэ үгэн дээр алдчихав аа, яаж бичдэг юм бол, ямар дүрэмтэй юм бол гэж боддог байснаас биш хэзээ энэ үгийг ингээд өөрөөр бичдэг болчхов, хэнээс болоод би алдчихав, энэ багш яагаад буруу засаад байна гэж бодож байсангүй. Цаг их өөр болжээ.

Эх хэлээрээ алдаатай бичнэ гэхээр ичмээр юм шиг санагдаад буруу бичдэг улс өөрийгөө хамгаалах ямар нэг шалтаг заавал олж тоочдог болж. Уг нь бол алдаа болгон учиртай, алдаж бичнэ гэдэг манай кирил үсэг шиг төвөгтэй дүрэмтэй тогтолцооны хувьд бол ичээд байх юм биш л дээ. Ямар үгийг юунаас болж алдаад байгаагийн учрыг жаал тайлбарлая.

“Үржинэ, хөгжинө” гэж бичих нь зөв.Дүрэм нь юу гэвэл Үрж + нэ, хөгж + нө гэх мэт бүтцийн хувьд дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэж үйлчлэх юм. Дараалсан гурван гийгүүлэгчийн гуравдугаар нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг бол н, г-ийн өмнө богино эгшиг бичнэ гэж байгаа. Яг ийм дүрэм, бүтэцтэй үг нэн олныг харсаар байтал хүн гээч амьтан ер нь л –жинэ л гэж бичих ёстой юм байна гэсэн ойлголт, дүр зураг тархинд нь суучихдаг аж. Тэгээд шууд л “бэхжинэ” гэж бичих гэнэ. Гэтэл үнэндээ бол “бэхэжнэ” юм. Яагаад? Яагаад гэвэл бүтэц нь “бэх+ж = бэхэж”, дараа нь “бэхэж + нэ” гэхээр дараалсан гурван гийгүүлэгч биш байгаа биз. Хүн бол үүн дээр андуурна, харин бүтэц дүрмийг нь тооцоолуурын програм болгоод оруулчихсан машин бол алдана гэж үгүй. Болор дуран тийм учраас зөв засаад байгаа хэрэг.

Ихэнх алдаа ийм аналоги сэтгэлгээнээс үүсдэг. Энэ үгийг ингэж бичиж байгаа юм чинь тэр бас тийм байх ёстой гэж. Үг зүйн бүтэц нь ижил бол тэгж сэтгэхэд буруу юмгүй л дээ. Гэтэл хүмүүс үг зүй бус авиа зүйн хувьд төстэй бүтэц дээр тэгж андуураад байх. Жишээ нь санаачилга гэх үү, санаачлага гэх үү? Үгийг бүтцээр нь зөв задалж чадвал эхнийх нь зөв болох нь тодорхой харагдана. Сана + аа = санаа, санаа+чил=санаачил. “Санаачил” дээр “-га” нэмэхэд ямар ч асуудалгүй “санаачилга” болох юм. “Санаач” дээр “-лага” залгасан хэрэг биш. Яг үүнтэй адилаар “Оношил-” гэсэн үйл үндэс дээр “-гоо” гэсэн нөхцөл залгаж байна. Харин “санаачлага, оношлогоо” хэмээн буруу бичээд байгаа хүмүүсийн хувьд “бодлого, туршлага” гэсэн үгсийн бүтэцтэй андуураад байгаа хэрэг. “-Лага” нөхцөлийг үйл үндэс дээр залгадаг, нэр үндэс дээр залгаж болдоггүйг үг зүй судалж тогтооно, тийм ч учраас “онош” гэдэг нэр үндэст “-лого” гэж шууд залгахгүй, харин “оношил” гэж үйл үндэс болоод дараа нь “-гоо” залгаж байгааг баталж байгаа юм. Яг энэ дүрмээр бодвол “сурвалжлага” биш “сурвалжилга” гэх нь зөв болно. “Сурвалж” хэмээх нэр үндэс дээр шууд “-лага” залгах боломжгүй.Хүн ийм зүйлийг андуурах нь амархан бол тооцоолуурт харин бүтцийг нь зөв томьёолоод хийгээд өгчихвөл андуурна гэж үгүй. Тиймээс л Болор дуран зөв засаад байгаа хэрэг.

За тэгээд буруу бичсэнээ нэг хэсэг хамгаалж үзэлцэнэ, үнэхээр ялагдаад ирвэл ичнэ, ичихээрээ дунд сургуулийнхаа монгол хэлний багшийг ч юм уу, хэн нэг хэл шинжээч, цаашлаад яам тамгын газрыг буруушаана. Тооцоолуурын програм бол ичих ч үгүй, андуурах ч үгүй, хэн нэгнийг буруутгах ч үгүй, зүгээр л энэ чинь буруу, энэ нь зөв юм аа л гээд хэлээд өгнө.

Зүйрлүүлж хэлбэл премьер лийгт хэрэгжүүлж эхлээд байгаа “гоолын шугамын технологи” гээчтэй төстэй юм уу даа. Дээд хөндлөвчийг цохиод хэдхэн дойлын дотор асар хурдтай ойгоод гарсан бөмбөгийг ямар ч мундаг хараа сайтай шүүгч шугам давсан эсэхийг нь хэлж мэдэхгүй. Ийм тохиолдолд нөгөө түрүүчийн миний хэлээд байга ичих, буруутгах, эргэлзэх гэх мэт хүний хүчин зүйлс үйлчилж эхэлнэ шүү дээ. 1966 оны Дэлхийн цомын шигшээд нэг тийм юм болсон, Оросын шүүгч Бахрамов Германы хаалганд гоол орсон хэмээн тооцсон юм. Хожим үүнийгээ Дэлхийн хоёрдугаар дайны төлөө гэж тайлбарласан билээ. Одоо бол Английн хөлбөмбөгт тэгж эргэлзэх зүйл үгүй, ойсон бөмбөгийн хэдэн хувь нь дотор, хэдэн хувь нь гадаа байсныг тодорхойлоод, нэг бол гоол, үгүй бол биш гэж шууд мэдэгдэнэ. Юун дайн, юун өшөө, юун эргэлзээ... Болор дуран бол та бидний үсгийн дүрмийн хувьд “гоолын шугамын технологи” юм аа.

Машин гээч, програм гээч хүйтэн, хөндий, сэтгэлгүй зүйл. Тэр нь ч амар. Таны багадаа яаж бичдэг байсан, багш чинь ямар сайхан муухай хүн байсан, олон нийт юу гэж бичсээр ирсэн, тэр нэг сонин дээр юу гээд биччихсэн байна, тэр нэг алдарт зохиолч яаж бичээд байна, тэр бүгд ямар ч хамаа байхгүй. Зүгээр л Ю. Цэдэнбалын даалгавраар Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан дүрмийг програм болгоод л оруулчихсан, тэр нь тэгээд ичих, айх, эргэлзэх, эндүүрэх, хэн нэгнийг буруутгах, уурлах, хорсох, үзэн ядах ямар ч сэтгэлийн хөдлөлгүй, зүгээр л энэ чинь буруу байна аа гээд л болоо.

Тэгэхээр одоо нэг их хэрэлдээд, цэц булаалдаад, маргаад байдгаа больцгооё. Болор дуран авч тооцоолууртаа суулгачхаад, ганц товчлуур дараад л гүйцээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив